2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

Д.Мөнхсайхан: Баянхөндийн алтны төсөл аймагтаа жишиг уурхай болно гэдэгт итгэдэг

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай ярилцлаа.

-Хариуцлагатай уул уурхайг Та аймгийн Засаг даргын хувьд хэрхэн харж, ойлгож байна вэ?

-Бид хариуцлагатай уул уурхайг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ээс хардаг. Монгол улсын нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байгаа үйлдвэр, уурхай. Үйлдвэрийн олон ажилтан, ажилчдын аж амьдрал ямар сайхан байгааг би эндээс л харж байна. Тийм ч учраас хангайн бүсийн уул уурхайн чуулганыг “Эрдэнэт” хотод зохион байгуулсан болов уу.

Энэ удаагийн чуулганд салбарын яамдууд, иргэний нийгмийн байгууллагууд, аймгуудын Засаг даргын тамгын газрын төлөөллүүд гээд олон талын оролцоотой, олон талын санал авсан чуулган боллоо.

-Баянхонгор аймгийн хувьд уул уурхайн томоохон аж үйлдвэр хөгжөөгүй ч хайгуул, олборлолтын төслүүд хэрэгжиж, зарим нь орон нутгийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Аймгийн удирдлагын хувьд үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Манай аймагт, тэр тусмаа уул уурхай дээр сайн, муу зүйлүүд хосолж байна. 1995 оноос хойш бараг 30 орчим жил уул уурхай дагасан хэл ам нутгийн удирдлагуудын хувьд хамгийн том асуудал байсаар ирсэн. Уул уурхай ард иргэдэд өгөөжөө өгч байна уу гэдэг эргэлзээтэй. Байгаль орчноо багагүй сүйтгэчихсэн байна. Үр дагаврууд нь ч их. Тэгэхээр бид урьд өмнөхөө муулж, сайшаахаас илүүтэй засч сайжруулах нь чухал. Байгаль орчноо унаган төрхөд нь хэрхэн оруулах вэ, дараагийн уул уурхайн үйл ажиллагааг хэрхэн хариуцлагатай, нутаг орондоо яавал ээлтэй байлгах вэ гэдэг асуудал нэлээд яригдаж байна.

-Баянхонгор аймгийг Та азтай аймаг гэж чуулганы хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Үүнийг жаахан тодотгоно уу?

-Тийм ээ. Манай аймагт өмнө нь ашигт малтмалын томоохон ордууд нээгдэж байгаагүй, 25 жилийн туршид шороон ордуудад олборлолт хийж байна. Сүүлийн жилүүдэд томоохон ордууд нээгдэж байгаа учраас нийгэм нээлттэй, иргэдэд ээлтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх тал дээр анхаарлаа хандуулах цаг үе ирлээ. Шинэжинст, Баян-Өндөр суманд 36 тусгай зөвшөөрөл бий. Энэ талаар Засгийн газар, орон нутаг, ард иргэдтэйгээ нээлттэй, сайн ярилцах хэрэгтэй. Эдгээр 36 тусгай зөвшөөрлийг бүгдийг нь зэрэг ашиглах хэцүү. Үр дагавар нь ямар байх билээ.

Одоо Баянхөндийн алтны уурхайн төсөл эхлэх гэж байна. Аймагтаа томоохон, жишиг уурхай болно гэж итгэдэг. Шинэжинст сумаас гэхэд 300 гаруй хүний ажлын байрны өргөдөл ирсэн байна. Эрэлт хэрэгцээ байна гэсэн үг. Эхний ээлжид 20 гаруй хүнийг Ухаа худагийн төсөл дээр дадлагажуулж сургахаар аваад явлаа. Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалт хоёр жилийн хугацаанд хийгдэж, 400 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм байна. Энэ бүгдийг орон нутагт ээлтэй байлгах талаар ард иргэддээ зөв, зүйтэй ойлгуулж, эхнээсээ мэдээллээ нээлттэй ярилцахгүй бол ард иргэд бидэнд итгэхгүй.

-Ард иргэд орон нутгийн удирдлагуудад итгэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Олон жилийн хугацаанд уул уурхайн уршгаар байгаль орчин сүйдэгдлээ, бидний амьдрал уул уурхай ямар өөрчлөлт авчирсан бэ гээд асуухаар бид хариулт өгч чаддаггүй. Тиймээс бид энэ тал дээр онцгой анхаарч, тухайн орон нутагт амьдарч байгаа хүмүүсийг эхний ээлжид анхаарах нь зүйтэй гэж харж байна. Тэдний аж амьдрал өөрчлөгдөж байж уул уурхайн дараагийн төслүүд урагшлах боломж бүрдэнэ. Тэгэхгүй эхнээсээ л бид төслөөсөө алдаад эхэлбэл ирээдүйд уул уурхайгүйгээр амьдрах өөр нөхцлийг хайхаас аргагүй болно.

-Уул уурхай гээд ярихаар хувиараа ашигт малтмал олборлогчдын талаар ярихаас аргагүй болдог. Ялангуяа Баянхонгор аймгийн хувьд энэ чиглэлд олон асуудал бий. Таны байр суурийг сонирхъё.

-Сүүлийн 15 жилийг онцлоод харахад сайн, муу олон жишээ байна. Сайн жишээнээс хэлье. Үйлдвэрийн аргаар ашиглах боломжгүй зүйлийг ашигт малтмалыг ард иргэд зөв зохион байгуулалттай олборлож, үр шимийг нь хүртэн, байгаль орчноо нөхөн сэргээж чадаж байна. 400 гаруй хүн нэгэн зэрэг ажиллаж, ажлын байрууд нэмэгдэхээр орон нутгийн орлого, зарлагад мэдээж өөрчлөлт орж ирдэг, мэдрэгддэг.

Манай аймагт үйлдвэрлэл хөгжөөгүй, худалдаа наймаа, мал аж ахуйгаар л амьдралаа залгуулдаг. Тэгэхээр үйлдвэрлэл, олборлолтын чанартай ажлыг олуулаа хийгээд эхлэхээр нийгэм, эдийн засагт нөлөөгөө харуулж байна. Олон хүн оролцоно гэдэг чухал. Бид иргэдээ ажилтай, орлоготой байлгахын тулд бичил уурхайг дэмжихээс аргагүй байдалд байна.

Учир нь, маш олон гэр бүл үүгээр ахуй амьдралаа залгуулж байгаа. Тэднийг өнөө маргаашдаа шууд ажлын байраар хангаж чадахгүйгээс хойш бичил уурхайг зөв зохион байгуулалттайгаар дэмжих хэрэгтэй. Үүнээс үүдэлтэй сөрөг нөлөөлөл ч бий. Маш олон иргэн эрүүгийн болон зөрчлийн хуулиар шийтгэгдэж байгаа тохиолдол манай аймагт гарсаар байна. Үүнийг бид зөвөөр таниулж, тайлбарлаж байж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол болохгүй.

Засгийн газраас 2022 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ асуудлыг уул уурхайн бодлогодоо тусгаж, Засаг нь дэмжиж байгаа үед бид орон нутаг зөв зүйтэй хэрэгжүүлээд ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх гарц гэж харж байна.

-Ярилцсан Танд баярлалаа.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img