2024-10-08, Мягмар
16 C
Ulaanbaatar

ЭЗБХ: 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв 

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2023.06.13/ хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Иргэний нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, М.Оюунчимэг, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн.

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Ч.Ундрам нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүдийн зүгээс Засгийн газар сайн ажилласан ч гадаад нөхцөл байдлаас шалтгаалаад инфляц 10 хувиас дээш болоод байгаагийн шалтгаан болон төсвийн зардал өссөнөөр инцфляцид нөлөөлөх эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, манай инфляцыг тооцдог 300 гаруй бүтээгдэхүүнээс бүрддэг сагсны 51 хувь нь шууд гадаадаас импортоор авдаг, 25 хувь нь орц байдаг. Нийлээд бараг 75 хувийг нь бид гаднаас худалдаж авч байна гэсэн үг. Үүнийг л гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан гэж хэлж байгаа юм. Энэ нь Үндэсний статистикийн хорооноос өгч байгаа мэдээлэл шүү” гэдгийг онцлов.

Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Төсвийн нийт зардал 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байхад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй гэж худлаа ярьж болохгүй. Тэгэхээр бидэнд мөнгөний бодлогоо эргэн харж, авч үзэх шаардлага бий болж магадгүй. Мөн бараа, бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөөнийг сайжруулах, нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. Тухайлбал, махыг малчны хотноос дэлгүүрийн лангуун дээр очих хугацаан дахь төрийн зүгээс учруулдаг бүх төрлийн саад бэрхшээлүүдийг арилгавал нийлүүлэлт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлэх учиртай. Үүнтэй холбоотой асуудлуудыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярихаар төлөвлөж байна” хэмээн хариулж байлаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас төслийн 1 дүгээр хавсралтын 9.1.112 Ард Аюушийн өргөн чөлөөний гэрэлтүүлэг, Улаанбаатар хот, Баянгол гэсэн төсөл арга хэмжээний төсөвт өртөг болон 2023 онд санхүүжих дүнд өөрчлөлт оруулахгүйгээр төслийн нэрийг төв замуудын гэрлэн чимэглэл, Улаанбаатар, Баянгол гэж өөрчлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцаахыг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд Засгийн газзраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай”(Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндэсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт) Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг төсөл санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 53 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img