Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2023.06.15) хуралдаанаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлсэн. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Иймд өнөөдрийн хуралдааны эхэнд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 49 гишүүний 73.5 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Өнөрболор, Б.Баттөмөр нар асуулт асууж, Засгийн газрын гишүүн болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Байнгын хорооны саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 51 гишүүний 52.9 хувь нь дэмжив.
Дараа нь “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахаар хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцууллаа.
Монгол Улс “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенц”-д 1971 онд нэгдэн орсон байна. 2010 онд зохион байгуулагдсан нисэхийн аюулгүй байдлын талаарх олон улсын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн хууль бус үйлдлүүд дэлхий даяар нэмэгдэж байгаатай холбогдуулан “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг баталж, орхигдуулсан зарим шаардлагатай зохицуулалтуудыг нэмж тусгасан аж. “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол” нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 35 улс гарын үсэг зурж, 21 улс соёрхон баталж, мөн тооны улс нэгдэн орж, 1 улс хүлээн зөвшөөрч, 1 улс баталсан хэмээн сайд танилцуулав.
Хуралдаанаас “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.14.3-т заасныг үндэслэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. “Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Мөн “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн хэлэлцэж соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.14.3-т заасныг үндэслэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
УИХ-ын өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв.
Анхны хэлэлцүүлгийг хийсэн Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж. Батсуурь танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын гишүүд асуулт асуув. УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Жижиг, дунд, үйлдвэрлэлийг дэмжих сан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд зориулж дөнгөж 9,7 тэрбумын зээл олгожээ. 2022 онд Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авах агуулга бүхий хууль баталсан ч бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүй, өссөөр байна. Энэ хуулийн хэрэгжилтийн үр дүн ямар байна вэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Засгийн газрын өр, авлага ямархуу байна, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүн бүрд биш, хүүхэд бүрд өгөх ёстой учраас ямар зохицуулалт хийж байна вэ гэх зэргээр асуулаа.
Сангийн сайд Б.Жавхлан, ЖДҮ-ийг дэмжих зээлийн санд 2019 оноос зузаатгал хийгдээгүй. Төсвөөс сангийн хөрөнгийг хангалттай бүрдүүлсэн гэж үзсэн учраас эргэн төлөлтөөрөө дараагийн зээлээ олгож байхаар шийдвэрлэсэн. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгож, өрхийн орлогыг бодитоор дэмжих зорилгоор энэ удаагийн төсвийн тодотголыг хийж байна. Төсвийн тодотголыг дагаж мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, инфляцийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авахыг Төсвийн байнгын хорооноос тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг өгөх чиглэлтэй байна. Засгийн газар гадаад өр зээлийг нуруун дээрээ үүрч, төлөөд явж байна. Өнгөрсөн жилийн өдийд гадаад өрийн дарамтаас болж Монгол Улс дампуурлыг ирмэгт хүрсэн. Харин өнөөдөр энэ эрсдэлээс гарч чадсан. Өнгөрсөн хоёр жил 5,9 тэрбум ам. долларын өрийг төлсөн байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалж чадлаа. Мөн валютын өсөлтөөс хамаарсан инфляцийн өсөлтийг барьж чадаж байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгнө. Гэхдээ хүүхдийн мөнгөө авах шаардлагагүй гэж үзсэн эцэг, эхийн сонголт нээлттэй. Хүүхдийн мөнгөнд 1,5 их наяд төгрөг зарцуулна. Хүүхдийн мөнгөний зарцуулалтаас зөвхөн ганцхан хувь нь татгалзвал 15 тэрбум төгрөг хэмнэгдэж, нэг сургууль барих хөрөнгө босно гэдгийг онцолье гэж хариуллаа.
Түүний дараа дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 26 саналын томьёоллоор санал хураалт явуулж, дэмжигдлээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Түүний дараа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулсан.
Үүний дараа УИХ-ын Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулав.
АН-ын бүлгийн саналын дараа дээрх хуулийн төслийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гуравдахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д. Тогтохсүрэн танилцуулав.
Дараа нь УИХ-ын гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор Нэр дэвшигчдэд тавигдах шалгуур, жагсаалтыг эрэмбэлэхэд нам, эвсэлд тавигдах шаардлага нээлттэй байх ёстой гэж үзэж байна хэмээв. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, хүйсийн ялгаваралгүй хөгжих боломжийг бүрдүүлэхэд энэ удаагийн УИХ шинэчлэл хийхийг хүсч байгаа тухай, УИХ-ын гишүүн Т.Доржханд эмэгтэйчүүд парламентад олон байх нь төсвийн сахилга бат сайжрах, ардчиллын хөгжилд чухал ахиц дэвшил гарах тухай, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх талаар олон улсын байгууллагын зөвлөмж болон иргэд, олон нийтийн илэрхийлсэн санал бодлыг танилцуулж, тус тус байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, дэлхий нийтийн чиг хандлага, тогтвортой хөгжлийн зорилтод жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулж байна. Энэ бол ирж яваа цагийн өнгө юм. Технологийн хувьсгал зөөлөн ур чадварыг шаардаж байна. Тиймээс 40-160 сая эмэгтэйчүүдийн ажлын нөхцөл байдал өөрчлөгдөж, эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшинд олноороо ажиллана гэсэн судалгаа байна. Ардчилал, хүний эрхийн тухай ойлголт бол ерөөс жендэрийн тэгш байдлыг хангах тухай юм. УИХ дахь намын бүлгүүдийн ойлголцол, зөвшилцөлийн үндсэн дээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг эрхэмлэж байна. Мөн дэвшилтэд үзэл санааг дэмжиж байгаа бүх гишүүддээ талархаж байна гэв.
УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналыг томъёоллоор санал хураалт дуусч, уг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Түүний дараа “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тогтоолын төслийн талаар танилцуулав.
Төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Эдийн засгийн байнгын хорооны дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг дэмжих боломжгүй гэсэн санал, дүгнэлтийг хэлэлцэж өгөхийг хүсэв. Нэгдсэн хуралдаанаар тус тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлт дэмжигдэж, тогтоолын төслийг буцаах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцов.
Дараа нь “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцуулсан.
Тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг олонхи дэмжсэн учраас “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа.
Мөн Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсын эмийн хяналт шалгалтыг сайжруулах, хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх Хянан шалгах түр хорооны ажлын тайланг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулснаар Түр хороог татан буусанд тооцов.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй бөгөөд мөн зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дөрөвдэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаан Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийснээр өндөрлөлөө.