2024-12-11, Лхагва
-14 C
Ulaanbaatar

Д.Дэмбэрэлдорж: Үндэсний үйлдвэрлэл хатавчинд сууж, импортын бизнес хойморт гарчихаад байна

“Барс моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Дэмбэрэлдоржтой ярилцлаа.

-Танай компани эх орондоо автомашин үйлдвэрлэж, хэрэглэгчдэд танилцуулсан. Машин үйлдвэрээс гарч, олон нийтэд танилцуулах хүртэл урт замыг туулсан байж таараа…?

-Машин үйлдвэрлэл бол хүнд аж үйлдвэрийн салбар. Манай улсын хувьд цоо шинэ үйлдвэрлэл. Тийм ч учраас биднийг анх эхлэхэд хүмүүс чадахгүй, бүтэхгүй гэдэг хандлагатай байсан. Машин үйлдвэрлэлийн хувьд эхлээд спорт загварын, тансаг зэрэглэлийн машин бүтээж тэндээс олсон ашгаараа масст зориулсан дунд загвар руу ордог жишиг бий. “Тесла” ч энэ замаар явсан.

Харин Монголд бол ингэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, 200 сая төгрөгийн машин хийлээ гэхэд худалдаж авах боломжтой хүн тун цөөхөн. Тиймээс бид чинээлэг, дундаж давхаргын монголчуудыг бий болгох үүднээс “MOZO” брэндээ бүтээхээр шийдсэн юм. Анх БНХАУ-ын Ханжоу хотод хятад компаниас 36 сая ам.долларын зээл авч, 25.000 машин угсрах үйлдвэр барьж байлаа. Ингээд эхний ээлжинд “MOZO” загварын 100 машин үйлдвэрлээд хоёрыг нь Монголд оруулж ирсэн. Гэтэл манайхан ухрах камергүй, люкгүй юм байна гэсэн шүүмж өрнүүлсэн.

Тиймээс үлдсэн машинууддаа люк болон ухрах камер суурилуулж, мөн хальтиргаанаас хамгаалах систем нэмсэн. Ингэсний эцэст японыг гүйцэхгүй ч солонгосоос илүү чанартай машин болж чадсан л даа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд MOZO загварын машины тухайд өвөл гараажинд тавих шаардлагагүй. Гэрийнхээ гадаа хонуулаад өглөө нь нэг дарахад л асдаг давуу талтай.

-Цахилгаан машин хөгжүүлэлтээ Монголдоо хийсэн үү, эсвэл гадаадад хийв үү?

-Монголдоо хийсэн. Цар тахал удаан хугацаанд үргэлжилсэн учраас Хятадад байгаа үйлдвэрээ ажиллуулна гэдэг мөдгүй болсон. Ийм шалтгаанаар Монголдоо жижиг ч гэсэн үйлдвэр барья гэж бодсон юм. Монголчуудаасаа хөрөнгө оруулалт татаж 2021 оны арванхоёрдугаар сарын 6-нд үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Анхны бүтээгдэхүүн маань 100 хувь цахилгаан “ГЕРО” /Great Electic Renew¬able Orbit/ гэх загвар. “ГЕРО” машины туршилтын замын нийт зай 50.000 гаруй км-т хүрсэн.

-Дотоодод хийгдэж байгаа үйлдвэрлэл нь сонирхол татаж байна. Машиныхаа яг юуг нь Монголдоо үйлдвэрлэж байгаа вэ?

-Бензин болон дизель хөдөлгүүрт машин 3000 гаруй эд ангиас бүрддэг бол цахилгаан машин 30 гаруй эд ангиас бүрддэг. Эдгээр эд ангийн 50 орчим хувийг дотоодод үйлдвэрлэх боломжтой. Одоогоор дотоодын 10 гаруй компани 20 орчим хувийг нь үйлдвэрлэж байна. Жишээ нь анх суудлын бүрээс хийдэг байсан бол одоо суудлын системийг тэр чигээр нь хийж байгаа. “ГЕРО” /Great Elec¬tric Renewable Orbit/ машины хувьд cуудлын систем, дотор интерьер, нарны тэжээлийн систем тэр чигээрээ Монголд үйлдвэрлэгдсэн.

Мөн дулаалгын материалуудыг дотооддоо үйлдвэрлэдэг. Цаашдаа машины шил, урд хойд гупер хийдэг болох гэж байна. Нэг зүйлийг онцлоход машиныг нэг үйлдвэр дангаараа бүтээчихдэггүй. Түүнчлэн авто машины салбар хамгийн олон ажлын байр бий болгодог. XX зууны эдийн засгийн гол хөдөлгүүр гэхэд л авто машины салбар байсан. АНУ, Герман, Итали, Франц, Япон, Хятадын эдийн засгийг дангаараа авч явсан салбар. Хүнд үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээ бий болгож байж салбарын олон тооны компанийг төрүүлдэг.

Монгол Улс эдийн засгийн хямралын энэ үед экспортын орлого олох нэн шаардлагатай байгаа. Тиймээс автын салбар Монголд хүнд аж үйлдвэрийн ногоон болон цахилгаан хувьсгалыг эхлүүлж дахиад 10’000 орчим ажлын байр бий болгох боломжтой цорын ганц салбар юм. Түүнчлэн уул уурхайгаас төмрийн хүдэр, зэс боловсруулах үйлдвэрүүдийг дагаад бид цахилгаан автомашины их бие, баттерейн үйлдвэрлэлд БНХАУ-тай хамтран ажиллах бүрэн боломжтой.

-Тэр ч тийм шүү, танай компанийн автомашины үйлдвэрлэлийг дагаж хүнд аж үйлдвэрийн олон компани төрнө гэж харахаар таатай санагдаж байна. Ингэхэд цахилгаан машин Монголд тохирохгүй гэсэн яриа дуулддаг. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Цахилгаан машины хувьд европчууд, хятадууд, японууд ч хэлдэг, 100 хувь цахилгаан машин Монголд тохиромжгүй гэж. Танайд цэнэглэх дэд бүтэц байхгүй, дээр нь маш хүйтэн, улсаас чинь бодлогоор дэмждэггүй гэх мэт шалтгаан хэлдэг юм. Үнэн л дээ, Хятадад цахилгаан машин худалдаж авахад улсаас нь мөнгө өгдөгөөс гадна цэнэглэх дэд станцуудыг нь байгуулж өгдөг. Манайд ийм дэмжлэг байхгүй ч бид Монголынхоо цаг агаарын нөхцөлд тохирсон маш сайн цахилгаан машин хийж чадсан. Хөдөө орон нутгаар танилцуулаад явсан.

Монголын хаана ч ямар ч нөхцөлд ажрахгүй гэдгийг туршилтаар нотолчихсон. Туршилт зуун хувь амжилттай болсныг энэ дамшрамд онцолж хэлмээр байна. Хөдөө орон нутгаар явж хийсэн танилцуулга маань нэлээд амжилттай болсон учраас бид хөрөнгө оруулалтаа тэлж, 5000 орчим машин угсрах, үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр ашиглалтад орууллаа. Манай машины нэг онцлог нь нарны батарейгаар кабин, суудал нь хална. Цахилгаан машиныг эмэгтэйчүүд голдуу барьдаг, хүүхэд хөгшдөө зөөх хэрэг гардаг гэдэг утгаар кабины дулаан их чухал. Мэдээж суудал дулаан байх нь хүйтний улиралд маш чухал.

-Танай үйлдвэрийн MOZO-X-ын эд ангиуд аль улсаас орж ирж байна вэ?

-Энэ загвар маань ихээхэн онцлогтой. Ерөөсөө евро стандарттай гээд хэлчихэд болно. “МОZO-Х”-ийн бүх эд ангийг Европоос татаж байгаа. Хятадаас эд анги, сэлбэгийн хувьд хамааралгүй болчихож байна гэсэн үг. Бид энэ зун сэлбэгийнхээ тээврийн туршилтыг нэлээд сайн хийж чадлаа. Беларусь улсад эд анги, сэлбэгээ төвлөрүүлсэн учраас үйлдвэрлэлийн явцад ямар ч асуудал гарахгүй. Түүнчлэн бид бүх эд ангидаа баталгаа өгч байгаа. Засвар үйлчилгээ нь үнэгүй. Суудал нь эргономик сайтай тул олон цагаар жолоо барихад нуруунд эвтэйхэн гэдгээрээ онцлогтой юм.

-Цахилгаан машины хувьд анхаарах гол зүйл юу вэ. Ер нь туршилтыг хэрхэн хийв?

-Цахилгаан машины батарейг 0 градуст хүргэж болохгүй. Тэгвэл цэнэг авах боломжгүй болно. Доод тал нь +5 градусын температуртай газар байлгах ёстой. Туршилтын хувьд бид Монголд нэлээд хэцүү замуудаар хийсэн учраас энэ загвартаа нэлээд найдлага тавьж байгаа.

Нөгөө талаар “МОZO-Х” сум орон нутгийнханд хамгийн тохиромжтой, тав тух сайтай унаа гэдгийг онцолмоор байна. Хилийн цэрэг, цагдаа, сумдын эмнэлгүүд, уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүст бензин бага иддэг, бат бөх, тав тухтай машин хэрэгтэй. “МОZO-Х” загвар энэ бүх шаардлагыг хангаж байгаа нь бидний гол давуу тал л даа.

-Манай улс цахилгаан машин цэнэглэх дэд бүтцийн хувьд тааруухан. Энэ бэрхшээлийг та бүхэн яаж шийдэхээр тооцоолсон бэ?

-Хэрэглэгч 4-5 жил бензинд зарцуулах мөнгөөрөө манай цахилгаан машиныг авах боломжтой. Цахилгаан машины батарейг 220 вольтод цэнэглэнэ. Тусгай цэнэглэгч шаардлагагүй. Хэрэв орон нутгаас нийслэлд орж ирээд богино хугацаанд цэнэглэх боломжгүй тохиолдолд манай үйлдвэрт хандахад бид богино хугацаанд цэнэглээд өгөх боломжтой.

-Үндэсний үйлдвэрлэлд хамгийн гол нь дэмжлэг хэрэгтэй байдаг. Ялангуяа хүнд аж үйлдвэрлэлийн салбарыг улсаараа дэмжиж байж босдог онцлогтой шиг санагддаг. Энэ тал дээр байр сууриа хуваалцаач?

-Машин бол хүнд аж үйлдвэрийн нэг том салбар. Монголд урд нь ийм үйлдвэрлэлийг хэн ч хийж байгаагүй. Би Монголд хувьчлагдсан аж үйлдвэрийг аваад дахиж ажиллуулж байгаа хүн биш. Цоо шинэ салбарыг нээж, шанг нь татаж байгаа учраас мөс хагалсан хэрэг. Тэр ч утгаараа бизнесээ эхэлсэн эхний гурван жилд хүмүүсийн дунд итгэхгүй, эргэлзэх хандлага хүчтэй байсан. Харин одоо нэг үеэ бодвол харьцангуй ойлгодог болж байна.

Монгол Улсын хүн амын хувьд тархай бутархай 300 гаруй засаг захиргааны бүтцэд хуваагдаж амьдардаг. Хүн амын ирж очих хөдөлгөөн гэж бий. Үүнийг нийтийн тээвэр дангаар шийдэх боломжгүй. Тэр утгаараа автын хэрэглээ маш өндөр.

Тийм болохоор монголчуудын хамгийн их мөнгө зарцуулж яваа бүтээгдэхүүнийг эрэмбэлж үзвэл дизель болон бензин түлшний араас хоёрт авто машины хэрэглээ ордог. Автомашины хэрэглээндээ жилдээ 500 сая төгрөг зарцуулдаг тооцоо байна. Дотоодын хэрэглээг чамлаж болохгүй.

Жилдээ доод тал нь 50-70 мянган машин импортолдог гээд та бод доо. Ийм нөхцөлд нэг компани жилд 5000 машин үйлдвэрлэдэг болчиход л Төв Азидаа том компанидаа тооцогддог болно.

-Зөвхөн худалдан авалтаас гадна татварын хөнгөлөлт зэргээр дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үндэсний үйлдвэрлэгчид ярьдаг. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Зуун хувь санал нэг байна. Төрөөс цахилгаан авто машин дээр дэмжиж эхэлж байна л даа. Бензин машин худалдаж авахаа больчихлоо. Цахилгаан болон хайбрид, түлш бага иддэг машин ав гэдэг шийдвэр гаргаж байна. Энэ бол том дэмжлэг. Нөгөө нэг чухал дэмжлэг бол татварын бодлого. Бид машин үйлдвэрлэхээр хөгжүүлэлт туршилт хийж, газар авч дэд бүтэц, үйлдвэр барьж, ажилчдаа сургаж, цалин тавьж, нийгмийн даатгал, татвар төлсний эцэст бүтээгдэхүүн гаргадаг. Түүнийгээ борлуулсны дараах орлогын албан татвар нь машин оруулж ирж зарж байгаа хүмүүстэй яг адилхан байх жишээтэй.

-Цахилгаан машин үйлдвэрлэчихээд зарахдаа импортын машинтай адил хэмжээний орлогын албан татвартай гэж үү. Ингэхээр хүнд аж үйлдвэрлэл яаж хөгжих вэ дээ.

-Яг адилхан татвар авдаг. Зүй нь хүнд аж үйлдвэр хөгжүүлэхэд татварын асуудал хамгийн чухлаар тавигдах ёстой. Та өнөөдрийн томоохон компаниудын хийдэг ажил чигийг нэг анзаараад үзээрэй.

Импортын бизнес хийдэг компаниуд л том байгаа. Юм савлаж оруулж ирээд л шошго наагаад л болоо. Улаанбаатарын хамгийн гоё, том обьектууд бүгд импортын компаниудын мэдэлд байна шүү дээ. Экспорт хийж байгаа компаниудын оффис ямар билээ.

Экспортоо байя гэхэд автын салбар дээр гэхэд эд анги хийж байгаа жижиг цехүүд Баянхошуу, Орбит, Амгалан, Улаанхуаранд подвальд л байгаа байхгүй юу. Нэг ёсондоо, үндэсний үйлдвэрлэл хатавчинд суугаад, импортын бизнес хойморт гарчихсан ийм л цаг үе байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img