2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

“Морьтой ч болоосой” киноны зохиол ингэж төржээ

Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Доржийн Гармаа агсантай ярилцаж суухдаа “Морьтой ч болоосой” кино зохиол бичсэн түүхийг сонсч байсан юм. Санхүү эдийн засгийн техникумийг төсвийн нягтлан бодох мэргэжлээр төгсч хөдөө ажиллаж явсан залуу тавиад оны дундуур гэнэт шарлаж л дээ. Гэнэт өвдөж ээжийгээ сандаргасан залуу хотод ирж нэгдүгээр эмнэлэгт хэвтэж гэнэ. Өрөөнд нь дөрвөн хүн байсны нэг нь нэрт зохиолч Лхагвасүрэнгийн аав Бавуу гуай байж. “Морьтой ч болоосой” киноны зохиол тэр өрөөнд төржээ. Энэ тухайгаа Д.Гармаа агсан хэрхэн дурсч суусныг хүргэе.

Эмнэлэгт бие хөнгөн, уйддаг байсан учраас санаанд орсноо цаасан дээр буулгана. Тэр үед “Манай нутгийн хүү” нэртэй киноны ноорог бичдэг юм. Хөдөө гадаа байсан янз бүрийн амьдралаа санаж байгаад бичлээ дээ. Өдөрт бичсэн хэдэн хуудас зохиолоо өрөөнийхөө хэдэд уншиж өгнө. Инээдмийн тал руугаа учраас нөгөөдүүл маань инээж байгаад сонсоно. Өглөө бүр л уншаарай гэнэ.

Ялангуяа булангийн орон дээр хэвтэх Бавуу гэж хөгшин их сонирхоно. “Энэ чинь их зүгээр юм байна. Нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй ийм зохиол ерөөсөө байхгүй” гээд магтаж гарна. Намайг эмнэлгээс гарах үед “За хүү минь чи энэ зохиолоо Соёлын яам гэдэг газар заавал үзүүлээрэй. Одоо л яг хэрэгтэй зохиол шүү” гэж захидаг юм. Тэгэхээр нь эмнэлгээс гараад Кино үйлдвэр дээр яваад очлоо.

Монгол дээл, эсгий гуталтай ямар л олигтой харагдав гэж. Кино үйлдвэрийн жижүүр “Ямар зорилгоор явна” гэж ширүүхэн асууж байна. “Кино зохиол бичсэн юмаа, тэрийгээ үзүүлэх санаатай” гэтэл “Цаашаа бай, яг одоо ажилчид цуглаж байна” гээд ад үзэх маягтай. Зайдуухан очоод зогслоо. Урамгүй зогсож байсан байлгүй. Гэтэл гаднаас нэг их том шар цүнх барьсан намхан пагдгар хүн ороод ирдэг юм.

Над руу сүрхий харснаа “Энэ юун хүүхэд билээ” гэж байна. Өнөө жижүүр “Кино зохиол бичсэн ч гэл үү нэг юм яриад байсан. Ажил цуглаж байгаа болохоор цаашаа байж бай гэсэн юм” гэлээ. Өнөө хүн над руу ойртсоноо “Чи ямар хэргээр яваа гэнэ ээ” гэж лавлалаа. “Зохиол бичсэн юмаа, тэрийгээ үзүүлээд зөвлөгөө авах санаатай” гэтэл дагуулаад хоёрдугаар давхарт гарч даргын өрөөнд ордог юм. Туранхайдуу, инээмсэглэсэн царайтай аятайхан хүн сууж байна. Сүүлд нь улсын баатар болсон Нянтайсүрэн гуай. Тэр үед Кино үйлдвэрийн дарга байсан юм.

“Морьтой ч болоосой”Намайг дагуулж ордог нь Л.Ванган гуай. Ванган гуай “За чи энэ хүнд учраа хэл” гэлээ. Би ч өнөөхөө давтлаа. Нөгөө хоёр хэсэг ярьж байгаад “Маргааш өглөө Уран сайхны зөвлөлийн хурал дээр зохиолоо авч ирээд унш” гэдэг юм. Өглөө нь иртэл баахан улс цуглачихаж. Бараг бүгдээрээ шахуу алтан үеийнхэн. Зохиолоо эхнээс нь аваад л чанга дуугаар уншиж гарлаа. Улсууд хөхрөлдөөд байх юм. Тэгж тэгж нэг юм дууслаа. Гэтэл Л.Ванган гуай “Энэ бидний хайж байсан зохиол мөн байна. Нэгдэлжих хөдөлгөөний сэдэвтэй.

Дээр нь инээдмийн зохиол. Үүнийг дэмжье” гэлээ. Бүгдээрээ дэмжчихлээ. Тэгээд миний зохиолыг дөнгөж сая сургууль төгсч ирсэн Доржпалам гэж найруулагчид өгч “Чи энэ зохиолыг санаандаа хүртэл засуул” гэсэн юм. Долоо хоног хэртэй Доржпаламтай хамт сууж зохиолоо засч бэлэн болгосон. Тэр үед би Баянхонгор аймгийн Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан байсан юм. “Манай нутгийн хүү” зохиол маань сүүлдээ “Морьтой ч болоосой” гэсэн нэртэй болсны учир гэвэл ийм түүхтэй.

“Морьтой ч болоосой”Уран бүтээл гэдэг бол нэг ёсондоо амьдралын хуулбар юм. Би зохиолоо амьдралаас сэдэвлэж бичдэг. Удвал гуай миний нэг номыг редакторлахдаа өмнөх үгэнд нь “Гармаа бол аливаа болсон, тохиолдсон явдлаас сэдэв авч бичдэг, буух эзэнтэй буцах мөртэй зүйлийг л голдуу бичдэг” гэж үнэлсэн байдаг. Би болсон тохиолдсон явдлаас сэдэвлэж гол зохиолуудаа бичсэн байдаг юм. Нэг жишээ нь “Морьтой ч болоосой”. Баянхонгор аймгийн санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд очоод тэр намраа хөдөө явлаа. Сум руу хичээлдээ морьтойгоо явж байгаа бөөн хүүхэдтэй таарчихлаа.

Гэтэл өнөөдүүл чинь манай машинтай уралддаг юм. Гийнгоолж, хөөрцөглөөд сүйд. Нөгөө хүүхдүүдийг машинаас түрүүлэхээр манай жолооч хаазаа нэмж урд нь гарч, манай жолоочийг түрүүлэхээр морьтой хүүхдүүд гүйцэх маягаар явсаар Галуут сум орж байсан юм. “Морьтой ч болоосой”-гийн анхны нооргийг тэр явдлаас сэдэвлэсэн. Хүүхдээр хийх нь онцгүй байсан учраас машинтай уралдаж болохоор, адуунд хорхойтой, хөнгөн нимгэн сэтгэлтэй хүн хэн байх вэ гэдгийг бодож байгаад Дондогийн дүрийг олсон. Дондог мэдээж эрэгтэй хүнтэй уралдахгүй гээд Янжмааг олсон. Ингэж “Морьтой ч болоосой”-г бичиж байлаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img