2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

Доктор Ц.Бүжидмаа: КВОТ ХАДНЫ МАНГАА БИШ

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь дэлхийн хөгжлийн бодлогын чухал чиглэл болоод буй. Энэ асуудлаар Либерал эмэгтэйчүүдийн Оюуны сангийн Тэргүүн судлаач, доктор Ц.Бүжидмаатай ярилцлаа.

-Ойрын үед квотын талаар их яригдаж байна. Квот тийм ч хэрэгтэй, шаардлагатай эд биш гэсэн ойлголт нийгэмд, тэр дундаа эрэгтэй улстөрчдийн дунд түгээмэл анзаарагдах юм. Квот гэж юу болох, квотын ач холбогдол нь юу вэ гэсэн асуултад та ямар хариулт өгөх вэ?

-Квот гэдэг нь тодорхой зорилгод зориулан урьдчилан тогтоосон хязгаар буюу зорилт юм. Квотыг бизнес, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, төрийн бодлого, улстөрийн сонгууль зэрэг янз бүрийн нөхцөлд хэрэгжүүлж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ зөвхөн эмэгтэйчүүүдийн улс төрийн эрх, эрх мэдлийн тухай асуудал биш. Квотын ач холбогдол нь тухайн нөхцөл байдлаас хамааран өөр өөр байж болох ч ерөнхийдөө хэд хэдэн зорилготой байдаг. Нэгдүгээрт, төлөөлөл ба олон талт байдал талаас нь харах учиртай. Нийгэмд олон бүлгүүд бий. Эдгээр бүлийн төлөөллийг хангахын тулд квотыг ихэвчлэн ашигладаг.

Тухайлбал, байгууллагууд ажлын байранд квотыг хэрэгжүүлснээр олон талт төлөөлөл бүхий ажиллах хүчнийг бий болгож, ингэснээрээ асуудлыг өөр өөр өнцгөөс харах, инновацийг өөр өөр өнцгөөс дэмжих нөхцлийг бүрдүүлдэг. Ажлын байрны тэгш хүртээмжтэй байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн дэмтэй гэсэн үг. Харин улс төрд бол залуучууд, эмэгтэйчүүд гэх мэт төлөөлөл нь хангагдахгүй байгаа бүлгийг дэмжих үүднээс квот тогтоосноор шийдвэр гаргах үйл явцыг илүү олон талт, хүртээмжтэй болгож, дэлхий нийтээр өнөөдөр квотыг өргөн ашиглаж үр дүнд хүрч байна.

Хоёрдугаарт тэгш боломж талаас харах хэрэгтэй. Тодорхой нэг зорилтот түвшинг тогтоох замаар тэгш боломжийг дэмжих түр тусгай арга хэмжээ болгож квотыг ашигладаг. Удирдах албан тушаалын тодорхой хувийг цөөнхөд олгох боломжийг бий болгох замаар квот нь өрсөлдөөний талбарыг тэгшитгэх, хөнгөвчлөх, ялгаварлан гадуурхалтыг арилгах боломжийг бүрдүүлдэг.

Гуравдугаарт дагаж мөрдөх ба хариуцлагын тухай асуудлыг агуулж байдаг. Квотыг дүрэм журам, стандартыг дагаж мөрдөхөд ашигладаг. Зарим тохиолдолд байгууллага, үйлдвэрүүд аюулгүй байдал, байгаль орчны тогтвортой байдал, ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой тодорхой квотыг биелүүлэхийг шаардаж болно.

Дөрөвт гүйцэтгэлийн харьцуулалт ба гүйцэтгэлийн хэмжилт гэсэн өнцөг бий. Квот нь гүйцэтгэлийн үнэлгээний жишиг буюу зорилт болдог. Жишээлбэл, ажилчдыг урамшуулах, бүтээмжийг хэмжих зорилгоор борлуулалтын квот тогтоох явдал байдаг. Үүний нэгэн адил боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагад оюутан элсүүлэх, судалгааны ажлын үр дүн, төсөл хэрэгжүүлэхэд квот тогтоож хэрэгжүүлж байгаа туршлага олон бий. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед жендерийн квотын асуудал хүчтэй яригдаж байна.

-Заавал квот байх шаардлагагүй гэсэн тайлбар их байна л даа…?

-Нэр дэвшигчийн квот бол төлөөлөл нь хангагдахгүй байгаа бүлгийн төлөөллийг нэмэгдүүлэх, дэмжих түр тусгай арга хэмжээ гэдгийг дээр хэлсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 2007, 2015 онд хоёр удаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд хүйсийн квотыг 30-аас доошгүй хувь байхаар УИХ-ийн сонгуулийн тухай хуульд тусгасан ч дахин өөрчилж 20 хувь болгож буулгасаар ирсэн.

БүжидмааӨөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд аль нэг хүйсийн төлөөлөл 30-аас доошгүй хувь байхаар хуульчилж нэг үзээд л буцааж буулгаад байсан гэсэн үг. Энэ нь аль нэг хүйсийн нэр дэвшигчдийн доод хязгаар боловч энэ шаардлагыг улс төрийн намууд дээд хязгаар гаж ойлгож дөнгөж 20 хувьд нь шүргүүлээд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, орхидог дүр зураг тогтсон. Тэгээд нэр дэвшсэн 20 хувийн эмэгтэйчүүдээс хамгийн ихдээ 13 эмэгтэй ялалт байгуулж, энэ удаагийн парламентийн гишүүдийн 17.3 хувийг эзэлж байна. Заавал яагаад квот байх ёстой вэ гэхээр хүйсийн тэгш байдал хангагдахгүй байгаа учраас дэлхий нийтээрээ л квотыг хэрэглэж яваа. Энэнтэй холбоотой “яагаад эмэгтэйчүүд оролцох шаардлагатай вэ” гэдэг асуулт урган гарна.

Эмэгтэйчүүд улс төрд оролцох шаардлагагүй гэж ярьдаг хүмүүс бий, “тэдэнд 30 хувь хангалттай” гэж үздэг хүмүүс ч байна. Тэд зүгээр л эмэгтэйчүүдийг хэт дорд үздэг патриархи үзэлтнүүдийн төлөөлөл юм. Яагаад эмэгтэйчүүдийн оролцоо чухал вэ гэдгийг бид хаа хаанаа ойлгох ёстой байгаа юм. Энэ зүгээр хэдэн эмэгтэйчүүд дарга болох, гишүүн болох тухай асуудал биш юмаа. Үүнийг бид зөв ойлгомжтой тайлбарлаж, олон нийтэд болон бодлого боловсруулагчдад хүргэх шаардлагатай байна. Тийм ч учраас судлаачид, ИНБ-ынхан, улс төрчид янз бүрээр бичиж тайлбарласаар байна.

Тухайлбал, “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нь ардчилал бодитой үр дүнд хүрэхэд нөлөөлдөг”, “Квот тогтолцооны саад бэрхшээлийг даван туулах арга хэрэгсэл болдог”, “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нь иргэдийн ардчилалд итгэх итгэлийг бий болгодог” гэх мэтээр ярьж бичиж байгаа ч энэ нь ихэнхи хүмүүст ойлгомжгүй байна. Нөгөө талаас дэлхий хаашаа явж байна гэдгийг анзаарч харах хэрэгтэй.

-Дэлхий нийтээрээ квотод анхаарч байгааг олон кейсээр нотолж болох байх. Тэгвэл дэлхийн хэмжээнд квотод хэрхэн анхаарч байгаа бол. Бид энэ тал дээрээ дэлхийн хаахна явна вэ?

-Бид хаана явж байна вэ гэдгийг эрдэмтэд багагүй судаллаа. Нийтлэг жишиг, сайн туршлагууд зөндөө ярилаа. Дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь дунджаар 26,5 байна. Улс орнууд энэ тоогоо нэмэгдүүлэх талаар хүчин чармайлт гаргасаар байна. Үүний тод жишээ нь Монгол Улс хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувиар дэлхийн 193 орноос 2021 оны 6 дугаар сарын байдлаар 127 дугаарт бичигдэж байсан бол өнөөдөр 134-т эрэмбэлэгдэж байна. Дэлхий ингэж урагшилж байна.

Нэр дэвшигчийн квотыг хуульчилсан улс орнууд тэр дундаа хүйсийн квотыг хамгийн багадаа 50 хувь, 40 хувь байхаар тогтоосон улсуудын тоо улам бүр нэмэгдсээр байна.

Квотыг хуульчилсан орнуудын дотор 20 хувийн квоттой 4-хөн орон байгаагийн нэг нь Монгол улс байна. Гэх мэтээр олонтоо ярьж бичиж байгаа ч эдгээр нь монголчуудын хувьд сонин биш байгаад байна. Харин тэд өөдөөс юу ярьж байна вэ гэхээр “Одоогийн сонгогдсон эмэгтэйчүүд юу хийсэн бэ”, “Эмэгтэйчүүд юу ч хийхгүй байна”, “Хүүхэд гэр бүлийн асуудлаар дуугарахгүй байна” гэх мэтээр ярьж байгаа нь нийгмийн сэтгэл зүйд улам бүр нөлөөлсөөр байна л даа.

Гэтэл үнэн хэрэгтээ эмэгтэй гишүүд энэ чиглэлээр ажилласаар байна шүү дээ. Харин тэд цөөн байгаа учраас асуудал нь бодлого шийдвэрт нөлөөлөх, дуу хоолой нь хүрэхэд хүндрэлтэй, мөн дабль стандарт гэдэг зүйлд маш ихээр өртөж байна. Хүүхэд, гэр бүлийн талаарх хуулиудыг эмэгтэй гишүүд л өргөн барьж батлуулсан байдаг юм. Нөгөө талаас хэрвээ аль нэг хүйст асуудлыг хамааруулах гэж байгаа бол нөгөө хүйсийн хувьд нь энэ асуултын хариулт ямар байдлаар гарч ирэх билээ гэдгийг бас нэг бодоод үзүүштэй байгаа юм. Мөн хүүхэд, гэр бүлийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш бөгөөд “эрчүүд” ч мөн адил гэр бүл, үр хүүхэдтэй гэдгийг бид мартах учиргүй:

-Нээрээ бид “Эмэгтэй гишүүд юу хийсэн бэ гээд байдаг болохоос эрэгтэй гишүүд юу хийсэн бэ гэж ярьдаггүй юм байна шүү.

-Харин тийм. Жишээ нь 2012 оны парламентад 11 эмэгтэй сонгогдсон. Тэд 20-иод хуулийг санаачлан батлуулсан байдаг юм. Түүний дотор “Тамхины хяналтын тухай хууль”, “Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” “Хүнсний аюулгүй байдлын тухай хууль” “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай хууль”, “Тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах тухай хууль”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль” гэх мэтийг дурьдаж болно. Тэгвэл энэ удаагийн УИХ дахь эмэгтэй гишүүд Монголын нийгэмд тулгамдсан арван гол чиглэлээр ажиллаж байна.

-Эмэгтэй гишүүд л санаачлаагүй бол хэлэлцүүлэгт орохгүй байсан хуулийн төсөл гэдэг та аль төслийг онцлох вэ?

-“Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийг өргөн бариад хэлэлцүүлээд явж байна шүү дээ. Энэ хуулийг өмнө нь хэн ч санаачилаагүй, хэн ч өргөн бариагүй юм шүү. Гэтэл энэ хууль батлагдсанаараа цөөхөн хэдэн эмэгтэй биш нийт аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүд, тэдний ар гэр, үр хүүхэд гээд нийгэм тэр чигтээ ашиг хүртэгчид болно. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр эмэгтэйчүүд нийгмийн асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэх хандлагатай байдаг. Тэд гэр бүлд чиглэсэн нийгмийн сайн сайхан байдлыг дэмжихэд чиглэсэн бодлогыг чухалчилдаг, олон нийтийн асуудалд илүү мэдрэмтгий ханддаг гэдгийг олон улсад нилээдгүй судалгаагаар тогтоосон.

-Жишээ болохуйц кейс сонирхуулаач?

-Энэтхэгт хийсэн судалгаагаар орон нутгийн зөвлөлд эмэгтэйчүүдийн төлөөлөл ихтэй Баруун Бенгал тосгонд эмэгтэй төлөөлөгч багатай тосгодынхтой харьцуулахад ундны усны барилга байгууламжид хоёр дахин их хөрөнгө оруулалт хийгдсэн байжээ. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн сонгогдох асуудлыг дэмжих, квотыг өндөр тогтоох нь зүгээр нэг эмэгтэй гишүүдийн тооны асуудал биш, энэ өөрөө нийгмийн хөгжлийн асар их нөлөө бүхий асуудал юм.

Тэгвэл өнөөдөр улс орны хөгжлийг хүний хөгжил, ард иргэд нь амгалан тайван аз жаргалтай амьдрах нөхцөл байдлыг хэрхэн бүрдүүлж, амьдралын чанар ямар түвшинд байна вэ гэдгээр хэмждэг болсон. Тэгэхээр ингэж нийгмийн асуудалд илүүтэй анхаардаг эмэгтэйчүүдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад дутмаг байгаа нь улс орон, нийгмийн хөгжилд ихээхэн нөлөөлж байгаа юм.

Нөгөө талаас тэгш төлөөллийн асуудал юм. Хүн амын 51 хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл дутмаг байгаа нь тэдний асуудал орхигдох, тэдний анхаардаг салбарын бодлого гажуудах гол нөхцөл болдог. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах түвшинд төлөөллийг хангахгүй бол шийдвэр өөрөө өрөөсгөл, гажуудалтай, хэт нэг талыг барьсан байдлаар гарнаа л гэсэн үг.

-Квотын асуудал дээр шинэ үеийн залуучуудын хандлага ямархуу болж байгаа бол?

-Шинэ үеийн залуучууд хүний эрхийн мэдрэмжээр мундаг болж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл шийдвэр гаргах түвшин дэх тэгш төлөөлөл, хүйсийн квотын асуудал нь ардчилал, эрх чөлөө, тэгш байдлыг дэмждэг, аливаа ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг үл тэвчих дэвшилтэт үзэлтэй шинэ үеийн залуусын хамгийн түрүүнд дэмжих асуудал болж байгаа юм. Энэ утгаараа шинэчлэл өрнүүлж байгаа, шинэ үеийн мэдлэг боловсролтой залуу гишүүдийг квотыг дэмжинэ гэж нийгэм харж байна.

Эсрэгээрээ эцгийн эрхт ёс давамгайлсан патриархи нийгмийн үзэл санааны үлдэгдлийг тээгчид л эмэгтэйчүүдийн оролцоог үгүйсгэсээр байдаг. Гэтэл эмэгтэй ч ба эрэгтэй ч бай сонгогдох сонгох эрхийг хэн нэг нь нөгөөдөө өгдөггүй. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүрийн эрх юм.

-Эмэгтэйчүүдийг улс төрийн оролцоонд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар яриад ярилцлагаа төгсгөе.

-Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хязгаардаж буй тогтолцооны олон хүчин зүйлс нийгэмд оршсоор байна. Үүнд нийгмийн тогтсон хандлага, улс төрийн намуудаас нэр дэвшигчдэд тогтоодог мөнгөний босго, улс төрийн өрсөлдөөний орчинд нөлөөлж буй санхүүгийн бэрхшээл, улс төрийн санхүүжилтийн тодорхойгүй байдал, намуудын жендэрийн мэдрэмжгүй байдал, орлого, хөрөнгийн тэгш бус байдал зэрэг болно. Мөн эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь мэдлэг, боловсрол, зориг, хүсэл эрмэлзэл бас чухал. Эдгээрийн дотор шийдвэр гаргах түвшинд цөөн төлөөлөлтэй байгаа нь өөрөө нэг асуудал нь болоод байна.

Тухайлбал манай 13 гишүүн өнөөдөр квотын асуудлаар хэлэлцэхэд үнэхээр цөөдөж байна. Шинэ залуу, шударга гишүүд уг нь шинэ үеийн үнэт зүйлийг тээгчид мөн л юм бол, хүсийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг зоригтой шийдвэр гаргах байх. Ойрын үед УИХ-аар сонгуулийн тухай хууль хэлэлцэж, квотын асуудлаар хэн юу хэлж, ямар санал өгч байгаа нь монголын улс төрийн соёл, улс төрийн намуудын өнгийг тодорхойлж байна гэж харж болохоор байна.

Б.БУЯННЭМЭХ

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img