2024-07-26, Баасан
15 C
Ulaanbaatar

South China Morning Post: Хятад, Монгол хоёр элсэн шуургатай хамтран тэмцэнэ

120 жилийн тэртээ 1903 онд Хонг Конгт үүсгэн байгуулагдсан нэр хүнд бүхий “South China Morning Post” сонинд тоймч Кенди Вонгийн бичсэн нийтлэлийг орчуулан толилуулж байна.

Энэ оны эхээр Хятадын хойд нутгийг бүрхсэн элсэн шуурганаас цаашид урьдчилан сэргийлэх тал дээр Бээжин, Улаанбаатар хоёр хүчин чармайлтаа нэгтгэн эрчимжүүлж, Хятадын төлөөлөгчид энэ сарын сүүлээр Монголд айлчлан асуудлыг шийдвэрлэх оновчтой арга замуудыг судлан тогтоохоос хамтын ажиллагаагаа эхлүүлэх гэж байна.

Үүнээс өмнө буюу өнгөрсөн тавдугаар сарын эхээр Хятадын Үндэсний ой, бэлчээрийн газрын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн хэлтсийн дарга Б.Оюунсанаа нарын тэргүүлсэн Монголын төлөөлөгчид зургаан хоногийн турш айлчилсан билээ.

Айлчлалын үеэр Хятадын Өвөрмонголын өөртөө засах оронд болсон хэлэлцээний үр дүнд хоёр улс харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн түүнчлэн Хятадын судалгааны багийг энэ сарын 25-наас долдугаар сарын 10 хүртэл Монголын цөлжилтийн нөхцөл байдалд газар дээр нь дүгнэлт хийхээр урьжээ.

Улмаар Монгол дахь цөлжилттэй тэмцэх Хятад, Монголын хамтын ажиллагааны төвийг байгуулахад түлхэц үзүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна хоёр улсын хамтарсан тэрхүү төвд Хятадын ойн алба шинжээчдээ илгээн ажиллуулахаар болсон байна.

шар шороон шуургаХарин Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг хандивын хөтөлбөр, үзүүлэнгийн төвүүд, цөлжилтийг хянах станцууд, дээрх төвийн чадавхийг нэмэгдүүлэх хамтарсан судалгаа, сургалтын арга хэмжээнүүдийг тэтгэн дэмжих ажээ.
Хятадын Экологи, байгаль орчны яамнаас өмнө нь ихэвчлэн хаврын улиралд Бээжин болон ойр орчмын бүс нутгийг нөмөрдөг хүчтэй элсэн шуургыг Монголоос эхтэй гэсэн билээ.

Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард Бээжин, Хятадын хойд нутаг төдийгүй зүүн бүс нутгийн зарим хэсэг, үүний дотор Шанхайг хэд хэдэн удаа хүчтэй элсэн шуурга бүрхсэн юм.

шар шороон шуургаИймээс ч Хятадын дарга Си Жиньпин өнгөрсөн долоо хоногт Өвөрмонголын өөртөө засах оронд ажиллахдаа, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, цаашид элсэн шуурганаас байнга “нэг алхам урд” байх үүрэг даалгаврыг зохих албан тушаалтнуудад өгчээ.

Тэрээр, “Цөлжилт, элсэн болон шороон шуурга, хөрсний элэгдэл зэрэг нь Хятадын хойд хэсгийн экологид хохирол учруулж, эдийн засгийн хөгжлийг хазаарлаж байна. Сүүлийн хоёр жилд Хятадын хойд хэсэгт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр элсэн шуурга дэгдэх нь ихэслээ.

Үүнээс урьдчилан сэргийлэх урт хугацааны, хүнд хэцүү ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Бид элсэн шуурганы дэгдэлтээс байнга нэг алхам урд нь явж, түүнээс сэрэмжлэх зохих арга хэмжээг цаг тухайд нь авдаг байх учиртай” гэж хэлжээ.

Монголын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Чулуунбаатар хэлэхдээ, Хятад улс Өвөрмонгол, Нинся, Шинжаан зэрэг өөртөө засах орноос гадна Ганьсу мужид цөлжилт, элсэн шуургатай тэмцсээр ирсэн бол өдгөө энэ тал дээр Бээжин, Улаанбаатарын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай болсныг цохон тэмдэглэсэн юм.

Тэрээр цааш нь ярихдаа, “Усны нөөцийн хомсдол Монголын хөгжлийг боомилж байна. Ялангуяа усны нөөц ихээр шаарддаг уул уурхайн салбар хөгжиж буй Говийн өмнөд бүс нутагт энэ нь нэн тулгамдаж буй асуудал.

Хятадын өмнөд гол мөрнүүдээсээ хуурай уур амьсгалтай хойд бүс нутаг руугаа ус татах төслийг олон арван жилийн турш хэрэгжүүлсэн туршлага ч Монголд мөн чухал юм.

Үүнээс гадна хоёр орны үр ашигтай хамтран ажиллаж болох өөр нэг салбар бол нүүрсхүчлийн хийн ялгарлын худалдааны систем. Учир нь Монголд энэ системийг хараахан нэвтрүүлээгүй байгаа билээ” гэжээ.

шар шороон шуургаТэгвэл Ноттингемийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Хаятулла Ахмадзай судалгааны өгүүлэлдээ, Монголын говь цөлийн бүсийн ургамалжилт муу байгаа нь элсэн шуурга үүсгэдэг гол шалтгаанаас гадна газар тариалангаас олох боломжит орлогыг багасган Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.27 хувиар бууруулах магадлалтай талаар бичжээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард нийтлэгдсэн өгүүлэлдээ тэрээр түүнчлэн, “Элс, шороон шуурганы давтамж нэмэгдэх нь газар тариалангийн ургацын хэмжээг үр тарианы нэр төрлөөс хамааран 1.5-24 хувиар бууруулж болзошгүй” гэж анхааруулсан юм.

Монгол Улсын Засгийн газар Хятадтай хамтын хүчин чармайлт гаргахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа энэ үед тус улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанитай хамтран ажиллаж, 2024 он гэхэд 1.1 тэрбум модыг устахаас аврахаар ажиллаж буй ажээ.

2022 оноос хэрэгжиж эхэлсэн 2.3 сая долларын өртөг бүхий гурван жилийн хугацаатай “Эрүүл ой” төсөл нь моддын хортон шавжид дасан зохицох, тэсвэрлэх чадвар зэргийг сайжруулан “амь бөхтэй, эрүүл ойн нөөцийг бий болгосноор тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжих” зорилготой юм байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын хойд нутгийг хамарсан элсэн шуурга Өмнөд Солонгосоос Япон хүртэлх тэнгэрийг бүрхэж, 2021 оноос хойш Токио анх удаа шар шороо, элсээр хучигдсан билээ.

Өвөрмонголын Технологийн Их Сургуулийн эдийн засаг, менежментийн профессор Шинжилэтү Ян өнгөрсөн оны долдугаар сард нийтэлсэн судалгааны материалдаа элс, шороон шуурга нь үзэгдэх орчинг эрс багасган зам тээврийн осолд хүргэж, шороо, цэцгийн тоосоор дамжин хорт бодисууд түгснээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үр тарианы ургац буурахад хүргэнэ гэж урьдчилан бичиж байв. Тэр нь ч эхнээсээ биеллээ олж байх шиг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img