2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Хөрөнгө оруулагчдад сүүлээрээ далладаг мэхт үнэг шиг хандаж болохгүй

Хамгийн их хүлээлттэй хуулийн төсөл бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга. Хуулийн төсөл дээр нийгмийн зүгээс санал авах ажлыг холбогдох яам, газар хэлтсүүд эхлүүлж, өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эдийн засаг, хөгжлийн яамны цахим хуудсанд шинэчилсэн найруулгын төслийг, бусад дагалдах хуулиудын хамт байршуулаад хоёр сар болов.

Ажлын хэсгийнхний хэлж буйгаар, хуулийн төсөл дээр санал их ирж байна. Эдгээр саналаас тусгаж, дахин хоёр удаагийн хэлэлцүүлэг хийсний эцэст Засгийн газрын хуралдаанаар оруулан УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ-ын хаврын чуулганы яаралтай горимоор хэлэлцэх хуулиудын жагсаалтад багтсан учраас бараг “ногоон гэрэл”-ээр батлагдах болов уу.

Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулъя гэхээр маш олон саад хязгаар тээг болдог. Тэдгээр хязгаарлалтыг хуулийн төслөөс хасч байгаа нь үнэндээ дэвшил юм. Бизнесийн таатай орчныг бүрдүүлж байж л Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэх нь тодорхой. Хөрөнгө оруулагчдын гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Шүүхээр арав гаруй жил залхталаа явж байгаа хөрөнгө оруулагчид бий. Энэ бол зөвхөн Монголд л байдаг “залхаан цээрлүүлэлт”. Тиймээс хөрөнгө оруулагчдад гомдлоо арбитраар шууд шийдүүлэх боломжийг хуулиар олгох нь.

Төрийн байгууллагуудын ажлын хоорондын уялдаа холбоо муу, хүнд суртал, элдэв ойлгомжгүй дарамт шахалт хөрөнгө оруулагчдыг их залхааж, зовоодог. Хүнээс хамааралтай энэ сөрөг үйлдлийг зогсоож, холбогдох зөвшөөрлийг нь цахимаар олгодог тогтолцоог хуулиар бүрдүүлж байж энэ байдал арилна.

Газрын харилцаатай холбоотой асуудлууд бас хүндрэлтэй. Тухайн компанид Монгол Улсад газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгохгүй тохиолдолд өнөөх нь шууд охин компани байгуулаад л шийдчихдэг. Энэ нь мэдээж хөрөнгө оруулагчийн буруу биш, манай хуультай л холбоотой гажуудал. Охин компани байгуулаад хуулийн заалтыг тойрч гардаг аргагүй байдалд хөрөнгө оруулагчдыг бид өөрсдөө л түлхэж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийн 8 гол өөрчлөлт

  1. Хөрөнгө оруулалтыг хориглосон хязгаарлалтыг арилгана.
  2. Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлнэ.
  3. Төрийн байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгоно.
  4. Төрөөс хийх хяналт шалгалтын давхардлыг арилгана.
  5. Газрын харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ.
  6. Олон улсын арбитраар гомдлоо шийдвэрлүүлэх боломжийг бүрдүүлнэ
  7. Татварын ялгаатай байдлыг залруулж эрх тэгш болгоно.
  8. Виз, оршин суух зөвшөөрөл авахыг хялбаршуулна.

1990 оноос хойш Монгол Улсад нийтдээ 39,7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүнээс хамгийн том хөрөнгө оруулагч улсаар Канад тэргүүлж, Англи, Австрали улсууд жагсдаг. Монголд орж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 29 хувийг эдгээр улс эзлэх бөгөөд үндсэндээ Оюу Толгойн хөрөнгө оруулалт гэж хэлж болно.

Харин хөрөнгө оруулалтын 18 хувийг Хятад, Нидерланд, Люксембург, Сингапур эзэлдэг. Нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь уул уурхайн салбарт шингэсэн гэхээр энэ салбарт чиглэсэн зөв бодлого, менежмент юу юунаас чухал байна. “Бид ийм таатай цаг үедээ хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулчихсан. Одоо урьж дуудахаас аргагүй” хэмээн Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар “Аж үйлдвэржилтийн сэргэлт” зөвлөгөөн дээр учирлав.

Тиймээс хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг яамныхаа дэргэд байгуулахаар болсон. Төрийн үйлчилгээг хөрөнгө оруулагчдад түргэн шуурхай үзүүлэхэд энэ агентлаг чиглэж ажиллах аж. Гэхдээ ийм агентлаг өмнө нь байгуулагдсан ч ажиллахгүй, хөрөнгө оруулагчдаа хамгаалахгүй, нэг тийм “амьгүй албат” байж байгаад татан буугдсаныг санах хэрэгтэй.

Өнөөдөр Монгол Улс 26 улстай Давхар татварын гэрээ, 43 улстай Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих хэлэлцээг байгуулжээ. Байгуулсан гэрээнүүдээ хэр арчилж тордож, хөрөнгө оруулагчдаа дэмжиж байгаа нь чанар чансааны асуудал. Сайшаалтай нь, ковидын хүнд цаг үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гадаад зах зээл дээр босгосон хэдэн бондынхоо өрийг дарчихлаа. Зээлжих зэрэглэлээ тогтвортой байлгаж чадлаа. Оюу Толгойн далд уурхайн үйлдвэрлэлийн төслөө хөдөлгөчихлөө. Энэ бол том амжилт. Хөрөнгө оруулалт татахад нөлөөлөх гол хүчин зүйлүүд энэ.

Монгол Улс гаднын хөрөнгө оруулагчдыг хөөж туухдаа гаргуун, даллаж дуудахдаа ч уран мэргэн аргатай. Гэхдээ мэхт үнэг сүүлээрээ даллана гэгчээр бидний энэ занг хөрөнгө оруулагчид аль хэдийнэ мэддэг болсон, хашир туршлага суусан. Тиймээс тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “Алсын хараа” юм.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img