2024-07-25, Пүрэв
16 C
Ulaanbaatar

Киану Ривс: Хайрт эхнэр минь ослоор өнгөрөхөд хорвоо хөмрөх шиг л болж билээ

Холливудад хамгийн өндөр үнэлэмжтэй ч Буддын шашныг шүтдэгээсээ тэр үү, дээд зэргийн тансаг харшид амьдардаггүй, мөн үнэтэй машин унадаггүй нэг сонин од бий. Нью-Йоркийн метрогоор зорчихоос эмээдэггүй, гуйлгачин хүнтэй харьцахаас сэжиглэдэггүй тэрбээр “Оскар” зэрэг киноны элдэв нэр хүндтэй шагнал гардаагүй ч олсон байдаг мөнгөө буяны байгууллагуудтай харамгүй хуваалцдаг нэгэн. Хамгийн “уйтгартай жүжигчин” нэр авсан, “Матрикс” киноны Нео дүрээрээ дэлхий даяар алдаршсан Киану Ривс Ливаны Бейрут хотод төрсөн ба англи, ирланд, португал, хавай, бүр хятад цус холилдсон нэгэн гэх. Түүнтэй “Hollywood Reporter”-ийн сэтгүүлч ийн ярилцжээ.

-Та оддын оролцдог янз бүрийн арга хэмжээнд ерөөс үзэгддэггүй, бөглүү амьдралтай хүн. Тэгсэн хэрнээ дур булаам хэвээрээ, ер хөгширдөггүй. Иймээс ч шүтэн бишрэгчид тань таныг цус сорогч вампир гэдэг байх?
-Дракулагийн тухай кинонд тоглосон учраас тэгдэг юм болов уу? Миний амьдрал уйтгартай, намуухан байж болно оо. Гэхдээ үнэндээ би цус сордоггүй шүү. (Инээв)

-Холливудын жүжигчдийн дунд таныг өглөгч хүн гэдэг юм билээ. Хувийн байшинтай болох гэж нэлээд удсан та дээр нь өнөөг хүртэл машингүй, метрогоор зорчдог шүү дээ. Гэхдээ л мэргэжил нэгт жүжигчдэдээ өгөөмөр ханддаг гэх юм. Яагаад тэр вэ?
-Наад сэдэв чинь “Чөтгөрийн өмгөөлөгч” киноноос үүдсэн юм. “Чөтгөрийн өмгөөлөгч” тааруухан төсөвтэй кино байсан л даа. Тэгэхээр нь би домогт Аль Пачиног тоглуулах гэж өөрийн мөнгөнөөсөө нэмэрлэсэн юм. Дараа нь яасан гээч? Миний тоглолтыг эрс шүүмжилж, киног маэстро Аль Пачино л авч гарсан гэж билээ. Иймд түүнтэй мөнгөнөөсөө хуваалцсандаа би ер харамсдаггүй.

-Тэр кинонд таныг муу тоглосон гэдэгтэй би лав санал нийлэхгүй. Харин ч таны бүтээсэн гойд дүрүүдийн нэг гэж боддог. Үнэнийг хэлэхэд та “Чөтгөрийн өмгөөлөгч”-өөс өөр олон кинонд хавьгүй дор тоглосон шүү. Ингэхэд та мэргэжлийнхээ бүтэлгүйтлийг хэрхэн хүлээн авдаг вэ?
-Би угаасаа юм бүхэнд байнга эргэлздэг хүн. Иймд бүтэлгүйтлээ маш эмзэг хүлээн авдаг. Гэхдээ алдаа болгон намайг илүү хүчтэй болгодог юм. Та бүхний хэзээ ч сонсоогүй кинонуудад би туслах дүрүүдэд ер эргэлзэлгүй тоглож, нэг ч удаа зураг авалтаас хоцорч байсангүй. Бүтэлгүйтэл бүрийн дараа би харин ч улам шазруун болдог. Би бууж өгөх дургүй л дээ.

• Он удаан ганцаардал намайг устгаагүй, харин ч эсрэгээр, улам хүчтэй болгосон

-Тэгвэл та яагаад тэгтлээ шазруун юм бэ. Таныг угаасаа тэгж хүмүүжүүлсэн үү, эсвэл энэ нь таны жүжигчин болсны дараах туршлагаас үүдэлтэй юу?
-Би багаасаа л шартай. Шүдээ зууж, нударгаа зангидаад дуугүй л зорьсондоо хүрэхийг хичээдэг байв. Хувь тавилангийн маань анхны цохилт гэвэл би бэртэл авч хоккейн спортыг орхиход хүрсэн явдал. Би муугүй хоккейчин байлаа. Гэвч хүнд бэртлээс болж би олимпын наадамд оролцох боломжгүй болсон юм. Би маш зожиг, биеэ барьдаг хүүхэд байсан даа. Мөсөн дээр л би өөрийгөө бүрэн нээж баясна. Би чинь багадаа бага зэрэг ээрдэг, дислекси өвчнөөс болж олигтой уншиж, бичиж чаддаггүй тул ангидаа байнга дээрэлхүүлж, тоглоом тохууны бай болдог байв. Эцэст нь дунд сургуулиа төгсөлгүй орхиход хүрсэн юм. Шазруун зангаасаа болоод л тэр. Гэхдээ тэр үед би цаашид хэрхэхээ мэдчихсэн байсан л даа.

-Тэр шийдвэрийг таны аав, ээж дэмжсэн үү?
-Намайг гурван настай байхад аав маань ээж, бид хоёрыг орхиод явсан юм. Ээж ажилтай, завгүй тул өвөө, эмээ хоёр л намайг хүн болгосон. Одоо хүртэл би аавтайгаа харьцдаггүй. Гэхдээ тэр намайг дэлгэцээс хардаг байлгүй дээ. (Инээмсэглэв) Ээж намайг цаг ямагт дэмждэг байлаа. Бид хоёр чинь түнэр харанхуйд нэг нэгэндээ гэрэлт цамхаг нь болсоор ирсэн. Ээжийн хүнд хэцүү үед би чаддагаараа дэм болно. Харин надад хэцүү байхад ээж минь л түшнэ. Иймд, элдэв арга хэмжээний улаан хивсэн дээр ээжийнхээ гараас атган хамт алхахад ямар сайхан гээч!

-Уучлаарай, та хүүхэд насаа хэдийн ардаа орхисон эр. Ээжийн тань оронд хамт алхах эмэгтэй баймаар сан?
-Амьдралын ханийн тухай асуух гээд байна уу? Наадах чинь миний хувьд эмзэг сэдэв. Гэхдээ арван жил өнгөрсөн юм хойно, энэ талаар би шууд хэлж чадна. Хайрт эхнэр Женнифер минь ослоор өнгөрөхөд хорвоо хөмрөх шиг л болж билээ. Эхлээд бид хоёрын хүүхэд зулбасан, төд удалгүй хайрт бүсгүй минь тэнгэрт хальсан юм. Тэр үед ээж минь л намайг түшиж, дахин өндийн, өөдрөг алхах эрч хүч өгсөн юм шүү. Миний ээж намайг аз жаргалтай байх ёстой хүн гэдэгт итгэдэг. (Инээмсэглэв)

-Харин та өөрөө үүнд итгэдэг үү?
-Намайг дахин дурласан гэдгийг өдгөө хэн хүнгүй мэдсэн биз ээ. Сэтгүүлч та нарын л ачаар. (Дахин инээмсэглэв) Үнэнийг хэлэхэд би хайртай бүсгүйгээ өөд болсны дараа ганцаардлаа дарах гэж хамаа намаагүй сээтэгнэлгүй уй гашуугаа дан ганц сэтгэлдээ тээж удаан тэсэж чадсандаа ер харамсдаггүй. Би хэсэг хугацаанд бүгэх хэрэгтэйгээ ойлгосон гэх үү дээ. Тэгэхэд би амьдралаа нам гүмийн горимд шилжүүлсэн. Мэдээж мэргэжлийн биш, хувь хүнийхээ хувьд. Үүний ачаар надаас одсон хайрт хүнийхээ тухай одоо би маш гэгээлэг дурсамжтай үлдсэндээ баярладаг. Он удаан ганцаардал намайг устгаагүй, харин ч эсрэгээр, улам хүчтэй болгосон болов уу.

-Үнэхээр он удаан ганцаардал шүү. Таныг цэцэрлэгт хүрээлэнд ганцаархнаа сэндвич идэн суух зураг бүхий “Гунигт Киану” гэх мийм дэлхий даяар тархсан. Гэтэл тэр зураг эмгэнэлт явдлаас арван жилийн дараах шүү дээ?
-Тийм ээ. Тэр зураг дээр би арай л дэндүү гунигийн гарсан шүү. Уг нь хоолоо идэж буй хүний ердийн л нэг зураг даа. Гэтэл ямар олон хүн намайг дэмжсэн гээч! Би чинь ойр тойронд юу болж байгааг тэр бүр анзаардаггүй, хүмүүсээс илүүтэй амьтадтай харьцдаг, зожиг нэгэн. Тэгээд гэнэт бодит ертөнцөд дэндүү олон сайхан сэтгэлтэй хүн намайг дэмждэгийг мэдэхэд амьдрах эрч хүч өөрийн эрхгүй оргилдог юм билээ.

• Сайхан сэтгэлтэй дэндүү олон хүн намайг дэмждэгийг мэдэхэд амьдрах эрч хүч өөрийн эрхгүй оргилдог юм билээ

-Чухам тэр зургаас үүдэн таныг шүтэн бишрэгчид жил бүр “Кианугийн сэтгэлийг сэргээх өдөр” санаачилсан гэл үү?
-Хэлж байна шүү дээ, тэд чинь шидтэнүүд! Нэг удаа би компьютер тоглоомын сурталчилгааны зураг авалтад оролцож байв. Тэгтэл огт танихгүй нэг нөхөр орилоод намайг магтаж гарав аа. Би биеэ тооно гэж ч юу байх вэ. Гэхдээ л тийм агшин гоё юм билээ.

-Ингэхэд эргээд таны хувийн амьдрал руу оръё. Энэ талаар ярих дургүйг тань мэднэ ээ. Угаасаа та өөрөө л дахин дурласан гэсэн шүү дээ?
-Энэ талаар юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй л байна. Юутай ч Александра Грант бид хоёр давгүй. Александра миний ээжтэй танилцаж, надтай хамт мотоцикл унаж, инээж ханиаж, намайг эрч хүчээр тэтгэдэг. Бид хоёрын хувьд бүх юм сайхан.

Keanu Reeves arrives at the premiere of ‘The Matrix Resurrections’ on Dec 18, 2021, at the Castro Theatre in San Francisco. Photo: AP

-Та одоо 58 нас хүрчээ. Хүүхэдтэй болох талаар боддог уу?
-Үүнд мэдээж ханьтайгаа зөвшилцөх хэрэгтэй. Александра маань уран бүтээлч хүн. Хийх ёстой зүйлээ гүйцэлдүүлэх гээд хичээж явна. Үүнд нь би саад болоод яах вэ дээ.

-Та ч мөн ялгаагүй жүжигчнээс гадна басс гитар тоглодог мундаг хөгжимчин шүү дээ?
-Мундаг ч гэж дээ. Нэг үе хамтлагт басс гитар дардаг байлаа. Тэр хамтлаг бутарсан. Иймд одоо өөрийгөө баясгах гэж л хааяа гитар барьдаг юм.

-Өөрийгөө баясгах гэж та өөр юу хийдэг вэ?
-Нэлээд удаан амьдарч байсан нэгэн зочид буудалд үе үе эргэн очих дуртай. Зүгээр л байх гэж, унтах гэж. Мөн ямар нэг усан санд очоод сэлэлгүй зүгээр л алсыг ширтэн суух гоё.

-Та баян болсныхоо дараа ч гэсэн яагаад хувийн байшин авалгүй зочид буудалд удаан хугацаагаар хоргодсон юм бэ. Бараг л дампуурсан зочид буудалд алдарт Киану Ривс амьдарсаар байгаа тухай мэдээлэл нэг бус удаа гарсан шүү дээ?
-Яг таг яагаад гэдгээ мэдэхгүй юм аа. Зүгээр л хувийн байшинтай, байшингүй надад давгүй байсан гэх үү дээ. Тэгээд ч өөрийн гэсэн байшинтай болно гэдэг ямар нэг үүрэг хариуцлага хүлээхэд хүргэдэг гэж бодож байв. Тэндээ суурьшаад, тогтвортой амьдралтай болоод хүүхэд шуухад биш юм аа гэхэд нохой тэжээхэд хүрнэ гэж төсөөлдөг байсан даа. Тухайн үед би тэгэхэд бэлэн байгаагүй.

-Харин одоо бэлэн үү?
-Бэлэн шүү.

-Киану, та сэтгүүлчидтэй ярилцахдаа үргэлж инээмсэглэдэг. Надтай одоо ярихдаа ч ялгаагүй. Гэвч камерын өөдөөс ер инээмсэглэдэггүй тань ямар учиртай юм бэ?
-Би ичдэг юм аа. Камерт утгагүй, тэнэг, инээдтэй, хуурамч харагдахаасаа айдаг. Ер нь фото зураг авалтад дургүй. Гэрэл зурагчдын өөдөөс худлаа инээмсэглэх бүр ч дургүй.

-Та дүнсгэр, гутрангуй дүр төрхтэй. Яагаад тэр вэ?
-Угаасаа би энэ дэлхийн хамгийн баяр баясгалантай хүн биш ээ. Бодит байдлыг үнэлдэг реалист хүн гэх үү дээ. Зарим зүйл намайг маш их хөөргөдөг. Гэхдээ жил ирэх тусам тийм зүйл улам цөөрсөөр л. Сүүлд найруулагчаар ажиллах нь надад дэндүү таалагдсан. Дүр гүйцэтгэгч бус, түүнийг бүтээгч байх ямар янзтай гээч! Ерөнхийдөө бол аливаад гайхширахаа больсон минь аймшигтай санагдах юм.

-Тэгвэл та ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?
-Урьд нь би ийм асуултад хариулахдаа, бид бүгдийг нэг л зүйл, үхэл л хүлээж буй гэж хэлээд инээмсэглэдэг байв. Уг нь үнэн, тийм үү? Гэвч одоо би ирээдүйн тухай бүр бодохоо ч больсон. Ажил ихтэй байхад юун тэр тухай бодох, айн? Гэвч би маргааш руу, ирээдүй рүү тун чиг итгэлтэй алхаж байгаа. Тэгж алхаж би чаддаг юм аа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img