2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

С.Дулам: Монгол хүн амны бэлгээр, хятад хүн бэнчнээр, төвөд хүн шидээр гэдэг

“Энэ дэлхий монгол үндэстнийг ямар тэмдэг, бэлгэдлээр нь таних вэ, бид өөрсдийгөө ямар өнгө, тоо дүрсээр илэрхийлэх вэ. Тэрний уг сурвалж нь хаана байгаа вэ?” хэмээн Ардын багш, доктор С.Дулам асуугаад өөрөө түүндээ хариу өглөө. Түүний илтгэлийн сэдэв “Монгол үндэстний ижилслийг илтгэх бэлгэдэл, соёлын судалгаа”.

ЮНЕСКО-гийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгээс уг лекцийг зохион байгуулжээ.

  С.Дулам багш “Ул үндэстэй” хэмээн тодорхойлсон түүвэр судалгаанд 3000 орчим хүн хамрагдсан байна. Үндэстэн улс оршин тогтноход зайлшгүй чухал зүйл ард түмэн өөрсдийнхөө бусдаас ялгамжтай байдлыг ойлгох, соёлын онцлог, үнэт зүйлс ижилслээ тодорхойлох нь чухал нөлөөтэй гэнэ шүү. Түүний илтгэл түүвэр судалгаанаас гадна Монголын түүх, бичгийн дурсгалууд, уран зохиолын болон аман сурвалжийг эх үндэс болгосон байна. 21 аймгаар явж сурвалжилсан хээрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн, архив, эд өлгийн эх сурвалжууд бүгд энд хамрагдсан гэсэн.

Хөх монгол гэдэг ухамсар одоог хүртэл байсаар байна

            Монгол үндэсний ижилслийг илтгэх тэмдэг бэлгэдлийн судалгаа өнгө, тоо, дүрс, хээ угалзын бэлгэдлээс бүрдэнэ. Эх сурвалжийн болоод түүвэр судалгаагаар үүнийг тогтоожээ. Хамгийн энгийнээр жагсаахад Монгол үндэсний ижилслийг илтгэх өнгө хөх юм байна. Хөх монгол, хөх тэнгэр, хөх судар, хөх түүх гэдэг шүү дээ. Эд бүгд жишээ тайлбартай. Цагаан өнгийн тэмдэг бэлгэдэл. Цагаан тэнгэр, цагаан зүгийн 55 тэнгэр. Цагаан туг сүлд, цагаан дээлт монголчууд, цагаан идээ, цагаан цацал, цагаан эсгий, Цагаан сар, цагаан өвс хүртэл орно.

Улаан өнгийн бэлгэдэл гал улаан зүг, улаан царай, улаан залаат монголчууд.

Шар өнгийн бэлгэдэл найман шарга, шар бичиг, шар зурхай.

Хар өнгийн бэлгэдэл хар туг, хар туг сүлд гэх мэт жишээтэй.

Үндэсний өнгө гэхээр монгол үндэсний хэмжээний судалгаанд оролцогчдын 62.6 хувь нь монгол үндэсний ижилслийг илтгэх хамгийн чухал өнгө хөх гэж үзсэн. Энэ нь сурвалжийн судалгааны дүнг батлахын зэрэгцээ өнгийн бэлгэдлийн хувьд үндэсний ижилсэл тогтвортой уламжлан дамжиж байгааг илтгэх жишээ болов.

Цагаан, улаан өнгө удаалжээ. Шар, хар гээд цааш үргэлжилнэ. Үндэсний ижилслийн бэлгэдэл өнгө монголчууд Цагаан сараар тоглодог “Алаг мэлхий” тоглоом дээр тов тодорхой гарч ирдэг. “Алаг мэлхий”-д эдгээр өнгө бүгд бий. Хөх монгол гэдэг ухамсар одоог хүртэл байсаар байна.

Харин хятадууд өөрсдийгөө улаан гэдэг, төвдүүд хар өнгийг илүүд үздэг байна. Сартуулууд шар гэдэг, солонгосчууд цагаан гэдэг аж. Энэтхэгчүүд ч цагаан өнгийг онцгойлдог. Жагар гэдэг нь цагаан хүн гэсэн утгатай юм.

Монголчуудад гурвын тоо онцгой

Монгол бөөгийн онгодууд нэхэл үгэндээ “Монголын гурав” гэдэг. “Хэзээ гурвын тоог өмчлөөд авсныг би мэдэхгүй” хэмээн доктор С.Дулам айлдлаа. Ямар ч байсан гурав гэдэг Монголын үндэсний тоо.

Гурван ертөнц, Ертөнцийн гурав, гурван нас, эрийн гурван наадам, гурван дугараа, гурван үхэл, гурван сэхэл, гурван сүнс, гурван мөргөл, гурван даваа, гурван гомдол, гурван тус, гурван муу ёр, гурван сайн ёр, гурван өдөр, гурван жил, сар гэх мэтээр оюун санааны үзэгдлийг ч гурваар цагалдаг, цаг хугацааг ч тэмдэглэдэг.

Есийн тооны бэлгэдлийн гол санаа нь тэнгэр эцэг. Есөн эх тэнгэр, 99 тэнгэр, есөн хөлт цагаан туг, есөн их цацал, есөн цагааны бэлэг, есөн мэнгэ, есөн үе, одоо ч монголчууд ес хэлэлцдэг.

Долоогийн тооны бэлгэдэл газар эхтэй холбоотой. Монголчуудын домог зүйд газрыг дандаа долоогоор тэмдэглэдэг. Сонирхоод үзэхэд геофизикийн шинжлэх ухаанд манай энэ дэлхий долоон том хавтангаас бүтдэг гэдэг. Нийлж салаад байж байдаг. Би бол домог зүйг мета шинжлэх ухаан гэж үздэг. Этүгэн эх тэнгэр, долоон уулын цаагуур, доордын долоо гэх мэт жишээ бий.

Найм бол нарт ертөнц. Нартын найман төв, жаргалын найман морь, өлзийт найман зангилаа гэх мэтээр явдаг.

Тавын тооны тэмдэг бэлгэдэл.

Монголын баатарлаг туульд тавын тоогоор эв нэгдлийн хүчийг илэрхийлдэг. Таван өнгө идээ, таван өнгө бэлэг, таван соргог амьтан, таван мөс, таван чадал гэдэг.

Түүвэр судалгаагаар үзэхэд судалгаанд оролцогчдын 55 хувь нь есийн тоог, 24 хувь нь гурвын тоог монголчуудын бэлгэдлийн тоо гэж үзсэн.

        Энэ их үнэн. Гурав гэдэг чинь ес шүү дээ. Тэр бол тэр чигээрээ тэнгэр шүтлэгийн тоо болдог. Монгол ахуй соёлдоо гурвын тоог хэрэглэдэг. Төрийн болон тэнгэр шүтлэгийн түвшинд дандаа есийн тоог хэрэглэдэг.

Үндэсний дүрс дугуй буюу “Онгин тамга”

Монгол үндэсний ижилслийг илтгэх дүрсийн бэлгэдэл гэж бий.

Дугуй буюу онгин дүрс байна. Монголчууд өөрсдийгөө наран, саран эхт гэдэг. Наран тамга, саран тамга, хаан бугуйвч, дөрвөлжин дүрсийн бэлгэдэл болохоор домогт гардаг газрын өр, ам дөрвөлжин, дөрвөлжин өрх, дөрвөлжин тамга, хатан сүйх.

Гурвалжин дүрсийн бэлгэдэл

Босоо гурвалжин, хөмрөгөн гурвалжин тамга Монгол нутаг дахь хадны зурагт маш их үүрэгтэй. Нэг, хоёроор нь бүжгэн жүжиг хүртэл хийлээ шүү дээ. Тоонолжин дүрс байна. Тоонолжин дүрс гэдэг маань та нарын хэлдгээр бол нэмэх тэмдэг л дээ. Туухай тамга, хас тамганы язгуур нь.

Түүвэр судалгаагаар “Үндэсний дүрс”-ээр монголчуудын 52.8 хувь нь дугуй дүрсийг онцолж байна. Онгин тамгаа хэлж байгаа юм шүү дээ. Онгин тамга 1221 онд дэлдсэн хүрэл зоосон дээр нь байгаа шүү дээ. Монголчууд дугуйлжин соёлтой, дугуй өргөөнд суудаг.

Үндэсний хээгээр өлзий хээ шалгарчээ

Монголын үндэсний ижилслийг илтгэх хээ угалзын бэлгэдэл

Би хээ угалзыг монгол хэлний дүрсийг илэрхийлдэг лжин дагавраар томьёолох  дуртай. Зарим номд хэмжихүй ухааны дүрс гэж дөрөв, таван үгээр хэлдэг. Би бол хэмжилжин хээ гээд хэлчихдэг. Дөрвөлжин, гурвалжин гэдэгтэй л адилхан шүү дээ. Хэмжилжин хээнд алхан хээ, өлзий утас, түмэн насан хээ багтана.

Байгалийн үзэгдлийг дүрсэлсэн хээг байгальжин хээ гэж байгаа юм.

Үүлэн хээ, уулан хээ, усан хээ байна.

Амьталжин хээний тэмдэг бэлгэдэл гэхээр хамар угалз, эвэр угалз, загасан хээ орно. Заавал амьтны дүрс илэрхийлсэн хээ гэж дөрөв, таван үгээр хэлэх хэрэггүй шүү дээ.

Ургамалжин хээний тэмдэг бэлгэдэл гэхээр навчин хээ, цэцгэн хээ, өвсөн хээ багтана.

“Үндэсний хээ”-гээр түүвэр судалгаагаар өлзий хээ шалгарчээ. Гэхдээ босоо өлзий хээ шүү. Хэвтээ, босоо өлзий хээ ялгаатай. Хэвтээ өлзий хээ Монголын хээ угалзын бэлгэдэлд хамаарахгүй шүү. Буддын шашинд бол хамаарна.

Хот, хөдөөгийн монголчууд аль нь ч өлзий хээг сонгосон байна. Алхан хээ, түмэн насан хээ удаалжээ.

Үндэсний шүтээн Мөнх тэнгэр

Монгол үндэсний ижилслийг илтгэх соёлын дүрийн судалгаа Монголчуудын  байгаль нийгэм, соёлын талаарх итгэл үнэмшил юу байна гэхээр Мөнх тэнгэр, Этүгэн эх, овоо тахилга. Уулын тэнгэр тахих гэхэд түүхэнд анх удаа зарлигаар тахилгатай болгосон гурван уул Бурхан халдун, Богдхан уул, Отгон тэнгэр уул нэрлэгдсэн. Одоо бол 12 уулыг зарлигаар тахьдаг шүү дээ.

Монголчуудын 55.6 хувь нь үндэсний шүтээн Мөнх тэнгэр гэж үздэг юм байна шүү. Харин гурван хүн тутмын нэг нь Бурхан Буддаг үндэсний шүтээн гэж үзэж байна. Этүгэн эхээ мэдэхгүй юм, монголчууд. Газар ижийгээ сайн мэддэггүй юм байна шүү дээ. Этүгэн гэхээр С.Нямзагдын сургуулийг л гэж боддог байх л даа.

Үндэсний тахилгат уул, үндэсний бахархалт шувуу, үндэсний бахархалт амьтан, бахархалт мод, цэцэг жимс гээд дэлхийн үндэстнүүд тогтоосон шүү дээ.

Үндэсний тахилгат уул гэхээр Отгонтэнгэр уул, Бурхан халдун уул хоёр л яах аргагүй манлайлж байна даа. Богдхан уул дараалж байна. Гэхдээ Отгонтэнгэр уулын Түрэгийн үеийн нэр Этүгэн шүү дээ.

“Үндэсний бахархалт шувуу” гэсэн чинь монголчууд хангарьд, цагаан шонхор хоёрыг голлон нэрлэж байгаа юм. Хангарьдаа бол 1995 онд нийслэлийн ИТХ-ын шийдвэрээр нийслэлийн сүлд болгосон. Гэхдээ хангарьд гэдэг яг үнэндээ Энэтхэг домгийн Бишнү тэнгэрийн хөлөг унаа болдог Гаруда гэдэг шувуу шүү дээ. Ер нь бол домгийн шувуу.

Цагаан шонхор бол гарцаа байхгүй Нууц товчоонд гардаг Хиадын сүлд. За тэгээд бүргэд, хараацай гээд цааш үргэлжилнэ. Монгол домгийн соёлт баатар бол хараацай шүү дээ. Хараацайн гүйцэтгэсэн соёлын үүрэг домогт тодорхой гардаг.

Үндэсний бахархалт амьтнаар хүлэг морио онцолсон. Адууг нэрлэдэг үй түмэн цол нэр бий. Аргамаг, ажнай, хүлэг. 57.5 хувь нь адуу, харин 49.7 хувь нь чоныг нэрлэсэн. Тэгээд буга Хо марлаа хэлж байгаа юм. Нууц товчооны буга бол Хо марал шүү. Гоо марал ерөөсөө биш. Зүсийг нь хэлж байгаа юм. Бөртө чоно гэж саарал зүсмийн чоныг хэлж байгаа юм. Түүнтэй адил Хо марал гэж зүсээр нь голчилдог. Тэрний гоё муухай нь энд ерөөсөө хамаа байхгүй. Ухаа зүсэм байхгүй юу.

Үндэсний эцэг Чингис хаан

Нийгэм соёлын дүрүүд үндэсний эцэг, эх, баатар

Үндэсний эцэг гэдэг дээр монголчууд Чингис хаанаа аргагүй тасархай нэрлэж байна. Дарьгангачууд голдуу Д.Сүхбаатар гэж санал өгсөн байна. Увсынхан голдуу Ю.Цэдэнбал гэсэн байна. Дорнодынхан Х.Чойбалсан гэсэн байна.

Үндэсний эх Өүлэн эх 45 хувь, дараа нь  Алунгоо, Бөртө үжин, Мандхай, Ану хатан (киноны нөлөө) гээд явж байна.

Үндэсний баатар Д.Сүхбаатар гэжээ.

Монголчуудын 66 хувь нь бие биелгээгээ үндэсний бүжиг гэсэн байна.

Үндэсний баяр наадам Цагаан сар, наадам,

Үндэсний спорт эрийн гурван наадам.

Үндэсний тоглоомоор шагайн харваа тодорчээ.

Сүүлийн 320 жилийн туршид монголчуудын үндэсний ижилсэл харьцангуй тогтвортой, дархлаа сайтай явж ирсэн гэж хэлж болохоор байна. Тухайн цагийн ноёрхогчид ижилслийг сааруулах бодлого явуулж ирсэн ч гүнзгий үр дүнд хүрээгүй гэж дүгнэж болохоор байна хэмээн доктор С.Дулам дүгнэсэн билээ.

-Улс үндэстэн болгон өөрийн үндэсний ижилслийг айхавтар анхаардаг болжээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр өнөө Д.Трамп “Даяаршил гэдэг үеэ өнгөрөөж байна. Америкт даяаршил хамаагүй, бид үндэснийхээ өвөрмөц байдлаа хадгалахын төлөө л явна” гэж хэлсэн шүү дээ. Дэлхийн их гүрэн ингэж байхад бид заавал даяаршина гэвэл ухаангүй юм болох байлгүй дээ хэмээн тэрбээр ярьсан юм.

 Та л хүүхдээ монгол болгоно шүү дээ  

Түүний лекцийн дараа цөөн асуултад хариулт авч амжив.

-Монголчууд гэхээр зөвхөн гурван сая хүн биш дэлхийгээр нэг тархсан монголчууд маань бас бий. Дэлхийн монголчуудыг юу нэгтгэдэг юм бол. Биднийг нэгтгэдэг үндэсний философи гэж байдаг уу?

-Миний ярьсан өнгө, тоо, дүрсийн бэлгэдэл монгол туургатанд бүгдэд нь хамаатай. Бүх дэлхийгээр байгаа монголчууд өөрсдийгөө хөх монголчууд л гэдэг. Гурав, есийн тоогоо эрхэмлэдэг. Чингис хааныг үндэсний эцэг гэдэг. Судалгаа хийсэн нутаг дэвсгэр бол Монгол Улс. Тийм учраас Сүхбаатар жанжны хөшөө гэх мэт зөвхөн Монголд хамаатай зүйлс энд дурдагдсан. Гэхдээ монгол үндэстэн угсаатныг ижилсүүлдэг зүйлс бүгд дэлхийгээр тархан суусан монголчуудад хамаатай. АНУ-ын Нью Жерсид байгаа торгуудаас асуусан ч “Бид хөх монголчууд” гэж л хэлнэ. Яагаад гэвэл үндэсний ижилслийн тэмдэг бэлгэдэл өнгө. Гэхдээ манай монголчууд самар их иддэг учраас хуш модыг үндэсний мод гэж байхад мойлын модыг буриадууд үндэсний мод гэж магадгүй л дээ. Нутгийн онцлогоос болоод тиймэрхүү зүйл гарч мэднэ. Түүнээс биш өөр зүйл нь зөрөхгүй ээ.

Монголчуудыг нэгтгэж байсан гол юм мөнх тэнгэрийн үзэл шүү дээ.  Өнөөдөр та бид ширээ тойрч суугаад, монгол гэж өөрсдийгөө нэрлээд, яриад сууж байгаа юм. Тэр олон мянган жил бид оршин тогтнож чадсан юм. Ямар ч философигүй улс ингэж чадах уу. Бидэнд оршихуйн гүн ухаан байсан учраас өнөөдөр бид байж байна. Түүнийгээ айхавтар тогтоож, томьёолоод, дэлхий дахинд түгээж цацсан юм л харин байхгүй. “Алаг мэлхий” тоглоом гэхэд л янзын философитой байдаг. Товчхон хэлэхэд, мөнх тэнгэрийн үзэл бол Их Монгол Улсыг байгуулсан гол үзэл шүү дээ. Нэгтгэсэн үзэл байхгүй бол ямар юмных нь их улс байх билээ. Нэгдэж чадахгүй шүү дээ. Ухамсарлах гэж юм байна. Тэр үед ухамсарладаг, ухамсарладаггүй хүмүүс нь ялгаатай байж л дээ. Хэд хоногийн өмнө Тасам Санчирын баг “Хаан билэг” гэж ном сударлаж гаргасан. Би редакторлож өмнөх үг хийсэн юм.

Тэр “Хаан билэг” дотор нэг ийм үг байдаг. “Эрдэм оюунтай гурван хүн хэлэлцэж тогтсон үгийг хаа ч хэлж болно. Тэгээгүй бол хэн ч тийм үгийг бүү ярь” гэж хатуу цаазалж байгаа юм. Чиний асуугаад байгаа, нөгөө хүмүүсийн үгүйсгээд байгаа тэр философийг мэддэг оюун билэгт хүмүүс нь бас байж. Тэр гурван хүн нь хэлэлцээд тогтсон бол түүнийг нь бүх хүн мэдэж, ярьж байх ёстой. Тэгээгүй бол өнөөдрийнх шиг хэн дуртай нь ярьдаггүй цаг байж л дээ.

Миний бодлоор бол тэр философийг мэддэг нь ярьдаг байж. Мэддэггүй нь дуугүй сонсдог байж. Одоо цаг үед бол жаахан ардчилсан бус сонсогдож  магадгүй. Тэр гүн ухаан гээд нэхээд байгаа философийг чинь би бол ингэж ойлгож байна.

-Таны сүүлийн дүгнэлт сонирхолтой санагдлаа. Манжийн дарлалд 200 жил, социализмын 70 жилийн дараа ч монголчуудын үндэсний дархлаа хадгалагдаж үлдсэн гэсэн л дээ. Гэтэл монголчууд ямар ч нөхцөлд дасан зохицож ирсэн тухай бас ярьцгаадаг. Социализмын үед Марксын номоор явсан мөртлөө авдар дотроо бурхны судраа нуусан байдаг тухай ярьдаг даа?

-Социализмын үеийн хүмүүс ч бас ажил хийж амьдрах хэрэгтэй байсан шүү дээ. Тэгэхийн тулд толгой дохих хэрэгтэй шүү дээ. Ленин багш тэгсэн үү, Маркс тэгсэн үү “За” гэдэг.

-Галын тахилгын талаар ярьж өгөөч?

-Зөвхөн монголчууд төдийгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн эх үүтгэл нь галаас эхэлсэн шүү дээ. 1975 онд байх аа би их сургуулийн багш болоод хоёр жил болж байлуу даа. Ри багшийнд өглөө явж очлоо. Хаалга нь түгжээгүй байсан ч тогшлоо. Цээж нүцгэн, цагаан сахалтай хүн “Морилон орно уу” гэж байна. Баахан ном овоолсон өрөөнд намайг суулгалаа. Би хэдэн асуулт бэлтгээд очсон. Тэмдэглэл нь надад бий л дээ, гэм нь олохоо байчихаад байгаа. Ширээн дээр нь “Наука и жизнь” гээд Оросын шинжлэх ухааны сэтгүүл байна. Шууд тэрийг харуулаад “Хүн төрөлхтөн одоогоос 500 мянган жилийн өмнө галтай байсан” гэж энд бичсэн байна. Хүн төрөлхтөн галтай болсон цагаасаа л галыг шүтэж дээдэлж эхэлсэн гэж ярьж байсан юм.

Гал шүтэх тахих ёс газар болгонд өөр байж магадгүй. Монголчуудын хувьд Цагаан сарын шинийн нэгэн болохын өмнө хөхүй сарын 23, 24-нд эгэл ардууд болоод язгууртнууд гал тахидаг байж. Соёмбын оройд байгаа гурван дүрс монголчуудын эртний шүтлэг эрэмбэ дараагаараа байж байгаа нь тэр гэж би ойлгодог. Хамгийн эхлээд гал шүтлэг дараа нь нар, сарны шүтлэг. Хүннүгийн язгууртны булшнаас нар, сарны дүрс их гарч ирдэг. Тийм эртний үүсгэл гаралтай. Монголд ямар ч зан үйлийг галгүйгээр хийнэ гэж үгүй.

-Хүүхдээ яаж монгол хүн болгож төлөвшүүлэх вэ. Хүүхдүүд бол Цагаан сар, наадам сонирхохгүй, дэлхийн бусад хүүхдийн үздэг дуу хөгжим, хүүхэлдэйн кино, контентуудад л дуртай шүү дээ?

-Хүүхдийг хэн болгох вэ гэдэг гэр бүлээс л эхэлдэг шүү дээ. Гэр бүл устаагүй. Хүүхдээ хэн болгохоо аав, ээж хоёр шийднэ. Мэдээж хэрэг одоо цагийн юм сонирхож байгаа хүүхдээ би лав боль гэж хэлж байгаагүй. Өөрсдөө монгол байж байхад хүүхэд нэг мэдсэн монгол болчихсон л байдаг. Яахын аргагүй монгол болсон байдаг. Энэнээс бас ийм үг, санаа гардаг юм аа гэмээр байдаг. Та л хүүхдээ монгол болгоно шүү дээ.

-Монголчууд ерөөл хэлдэг, бэлгэдэл боддог ард түмэн. Гэтэл орчин үед ерөөхөөсөө илүү хэрүүл хараал нь ихэсжээ. Бидний соёл уламжлал эвдэгдээд байна уу даа?

-Азийн гурван үндэстнийг төлөөлүүлсэн цэцэн үг байдаг. Монгол хүн амны бэлгээр, хятад хүн бэнчнээр, төвөд хүн шидээр гэдэг. Азийн гурван соёлт үндэстний сэтгэлгээний гурван онцлог ялгаа ийм. Монгол хүн аливааг бэлгэдэлтэй болгож сэтгэдэг ард түмэн. Цагийн цагт ингэж явж ирсэн. Цагийн цагт ингэж явна гэж би бас бодож байна. Одоогийн нийгмийн бухимдлын үеэр гарч ирж байгаа бэлгэгүй үгс мөнх байхгүй. Хүний ген удамшил гэж юм бий. Тэр бол хүчтэй. Нэг л өдөр дийлэх болно. Нэмж хэлэхэд би засаршгүй өөдрөг үзэлтэй хүн л дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img