2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

М.Энхсайхан: Дэлхийн улстөрд популизм оройдоо хүрээд төгсгөл рүүгээ явж байна

Сэтгүүл зүйд үгүйлэгдэж буй нэг том орон зай бол САНАХ ОЙ. Олон сурвалжаас завсаргүй бөмбөгдөх үнэн худал нь үл ялгагдах мэдээллийн урсгал, сошиалын их хөөсрөл дунд ямар ч чухал үйл явдал, баримт, кейс ганц хоёрхон өдөр анхааралд ороод сарниж байна. Улстөрчдийн ердөө хэдхэн жилийн өмнө хэлсэн хуудуу үг, хийсэн увайгүй үйлдлийг нийгмээрээ ор тас мартчихаад баатраа болгочихсон яваагаа анзаарч буй нь хэд бол? Бизнес эрхлэгчдийн хорин жилийн өмнө тоочиж суусан зовлон, бэрхшээл өнөөдөр тэр хэвээрээ, Монголын хөгжил хэдэн арван жилээр яг нэг байрандаа таг гацчихсан яваа гэвэл итгэх хүн хэр бол? Энэ асуултуудад хариу өгөх зорилгоор Nio.mn сайтын редакц “Санах ой” булан нээлээ. Бид хэвлэлийн архив сөхөж, тухайн үед нийтлэгдэж байсан нийтлэл, ярилцлага, мэдээллийг “Санах ой” буландаа тодорхой тайлбартайгаар хүргэх болно. Энэ удаа онцлох контент бол 2019 оны хоёрдугаар сарын сүүлээр “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн Монголын Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы ярилцлага. Түүнтэй сэтгүүлч Ц.Баасансүрэн ярилцаж байжээ. Тэдний ярилцлага танд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын явуулж байсан гадаад бодлогыг эргэн сануулах болно.

2019.02.22. “Өдрийн сонин”

Монгол улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэй нийлж зүтгүүлээд хууль батлуулж УИХ-ын даргыг суудлаас нь буулгалаа. УИХ эрхэндээ халдуулсан, УИХ засгийн халаасанд орсоны нотолгоо гэх мэт байр суурь дуулдаж байна. Энэ үйл явдлыг та яаж харж байна вэ?

-Би сүүлийн үед өрнөсөн энэ үзэгдлийг арай өөдрөгөөр төсөөлж байна. УИХ-ын даргыг хууль батлаад олонхоороо чөлөөлсөн. Энэ үйлдэл зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс хийсэн хэрэг биш. М.Энхболд хууль ёсыг мөрдүүлэх ажлыг төгс хийлгэсэн. Тэрэнд нь талархаж байгаа.

Төрийн хариуцлагатай албан тушаал хашдаг хүмүүс хэн нэгний дарамт, шахалтаар албан тушаалаа өгөөд байж болохгүй.  Нэгдүгээрт тавигдах зарчим нь энэ л дээ. Тийм учраас хууль ёсоо мөрд гэсэн хатуу байр суурин дээр бат зогсч, өөрсдөөр нь хууль өргөн бариулж, олонхын саналаар суудлаасаа буусан нь М.Энхболдын гавьяа. Нийгэмд үлдээсэн маш чухал дохио. Бүх зүйл хууль ёсоор өрнөх ёстой шүү гэдгийг харуулчихлаа. Одоо үйл явдал цааш яаж өрнөхийг харъя.

-Өөрсдийг нь удирддаг даргын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс оруулж ирэхэд УИХ-ын гишүүдийн хэн нь ч “Ингэж болохгүй шүү, болиорой та нар” гэж дуугарсангүй, парламентын дархлаа алдагдсаны илрэл гэсэн тайлбар бас бий. Энэ тайлбартай санал нийлэх үү?

-Би болж байгаа үйл явдлыг аль болох хүнээс зайлуулж харахыг эрмэлзэж байна. Тэр хүн тэгж тоглож байгаа гэж хараад явбал бид дэндүү явган болчихно. Манай төрийн тогтолцоонд өөрчлөлт хийгдэх ёстой юу гэвэл хийгдэх ёстой. Том процессоор нь харвал өөрчлөлт хийх гээд бие биеэ буруутгаж байгаа үйл явц өрнөж эхлэв үү гэж ажиглаж сууна. Дунд нь эрүүл ухаан эрхбиш байгаа биз. Засч, зөв зүг рүү нь эргүүлээд явах байх.

ШХАБ-Д ЭЛСВЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН АШИГГҮЙ, ХООСОН ГОРЬДЛОГО

-Цаашид яахыг харна гэснээс УИХ-ын даргыг чөлөөлсний дараа, залгуулаад ШХАБ-д элсэх нь зөв, буруу гэсэн яриа эхэллээ. ШХАБ-д элсэх эсэх дээр таны байр суурийг сонсъё?

-Үгийн завдалгүй ШХАБ-ыг муухай гэж ярихын эсрэг байгаа. ШХАБ байгуулах ажил 1996 оноос эхэлсэн. Ихэнх нь Төв Азийн шинэ тутам байгуулагдсан улс орнууд байсан л даа. Өөр зуураа итгэлцэл муутай, хил хязгаарын зөрчилтэй нөхцөлд энэ байгууллагыг үүсгэх ажил хийгдэж эхэлсэн. Казахстан, Узбекистан, Тажикстан, Хятад, Орос улсуудын хооронд өчнөөн асуудал байсныг үгүйсгэхгүй. Байр сууриа ойртуулах үүднээс анх Шанхайн тав гэсэн санаачилга ШХАБ-ыг байгуулахаар явсан. Явсаар 2001 он хүрч байж ШХАБ байгуулсныг албан ёсоор зарласан юм.

Монголын хувьд шинэ тутам байгуулагдаж байгаа Төв Азийн улс орнуудтай харьцуулахад эртний түүхтэй, төрийн уламжлалтай улс. Түүнээс гадна хөрш зэргэлдээ улсуудтай улс төрийн ямар нэгэн зөрчилгүй. Хил, газар нутгийн зөрчил, маргаангүй. Ийм шалтгаанууд байсан учраас ШХАБ-ын эхний давалгаанд оролцоогүй. Төрийн түүхтэй байсны л нэг жишээ. Тийм учраас ШХАБ 2001 оноос хойш аль чиглэл рүүгээ илүү хөгжиж явна вэ гэдгийг л ажиглах ёстой.

-Аль чиглэл рүүгээ илүү хөгжиж байгаа юм бол?

-ШХАБ-ын гаргасан бүх баримт бичиг интернэт дээр бий. Гаргасан баримт бичгийг нь сөхөж харах хэрэгтэй.

-ШХАБ-аас гаргасан бичиг баримтуудыг хараад жишээ нь та юу бодож байна. Болгоомжилж эргэлзээ төрүүлэхээр би-чиг баримтуудаас нь сонирхуулаач?

-Санаа зовох асуудлууд бий. Жишээ нь, ШХАБ-д гишүүнээр элсэхийн тулд гаргасан бүх л баримт бичиг, мэдэгдэл, хэлэлцээрүүдийг нь тухайн улс хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр олон баримт бичгийг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг судлахгүйгээр орно, орохгүй гэдэг асуудал ярьж манаргаж болохгүй.

ШХАБ-ын орнууд найман гишүүнтэй. Ихэнх нь авторитар дэглэмтэй. Дэглэмээ хамгаалахын тулд иргэдийн чөлөөтэй бодох, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөнд халддаг явдал бий. ШХАБ-ын хүрээнд тэд нэг хэлэлцээр байгуулсан байдаг юм. Терроризм, сепаритизм, экстремизм гэсэн гурван зүйлтэй хамтарч тэмцэх агуулгатай хэлэлцээр. Шанхайн конвенц гэсэн нэртэй. Тэр конвенцээр авторитар дэглэмтэй санал нэгдээгүй ямар ч хүний эсрэг ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж болно. Нэг талынх нь хүсэлтээр тухайн оронд үйл ажиллагаа явуулж болохоор харагдаж байгаа.

Авторитар дэглэмтэй улсуудын өөрсдийгөө хамгаалах гэж буй оролдлогыг бид буруутгаад яахав. Харин бидний үнэлэмжид нийцэх эсэхийг бодох учиртай. Бид ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчдын эсрэг юм яриад суугаа хүмүүсийг бариад өгдөг орон мөн үү. Дамжуулаад явдаг улс мөн үү. Яг үүнтэй адил үйл явдал гэвэл манайд өнгөрсөн онд болсон турк багшийн хэрэг. Турк багшийг золтой л ачуулаад явуулчихаагүй. Оросын эрх баригчидтай санал нийлдэггүй Монголд амьдардаг орос хүний эсрэг ажиллагаа явагдаж болно гэсэн үг. Хятад юмуу бусад улс орны эрх ашигт нийцэхгүй зүйл ярьж байгаа хүний эсрэг үйл ажиллагааг Монголд хийж болохоор гэрээ хэлэлцээр л дээ.

-Санаа зовох өөр ямар асуудал байна?

-ШХАБ-ын гишүүн ор-нуудын боловсролын салбарт хамтарч ажиллах гэрээ гэж бий. Бие биенийхээ туршлага мэдээллийг солилцоно, үе үе эрдэм шинжилгээний бага хурал гэх мэт арга хэмжээ зохион байгуулна. Гишүүн орнуудын төрийн байгууллагын туршлагыг солилцоно. Туршлага солилц-сон мэдээллийг сургалтын хөтөлбөрт оруулж байна гэсэн утгатай үүрэг бас бий.

-Сургалтын хөтөлбөр гэхээр дунд сургуулийн сурах бичигт авторитар дэглэмтэй улсуудын төрийн байгууллагын туршлагыг оруулна гэсэн үг үү?

-Тэгнэ. Өөрөөр хэлбэл бид боловсролын тогтолцоо, системдээ авторитар тогтолцоотой орнуудын түүх, үнэлэмжээр өөрчлөлт оруулах уу, үгүй гэсэн асуудал үүснэ. Үр дүнгээр нь харах юм бол Монгол ШХАБ-ын орнуудын дундах ардчиллын арал болчихоод байгаа. Өөр бас нэг гэрээ бий. Мэдээллийн аюулгүй байдалд хамтран ажиллах тухай гэсэн гэрээ. Өнөөдөр болж буй мэдээллийн дайнд санаа зовж буйгаа илэрхийлсэн гэрээ. Гэхдээ болж байгаа үзэгдлийг сөрж зогсохын тулд хамтарч ажиллана гэсэн утгатай. Мэдээллийн ертөнцөд өрнөж буй зүйлсийг зөвхөн ШХАБ-ын гишүүн орнуудын хүсэл зоригт нийцүүлж харвал хэр зөв алхам болох вэ?

-Яаж ч бодсон зөв алхам биш л дээ. Дэглэмээ хамгаалсан зүйлсийг нь л дэмжинэ, бусдыг нь үгүйсгэж хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг биз дээ?

-Тэгж ойлгож болно. Мэдээж авторитар дэглэмийг хамгаалах тухай мэдээлэл эхэнд тавигдана. Тэр орчинд зохицох эсэхээ бодох ёстой. Ингээд харахаар хэрвээ ШХАБ-ын гишүүн болвол дотоодын маш олон хууль, тогтоомжид өөрчлөлт хийх хэрэг гарна. Хийгдэх өөрчлөлтийн чиг нь тодорхой.

Ерөнхийдөө авторитар дэглэм рүү хандана. Хуучин түүх хүртэл сонин байдалд орох байх. Өөрөөр хэлбэл орно, орохгүй гэж маргалдахаасаа өмнө энэ байгууллагын гаргасан баримт бичгүүдийг салбар, салбарынхан сайтар судлах ёстой. Тэгж байж саналаа хэлэх учиртай. Түүнээс биш байгууллагыг нь үгүйсгэх хэрэггүй. Тэдний дунд хэрэгтэй ажлууд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бид очоод толгойгоо шургуулах уу гэдэг бол санаа зовоосон том асуудал. Тийм амархан ч шийдчих асуудал биш.

Монголчууд улс төрийн эрх чөлөөтэй, ардчиллын үнэлэмжтэй ард түмэн. Тэр утгаараа бидний илүү их сонирхох асуудал бол эдийн засгийн харилцаа.

-ШХАБ-ын гишүүн болбол хоёр хөрштэйгөө эдийн засгийн интеграцид орох давуу талтай, том төслүүд хэрэгжих магадлалтай гэсэн горьдлого бий. Энэ горьдлого хэр ортой вэ?

-Хоосон горьдлого. ШХАБ-ын хүрээнд тусгайлан хэрэгжүүлдэг олон талт эдийн засгийн хамтын ажиллагаа, том арга хэмжээ үндсэндээ байхгүй. Улс төр, оюун санаа, авторитар дэглэмүүд өөрөө өөрсдийгөө хамгаалах гэх мэтэд анхаарлаа түлхүү хандуулдаг. Тэр хүрээн дотор хоёр талын хамтын ажиллагаанууд өрнөдөг. Тийм учраас ШХАБ-д элссэнээр энэ байгууллагын олон талт эдийн засгийн харилцаанд монголчууд оролцоно гэж ойлгож, харах нь том эндүүрэл.

Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны хувьд хоёр талын эдийн засгийн харилцаа өрнүүлээд явж болж байгаа. Монгол, Орос ч ялгаагүй. Харин Орос, Хятадын хоорондох эдийн засгийн харилцаа өөр. Хоёулаа ШХАБ-ын гишүүн. Тэд идэвхтэй хамтраад, тэр харилцаанд бид хамрагдчихвал гэсэн горьдлого бий. Дахиад хэлье. Хоосон горьдлого.

-Яагаад. Орос, Хятад хоёр эдийн засгийн том төсөл хэрэгжүүлбэл газар нутгийн давуу тал маань бидэнд мөнгө, ашиг өгнө гэдэг таамаг итгэл үнэмшилтэй сонсогддог шүү дээ?

-Бүс нутгаар нь харвал Оросын Алс Дорнод, Сибирт зургаа, долоохон сая хүн бий. Хүн ам нь байнга хорогдож байгаа. Тэгэхээр ийм зах зээл дээр эдийн засгийн идэвхтэй интеграци үйл ажиллагаа явуулна гэсэн яриа хөөрөө итгэлтэй биш сонсогддог. Хятадын хувьд долоохон сая хүн бол сонирхолтой зах зээл биш. Тэнд том интеграци болно гэж хүлээх хэрэггүй. Өнгөрсөн жил Владивостокт болсон Алс Дорнодын эдийн засгийн форумын үеэр сонирхол татсан нэг мэдээлэл цацагдсныг санаж байна. Путин тэр форумд оролцохдоо “Бид Алс Дорнод Сибирт хүн амаа л өсгөх ёстой юм байна” гэсэн. Энэ үгнээс Орос эдийн засгийн интеграци гэхээс илүү хүн амаа өсгөхөд санаагаа чилээж байгаа нь түвэггүй харагдана.

-Хийн хоолойн гэх мэт том төслүүд нь хэрэгжих боломжгүй гэж үү?

-Орос, Хятадын хооронд том төслүүд яригдаж байгаа. “Сибирийн хүч” гэсэн нэртэйгээр хийн хоолой тавья гэсэн л дээ. Гэхдээ өнөөг хүртэл чимээ сураг алга. Маш эргэлзээтэй төслүүд болчихсон. Тийм учраас би ШХАБ-ыг авторитар орнуудын дэглэмээ хамгаалах гэж оролдсон чиг рүү хөгжөөд байна уу гэж хардаг. Бүс нутгийн интеграцид хувь нэмрээ хараахан оруулж чадахгүй, тэр нь лоозон хэлбэртэй. Тэгэхээр ШХАБ-аас ашиг, өгөөж горьдох хүлээлт бидэнд лав байхгүй.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУСНИУЛАГЧ БАЙЛГАСНААС ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛД ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-УИХ-ын дарга Г.Зандан-шатар үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэчихлээ. Үндсэн хуульд гар хүрэхдээ юунд яаж анхаарах ёстой вэ?

-Эцэс төгсгөлгүй маргаан үүсгэхээр асуудал. Би өмнө нь ч ярьж байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий. Төрийн салаа мөчир бүрийг бие биетэйгээ байлддаг болгочихсон сул тал байгаа. Гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох засаглалтайгаа байлддаг. Гүйцэтгэх, хууль тогтоох засаглал дундуур Ерөнхийлөгч орж ирж үздэг. Шүүх нь орж ирдэг. Монголд болж буй энэ процессыг гадны эрдэмтэд нэлээд дээр үед “Монголчууд төрөө шатаадаг тоглоомоор тоглосоор байна” гээд хэлчихсэн. Төрөө шатаадаг тоглоом олон жил үргэлжилж болохгүй. Хэн хэнийхээ ажилд хутгалдан ордоггүй, биенээ хянадаг тогтолцоо руу орох шаардлагатай. Тэр утгаар нь Үндсэн хуулийг өөрчилье гэж ярьж суугаа хүний сайн, мууг шүүхээс илүү өөрчлөлт хийгдээсэй билээ гэж хүсч байна.

Сэтгэл хөдлөлийн байдлаас харвал нэг өнцөг бий. Явцуу эрх ашиг нь давамгайлсан, ЖДҮ хулгайлсан улсууд Үндсэн хууль өөрчлөх нь гэсэн дургүйцэл байж магадгүй. Эрх зүйн хувьд өөрчлөх эрх нь МАН-д байгаа. Зөв өөрчилж чадвал хэрэгцээ, шаардлага нь байна. Эрхбиш эрүүл ухаан ялах байлгүй дээ.

-Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас анзаарахад Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрүүлээр харж, зөв хийнэ гэсэн найдлага нийт олонход лав алга. танд үнэхээр тийм найдлага байна уу?

-Зөв болгох гээд оролдоод үзэг. Оролдох нь огт юм хийгээгүйгээс арай дээр.

-Эсрэгээр нь эргүүлээд хаячих вий гэж болгоомжлохгүй байна уу?

-Тийм юм болдог юм аа гэхэд монголчууд ардчиллын үнэлэмжтэй юу гэдэг асуудалтай тулгарах байх. Монголчууд нүүдэлчид. Бие даасан индивидуаль шинж чанартай улс. Анх төрөхдөө л эрх чөлөөтэй төрсөн шиг эрх чөлөөг онцгой хүсэмжлэгчид. Тийм учраас хавь ойрын, түрүүн хэлсэнчлэн ШХАБ-ын орнууд шиг авторитар дэглэм рүү тийм хурдан явж чадах ч үгүй. Хүсээд хүсээд явж чадахгүй гэсэн итгэл байна.

-Ерөнхийлөгчийн засаглал руу явах нэг хэрэгсэл болгочихвол яах вэ?

-Та маш том асуудал хөндөөд байна. Миний байр суурь тов тодорхой. Өнөөдрийн Ерөнхийлөгч институцийнхээ хувьд хаана нь хамаараад байгаа нь мэдэгддэггүй хамелеон маягийн хүн. Бэлгэ тэмдгийн юм шиг хэрнээ шүүх, Засгийн газар, хууль тогтоох эрх мэдэлд оролцоно. Тов тодорхой Ерөнхийлөгчийн институци нэг талдаа гарах ёстой. Үндсэн хуулиар. Миний бодлоор Ерөнхийлөгчийг саармаг, бусниулагчийн үүрэг рольд байлгаснаас гүйцэтгэх эрх мэдэлд нь нэгмөсөн хамруулах хэрэгтэй. Ингэснээр Ерөнхийлөгчийн засаглал тогтчихгүй.

Нэгэнт л улс орон хууль ёсоор засаглана гэж байгаа бол хуулиараа засаглана. Үүргээ гүйцэтгэхгүй, хуулиа сахихгүй Ерөнхийлөгчийг УИХ нь импичмент хийчихдэг хэлбэртэй байх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт ийм хэлбэр рүү явах байх гэж найдаж байна.

-Үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн хийх вэ гэдэг дээр янз бүрийн байр суурь дуулддаг. Таны хувилбар, гарцыг сонирхмоор байна?

-Олон хүн төрийн эрх мэдэл хуваагдах ёстой гэж үздэг. Тэр нь ч зөв. Зөвхөн нэг хүн дээр эрх мэдэл төвлөрвөл араатан амьтан шиг загнана. Хүн уг утгаараа нэг талаасаа амьтан. Нөгөө талаасаа оюун ухаантай нийгмийн амьтан. Тэгэхээр сайн, муу ямар ч хүнд дэндүү их эрх мэдэл хуваарилбал яг араатан шиг загнана. Тиймэрхүү төлөв байдал авторитар дэглэмтэй орнуудад анзаарагддаг. Тийм ч учраас хүнийг хүнээр нь хянасан тогтолцоог үүсгэх хэрэгтэй.

Манайхан төрийн эрх мэдлийг гурав хуваадаг гээд ойлгочихсон. Шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл гээд. Гэтэл тав хуваасан улс ч байна. Зарим орны Үндсэн хуульд шалгаруулах эрх мэдэл гэж бий. Төрийн албаны зөвлөл гэх мэт нь Үндсэн хуулийн эрх мэдэлтэй. Аль нэг улстөрч, сонгуулиас хамаарахгүйгээр төрд хэн ажиллах вэ гэдгийг зөвхөн мэргэжлийн хяналт шаардлагаар хийдэг. Гэтэл манай Төрийн албаны зөвлөл улс төрөөс хараат учраас төрийн алба бохир хүнээр дүүрэх бололцоотой.

Өөр нэг эрх мэдэл нь хянах. Үндсэн хуульдаа хянах эрх мэдлийг тусгачихсан улс орнууд байгаа. Жишээ нь АТГ, хяналтын байгууллагууд улстөрчдөөс хамаарахгүй гэсэн үг. Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгочихдог юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын энэ мэт дэлхийн жишгийг өргөн хүрээнд харах хэрэгтэй.

-Х.Тэмүүжин саявтар Монголын хуулиуд иргэнээ орхиж, төрөө бөөцийлсөн философитой гэсэн утгатай үг унагасан. Үнэхээр тийм үү?

-Үгүй байх. Хорь гаруй жил хүний эрх, иргэнд илүү ач холбогдол өгсөн философи давамгайлж ирсэн. Олон хууль иргэдээ хамгаалж байгаа. Х.Тэмүүжин бүхлээр нь яаж харсныг мэдэхгүй байна. Хуулийн ерөнхий концепци иргэдээ хамгаалсан чигт бий. Ардчиллын буянаар тийм болж чадсан. Ганцхан тэр хуулийг хэрэгжүүлж яваа шүүх, хяналтын байгууллагууд нь улстөрчдийн нөлөөн дор учраас хуулийг нөгөөдүүлийн талд хэрэглэдэг байж магадгүй.

-Тэгвэл шүүхийг хараат бус, бие даасан байлгахын тулд яах ёстой вэ?

-1990 оноос өмнөх тогтолцоотойгоо харьцуулбал Монголын шүүх харьцангуй бие даачихсан. Тэнд ажилладаг хүмүүсийн чадамжийн асуудал л болов уу. Ардчилалд шилжихээс өмнө шүүх нийгэмд тэгтлээ үнэлэгддэг тогтолцоо байгаагүй. Шүүх намаас бүрэн хараат байсан. Хуульчид дунд шүүгч үү, прокурор уу гэхээр хамгийн гоё ажлыг нь прокурор гэдэг байсан юм. Сонгуулиас хамаардаг улстөрчдийн томилгоогоор шүүх явдаггүй байвал зүгээр. Хугацаа, санхүүгийн хувьд хамгаалалттай байх хэрэгтэй. Энэ чиглэлээр дажгүй ажлууд хийгдсэн байх. Улстөрчдийн том хэрүүлүүд дээр зөв буруу шийдвэр гарч байгаа дээр л хүмүүс бухимдаж суугаа болов уу. Харин системийн хувьд бие даах чиг рүүгээ хөгжсөн байх.

ДУНДАЖ ДАВХАРГЫНХНЫГ СЭР ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА

-Танай намыг харахаар таны үеийн үгийг нь сонсчихоор хүмүүс нам жим хувь хувиа хөөгөөд яваа анзаарагдах юм…?

-Би намгүй сууж байгаа хүн шүү дээ.

-Таныг ингэж хэлсэн ч ан гэж л харна. ан-д дунд үеийн боловсрол, мэдлэгтэй улстөрчдөө шахаад орон зайгүй болгочихсон, одоо байгаа хүмүүсээс нь лидер хайхад хэцүү гэх мэт шүүмжлэл бий. улс төрд идэвхтэй байх хэсэг яагаад идэвхгүй болчихов оо?

-Би өөрийгөө улс төрд идэвхтэй гэж боддог. Улс төрийн идэвхийг саналаа өгөх эрхээр хардаг.

-Таны хувьд оролцоо гэж ярих ёстой байх аа?

-Дуу хоолойгоо хэзээ ч буулгахгүй.

-Тогоонд нь орохгүйгээр үү?

-Шинэ үеийг бэлдэх хэрэгтэй гэж хардаг.

-Шинэ үе бэлтгэгдэж байна уу?

-Бэлтгэгдэж байгаа гэж ойлгож яваа. Ер нь үе солигдох цаг болчихсон.

-Та нарын дараагийн үе гэвэл хэн хэн байна?

-Залуус зөндөө байгаа.

-Нэрлэ дээ?

-Лидер төрүүлэх зорилготой бол хэлнэ (инээв). Баг болж зохион байгуулагдахаас л хамаарна. АН, МАН аль альд нь бий.

-Шинэ үе гарч ирэх гэхээр улс төрөөс явах ёстой хэсэг нь эрх мэдэлтэйгээ зууралдаад байдаг гэсэн шүүмжлэл сонсогддог. Энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Дэлхийд нэг үзэгдэл болж байна. Улс төрд идэвхтэй байх ёстой, үгээ хэлэх учиртай хэсэг амин хувиа хичээгээд хойшоо суудаг гэсэн дүгнэлт байгаа. Дэлхийд үүнийг “Дундаж давхарга”-ынхан амиа бодож байна” гэж шүүмжлээд эхэлчихсэн. Буруу сэтгэлгээ, мэдээлэл давамгайлж, буруу улс толгой дээр гараад байгаагийн бурууг улстөрч, эрх мэдэлтнүүдээс биш идэвхигүй дундаж давхаргаас хайх ёстой гэсэн үзэл хандлага давамгай байгаа.

Хуучин цагт нэг орцныхон биенээ анддаггүй байсан бол өнөөдөр хажуугийн айлаа ч мэдэхгүй. Ийм идэвхгүй орчинд дундаж давхарга аж төрж яваа нь эргээд өөрсдийг нь хорлож байна. Тийм учраас би дундаж давхаргыг сэр гэж хэлмээр байна. Өнөөдөр болж буй оюун санааны хямрал бол амиа хичээсэн дундаж давхаргын оюун санааны хямрал.

-Дундаж давхаргынхан нэгдэж нийлээд дуу хоолойгоо хүргэж, эрүүл зөв лобби хийгээд явах ёстой гэдэгтэй санал нэг байна. Манайд тийм нэгдэл байна уу?

-Мэр сэр бий. Янз бүрийн клубүүд байгуулагдах ёстой. Сонирхлын бүлэглэлүүд. Орчин үеийн нийгэмд нам гэхээс илүү сонирхлын бүлэглэлүүдийн ач холбогдол маш өндөр. Сүүлд хийсэн социологийн судалгааг саяхан харсан. Намуудын нэр хүнд тээр дор, олон нийтийн байгууллагуудын нэр хүнд хамаагүй давуу харагдсан.

Сонирхлын бүлгүүд дээр нийгэм өөрийгөө бэхжүүлдэг үзэгдэл явагдаж байгаагийн л илрэл. Тэгэхээр сонирхлын бүлгүүд нийгмийг танин мэдүүлэхэд туслах уулзалтыг олноор нь хийх хэрэгтэй. Ардчиллыг, Монголыг аваад явж байсан хүмүүс ийм чиглэлээр маш их ажил хийх ёстой.

-Жишээ нь та юу хийж байна?

-Мэдээж би зүгээр суугаагүй. Монголчууд хоёр том асуудлыг сайн мэдэж байх хэрэгтэй. Нэгдүгээрт уул уурхайн засаглал. Сүүлийн үед баялгийн сан гэж яриад эхэллээ л дээ. Баялгийн сан бол уул уурхайн засаглалын зөвхөн эцсийн дамжлага нь. Уул уурхайгаас олох ашгийг баялаг болгоод, баялгийн сангаа ирээдүйд үлдээхийн тулд хэрхэн яаж хөрөнгө оруулалтын сан болгож хувиргах вэ гэсэн эцсийн дамжлага. Энэ дамжлагыг хийхээс өмнө геологи хийх, нөөц олох, олсноо ашиглаж олборлох, олборлосноо зарах, зарснаа мөнгө болгох, олсон мөнгөөрөө сан байгуулах гэх мэт урт дараалал бий. Гэтэл зөвхөн сүүл хэсгийг нь яриад суух юм.

Томоор харж, ойлгоод дарааллаар нь хийвэл уул уурхайн засаглал номер нэг асуудал. Хүн бүр ярьсаар залхсан гээд хойш тавья гэвэл дараа нь анхаарах ёстой нэг том асуудал байгаа. Тэр нь хотжилт. Хот зөв хөгжихгүйгээр улс орны эдийн засаг зөв хөгжихгүй. Тэгэхээр хотын эдийн засаг гэдэг бие даасан эдийн засгийн ухааныг зааж сургах хэрэгтэй. Олны анхаарлыг энэ зүг рүү татах шаардлага үүсчихсэн. Би тэр чигийн материал цуглуулж, харж шинжлээд яваа. Анхны лекцүүдээ ойрын үед тавина. Товчхоноо сонирхлын бүлгүүд нийгмийн асуудлаа зөв тавьж өгвөл нийгэм хурдан дэвжих, хөгжих боломжтой.

САЛХИТЫН АЖИЛЛАГАА ХҮЧТЭЙГЭЭ ХАРУУЛАХ ГЭСЭН ПОПУЛИСТЫН ҮЙЛДЭЛ

-Салхитад ЗГХЭГ-ын дарга тусгайгийнхантай очсон доо. Дараа нь Ерөнхий сайд олигархиудтай тэмцэнэ гээд компанийн нэр зарласан. Төрийн томчуудын энэ хандлага хөрөнгө оруулагчдад яаж харагддаг бол?

-Муу муухай гэж бодож яваа бүхэнтэйгээ зөвхөн хуулийн хүрээнд тэмц гэж хэлмээр байна.

-Хуулийн хүрээнд тэмцэж байгаа хэлбэр мөн үү?

-Хуулийн хүрээнд бүх юм хийгдэх ёстой гэдгийг М.Энхболд өөрийнхөө жишээн дээр харуулсан. Тэр жишээг дага л гэмээр байна.

-ЗГХЭГ-ын дарга нь тусгайгийнхантай очиж нэг орд руу дайрах нь хуулийн хүрээнд өрнөсөн үйл явдал уу, эсвэл?

-Хуулийн дагуу гэхээс илүү өөрийгөө хүчтэй гэж харуулах гэсэн популист улстөрчдийн хийж буй үйлдэл гэж харагдахаар байсан. Ер нь нэг юмыг сайн ойлгуулах хэрэгтэй. Популистууд өөрсдийгөө толинд харах дуртай байдаг гэсэн.

-Толинд харах аа?

-Фитнесст явж дасгал хийгээд, булчин нь зангирсан нөхөр өөрийгөө толинд харахыг хэлж байна. Толинд харагдаж байгаа дүрс нь хүчтэй харагддаг байхгүй юу. Үнэн хэрэгтээ тийм хүмүүс амьдрал дээр хүчтэй байдаггүй. Манай олон улстөрчдийн сэтгэж хийж яваа үйлдлүүдийг анзаарахаар олонх нь өөрийгөө толинд харагчид гүйлдээд байна л даа. Яг бодитойгоороо ч гэсэн толинд хардаг улсууд. Булчинтай, юм өргөдөг. Энэ чинь дэлхий дээр болоод өнгөрсөн үзэгдэл.

Адольф Гитлер хүртэл үгээ хэлэх гээд толинд харж бэлтгэлээ хийдэг байсныг бүгд мэднэ. Энэ солиорол зөвхөн Монголд шинээр үүссэн зүйл биш. Дэлхийд болоод өнгөрчихсөн үзэгдэл. Зэвсэглэсэн баахан хүн дагуулж очоод ажлаа хийж суугаа манаачийг газар хэвтүүлээд сүржигнэсэн нь үүнтэй төстэй үзэгдэл. Толин дотор болж байгаа үзэгдэл. Амьдрал дээр мэдрэгдэж нэмэр болсон зүйл байхгүй. Бодит амьдрал, толинд туссан хийсвэр дүр төрхийг ялгаж сурах явдал өнөөдрийн улстөрчдөд маш чухал.

-Улстөрч хүн өөрийн гэсэн үнэ цэнэтэй байж оршдог, үнэ цэнээ хадгалж чадахгүй бол хэн ч биш болдог. Нэг жишээ нь Лу.Болд гэж харагддаг. Эсвэл бизнес төрөөс хамааралтай учраас яах аргагүй үйлдэл гэж харах ёстой юу. гэхдээ үнэ цэнээ гээх улстөрчдийн тоо нэмэгдэж, үзэгдэл болох нь нийгэмдээ аюултай, хөгжилд нэмэргүй байх тийм үү?

-Ер нь бол санаа нэг байна. Популизм, зарим улстөрчдийн хандлага маш буруу байгаа зэрэг нь цаанаа шалтгаантай. Дэлхийд болж байгаа үйл явдал, үзэгдлийг өөр дээрээ буруу тусгаж авсаных. Тухайлбал, сая таны жишээ татсан Л.Болд ардчиллын үнэлэмжийг хамгаалах ёстой хүмүүсийн нэг. Яагаад өнөөдөр ийм байдалд орсон бэ гэдгийг “Юуны нөлөө вэ” гэсэн өнцгөөс харах ёстой. А

рдчиллын үнэ цэнэ, үнэлэмж буурахад нөлөөлсөн хэдэн том хүчин зүйл бий. АНУ бусдад ардчиллын үлгэр жишээ болж явдаг үүрэг ролиосоо сайн дураараа татгалзаж эхэлсэн. Тэр хандлага нь олон хүний тархинд самуурал үүсгэж байна л даа. Европын холбоо задрах гээд, Англи гарна гэж мэдэгдээд байгаа.

“Хөгжсөн орнууд үймэлдээд эхэллээ, бидний ардчилал юу билээ” гэсэн самуурал энэ бүхнээс үүссэн юм. Яг энэ үеэр Орос, Хятад гэсэн авторитар дэглэмтэй улсууд хүчирхэгжээд жаахан шоу хийчихсэн. Тэгэнгүүт өнөөдүүлийг үлгэр загвар гээд харчихсан тал бий. Тэгж харсан учраас ШХАБ гэхээр хуйлрах маягтай байна. Дэлхий өөрөө үзэгдэл. Тэрний нэг хэсэг нь л Монгол. Ардчиллын төлөө зүтгэж явсан улс нь тийм зүйлийг ялгаж салгахгүй яваа бол харамсалтай. Гэхдээ нэг сайхан мэдээ дуулдаж байна. Би “Экономист” сэтгүүлийг үе үе үзэх дуртай. Тэнд “Ардчиллын уналт 2018 онд төгсгөл боллоо” гэсэн байсан.

Одоо манайд болж байгаа үзэгдэл тэндээс улбаатай. Популизм оройдоо хүрээд төгсгөл рүүгээ явж байна. Ертөнцийн хандлага адилхан. Хэдий Трамп хэлж байгаа ч гэсэн нэг үнэн үг бий. АНУ-ын ерөнхийлөгч “Венесуэл, Латин Америкийг хар даа, социализмд төгсгөл ирлээ” гэсэн үг унагалаа. Ардчилал, хүний эрх, шинэ сонгууль, шинэ цаг үе ирэх нь гэдгийг зарлачихлаа. Тэгээд Венесуэлийн талаар хатуу арга хэмжээ авч эхэлснийг дэлхий нийтээрээ харж сууна. Өөрөөр хэлбэл унаж явсан ардчиллын үнэлэмжүүд эргэж босч ирэх цаг үе 2019 он болчихлоо. Энэ дүгнэлт манай популистуудад ч хамаатай. Яг энэ янзаараа яваад байвал та бүхний буруу хандлага өөрсдийг чинь хамна шүү гэж хэлмээр байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЭЛЧИН САЙДУУДЫГ ТАТАЖ, ТОМИЛОХДОО ГУРАВДАГЧ ХӨРШҮҮДЭЭ ХОЛДУУЛААД БАЙХ ШИГ

-Таныг Шведэд суух элчин сайдын албанаас эргүүлэн татсан. Ямар шалтгаанаар эргүүлэн татсан бэ гэсэн асуулт өнөөдөр ч олны анхааралд байна?

-Одоогийн Ерөнхийлөг-чийн сонгууль болохоос өмнө намайг элчин сайдаар томилчихсон байсан. Шведийн Стокгольм хотоос Скандинавын таван орныг хамаардаг элчин сайдын алба л даа. Би Шведийн хаанд, Эстонийн ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьчихаад бүрэн эрхтэй элчин сайдын үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан юм. Энэ зуур Ерөнхийлөгчийн шинэ сонгууль болоод Х.Баттулга төрийн тэргүүн болсон. Элчин сайдаас татах асуудлын тухайд яг нарийндаа энэ хүний хувийн тооцоо байх. Түүнийгээ үндэслэлтэй болгох гэж хууль хяналтынханд элдэв шалгалт хийх даалгавар өгч байсан. Энэ тухай дэлгэрэнгүй яривал тэр чигээрээ шог үзэгдэл.

Х.Баттулга М.Энхсайхан гэдэг хүнтэй тооцоо хийж болно. Гэвч Ерөнхийлөгч нь элчин сайдаа эгүүлэн татах нь улс орнуудын харилцаанд буруу ойлголт өгөх эрсдэлтэй. Миний санаа зовж суусан асуудал энэ л дээ. Томилсон элчин сайдаа эргүүлж татах гэдэг бол зөөлхөн хэлэхэд гоё харагддаг үйлдэл биш. Намайг Норвегид итгэмжлэх жуухаа барих гэж байхад жуух бичиг битгий бариул гэсэн үүргийг шинэ Ерөнхийлөгчийн зүгээс Гадаадын хэргийн яаманд өгсөн юм билээ. Нэгэнт бодлого нь тийм бол гээд жуух бичиг барих ажлаа хойшлуулаад байсан юм.

-Элчингээр томилогдсон хүн тодорхойгүй шалтгаанаар жуух бичиг өргөн барих ажлаа хойшлуулж болохгүй байх. Улс төрийн нөхцөл байдал энэ тэр гээд болсон процессийг хэлсэн үү, эсвэл өөр тайлбар тавьсан уу?

-Монголоо буруу ойлгуулчихгүйн тулд элдэв шалтгаан тайлбар хэлж байсан л даа. Монголын улс төрийн өрнөл, шалтгааныг тайлбарлалтай биш. Норвегийн хааны ордноос надад хандаж итгэмжлэх жуух бичгээ бариач гэж гурван удаа захидал ирүүлсэн. Монголоо эвгүй байдалд оруулахгүйн тулд гурван удаа техникийн бололцоогүй гэх мэт тайлбар хэлж татгалзсан. Эцэстээ байдлаа хэлж ойлгуулаад ирсэн.

-Улс орнуудын гадаад харилцаа талаас харвал ямар нэг үндэслэлгүйгээр элчин сайдыг эргүүлэн татах асуудал байж болохгүй биз дээ?

-Голчлон харилцаа хүйтрэх, хурцадахаар л элчингээ татаж байгаа харагддаг шүү дээ. Швед, Скандинавын орнуудад олон монгол бий. 8-9 мянган монгол иргэн амьдардаг. Европын орнуудаас монголчууд хамгийн олноороо амьдардаг нь Герман. Дараа нь Швед, Скандинавын орнууд ордог юм. Нэгэнт шинэ Ерөнхийлөгч дургүй, ажил боомилж байгаа юм чинь Монголдоо буцъя гэж бодсон. Гэхдээ Монголынхоо талаар зөв ойлголт өгчихөөд буцах ёстой гэж харсан. Ямар ч тохиолдолд тэнд амьдардаг иргэдийн эрх ашиг хөсөрдөхгүй байх нь чухал. Тэр талаас нь хандсан.

Энэ зуур элчин сайдыгаа татах шийдвэрээ төр хууль ёсныхоо хүрээнд гаргахыг хүлээж суусан. Төдий удалгүй УИХ-аас элчин сайдаа татах шийдвэр гарсан ч Гадаад харилцааны яам эцсийн хариуг хэлэхгүй яваад байсан л даа. Сүүлдээ би Гадаад харилцааны сайдад мессэж илгээж, хугацаагаа өөрөө товлож “Ажлаа өгөөд явж очъё” гэсэн. Тэгээд өнгөрсөн жилийн наймдугаар сард ирсэн юм. Элчин сайд нар буцахдаа итгэмжлэх жуух бичиг барьсан орнууддаа яагаад буцах болсон, юу үлдээсэн тухайгаа тайлбарласан уулзалтууд хийдэг юм билээ. Би тийм уулзалт хийгээгүй. Учир нь надад тайлбарлах зүйл байгаагүй. Тийм учраас дипломат шугамаар “Намайг эргүүлэн татаж байна” гэсэн утгатай захиа бичээд ирсэн.

-Шведэд өнөөдөр ч Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүй. Тэнд амьдардаг монголчууд өөрсдийг нь төлөөлсөн элчин сайдгүй удаж байна шүү?

-Би Шведэд очоод итгэмжлэх жуух бичгээ харьцангуй хурдан барьсан учраас жил хагас элчин сайдтай байсан гэж хэлж болно. Норвеги, Дани, Финланд зэрэг улсуудад Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүйгээр бараг дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Миний дараа томилогдож очсон хүн нь төдий л удаагүй буцаад ирсэн. Тийм учраас Монгол Хойт Европын орнуудад элчин сайдгүй байгаа. Би болсон явдлыг арай том өнцгөөр харахыг эрмэлзэж байгаа. Хийсэн дүгнэлтээ хэлье. Өнөөгийн Ерөнхийлөгч маань Монгол Улсыг гуравдагч хөршүүдтэй нь тааламжгүй хүйтэн харилцаатай болгох гэсэн юм боловуу л гэж бодсон.

-Гуравдагч хөрштэй тогтоосон харилцаагаа элчин сайд нараа татах хэлбэрээр үймүүлээд байна уу гэдэг сонирхож тавих ёстой асуулт байна. Яагаад тэгж бодоход хүрэв?

-Миний өмнө Англид ажлаа хийж байсан С.Баярыг дуудсан. АНУ-д элчин сайд томилохгүй удааж гацаасан. Японыг мөн л удаасан. Тэрнээс ч дутахгүй Европод хамгийн чухал хойд Европын орнуудад тавьсан элчин сайдаа татсан. Энэ бүгдийг багцлаад том бодлогын хэмжээнд харвал манай улсын гуравдагч хөрш рүүгээ хандсан харилцааг муутгах гэсэн алхам шиг харагдаад байгаа юм.

-Тэгж харагдахаар юм байна…?

-Харагдахаар барах уу, би дотроо тэгж анзаарчихаад Монгол маань буруу харагдчих вий гэж санаа зовсон байдлаар ажилласан. Тэгж харагдуулахгүйн тулд ажлаа хэл амгүй өгсөн юм. Элчин сайдыг татах томилох асуудал дээр Монголын дотоод улс төрийг би хувьдаа ойлгоно. Юу ч болсон төрийн шийдвэр гээд дагах нь гарцаагүй. Гэхдээ гадаад ертөнцөд гуравдагч хөршийн эсрэг хандаад байна уу даа гэсэн ойлголтыг манайхан бараг төрүүлсэн байж магадгүй. Тэнд оршин амьдардаг монгол иргэдэд алсдаа сөргөөр битгий тусаасай гэж бодож байна.

-Та Шведэд очоод ажлаа бүрэн эрхийнхээ хүрээнд хийгээд эхэлсэн гэж ярилаа. Хойд Европын орнуудтай ингэж тэгж хамтарна гэсэн ажлын зургаа гаргачихсан байсан уу?

-Шинэ асуудлуудыг өдөөд, яриад явж байсан. Жишээ нь, хойд Европын Швед гэж орон жилдээ бараг тэрбум ам.долларыг олон улсын тусламжийн хүрээнд олон оронд өгдөг. Тэр тусламжийн шалгуурыг нь Монгол давсан учраас хасагдсан л даа. Монголчуудад биеэ даах чадамж нь суусан гэж үзээд хассан юм. Гэхдээ миний сая хэлсэн тэрбум ам.долларын 200 сая нь ардчиллыг дэмжих тусламж.

Миний зүгээс “Эдийн засгийн үзүүлэлтээрээ манай улс танай тусламж олгодог хэмжүүрээс ахисан нь үнэн. Гэхдээ нэг зүйлийг анхаараач. Монгол Улс Орос, Хятадын дунд арал болж үлдсэн чөлөөт орон. Ардчиллын төслүүдийг дэмжсэн хэвээр урагшлах шаардлага бидэнд байна.

Манай улсад болж буй үзэгдлийг анзаарвал хоёр хөршийнхөө авторитар нөлөөнд автах хандлага багагүй бий. Ардчилал өндөр хөгжсөн танайх шиг улсуудаас суралцах шаардлага Монголд байгаа. Тэр тусмаа Үндсэн хуулийн хүрээнд эрх мэдлийг тэнцвэржүүлэх, харилцан хяналт тавьдаг арга зүйн талаас сурах заалгах эрэлт үүссэн” гэж хандсан. Найрсгаар хүлээж авч судалж байсан байх.

Швед маш том ойн аж ахуйтай. Ой нь улам бүр ихэсч байгаа учраас ойн цэвэрлэгээ сайтай. Монгол газар нутаг томтой учраас ой ихтэй. Гэхдээ ойн цэвэрлэгээ байхгүй. Дэлхийн дулаарлаас болоод манай ой сөнөх байдалтай яваа. Ойн аж ахуйд туслалцаа үзүүлээч, хамтраач гээд яриа эхлүүлээд явж байсан.

Данид “Нүүдэлчин Монгол” үзэсгэлэн зохион байгуулахад оролцсон. Тэр талаар pax-mongolica.org сайтад бий. Монголын тусгаар тогтнолд даничууд ямар үүрэг рольтой байсан тухай миний хувийн ажиглалт ч байгаа. Норвегид итгэмжлэх жуух бичгээ бариагүй ч дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тэмдэглэж, Ослод “Чингисийн хүүхдүүд” гэдэг монгол киноны нээлтийг хийсэн. Европт нээлтээ хийсэн анхны монгол кино болсон юм. Эргээд харахаар богино хугацаанд бага боловч ач холбогдолтой ажлууд амжуулжээ.

-Ерөнхийлөгч Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Таван толгойн гэрээ байгуулах ажлын зохион байгуулагч нь Ц.Элбэгдорж, хэрэгжүүлэгч нь М.Энхсайхан, Таван толгой төслийг хийхдээ гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан гэж мэдэгдсэн. Энэ талаар та байр сууриа илэрхийлээгүй байгаа…?

-Х.Баттулга Ерөнхийлөгч асуултандаа таны хэлснийг дурдаж, шалгаж өгөөч гэсэн асуудлыг прокурорт гаргаж байгаа харагдсан. Х.Баттулга гомдол гаргахдаа Прокурорын байгууллагын Удирдах ажилтны индэрийг ашиглалаа.

Ерөнхийлөгч гомдол гаргахдаа би иргэнийхээ хувьд гэж хэлж байна лээ. Иргэд гомдол гаргахдаа хэзээ ч төрийн байгууллагын индэрийг ашиглах бололцоогүй. Энэ бол Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн хууль, Авлигатай тэмцэх хуульд заасан албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэхийг хорьсон заалтад илтэд харшилсан үйлдэл болсон. Эрх зүйт төр хэвшсэн соёлтой оронд бол хуулийн байгууллагаас анхааруулга, сануулга авахаар үйлдэл.

Дээр нь прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохыг тас хориглосон Прокурорын тухай хуулийн заалтад нийцэхгүй хууль бус буруу жишиг байлаа. Яг үүнтэй адилхан үйл явдал АНУ-д болоход хууль хяналтын байгууллага нь ерөнхийлөгч Трампын багийнханд хууль зөрчих үйлдэл рүү орж байна шүү гэж анхааруулж байсан.

Бусдаас суралцахад гэмгүй гэж бодож байна. 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан гэх мэдэгдлийн тухайд худал гүтгэлэг хийсэн. Тухайн үед боловсруулсан төслүүдийг эргэж харвал 100 жил гэсэн үг хаанаас ч олохгүй. Үнэгүй гэсэн үг хайгаад ч байхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа нь төсөлд зааснаар гучин жил. Сунгалтын тухайд зөвхөн Монголын тал буюу 30 жилийн дараахь тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр хийгдэх асуудал байсан.

-Засгийн газар гэрээг сунгахдаа тодорхой нөхцөлүүдийг харна гэж байл уу?

-Тийм, Засгийн газар гэрээг сунгахын тулд тодорхой нөхцөлүүд биелэгдсэн эсэхийг шалгаж байж шийдвэрээ гаргах байсан.

-Ямар нөхцөлүүд байсныг сонирхуулаач?

-Төслийн компани Таван толгойн бүс нутагт жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бий болгох, боловсруулсан баяжмалаа хоёроос доошгүй гадаад улсын зах зээлд борлуулсан байх, “Эрдэнэс Таван толгой”-д хамтын ажиллагааны төлбөр төлсөн байх үүргээ биелүүлсэн эсэхийг нь харна гэж гэрээнд тусгасан байсан. За тэгээд “Чалко”-д төлөх өрийг дуусгах, “Эрдэнэс Таван толгой”-н үлдэгдэл өрийг барагдуулах, Таван толгой – Гашуунсухайтын төмөр замыг барих гэх мэт үүргээ биелүүлсэн эсэхийг харж байж хугацааг нь сунгах эсэхээ шийдэх эрх Засгийн газарт байсан.

Би хувьдаа Ерөнхийлөгч дээрх төслийг уншиж үзээгүй гэдэгт 100 хувь итгэдэг болчихоод байгаа. Ийм энгийн юмыг ярихаасаа өмнө шалгачих хэрэгтэй. Гэхдээ юм унших дадал бөх барилдахаас дутахгүй хөдөлмөр шаарддаг гэдгийг ойлгож байна. Ингэж л хэлмээр байна. Бас нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга Таван толгой төслийг хоосон улс төржүүлэхдээ өмнөх Ерөнхийлөгчөө буруутгахыг зорьсон байх. Өөрийгөө өндөг шиг өөгүй хүн гэж харуулах нь популистуудын толгойны өвчин гэж улс төр судлаачид онцолдог.

Сайн найз явсан, Ерөнхийлөгч байсан хүнийг муу, муухайгаар дуудах нь популист сэтгэлгээний үр хөврөл л дөө. Ийм популист сэтгэлгээнээс Х.Баттулга Ерөнхийлөгч холдож чадахгүй яваа нь олон үйлдлээс нь харагдаж байна. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй байх. Таван толгой төслийг хийж байхад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч надад зааж зааварласан зүйл огт байхгүй.

-Ц.Элбэгдорж, М.Энхсайхан хоёрыг шалгуулах гэж 178 хуудас баримт өгсөн гээд байгаа нь ямар учиртай юм бол?

-Ц.Элбэгдорж саяхан Х.Баттулгад хандаж прокурорт өгсөн 178 хуудас гомдлоо ил болгочих гэсэн байна лээ. Бодоод байх нь ээ би өмнөөс нь ил болгох юм шиг байна. Таван толгойн гэрээ 178 хуудастай юм билээ. Тийм өчүүхэн юм ярьж болохгүй л дээ. Иймхэн асуудлаар өмнөх Ерөнхийлөгч болон ажил нугалсан хүнийг буруутгаж, гомдол тавиад яваа нь Монголд өрнөж буй эмгэнэлт үзэгдэл.

-Ерөнхийлөгч прокуроруудын зөвлөлгөөний үеэр “Эрдэнэс Таван толгой улсын төсөвт 500 тэрбум төгрөг төллөө. Ийм ашигтай бизнесээ хятадуудад өгөх гэж байж” гэсэн утгатай зүйл ярьсан. Таны ажилласан гэрээ УИХ-аар батлагдсан бол хэр ашиг өгөх байсан бэ?

-Ерөнхийлөгчийг тэгж хэлсний дараа хэрвээ Таван толгой төсөл хэрэгжсэн бол гээд тооцоог нь хийж үзсэн л дээ. Нэг их наяд 250 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулах байсан юм билээ. Энэ бол зөвхөн төсөвт өгөх мөнгө нь. Дээр нь төмөр замтай болж, жилд 30 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэр барьж, байгаль орчны бохирдлыг эрс багасгаж, 1072 хувьцааг амилуулах байсан. Үүнээс гадна төмөр зам барьж байна гээд “овоолсон шороо”-ныхоо мөнгийг төслийн компаниар төлүүлэхээр байсан. Х.Баттулгын учруулсан хохирлыг Х.Баттулга төлөхгүй нь ойлгомжтой. Харамсалтай нь төсөл бүтээгүй л дээ.

“Эрдэнэс Таван толгой”-г муулж байгаа юм биш. Энэ компани өнөөдөр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа. Ордыг сорчлон ашиглаж байна. Ашигт малтмалын хуульд “Сорчлон ашиглахыг хориглоно” гэсэн заалт бий. Сорчилж ашиглахын хамгийн том аюул нь Таван толгойн ордын насыг богиносгоно. Ордын ерөнхий үнэлгээ унана. Ерөнхийлөгч нь ийм юмыг ойлгохгүй яваа нь харамсалтай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шат дараатай цацна. Хэн нэгэнтэй хэрэлдэх гэсэндээ биш. Алдаан дээрээ суралцах ёстой гэдэг үүднээс мэдээллүүдийг ил болгох хэрэгтэй юм байна гэж бодсон шүү.

-Таван толгойн гэрээг УИХ буцаасан үйл явдлыг олонх “УИХ-ын дарга аргагүй зоригтой байлаа. Хятадуудад зарах гэж байсан Таван толгойгоо аваад үлдлээ” гэж олзуурхаж алга ташсан. Тэр үед яг ямар процесс өрнөсөн юм бэ?

М.Энхсайхан-Би ажлын хэсэг ахалсан, Засгийн газрын өмнөөс гэрээ хийж яваа сайд л байлаа шүү дээ. УИХ-ын даргыг үг хэлж байхад эсэргүүцэж тайлбар тавих хэмжээний албан тушаалтан биш гэж хэлэх гээд байна л даа. Тэгэх хэмжээний албан тушаалтан нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан. Ч.Сайханбилэг тайлбар тавих ажлаа хийгээгүй. Миний хувьд хийсэн бүх ажлаа засагт тайлагнаад, гарын үсэг зурах хэмжээнд хүргэснээ хэлсэн. Тэр үед би З.Энхболд, Ч.Сайханбилэг гэдэг нэг намын улс хоорондын зөрчилд оролцох шаардлагагүй гээд дуугүй суусан. Одоо тэр цагаас хойш таван жил өнгөрч. Мэр сэр дуугарна гэж бодож байна.

-Та 2020 онд УИХ-д нэр дэвших үү?

-Тийм бодол алга.

-Таныг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд хамгийн либерал гэгддэг Ашигт малтмалын хууль батлагдсан, үр дүнд нь Оюу толгойг олсон, гадаадын хөрөнгө оруулалт огцом өссөн, уул уурхайн boom гэж хэлж болох үзэгдэл бий болсон. Орон сууцыг хувьчилсан, ажлын өдрийг тав болгосон, импортын татварыг тэглэсэн, үр дүнд нь эдийн засаг тэлсэн, бизнес хөгжсөн. Энэ мэт реформын олон шинэчлэл хийсэн. Үүнийг л хийж чадаагүй дээ гэсэн харамсал байдаг уу?

-Надад харамсах юм байхгүй. Буцаад Монгол маань буруу тийшээ олон удаа алхсанд харамсдаг. Урагшлуулах гээд хөвчийг нь хэт хүчтэй татсанаас болсон байх гэж заримдаа боддог юм. Аливааг зөв чиг рүү сайн хийх тусам ойлгоогүй улсууд буцаагаад чангаахдаа хэтэрхий хорлонтой татдаг юм билээ л дээ. Ингээд бодохоор шинэчлэлийг аажуу хийх ёстой байсан ч юм шиг. Гэхдээ аажуу хийсэн бол бүр замрах эрсдэлтэй нүүр тулсан байхыг үгүйсгэх аргагүй.

-1992-1996 оны Засгийн газрыг хамгийн тогтвортой гэж ярьдаг. Нөгөө талд хамгийн унтаа, шинэчлэлийг урагш-луулаагүй засаг гэсэн шүүмжлэл дуулддаг. Шинэчлэлийг алгуурлуулсан гэдэгтэй нь та санал нийлэх үү?

-Алгуурлуулахаар барах уу, таг зогсоочихсон. Тэр үед би “Алдагдсан цагийн өртөг” гэсэн нийтлэл бичиж хэвлүүлж байсан юм. Гэхдээ буруутгаад хэрэггүй л дээ. Шинэ хуучны зөрчил хурцадсан цаг байсан. Хуучны төлөөллийн хамгийн шилдэг арга нь гацах. Шинэ рүү явах чадахгүй юм чинь тэгэхээс ч аргагүй.

-Олзуурхмаар нь ухраагүй гэж үү?

-Яг үнэн. Ухраагүй.

-Дэлхий рүүгээ харж байж алхахаас аргагүй болчихлоо л доо. Тэр дундаа эдийн засгийн харилцаан дээрээ таны хэлдгээр ертөнцийн хандлагыг анзаарах зайлшгүй хэрэгцээ үүсчихсэн. “Блүүмбэрг” дэлхийн ДНБ 2006 оныхоос уруудаж түүхэн доод хэмжээ рүү уналаа гэж байна. Худалдааны дайны нөлөө юу?

-Болж байгаа үзэгдлийн орой нь Америк, Хятадын маргаан. Дэлхийн эдийн засаг талаас харвал АНУ, Хятад бол нэг, хоёрт жагсдаг том эдийн засгууд. Тэдний хоорондын зөрчилдөөнөөс бүх асуудал, дэлхийн зураглалуудыг харах хэрэгтэй болох байх. АНУ, Хятадын зөрчил тийм амар шийдэгдэхгүй. АНУ Хятадын хооронд маргаантай асуудал олон ч том асуудал нь бүтцийн өөрчлөлт хий гэж Хятадыг шахаж байгаа явдал юм. Бүтцийн өөрчлөлт гэж юу болохыг хүмүүс сайн мэдэхгүй байж магадгүй. Бүтцийн өөрчлөлтөд нь 100 гаруй гомдол багтаж байгаа гэдэг юм. Хятад улсыг зах зээл дэх төрийн оролцоогоо зогсоо гэсэн л дээ. Урд хөрш төрийн оролцоогоо зогсоох уу.

-Зогсоохгүй гэх байлгүй.

-Зогсоохгүй гэж яваад өөрөө унахыг үгүйсгэхгүй. Болж буй үзэгдлийг урт хугацаагаар дүгнэвэл Хятад өнөөдөр уналтын байдал руу орчихсон. Орос ч ялгаагүй. Тэгэхээр дүр зураг тун эвгүй байгаа.

-Тэгэхээр худалдааны дайн дуусах цаг мөдгүй гэсэн үг үү?

-Хэлэлцээрүүд амжилтгүй болоод байна л даа. Энэ долоо хоногт ч хэлэлцээр үргэлжилнэ. Үр дүнд хүрэхгүй байгаа учраас хоёр тал хэлэлцээрийн хугацааг сунгах хүсэлтээ илэрхийлсэн. Ирэх сарын нэгэнд уулзах учиртай. Хэлэлцээрээ Америк 60 хоног, Хятад 90 хоног сунгаж магадгүй гэсэн яриа хөөрөө бий. Гэхдээ гуравдугаар сарын нэгэн болоогүй учраас хараахан тохиролцоонд хүрээгүй байна.

Нэг өнцгийг онцолъё. Өмнө нь хоёр тал маргалдаж бие биедээ тариф тогтоож худалдааны дайн хийж байсан. Тарифтай дайн нь бусад улсад нэг их сөргөөр нялзсан юмгүй. Гэтэл одоо болж буй үзэгдэл арай өөр. Хэрвээ энэ байдал даамжирвал бусад оронд сөрөг үр дүн нь нялзана. Хятад санхүүгийнхээ хувьд Америкаас өгөх цохилтыг зөвхөн өөр дээрээ авах биш бусад улстай хуваалцахын төлөө явах байлгүй дээ.

Тэгэхээр бидэнд ч тойруу замаар цохилт өгч магадгүй гэж харах ёстой. Тийм амархан шийдэгдэхгүй. Хэцүү. Америк Хятадын хоорондын маргааны өөр нэг том асуудал бол “Made in China 2020” гэсэн хөтөлбөрөөс үүдэлтэй. Үүнийг нь манайхан мэдэж байгаа болов уу?

-Олонх нь анзаарахгүй яваа байх аа?

-Товчдоо Хятад улс 2020 он гэхэд бүх зүйлийг хийдэг болно гэсэн хөтөлбөр. Өндөр технологийн бүх үйлдвэрлэлийг хийнэ гэж байгаа. Тэгэхээр “Made in China 2020” хөтөлбөр олон орныг өөрийн үйлдвэртэйгээр урагшилж хөгжих бололцоогүй болгоно. Үйлдвэрлэгч байх боломжийг нь хаана гэсэн үг. Хааж ч байна. Хятадын энэ хөтөлбөр бүрэн хэрэгжвэл Солонгос, Японы өчнөөн үйлдвэр дампуурна. Монголд үйлдвэр сайн хөгжөөгүй.

Гэхдээ үйлдвэрлэл хөгжүүлэх боломжууд бий. Бидний өмнө байгаа шинэ боломжууд Хятадын энэ хөтөлбөрөөс болж хаагдах өндөр эрсдэлтэй. “Бүх дэлхийд хийдэг, хэрэглэдэг бүтээгдэхүүнийг яахаараа зөвхөн Хятадад хийнэ гэж. Бүх улс Хятадаас худалдан авалт хийнэ гэж юу байдаг юм. Тэгж болохгүй” гэсэн зөрчил, маргаан л болж байна. Хятадад яагаад ийм боломж бий болчихов гэсэн асуулт тавигдаж таарна. Хятадын төрийн оролцоо энэ улсад тийм боломж, давуу тал өгсөн. Төрийн оролцоо зах зээлийг жам ёсоор нь, өрсөлдөөнтэйгөөр хөгжүүлдэггүй юм. Төрийн компаниудаар дамжуулж зах зээлийг дарамталж яваа учраас зах зээл унаад байна л даа.

Маргааны өөр нэг том сэдэв нь оюуны өмч хулгайлдаг асуудал. “Made in China 2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж оюуны өмч хулгайлж байгаа хэрэг л дээ. Маргаан хийх гэхээр хятадууд “Бид ямар толгойд нь буу тулгаад технологийг нь авсан биш дээ” гэдэг юм.

Америкийн компаниуд хямд ажиллах хүч гээд Хятадад бизнес хийдэг. Хямд ажиллах хүчин дээр ашиг хийх гэж очсон улс өөрийн эрхгүй оюуны өмчөө шилжүүлчихдэг. Ийм шалтгаанаар хоёр улсын дунд энэ асуудал дээр том зөрчил үүсч байна.

-“Галзуу баян Азиуд” гээд орлогоороо тэргүүлсэн киноны продюсер нь Оюу толгойг нээсэн “Айвенхоу майнз”. Уул уурхай л хөрөнгө оруулах ашигтай салбар гэсэн ойлголт моодноос гарч эхэлсний нэг жишээ гэцгээж байна. Улс орнууд хөрөнгө оруулалт татах ширүүн өрсөлдөөнд орсон, ашигт малтмалын их нөөцтэй улсад доллар хүссэн хүсээгүй орж ирнэ гэсэн хандлага үеэ өнгөрөөсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хөрөнгө оруулалт урсамтгай болсон. Өмнө нь нэг газарт хөрөнгө оруулаад арав, хорин жил ажилладаг, оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалах гэж зүтгэдэг байсан. Тэр хандлага өөрчлөгдсөн. Дургүйг нь хүргэвэл хөрөнгөө татаад өөр тийш хийх бололцоо бүрдчихсэн. Дэлхий глобальчлагдсаны л том илрэл.

Ойрын жишээ гэвэл Хятадаас хөрөнгө оруулалт гадагшлах өнгөтэй байгаа. Хямд ажиллах хүчтэй учраас гэсэн шалтгаанаар гадны хөрөнгө оруулагчид Хятадыг сонгодог байсан юм. Гэтэл өнөөдөр ажиллах хүч нь хямдхан биш болсон. Хятад ажилчдын цалин сүүлийн таван жилд хоёр дахин өссөн статистик бий. Хятад улс зам, гүүр, төмөр замын асар их бүтээн байгуулалт өрнүүлсэн. Баахан мөнгө зарж барьсан учраас хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх гээд зам, гүүрээр зорчсоны төлбөр гэж авна аа даа. Тэр төлбөр нь Америктай харьцуулахад их. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд том зардал. Бараагаа тээвэрлэх зардал нь өсчихөөр хөрөнгө оруулах сонирхол багасчихаж байгаа юм.

-Монгол руу гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа гол шалтгаануудыг нэрлээч гэвэл та юуг онцлох вэ?

-Бодлогогүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөх популизм газар авсан, дэд бүтэцжээгүйг нь онцолно.

-Ингээд харахаар Оюу толгой шиг том төсөл хэрэгжүүлэх цаг мөдгүй нь ээ?

-Мега төсөл хийж сурахаас нааш, мега төслийг ойлгох хүртлээ хэрэгжүүлж чадахгүй. Тогтолцооныхоо хувьд бас хийж чадахгүй болчихоод байгаа юм.

-Том төсөл хэрэгжүүлж эдийн засгаа тэлье гэвэл тогтолцоогоо засахаас аргагүй гэсэн үг үү?

-Тийм

-Тогтолцоогоо засч янзалтал энэ хэвээрээ байх нь гэж ойлголоо?

-Ер нь тийм. Гэхдээ хэвээрээ байж чадах эсэх тухай асуудал бас зовлонтой. Социализмын үед байгуулагдсан цахилгаан станцууд тэтгэвэртээ гарах болчихсон. Буруу хандлагатай учраас шинээр барьж чадаагүй яваа. Техногенний сүйрэлд улам бүр ойртоод байгаа даа.

-Техногенний сүйрэл гэж юуг хэлээд байна?

-Биднээс үл хамаарсан зүйлийг хэлж байгаа юм. Хуучин тоног төхөөрөмж, машин механизм, манайд бол цахилгаан станцууд байна. Манай станцууд хөгширсөн. Хэзээ л бол хэзээ том осол гарах өндөр магадлалтай. Том осол гарлаа гэхэд ямар ч аврал байхгүй.

-Жаахан олзуурхмаар юм байна уу, ер нь?

-Хүн. Монгол хүн хавьгүй нүдээ нээчихсэн. Дундаж хятад, дундаж орос хүнтэй харьцуулбал монгол хүний нүд нээгдсэн. Зөв л ажиллах хэрэгтэй.

-Хөдөө аж ахуйгаа хөгжүүлбэл хоёр хөршдөө бүтээгдэхүүнээ зараад дажгүй амьдарна гэж ярьдаг. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Уламжлалт эдийн засаг гэвэл мал аж ахуй л байна. Гэхдээ манай мал аж ахуй хөдөлмөрийн бүтээмж өндөртэй эдийн засаг биш. Хөдөлмөрийн бүтээмж гэдэг чухал ойлголтыг эргэлтэд оруулмаар байгаа юм. Мал аж ахуйн ахуйн хувьд хөдөлмөрийн бүтээмж маш доор.

М.ЭнхсайханОрчин үеийн хүнд ойлгуулахын тулд нэг зүйрлэл хэлье.Товчхондоо ан амьтан шиг л зүйл гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Хээр бэлчээд явж байгаа малаасаа үе үе барьж авч идчихээд яваа улс шүү дээ, бид. Ямар нэг таваарлаг зүйл огт хийдэггүй. Мал аж ахуйн дийлэнх нь хонь, ямаа. Нэг хониноос их сайндаа 1.4 кг ноос авна. Бусад улсад үүнээс хавьгүй ихийг авдаг. Бидний хониноосоо авдаг ноос маш бүдүүн. Цаг уур нь ширүүн учраас бүдүүн ноостой хонинууд бий болчихсон. Махны чиглэлийн үхэр байхгүй, тэр чигийг хөгжүүлж чаддаггүй. Яагаад гэвэл малын эрүүл мэнд тун муу. Өвчлөл өндөртэй. Тэр утгаараа хөдөлмөрийн бүтээмж муутай эдийн засаг. Ийм суурин дээр босч чадахгүй л дээ.

Харин уул уурхайгаа түшиж, энэ салбараас олсон орлогоороо уламжлалт мал аж ахуй, газар тариалангаа дэмжиж босгоно илүү бодитой сонсогдоно.

Газар тариалан монголчуудын хувьд шинэлэг үзэгдэл. Жараад онд л анх газар хагалсан. Бид сая 200 мянган га газрыг сарны хөрс болгочихсон улс шүү дээ. Зах зээлд шилжиж байж зарим хэсгийг нь эргэж ашигласан байдалтай яваа. Байгалийн бохирдол үүсгэж, хөрс шороогоо сэндийчиж, үржил шимгүй болгож байж тариагаа бэлдэж суугаа улс шүү дээ. Ийм том үнэ төлж талхаа бэлддэг. Бодит байдлаа ингээд харахаар олон улсын харилцаанд чаддаг юмаа хийж оролцох учиртай. Энэ чиглэлээр хийх ажлууд өчнөөн бий.

Өөрөөр хэлбэл уул уурхайн орлогод түшихээс өөр зам байхгүй. Гэтэл уул уурхайгаа үзэн яддаг сэтгэхүй, хандлага янзаараа байгаа нь харамсалтай санагддаг. Уул уурхайг үнэхээр үзэн ядаад байна уу гэхээр баялгийн сан байгуулъя гэж яриад суух юм.

-Уламжлалт аж ахуй болох мал аж ахуй, газар тариалан нь хөдөлмөрийн бүтээмж муу учраас хүмүүс хотдоо шамбааралдсан гэсэн таны дүгнэлт содон сонсогдсон шүү?

-Хөдөлмөрийн бүтээмж муутай салбараас иргэд хот газар руугаа нүүдэллэдэг л дээ. Байшин барилга нь шавааралдсан, хүн ам ихтэй, эргэн тойрон гэр хорооллоор хүрээлсэн нийслэлтэй болсон шалтгаан ердөө энэ. Өнөөдрийн нийслэлийн зовлон хөдөлмөрийн бүтээмж муутай мал аж ахуйгаа хаячихаад хотод ирсэн хүмүүсээс үүдэлтэй. Хэрвээ тэнд хөдөлмөрийн бүтээмж өндөр, таваарлаг, ашиг өндөр бол хэн ч хот руу нүүдэллэхгүй. Ийм нөхцөлд хотын бодлого муу хэвээр явбал шавааралдсан хэвээр аж төрнө. Шавааралдана гэдэг утгын цаана эрүүл мэнд, өвчин зовлон, гэмт хэрэг, агаар, хөрсний бохирдол гэсэн асуудал, зовлон бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img