2024-06-21, Баасан
13 C
Ulaanbaatar

Г.Занданшатар: Алтай дамнасан улс орнуудын эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр бэхжүүлнэ

Түүхэн болон уламжлалт үнэт зүйлсийн судлалыг орчин үеийн хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, нийгмийн харилцааны жам ёсны зарчмаар уялдуулан авч үзэж, ирээдүйн манлайлагчдын байнгын түншлэлийг бэхжүүлэн, хамтын ажиллагааны цар далайцыг тэлэх зорилготой “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт маргааш эхэлнэ. “Жендэрийн эрх тэгш байдал ба Тогтвортой хөгжил” сэдэвт энэ удаагийн чуулга уулзалтын салбар хэлэлцүүлгээр Алтай судлалын орчин үеийн чиг хандлагыг ярилцаж, Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулах юм. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Түрэг угсааны улс орнуудын парламентын ассамблей буюу ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, манай улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд БНТУ-тай түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй гэдгийг онцолсон юм.

ТУРКПА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мэхмэт Сурейя Эр, манай хоёр орон хэл, соёл, түүхийн нийтлэг үнэт зүйлстэй гэдгийг цохон тэмдэглээд, өнө эртний найрсаг харилцааг улам бэхжүүлэн түүх, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд энэ удаагийн чуулга уулзалт өндөр ач холбогдолтойг дурдав.

Зөвхөн газарзүйн байршлаар хязгаарлагдах бус төр, нийгмийн бүлгүүд, эдийн засгийн болон нас, хүйсийн хүрээллээр оролцоог жигд хамруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ард түмнүүдийн түүх, уламжлал, оюун сэтгэхүйн онцлог, нийгмийн дэвшлийн чиг хандлагатай нь уялдуулах боломж бүрдэж буй гэдэгтэй талууд санал нэгдлээ.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ чуулга уулзалтын салбар хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн БНТУ-ын 29 Маис их сургуулийн Түүхийн тэнхимийн гишүүн, доктор профессор Илхан Шахин, Истанбул их сургуулийн Түүхийн тэнхмийн гишүүн, доктор профессор Куршат Илдирим, Измир хот дахь Катиб Челеби их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн доктор профессор Шабан Доган, Азербайжаны Шинжлэх ухааны академийн гишүүн, доктор Айнур Айдин Ибрахимова, Киргизстаны Олон улсын анагаах ухааны их сургуулийн доктор, дэд профессор Исаков Абдрасул нарын зочидтой эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааны хүрээнд харилцан санал солилцлоо.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Алтай судлалын салбар ухагдахуунуудын хүрээнд эрдэмтэн, судлаачдын оролцоо, хамтарсан судалгааны ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэж, түүх соёл, хэл шинжлэл, угсаатны зүй зэрэг бие даасан салбар чиглэлүүдийн уялдаа холбоог нэмэгдүүлэн Транс Алтай судалгааны институцийг байгуулах санаачлагыг дэвшүүлэв. “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт маргааш (2023.06.13) нэгдсэн болон салбар хэлэлцүүлгүүдээр явагдах бөгөөд “Алтай судлалын олон улсын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үндсэн илтгэгчээр оролцох юм

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img