2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

Ж.Оюунгэрэл: Зах зээлийнхээ замаар явах уу, буцах уу гэдэг нь ойлгомжгүй байна

#СанахОй Сэтгүүл зүйд үгүйлэгдэж буй нэг том орон зай бол САНАХ ОЙ. Олон сурвалжаас завсаргүй бөмбөгдөх үнэн худал нь үл ялгагдах мэдээллийн урсгал, сошиалын их хөөсрөл дунд ямар ч чухал үйл явдал, баримт, кейс ганц хоёрхон өдөр анхааралд ороод сарниж байна. Улстөрчдийн ердөө хэдхэн жилийн өмнө хэлсэн хуудуу үг, хийсэн увайгүй үйлдлийг нийгмээрээ ор тас мартчихаад баатраа болгочихсон яваагаа анзаарч буй нь хэд бол? Бизнес эрхлэгчдийн хорин жилийн өмнө тоочиж суусан зовлон, бэрхшээл өнөөдөр тэр янзаараа, Монголын хөгжил хэдэн арван жилээр яг нэг байрандаа таг гацчихсан яваа гэвэл итгэх хүн хэр бол? Энэ асуултуудад хариу өгөх зорилгоор Nio.mn сайтын редакц “Санах ой” булан ажиллуулж байна. Бид хэвлэлийн архив сөхөж, тухайн үед нийтлэгдэж байсан нийтлэл, ярилцлага, мэдээллийг “Санах ой” буландаа тодорхой тайлбартайгаар хүргэж буй. Энэ удаа онцлох контент бол 2012 оны дөрөвдүгээр сарын 17-нд “Өдрийн сонин”-ы 096(4111) дугаарт нийтлэгдсэн “Ж.Оюунгэрэл:Зах зээлийнхээ замаар явах уу буцах уу гэдэг нь ойлгомжгүй байна” гэсэн ярилцлага. “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Ж.Оюунгэрэл агсантай сэтгүүлч Ц.Баасансүрэн ярилцаж байжээ. Энэ ярилцлагаас та тухайн үеийн бизнес эрхлэгчид ямар бэрхшээлтэй нүүр тулж байсныг, одоогоос арав гаруй жилийн өмнөх асуудлууд өнөөдөр ч янзаараа байгааг мэдрэх болно.

Өдрийн сонин 2012.04.17

“Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Хувийн өмчийг нийгэмчлэх яриа сүүлийн үед илт анзаарагдах боллоо. Зах зээлийн эдийн засгийг сонгосон улс ийм хандлагаар урагшлахгүй. Саяхан гэхэд та энэ хандлагын талаар мэдэгдэл гаргалаа…?

-Бид зах зээлийн замыг сонгоод нэлээд олон жил болчихлоо. Монгол дэлхийгээс тасарсан, Д.Нацагдоржийн өгүүллэгт гардаг шиг хөмөрсөн тогоон дотор байгаа орон биш. Дэлхийн нэг л улс. Манайд болж байгаа бужигнаан Монголд хөрөнгө оруулсан хүмүүст, цаашид хөрөнгийн биржид гарах гэж байгаа олон монгол компанид нөлөөлнө. Монгол дотроо тэмцэлдэж хайран сайхан цагаа алдмааргүй байна. Бид бусад орны компаниудтай өрсөлдөх бүрэн боломжтой. Ухаа худаг дээр хийсэн IPO Монголын компани дэлхийнх болж чадна гэдгийг баталж чадсан.

Түүнчлэн “Петровис” компани Монголд нефть хайх, олборлох зорилгоор “Петроматад” гэдэг компани байгуулж Лондонгийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгосон. Нефтийн хайгуул бусад ашигт малтмалаас хамгийн эрсдэлтэй, илүү их хөрөнгө шаарддаг. Гаднаас хөрөнгө босгохгүйгээр бид дангаараа хөрөнгө оруулалт хийх боломжгүй. Хөрөнгийн биржээс хөрөнгө босгоод бас дандаа амжилттай байхгүй. Дэлхийн эдийн засагтай холбоотойгоор бүх л бирж дээр үнэт цаас унаж байна. Бид ч нефтийн хайгуулын ажлаа түр зогсоогоод цаашид яаж хөрөнгө босгох вэ гэдэг асуудал тулгарчихлаа. Монголын эдийн засаг Азидаа байр сууриа эзэлж эхэллээ. Хонгилын үзүүрт гэрэл харагдаад эхлэнгүүт дотроо бужигнаад байгаа нь харамсалтай.

-Бизнест хамгийн чухал нь юу вэ?

-Ерөөсөө л тогтвортой байдал. Тодруулж хэлбэл хууль эрх зүй, улстөрийн тогтвортой байдал. Бусад тал дээр нь төрөөс дэмжинэ гэж бид угаасаа найддаггүй. Тогтвортой байдлыг хангаад өгчихвөл бизнес томорч хөгжих боломжтой.

Дэлхийд 37 сая компани үйл ажиллагаа явуулдаг. 43 мянга нь л үндэстэн дамжсан томчууд. Тэд нийт баялгийн 60 хувийг эзэмшиж байна. Энэ бол дэлхийн хандлага. Түүнээс 147 компани л дэлхийн баялгийн 40 хувийг хяналтдаа байлгадаг гэсэн тоо бий. Энэ бол бидний сонгосон зах зээлийн зарчим.

Хэн овсгоотой, хэн зөв төслийг сонгож санхүүжүүлж, хэн хөрөнгөө зөв зарж удирдаж байгаа нь л томордог. Түүнээс биш бүгдээрээ адилхан хувааж идээд суугаад байвал жижиг чигээрээ л байна шүү дээ. Манайд 62.2 мянган аж ахуйн нэгж бий. 100 нь нийт татварын 43.2 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр хэн энэ улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явж байна вэ гэдгийг харьцуулж үзэх хэрэгтэй л дээ.

-Таны мэдэгдэлд “Петровис” компани ММC-д эзэмшдэг хувьцааныхаа тодорхой хувийг зарсан нь хөрөнгө оруулалттай холбоотой гэж онцолсон байсан. Их хэмжээний зээл авах боломж байдаггүй юм уу?

-“Петровис” компани MMC-гийн хувьцааны 11.4 хувийг эзэмшдэг. 2.3 хувийг нь зарсан. Хөрөнгө оруулалтын зээл авах гэхээр олддоггүй л дээ. Бид Монголын бүх банкнаас богино хугацааны эргэлтийн зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг. НИК-ийг хувьчилж авснаас хойш бага багаар засч янзалж байгаа ч том агуулахууд маань хуучирч эхэлж байна.

Нефть бол нийгмийн өмнө хүлээх том хариуцлагатай, аюулгүй ажиллагаандаа их анхаарах ёстой бизнес. Тэсэрч дэлбэрэх бүтээгдэхүүнтэй ажиллаж байгаа учир аюулгүй ажиллагаандаа байнга хөрөнгө оруулалт хийх ёстой. Үнэ тогтоолтонд төр оролцоод эхэлчихсэн учраас ашгаасаа хөрөнгө оруулалтаа нөхөх хэцүү байдаг. Хөрөнгө оруулалтын зээл олдоггүй учраас банкны зээлийн хүүгийн дарамтаас гаръя гэж шийдсэн. Валютын ханш импортын бизнес хийж яваа хүмүүст их эрсдэлтэй. Ханш өсөнгүүт их хэмжээний алдагдал үүсдэг. Шинэ бизнесүүдээ хөгжүүлэх хүсэл байна. Тэгээд хөдөлье гэхээр том хөрөнгө оруулалт шаардаад байна.

-Шатахууны хараат байдлаас гаръя гэж хүн бүр л хүсч байгаа. Хамгийн бодитой гарц нь юу бол?

-Манай компани нийт зах зээлийн 30-33 хувь дээр ажилладаг. Бидний бусад өрсөлдөгчөөс ялгарах нэг ялгаа бий. Монголын суурин газар бүрт хүрч үйлчлэхийг, нийгмийн хариуцлагатай компани байхыг хичээж ажилладаг. Бид энергийн хувьд бусад улс орноос хамааралгүй болъё, нефть боловсруулах үйлдвэр байгуулъя гэж олон жил ярьсан. Үйлдвэр байгуулъя гэхээр ахиад түүхий эдээ бусдаас авах болчихоод байна л даа. Тэгэхээр бидэнд боломжтой нэг л гарц байна. Монголдоо байгаа түүхий эдээс шатахуун гаргахад л анхаарах хэрэгтэй. Яг ийм зорилгоор 2007 оноос хойш манай үндэсний компаниуд нийлж судалгаа хийж эхэлсэн. Нүүрсийг хийжүүлж, хийг нь буцаан шингэрүүлж шатахуун болгох төсөл. Маш том хөрөнгө шаарддаг, техник технологи, менежмэнтийн хувьд ч хүнд төсөл. Өмнөд Африк ийм үйлдвэртэй. Хятадад нэлээд олныг туршиж байна.

-Шатахуун импортлогч үндэсний компаниуд нийлж байгаад нефть боловсруулах үйлдвэр барих үнэхээр боломжгүй гэж үү. Түүхий нефтийн хувьд Оросоос өөр гарч байгаа гэж зарим судлаач ярьдаг шүү дээ?

-Түүхий нефтийн бүр их хамаарал бий болно. Асар өндөр өртөгтэй үйлдвэр байгуулсны дараа түүхий эд нь зогсвол яах вэ? Үйлдвэрийн хувьд хоёр сая тонноос бага хэмжээгээр боловсруулбал ашиггүй гэж үздэг. Боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг хоолойгоор нийлүүлдэг. Түүхий эдийн хувьд хамгийн боломжтой хувилбар бол Орос. Хятад өөрсдөө импортын хамааралтай учраас нийлүүлж чадахгүй. Оросоос түүхий эдийг урт хугацаанд найдвартай хангах баталгаа авч чадаагүй цагт үйлдвэр барих эрсдэлтэй.

-Гэхдээ нүүрснээс шатахуун гаргах ажил өндөр өртөгтэй, ашиггүй гэсэн үгийг Эдийн засгийн форумын үеэр хэд хэдэн хүн хэлж байсан?

-Яагаад нүүрс гэж гэвэл Монголд хүрэн нүүрс хангалттай байна. Экспортолдоггүй, үнэ ханшийн хувьд ч хямд. Нефтийн үнэ 50 доллараас дээш байгаа үед нүүрснээс шатахуун гаргах ашигтай. Гэхдээ маш их мэдлэг, чадвар, хөрөнгө, бэлтгэл ажил шаардагдана. Өөртөө байгаа түүхий эддээ түшиглэж хөгжих ёстой гэж бодоод л үнэтэй ч гэсэн хийе гэж зориглосон.

-Нүүрснээс шатахуун гаргах ажил хэр ахицтай байна?

-Энэ төслийг Монголын олон компани хийж байгаа. ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байна. Өмнө нь урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан юм. Яг жинхэнэ ТЭЗҮ боловсруулахад нэлээд хугацаа ордог.

-Монгол хэчнээн жилийн дараа нефтийн хамаарлаас гарах бол?

-Би 2018-2020 он гэж харж байна.

-Нүүрснээс шатахуун гаргах үйлдвэр тэр үед ашиглалтад орчих боломжтой гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Үйлдвэр барихад тодорхой хугацаа хэрэгтэй. Хөрөнгөө босгох, боловсон хүчнээ сургах гээд ажил их байдаг.

-Та сая Дорнодод хийж байгаа нефтийн хайгуулын ажил саатаж магадгүй гэж ярилаа. Хөрөнгө оруулалтын хувьд хэцүү болчихсон гэсэн үг үү. Хайгуулынхаа ажилд хэчнээн төгрөг зарсан бэ?

-“Петроматад” компани нефтийн хайгуулд 60-аад сая ам.долларын санхүүжилт хийсэн. Энэ мөнгө зөвхөн бидний хөрөнгө биш. Бусад орны татвар төлөгчдийн мөнгө бий. “Петро матад” гэдэг төсөл амжилттай болж, миний оруулсан хөрөнгө өснө гэж найдсан компани, хүмүүсийн мөнгө. Манай хувьцааны үнэ ноднин нэлээд унасан. Энэ жилийнхээ хөрөнгө оруулалтыг хийхэд хүндрэл учраад байна.

-Нефтийн салбар эрсдэлтэй, шатахууны импорт ч гэсэн асуудал зовлон ихтэй харагддаг. Өөр салбар руу орж үйл ажиллагаагаа өргөжүүлье, ашгаа нэмье гэж боддог уу?

-Би нэг том мөрөөдөлтэй. Монгол дэлхийн хөгжилтэй сайхан орны нэг болоосой, компаниуд нь ч дэлхийн компани болоосой гэж хүсдэг. Том сэтгэж, том юмны араас явмаар санагддаг. Нэг хөөрхөн үг байдаг даа. Заан агнах гэж байгаад замдаа туулай буудах хэрэггүй гэж. Манай компани олон салбарт хөрөнгө оруулдаггүй. Эрчим хүчний чиглэлийн томхон компани болъё гэсэн зорилго бидэнд бий. Эрчим хүч гэдэгт нь нефть, занарын хайгуул, олборлолт, нүүрсний салбар орж байгаа. Шатахуун борлуулалтаасаа олсон ашгаа ийм төсөлд зарцуулж байна. Тиймээс л хувьцаагаа заръя, бусад төслөө санхүүжүүлье гэж шийдсэн юм.

-Шатахуун импортлогчдын хувьд бензиний үнэ нэмэгдэхээр л хүн бүр муухай хардаг. Ер нь л бизнес эрхлэгчид рүү ташраараа муухай хардаг нийгмийн хандлага хүчтэй байна. Ингэж байснаас арай ашигтай, хэл ам багатай салбар руу оръё гэж үнэхээр боддоггүй гэж үү?

-Ер нь Монголын олон бизнес эрхлэгч хувийн амьдралаа хангалттай аваад явчихаар мөнгөтэй болсон. Ажил хийхгүй байсан ч болно. Яагаад ингэж зовон зовон ажиллаад байгаа юм бол гэж гайхах үе гардаг. Гэхдээ ажиллаад сурчихсан хүнд ажилгүй сууна гэдэг хэцүү. Нэг төсөл санаачилна, асуудал үүснэ, гарц олно, дахиад л шинэ төсөл, шинэ асуудал… Энэ хэмнэлээсээ сэтгэлийн таашаал авдаг. Ашиг нь урт хугацаанд гардаг хэцүү төслүүд байна. Нефтийн нэг өрөм тавихад л 1-1.5 сая ам.доллар. Нефть гарахгүй бол тэр чигээрээ алдагдал.

-Бизнес хийдэг хүмүүсийн хувьд нэг салбар руу орчихоор эцсийг нь харна, мөрөөдлөө ажил болгоно гээд зүтгэчихдэг тал ч анзаарагддаг шүү?

-Гэхдээ бүр хамаагүй мөрөөдөж болохгүй л дээ. Эрчим хүч, нефтийн хувьд бусдаас хамааралтай байна гэдэг аюултай. Ийм чухал салбарт ажилладаг гэдэг утгаараа гарц олохын тулд зүтгэхээс өөр аргагүй. Манай улстөрчид их гоё ярьдаг. Тэр гоё яриагаа хөтөлбөртөө бичдэг. Гэхдээ яг амьдрал дээр юм хийх гээд зүтгэж яваа хэсгээ дэмждэггүй. Хуулийг нь чангалах гэж үзнэ. Газрын тосны хууль гээд хэрэгжүүлэх боломжгүй, өчнөөн хөрөнгөө хийчихсэн хөрөнгө оруулагчдыг хөөж гаргах, нефть импортлогчдын бизнесийг нийгэмчлэх хууль санаачлаад биднийг дарамталж байна. Бид эрх зүйн хувьд тогтвортой, хөгжлийн тодорхой бодлоготой орчинд ажилламаар байна. Монгол улсын хөгжлийн зорилтод нийцсэн хөрөнгө оруулалт хиймээр байна. Гэтэл манай улстөрчид ухаантай юм ярьсан хэрнээ замаасаа хазайгаад огт өөр үйл ажиллагаа явуулах юм. Төр бизнест ороод эхлэхээр л буруудаад байгаа юм.

-Том Таван толгойг хэлж байна уу?

-Хамгийн тод жишээ нь том Таван толгой. Энд юу ч хийсэн нэг нь нөгөөгөө буруутгана. Хамтарсан засгийнхаа үед асуудлыг нь шийдэж чадсангүй. Юу нь болохгүй байгааг ойлгох юм алга. Ухаа худагийг дотоодын компаниуддаа өгөөгүй бол хоосон талбай л байх байсан. Тэнд хийсэн том бүтээн байгуулалтыг хүн бүр мэдэж байгаа хэрнээ эднээс буцааж аваад будаа болгоод өгье гээд байх юм.

Миний бодлоор Ухаа худаг бол зах зээлийн 22 жилд хийгдсэн хамгийн том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт. Хуулиа баривал бид нийт Таван толгойн 49 хувийг эзэмших ёстой байтал 96 хувийг төр хүч үзүүлж хурааж авсныг бас мартсан бололтой. Ардчилал зах зээл гэдэг чинь хуулиа баримтлахыг хэлдэг байлтай.

Монголын ажил хэрэгч хүмүүс Монголд хөрөнгө оруулалт хийж, хөдөлмөрлөж яваагаа зөв эсэхэд эргэлздэг боллоо. Бид ингэж байхад гадаадын хөрөнгө оруулагчид яаж зовж байгаа нь ойлгомжтой. Би энэ салбарын хамгийн хүнд үед нь улсын компанийг удирдаж байсан. 1990-1996 онд Монголд валютын нөөц бараг байхгүйтэй адил, барааны хомсдолтой, зах зээлд шилжих амаргүй үе байсан. Гэхдээ тэр үеийг эргээд бодох нь сайхан, романтик үе байж. Бүгд л зах зээлийн замаар явъя гэсэн чин хүсэлтэй ажиллаж амьдарч явж. Хандлага, чиг нь их зөв үе байсан. Одоо харин хаашаа явах гээд байгаагаа мэдэхээ больчихлоо.

-Та УИХ-д нэр дэвших үү?

-Миний толгойд хэзээ ч тийм бодол төрдөггүй. Надад санал болгодог л доо. 2008 онд санал ирж байсан. Сая ч ирсэн. Би үгүй л гэсэн. Надад дуртай ажил минь байна. Дуртай ажлаа хийгээд эрх чөлөөтэй амьдрах шиг аз жаргал үгүй.

-Хэзээ ч улстөрд орохгүй юу?

-Лав л өнөөдрийг хүртэл улстөрд оръё гэсэн бодол огтхон ч төрж байгаагүй. Надад хийе, ард нь гаръя гэсэн мөрөөдөл байна. Тэнд орж суучихаад бизнесээ хийнэ гэхээр сонин санагдаад байдаг юм. Бараг л бизнесээ баллачихмаар юм шиг. Хардагдаад л. Ер нь хэцүү л дээ. Гэтэл хүмүүс харин ч их сайн дэм болдог гээд байх юм.

-Хүнд цухалдах, цөхрөх үе гардаг. Таны хувьд ийм мэдрэмж төрөх үе хэр гардаг вэ?

-Ер нь би гутраад байдаг төрлийн хүн биш. Сүүлийн үед л жаахан тийм болох гээд байна. Ямар ч юмыг сайн талаас нь харах гэж оролддог. Гэхдээ цухалдах, гутрах үе гарах юм аа. Сая Эм Си Эс-ийг АТГ прокурорт өгч улстөрчдийг шалгах нэрийн доор шоглох гэж оролдлоо. Бид Эм Си Эс компани хэдэн жил хамтарлаа. Мэдлэгтай, авьяастай, маш хөдөлмөрч хамт олон гэдгийг нь харж бахархаж тэднээс их зүйл сурч байгаа. Эднийг ингэж байгаа юм чинь дараагийн ээлж нь удахгүй юм байна гэсэн бодол төрсөн. Үнэхээр ийм нөхцөл байдал бий болбол энд хөрөнгө оруулалт хийж, цаг наргүй ажиллаж, зовоод явах хэрэг байна уу гэж бодсон. Олон нийтийн байгууллага байгуулчихаад зүгээр л гоё юм яриад ард түмнээ өрөвдөөд суугаад байвал амар ч юм шиг.

-Гэхдээ бизнес хийдэг хүмүүсийн хувьд ил гараад бидэнд асуудал байна гэж ярьдаггүй. Чимээгүй суугаад байгаа нь нийгэмд мөнгөтэй хүмүүсийг адлах хандлага төрүүлээд байх шиг санагддаг…?

-Тийм ээ, манай бизнес эрхлэгчдэд ийм дутагал бий. Завгүйгээсээ болоод ч тэр үү эрх ашгаа нэгдэж хамгаалж чаддаггүй. Маш олон иргэний хөдөлгөөн бий. Бид татвар төлж, төсөв бүрдүүлж төрийн албан хаагч, нийгмийн бусад олон салбарыг санхүүжүүлдэг хэрнээ юу ч дуугарахгүй, улстөрчдийг царайчилж байх юм даа.

-Оюу толгойд цахилгаан станц барихгүй байгаа нь МАН-ын “Петровис”-ыг дэмждэг бодлоготой холбоотой гэж хардах нь бий…?

-Оюу толгой 2013 онд уурхайгаа ашиглаж, бүтээгдэхүүн гаргаж эхэлнэ. Цахилгаан станц бариагүй шалтгааныг нь би мэдэхгүй. Уурхай бүрэн хүчин чадлаараа ашиглалтад ороход эрчим хүч маш их хэрэгтэй. Эхлээд Хятадаас авч, дараа нь цахилгаан станцаа барина гэж л сонссон. Одоо манайхаас хүнд механизмын машин техниктээ дизелийн түлш авдаг. Яагаад Оюу толгой биднийг сонгосон бэ гэдэг өөр асуудал. Зовох цагт хүний чанар танигдана гэж ярьдаг. Тэднийг хэцүү байх үед бид нийлүүлдгээрээ нийлүүлж байсан. Бүр зээлээр хүртэл өгдөг байсан. Хоёрдугаарт Оюу толгой ерөөсөө л найдвартай ажиллагаа шаарддаг. Бидний гурван сарын хэрэглээг хадгал, чанартай шатахуунаар ханга гэсэн шаардлага тавьдаг. Том нөөц барих шаардлагыг нь бид хангасан. Тиймээс л манайхыг сонгосон юм. Аль нэг намд таалагдъя гэж биднийг сонгоогүй. Ардын намаас биднийг дэмжээд сүйд болсон юм алга даа. Ер нь монголчууд иймэрхүү хардлага сэрдлэгээр амьдрахаа болимоор байна. Байгууллага, хүнийг буруутгахдаа зөвхөн үнэн зөв баримтыг үндэслэх нь нөгөө ардчилал чинь шүү дээ.

-Сүүлийн үед олигархи гэж их ярих болж. Бүр нэрээр нь жагсаачихсан харагдсан. Манайх үнэхээр олигархи байна уу?

-Би олигархи гэдэг тодорхойлолтыг нэлээд эргэцүүлсэн л дээ. Их мөнгөтэй хүнийг хэлдэггүй байх аа. Миний бодлоор улстөрийн эрх мэдлийг ашиглаж бизнес хийж байга, өөрийнхөө хөрөнгийг гадагш нь гаргасан хүмүүсийг л хэлдэг юм шиг. Оросын олигархиуд гэхэд л өчнөөн оронд орд харштай, том далбаат онгоцтой, хөл бөмбөгийн багтай байх жишээний. Монголын ажил хэрэгч хүмүүс бүгд л эх орондоо ажиллаж, эх орноо хөгжүүлэх гэж зүтгэж байгаа.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмнээ баян, ядуугаар нь сөргөлдүүлэх явуулга явуулах боллоо. Зах зээл хүн бүрд боломж олгодог. Гагцхүү боломжийг бизнест болгох нь тухайн хүнээс, удирдагчаас, хамт олноос хамаарна. Зах зээлийн үед хүмүүс хуучин соц нийгмийн үе шиг адилхан цалин авч, адилхан нөхцөлд амьдрахгүй нь бодит үнэн юм. Ер нь сүүлийн үеийн байдлыг ажаад байхад зах зээлийнхээ жамаар явах гээд байна уу, буцах гээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Ард түмний нэр барьж эдийн засгийг буруу тийш нь залах явдал үнэхээр газар авчихлаа. Миний бодлоор Монголд жинхэнэ барууны нам хэрэгтэй байна.

Үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмждэг, юм бүтээж байгаа хэсгээ ойлгодог, “эдэнд ажил хийх боломжийг нь олгоё, өгсөн татварыг нь зөв хөрөнгө оруулалтад зориулъя” гэж ярьдаг хэсэг үгүйлэгдэж байна. Одоо манайд байгаа намууд бултаараа ялгарах аргагүй зүйл ярих юм. Зүгээр л ардчилсан, ардчилаагүй гэж ялгарахыг л оролдож байна. Ардчилал, зах зээл бол манай ард түмний сонгосон зам болохоос аль нэг улстөрийн хүчний өмч биш юм шүү. Барууны либерал үзэл баримтлалтай нам манайд байгаа юм уу.

-Ингээд бодохоор тан шиг тулхтай, үнэ цэн, зарчимтай хүмүүс улстөрд орж бизнесээ хамгаалж, либерал үзлийг түгээх хэрэгтэй юм биш үү?

-Улс төрд орсон бизнес эрхлэгчид харин ч бизнесийнхээ эсрэг хамгийн сайн тэмцээд байгаа юм биш үү. Биднийг хамгийн их хамгаалж өмөөрөх ёстой гэж горьдож байсан олон хүн бидний шоглох гэж оролдох юм. Нийгэмчилнэ, төр хурааж авна гэж яривал ард түмэнд таалагдана гэж эндүүрээд байна. Далай лам “Хүний хамгийн том аз жаргал бол сэтгэлийн амгалан” гэж хэлсэн байдаг. Сэтгэлээ л амгалан байлгамаар байна. Улстөрд орохгүй байгаа минь ийм учиртай.

-Та татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалсан байгуулага байгуулж байсан. Татвар төлөгчдийг хүнийрхэж харж байгаа ийм үед л энэ чигийн байгууллагууд дуугарах ёстой юм биш үү?

-Нэлээд хэдүүлээ хэдэн жилийн өмнө татвар төлөгдчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр “Шударга татвар, ухаалаг зардал” гэдэг байгууллага байгуулсан. Үнэхээр чиний хэлж байгаа шиг хүчтэй ажиллаж татвар төлөгчдийг нэгтгэх шаардлага гарч байна л даа. Татвар төлөгчдийн эрх ашиг илт хөндөгдөж эхэлж байна. Нөгөө улстөрдөө хутгаад заваарах нь л дээ. Төсвийн хөрөнгө дөрвөн их наяд боллоо гэж цээжээ дэлдсэнээс энэ мөнгөө юунд зарах вэ гэж яримаар байна, намууд. Тэгж ярихгүй хэрнээ “Бид та нарт мөнгө тарааж өгнө” гээд байх юм. Тэдний мөнгө биш шүү дээ. Харин “Татвар төлөгчдийн өгсөн дөрвөн их наяд төгрөгөөр бид ийм юм хийнэ, ингэж өсгөнө” гэж тайлагнах хэрэгтэй.

Татвары төлөгчдийн мөнгийг яаж зарцуулах вэ гэдэг асуудал сонгуулийн маргааны гол сэдэв байх ёстой. Зах зээлийн оронд бизнесмэнүүдээрээ оролддог хэвлэл мэдээлэл гэж бараг байдаггүй. Ер нь оролддог хүмүүс нь улстөрчид, жүжигчид байдаг юм биш үү. Ажил хэрэгч хүмүүс бизнес хийж байгаа орчноо цэвэр болгохын төлөө нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр юу ч хийгээд нэмэр алга. Бизнес эрхлэгч бидэнд нэг л хүсэл байна. “Туслахгүй байж болно оо, битгий саад болооч ээ” гэсэн хүсэл.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img