2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Хагас мянганы түүхтэй соробан сампингийн тухай 8 баримт

Хятадын суаньпан, Оросын щёты гээд яривал хэд хэдэн янзын сампин бий. Оросын щёты нэг эгнээндээ 10 эрхтэй, тоог их энгийнээр боддог хэрэгсэл бол Хятадын суаньпан бол нэг эгнээндээ хоёр болон таван эрх тусгаарлан байрласан байдаг. Суаньпанг хэрэглэх үед тоо бодох үйл явцын 30 орчим хувийг хүн өөрөө төсөөлөн боддог аж. Харин Японы соробангийн хувьд, гүнд нь тултал боловсронгуй болгосон, өөрийн гэсэн тодорхой дүрэмтэй, тоо бодож байгаа хүн өөрөө оюун ухаандаа төсөөлөн, тоо бодох үйл явцын бараг талаас илүү хувийг өөрөө гүйцэтгэх шаардлагатай байдаг, тоо бодох хэрэгсэл юм. Энэ хэрээрээ соробангаар тоо бодож байгаа хүүхдүүдийн оюун ухааны хөгжил өндөр байдаг. Хагас мянганы түүхтэй соробан нь япончуудын бий болгосон тоо бодох хэрэгслээр зогсохгүй хүн хөгжүүлэх соёл, хүүхдийг төлөвшүүлэн хүмүүжүүлэх өвөрмөц арга билээ. Сүүлийн үед Монголд дэлгэрээд байгаа, зарим сургууль сургалтын төвүүдэд хичээллэх болсон соробангийн талаарх сонирхолтой 8 баримтыг хүргэе.

  • Япончууд соробаныг анх хятад сампингийн зохион байгуулалт, тооцоолох холбоос аргыг улам боловсронгуй болгон сайжруулснаар бий болгожээ. Хятад суаньпан буюу сампингийн хувьд эгнээнийхээ нэг талд хоёр, нөгөө талд таван эрхтэй,17-23 эгнээ буюу төдий хэмжээний тооны орноос бүрдсэн байдаг бол япончууд энэ зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож, нэг эгнээнд нь нэг эрх, нөгөө талд нь дөрвөн эрхтэй болгон өөрчилжээ.
  • Япончуудын хэрэглэдэг уламжлалт соробан сампингийн овор хэмжээ нь боломжийн доод хязгаарт тулгасан жижиг, эрхүүд нь ч жижигхэн. Соробан сампингийн жижиг эрхийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөн тоо бодох нь уураг тархинд сайнаар нөлөөлдөг, хуруу гарын мэдрэмжээр дамжуулан уураг тархины эд эсийн үйл ажиллагаа сульдах, ой ухаан доройтон муудахаас сэргийлдэг.
  • Соробангаар тууштай, зөв хичээллэсэн хүүхэд тоондоо сайн болоод зогсохгүй, тэвчээртэй, анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж чаддаг. Хүүхдүүд удаан хугацаагаар яг япон стандартаар нь хичээллэх юм бол яваандаа оюун ухаандаа эрдэм мэдлэгээ цэгцэлж чаддаг болж, ямар ч шинжлэх ухаанаар хичээллэх суурьтай болдог гэж соробангийн багш нар онцолдог. Ийм учраас соробаныг оюун ухааны ядуурлаас хамгаалах фитнес хэмээдэг.
  • Японд настай хүмүүс аливаа зүйлийг мартах, оюун ухаан муудахаас сэргийлж соробангаар хичээллэх нь бий. Товчхондоо хүний сэтгэн бодох, оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон “цээжлэх”, “цээжээр бодох”, “анхаарал төвлөрүүлэх”, “уужуу тайвуу сэтгэх” зэрэг чадварыг дээшлүүлэн сайжруулахад соробан асар их нөлөө үзүүлдэг.
  • Соробан сампинг таван нас буюу эрдэм мэдлэгийн үндэс тавигдаж байгаа, насан туршийн дадал дүй төлөвшин тогтож байгаа, хүний оюун ухааны үйл ажиллагаа бүрэн тогтмолжоогүй (сэтгэн бодох чадвар уян зөөлөн) үед нь хүүхдүүдэд зааж эхэлбэл үр дүнтэй.
  • Соробангаар тоо бодоход нарийн дүрэмтэй. Энгийн нэмж хасах үйлдлүүдийг хийх дүрэм харьцангуй амархан. Харин хуваах, үржүүлэх, түүнчлэн, бутархай тоог бодох дүрмүүд нь нэлээн адармаатай аж. Суралцагсдад цаасан дээрх бодлогыг харуулж бодуулах миторизан, компьютерийн дэлгэцэн дээр хурдан гарч ирэх бодлогыг харуулж бодуулах флашанзан, сонсгож бодуулах ёмиагэзан гэх мэтээр аргууд байдаг юм байна. Ийм аргаар бодуулсаар цээжээр олон оронтой тоог бодож сурахаас гадна хүүхдүүдийн сонсох ой, харах ой, сэтгэх ой гэх зэрэг нь хоорондоо харилцан уялдаатайгаар хөгждөг байна. Ингэж иж бүрнээр нь заах юм бол хүүхдийн оюун ухаан далайцтайгаар хөгждөг гэнэ.
  • Япончууд цээжээр бодохдоо бусдаас илүү, хүүхдүүд нь олон улсын математикийн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлдэг зэрэг нь бага наснаасаа соробанаар хичээллэсэнтэй холбоотой аж. Хэдийгээр орчин үед соробанаар хичээллэх нь багасч байгаа ч япончуудын 50-иас дээш настнууд хэр баргийн тоог цээжээр хурдан бодож чаддаг нь тэдний хувьд онцгой зүйл биш гэнэ. Тиймээс сүүлийн үед дунд сургуулиудын сургалтын хөтөлбөрт хүний оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон цээжлэх, анхаарал төвлөрүүлэх, уужуу тайван сэтгэх, ажлаа зөв төлөвлөх, шийдвэрийг цагт нь гаргах зэрэг чадварыг эзэмшихэд соробаны хичээл онцгой ач холбогдолтойг үнэлж, аажим аажмаар сэргээн оруулж эхэлжээ.
  • Монголын соробангийн холбооны тэргүүн, япон судлаач Д.Төмөрбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Соробангийн сургалтыг яг Япон стандартаар нь явуулах тийм амар биш. Соробангийн сургалтаар хүүхдэд олгож болох олон чадварыг бүрэн, зөв олгох хэмжээний сургалтыг зохион байгуулахад өндөр төвшний багшлах боловсон хүчин шаардагдана. Тийм учраас манайд сургуулийн хөтөлбөрт оруулах гэж хавтгайруулаад хэрэггүй.Харин өндөр төвшний, мэргэжлийн төвүүдэд л сургах хэрэгтэй гэж бодож байна. Соробангийн багш нарын төвшнийг тогтоох, зөв сургалт явуулж байгааг эрх бүхий төрийн байгууллагууд шалгаж нягтлах ёстой” хэмээн онцолсон нь бий.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img