2024-07-23, Мягмар
13 C
Ulaanbaatar

Яруу найрагч Д.ЦОГБАДРАХ: Зохиолчдын эвлэл бол уран зохиолд гай болж байгаа газар

Монголын зохиолчдын эвлэл бол уран зохиолд гай болж байгаа газар Яруу найрагч Д.Цогбадрахтай ярилцлаа.

-Яруу найргийг бодохгүйгээр мэдэрч бичдэг гэх, бас сэтгэлгээний яруу найраг…. Хоорондоо зөрчилдөөд байх шиг санагддаг юм…?

-Үгийн урлаг, бичиг үсэг бүх шинжлэх ухаанаас өмнө үүсээд энэ олон жилийн хугацаанд яруу найргийн олон элемент бий болсон. Тэр тусмаа өрнө, дорнын яруу найрагт. Жишээ нь “Зохист аялгууны толь” номонд яруу найргийн 37 чимэг бий гэж бичсэн байгаа. Зүйрлэл, адилтгал, гүтгэх, өөрчлөх, бишрэх, найрсах гээд цаашаа явж өгнө. Өрнө дахинд бол метафор парадокс буюу далд өгүүлэмжээр илэрхийлдэг. Өгүүлэх санаагаа тусгай кодоор илэрхийлээд тэрийг нь зөвхөн яруу найргийг уншдаг, мэддэг хүмүүс л ойлгоно гэсэн үг.

Ингэхдээ сэдвээр нууж болно, сэдэвтээ код өгөөд тайллыг нь шүлэгтээ бичсэн ч болно. Энэ бүхнийг эзэмших, эргээд түүнийгээ илэрхийлэх гэдэг гайхалтай чадвар. Асар их авьяас хэрэгтэй. Авьяасгүй бол энэ чадварыг эзэмшсэн ч бүтээж чадахгүй. Урлагт объектив, субъектив гэсэн хоёр гол ойлголт байна л даа. Нийтийн дуу ч юмуу, эстрадын яруу найрагт уул усыг, ямар нэгэн байхгүй зүйлийг магтаад л, өөрийн бүрэн гүйцэд мэдрэхгүй байгаа зүйлсийнхээ тухай бичиж байгаа юм. Объектив гэдэг нь тэр. Субъектив нь харин юунд ч захирагдахгүй зөвхөн өөрийнхөө мэдэрсэн зүйлсийг бичдэг.

-Монгол зохиолчдоос энэ бүхнийг гаргууд эзэмшсэн, авьяастай хүнийг нэрлээч гэвэл?

-Үгийг ашиглан мэдрэмжээ илэрхийлээд, уншигчиддаа ч бас яг тэр мэдрэмжээ мэдрүүлж чадаж байгаа нь цаанаасаа нэг өгөгдөлтэй байна гэсэн үг. Адилхан авьяастай хүн бол уншаад л шууд мэднэ. Гунигтай, баяртай зүйлсийг яаж илэрхийлснээс хамаараад хүний авьяас нэвт харагддаг байхгүй юу. Харин тэрийгээ мэдэрч хөгжүүлнэ гэдэг нь өөр асуудал. Үнэхээр тийм хүний жишээ нэрлэ гэвэл, Данзангийн Нямсүрэн найрагч байна. Түүний шүлгүүд нь яруу найраг гэж нэг ийм л юм байдаг байх гэсэн мэдрэмж төрүүлдэг.

-Танд бичихээс халгадаг сэдэв бий юу?

-Бичихээс халгадаг гэхээсээ илүү бичихэд тохиромжгүй сэдэв гэж байдаг. Ямар сэдвээр бичих нь хамаагүй, яруу найргийн гоо зүйг алдагдуулж болохгүй. Ганцхан жишээ хэлэхэд өнгөрсөн жил “Болор цом”-ын эзэн болсон бүсгүйн шүлэг байна л даа, сүүлийн даваанд уншсан санагдана. “Шүлэг бичихгүй бол хар дарна Шүд уналаа гэж”. Энд ямарч гоо зүй алга. Тэр хүний илэрхийлэх ёстой зүйл биш учраас эзэндээ тохирохгүй байгаа хэрэг. Харин чи Буковскийн шүлгийг уншаарай. Тэр маш гоо зүйтэй яруу найрагч. Бохир, гудамжны, хар яриа гэж хэлэгддэг үг хэллэгийг хэрэглэсэн мөртлөө тэр үгнүүд нь яг байх ёстой газартаа маш гоё таараад байдаг. Үг байх ёстой газраа байгаад, тухайн шүлгийг бүтэн болгоход оролцож байгаа бол гоо зүйтэй байна л гэсэн үг.

-Таны Ц.Доржсэмбэ найрагчид зориулж бичсэн нэг шүлэг санаанд орчихлоо. “Жижигхэн шаламгай болжморууд Тагт бүхэнд үүрлэж Жинхэнэ яруу найрагч Ус агаар мэт дутнам” гэсэн мөрттэй.

-Хараад байхад яруу найрагчдад нэг амин чанар байдаг юм. Дотор хүнд нь. Бүтээж байгаа оршихуйн хүнд нь. Маш энгийнээр тайлбарлахад, хоёр биенээ огт танихгүй эрэгтэй эмэгтэй хоёр хүн гудамжинд зөрөхөд бие биенээ гадна талаас нь л харна аа даа, харахгүй өнгөрсөн ч ялгаагүй. Таалагдсан бол харах л байсан. Тэрнээс биш оршихуйг нь харахгүй. Шүлэг бичдэг хүмүүсийн үнэтэй, амин оршихуйг хэн ч гаднаас нь харж чадахгүй. Юманд чигч ханддаг, туйлбартай занг нь ч анзаарч мэдэхгүй. Жинхэнэ уран бүтээлч бол би энийг илэрхийлнэ, би чадна гэж байгаа тэр зүйлээ л хийдэг. Ийш тийшээ савчаад байдаггүй. Харин савчаад байгаа нь “но”-той хүмүүс байдаг. Сэтгэлд буухгүйгээр үг ургах боломжгүй л дээ.

Сэмбээгийн хувьд хэрэггүй юм руу ер савчаагүй, сэтгэлдээ боловсруулж байгаад л яг өөрийнхөө мэдэрснийг гаргадаг, оршихуйн чигч чанартай хүн байсан. Хүн харахад тийм сайхан амьдраагүй ээ, гудамжинд архи ууж яваад л таалал төгссөн. Сэмбээ надаас 11 насаар ах хүн байсан ч би “чи” гэж дууддаг. Намайг ах гэхээр уурлаад байдаг байсан юм. Амьдралдаа олон зүйлд алдсан байж болно, тэр нь миний асуудал биш. Харин яруу найрагч байсан уу гэвэл яруу найрагч байсан.

-Яруу найраг бичихэд тэгэхээр тийм ч их зүйл хэрэггүй юм шиг.

-Амьдрахад ч бас их юм хэрэггүй шүү дээ, ер нь бол. Их юманд тэмүүлээд байвал бас их юм хэрэгтэй л байх. Яруу найрагч байхад их юм хэрэггүй ээ, харин бүтээхэд бол багагүй зүйлийг ойлгоод, түүнийгээ чанаржуулсан байх ёстой. Тэгж байж чанартай бүтээл гардаг. Ер нь ихэнх юмыг эртхэн туулаад мэдэрчихсэн нь дээр. Ууж үз, учирч үз, хагацаж үз. Энэ бүхэн хүний дотоод гоо зүйг нэмээд л байдаг. Бидэнд ирж байгаа баяртай, гунигтай цохилт бүр хүнийг тайван тогтуун болгоод, ингэснээрээ дотоод гоо сайхныг улам нэмээд, хүн илүү баялаг зүйлсийг сонирхоод эхэлдэг.

-Та үргэлжилсэн үгийн зохиол хэзээ бичиж байна уу?

-Хэзээ гэдгийг нь мэдэхгүй, бичиж л байна. Би бол уншхаас зугтаадаггүй. Боломжийн юм уншихыг хичээдэг. Тэрнээс гадна бичих их гоё л доо. Ганц гайгүй юм бичсэний дараа, ахиад цааш нь энэнээс гоёыг бичье гээд тэмүүлэх мэдрэмж бүр гоё. Хэзээ ч дүүрдэггүй байхгүй юу. Энүүхэндээ гэж хэлэхэд бахтай зүйл. Хувь уран бүтээлчид өөртөө хүрэх гэж нэг зүйл байдаг. Өөрт таалагдаагүй бүтээл хэнд ч таалагддаггүй л дээ.

-Дунд сургуулийн багш байсан хүний хувьд одоогийн ЕБС-ийн хүүхдүүдийн уран зохиолын боловсрол ямархуу түвшинд байна гэж хардаг вэ?

Манайхан бол уран зохиолоор маш их хоцрогдчихсон байгаа. Хоцорсон гэдэг нь ерөөсөө л хүмүүсийн нийтээрээ таашаагаад байгаа ном зохиолуудаас харагдаад байгаа юм. Энийг “за яахав” гэж өнгөрөөгөөд байсан нь буруу юм билээ. Заавал засах ёстой. Уран зохиолын багш нар нь ч ерөөсөө л нэг цаг нөхцөөсөн амьтад зогсож байгаа. Бүгд биш л дээ. Ер нь уран зохиолыг мэргэжлийн зохиолч нараар заалгавал зүгээр юм шиг байгаа юм. Барууны томоохон коллежуудад бүр яруу найргийн багш хүртэл байдаг. Манай сурах бичгийн зохиолууд бол панаалтай юмнууд байна лээ. Бид нар хараад голох нь ойлгомжтой л доо. Гэхдээ л хүүхдэд зориулсан сургалтын программ нь арай аятайхан баймаар байгаа юм. Тэгвэл хүүхдүүд эртнээс уран зохиолын зөв төлөвшилтэй болно.

-Таны шүлгийг дунд сургуулийн номонд оруулбал болох уу?

-Ганц миний шүлэг гэхээсээ илүү дунд сургуулийн номонд иймэрхүү шүлэг оруулахгүй гэсэн хаалт байхгүй шүү дээ. Болзолгүй. Би өөрийгөө бичих гэж байгаа залуус л сонирхож уншдаг зохиолч гэж боддог, номнуудаа ч анхнаасаа тийм зорилгоор бүтээсэн. Тэгэхээр 10 жилийн сургуулийн номонд заавал байх шаардлагагүй болов уу.

Ахлах ангийн номонд бол яруу найргийн зөв элементүүдийг ашигласан, маш гоё шүлгүүдийг оруулаад олон талын өнгө аясыг харуулах ёстой. Д.Галсансүхийн нэг шүлэг, Л.Өлзийтөгсийн нэг шүлэг, Д.Нямсүрэнгийн шүлэг. Гэхдээ Нямсүрэнгийн шүлэг гэхээр л зөвхөн “Дөрвөн цаг” биш өөр гоё гоё шүлгэн дундаас нэгийг нь. Тэрнээс биш эх орноо л хайрладаг хүнийг төлөвшүүлнэ гээд, эх оронч сэтгэлгээ яриад, гол уран зохиол гэдэг зүйлээ хаяад байгаа нь буруу.

Бас Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч тэрний шүлэг гэвэл хүмүүс илүү сонирхдог коммунизмийн сонин тогтолцоо одоо ч үргэлжилж байгаа. Нэг ёсондоо гавьяа шагнал нь л шүлгээ авч явдаг. Уг нь бол уран бүтээл нь хүнээ авч явах ёстой юм л даа. Тэдний хажууд миний шүлгийг аваачаад тавьбал багш нар тоохгүй, нөгөө шүлгийг нь л цээжлүүлнэ. Гэхдээ жин дээр тавихад минийх илүү байвал яахав.

-Монголын нийгмийн яруу найрагт хандах хандлага ер нь ямар түвшинд яваа бол?

-Яруу найргийн боловсрол бол маш гоё боловсрол. Гэтэл нийгэм яагаад буруугаар ойлгоод байна гэхээр яруу найргийг алдаг хэдэн алаач нар байна шүү дээ. “Болор цом” нэрийн дор яруу найргийг төлөөлж сонин сайтад ярилцлага өгч, зурагтаар гарч гүйгээд байгаа хэдэн юмнуудаас болж нийгэм түүнийг нь үнэ цэнтэй зүйл гэж мэдэхгүй байгаа юм. Дорвитойхон бичдэг хүмүүс нь бүтээлээ л туурвиад тийм зүйлээр оролдохгүй байна. Жишээ нь, Д.Урианхай ах орой болгон зурагтаар гараад яруу найргийн талаар яривал маш гоё юм болно оо доо. Г.Аюурзана ах одоо “Гарчиг” нэвтрүүлэг хөтөлж байгаа. Тэр маш гоё.

Монголын зохиолчдын эвлэл гээд нэг байгууллага байдаг юм уг нь. Би гишүүн нь л дээ./инээв/ Энэ бол намын гар хөл болчихсон ажлаа хийж чаддаггүй байгууллага. Бие биенээ хөөргөж шагнал өгөөд л найр хийгээд сууж байдаг. Бараг уран зохиолд гай болж байгаа газар. Миний бодлоор “Болор цом”, “Утгын чимэг” гээд хэрэгтэй хэрэггүй тэмцээн зохиож байхаар фен клуб болгож задлаад, шагнал өгөхөө больчихвол жинхэнэ зохиолчид тунаж үлдээд яруу найраг үнэ цэнтэй болно. Тэгвэл л нэг зөв урсгалаараа яваад, нийгэмтэйгээ зөв харилцаж эхэлнэ.

-Бичиж эхэлж байгаа залууст нэг зөвлөгөө хэлээч?

-Агваандандар лхаарамбын хэлсэн гоё үг байдаг. “Үлгэрлэвээс муу хог сага усны мандалд хөвнө, үнэт чандмань эрдэнэ харин ёроолд нь хэвтэнэ ээ” гэж. Далайд байгаа сувдыг олохын тулд хүн ямар их хөдөлмөр гаргадаг билээ дээ, түүнтэй адил уран зохиолын гүн рүү нь шунган орж чадвал жинхэнэ зүйлс нь бүр цаана, маш холын газар бий. Тэр лүү зориглож ороод тэрийг олж уншиж, бусдадаа танилцуулна гэдэг бол их сайхан гавьяатай зүйл.

Бас цаг хугацаа их үнэтэй шүү. Уран зохиол сонирхож байгаа бол гол гол юмнуудаа эхэлж уншаад ойлгочих хэрэгтэй. Их юм уншихдаа биш ээ. Их юм уншихын нэг сайн тал нь юу уншихаа мэддэг болоод, ахиж муу юм уншиж цаг алддаггүй. Чиний насан дээр ойлгож байгаа түвшин нь ч гэсэн өөр байхгүй юу. Хүн залуу насандаа, тухайлбал ганцаараа байхдаа өөрийнхөө оршихуйг мэдэрдэг юм. Би хүн шүү гэдгээ ойлгуулж, мэдрүүлэх, бүр амтлуулах ганц арга нь оршихуй. Оршихуй дундаа урлагийн мэдлэгтэй оршихуй маш гоё, бүтээдэг оршихуй бол бүр гайхамшигтай.

Д.Цогбадрах найрагчийн түүврүүд: “Интоорын цэцэрлэг” /2010 он/, “Зүүднээс гүн ертөнцөд” /2015 он/, “Одоо цаг” /2017 он/, “Яруу найргийн төгсгөлд” /2020 он/.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img