2024-05-23, Пүрэв
19 C
Ulaanbaatar

Мэргэлдэг хүнийг л мундаг лам гэвэл үлгэрт гардаг хорон санаатай шидтэнг бас шүтэх ёстой

Буддын ном, сургаалийг түгээдэг цөөн газрын нэг бол Жавзандамба хутагт төв. Тус төвийг саявтар зорьж очлоо. Зорилго маань Д.Нямсамбуу гавжийн “Би үгүйн онол буюу хоосон чанар” лекцийг сонсох байв. Энэ удаа түүний лекцийг биш бурханы шашинтан гэж яг хэн болох тухай сүсэгтнүүдэд хандсан яриаг нь тоймлон хүргэе.

Мэргэлдэг хүнийг л мундаг лам гэвэл үлгэрт гардаг хорон санаатай шидтэнг бас шүтэх ёстой

Хойморт залсан бурхан ямар утгатай юм бол? Шавар гуулиар хийсэн зүйлс босч ирээд биднийг аварна гэж итгэх аргагүй нь үнэн. Сүхбаатарын талбайд байгаа хөшөө бол Сүхбаатар биш. Ач гавьяаг нь дурсан санах гэж л хөшөө босгодог. Бодгаль байгаа гээд, өнөө бодгалийг бэлгэдээд шавар, гуулиар бүтээж буй хэрэг юм. Тэгвэл тэр бодгаль нь юу юм бэ? Яагаад мөргөх учиртай юм.

Мөргөж хүндлэхийн утга учир, үнэ цэн нь юундаа байна? Энэ их чухал. Хүмүүсийн маш түгээмэл хэлдэг нэг зүйл бий. “За нэг сайн лам олоотох” гэдэг. Сайн лам гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр арван тохиолдлын ес нь “Маш сайн мэргэлдэг лам” л гэнэ. Энэ бурханы шашны утга учир мөн гэж үү? Маш сайн мэргэлдэг мөртлөө муу хүн байж болно.

Намайг бага байхад Гандангийн гадна Мэргэн бөөдий гэж хүн байсан. Бултаараа сүйд болно. Бид тийм хүмүүсээс сайн байх, зөв байх, ариуссан сэтгэлтэй байх гэх мэт ямар нэг ёс суртахуун хүлээдэггүй. Зөвхөн мэргэ нь оноосой гэж хүсдэг. Энэ бурханы шашны үнэт зүйл биш. Бидний хувьд сайн ламаас хүлээж буй хамгийн чухал зүйл ид шид болчихоод байна л даа. Мэргэлж, нисч, бороо оруулж байгаа хүнийг л мундаг лам гэж харж байвал бид үлгэрт гардаг хорон санаатай шидтэнг бас шүтэх ёстой.

НямсамбууБид шүтэх, бишрэх, хүндлэх, дээдлэх гэсэн ойлголт яриад байгаа. Бурханы шашинтнуудын эрэмбийн дэс дараалал бол ерөөсөө л ариун сэтгэл, ёс суртахуун, энэрэл нигүүлсэл. Мэргэлнэ гэдэг 77 дугаар асуудал. Огт мэргэлж чадахгүй байсан ч хамаагүй. Тухайн ламын явдал мөр нь сайн байх учиртай. Хүнд хорлол болохгүйсэн гэж маш их хичээдэг байх ёстой. Жишээ нь ямар ч тохиолдолд хүнийг гүтгэдэггүй байх хэрэгтэй. Бурханы шашнаас дамжиж ирж байгаа чиг баримжаа, үнэт зүйл, итгэл үнэмшил бол ерөөсөө л энэ.

Түмэн юмнаас сэжиглэсэн хүнийг бурханы шашинтан гэж хэлэхэд хэцүү

Бурханы шашинтан гэхээр нэг их сэжигч хүнийг хэлэхгүй л дээ. Энэ ч болохгүй ингэвэл хийморь доройтно, энэ нь бузар, тэр нь ариун гэх мэтээр түмэн юмнаас сэжиглэсэн хүнийг бурханы шашинтан гэхэд хэцүү. Би хорих анги руу таван жилийн турш тасралтгүй явсан. Маш олон сүсэгтнээс “Тэр муу энергитэй газар руу битгий яв” гэсэн үг сонссон.

Би хувьдаа багш нараасаа тийм үгс сонсч байгаагүй. Харин ч тийш очиж бодийн сэтгэл ярих учиртай. Хүмүүс сүсэгтэй болчихоороо хэрэггүй олон юмнаас айдаг болчихдог. Тэгэх дэмий л гэх гээд байгаа юм. Улаан өнгийн юм авч болохгүй гэдгээс хиртхийтэл айдаг атлаа бодь мөрийн зэрэгт буй арван хар нүглээс маш бага айна. Ам зуургүй чалчаа үг ярьж суугаагаа, худал хэлж яваагаа, хүнийг бодохгүй амьдардгаа юман чинээ бодохгүй.

Сошиалаас анзаарахад манай монголчууд бие биенийгээ юман чинээ бодохгүй зүхнэ, шүүмжилнэ. Ямар нэг шашингүй хүн байх нь гээд харахаар үгүй. Сан даллага гээд сүйд болно. Учир начиргүй зүйлсээс айдаг болчихсон атлаа яагаад хүнийг хайрлах талаар бодохгүй байгаа юм бэ. Бурханы шашинтан хүний ёс суртахууныг эн тэргүүнд тавихгүй яваа юм бол? Бурханы шашинд хамгийн чухал зүйл бол ёс суртахуун. Бурханы шашинтан хүн сургаал номлолыг нь дагаж засарч өөрчлөгдөх учиртай. Түүнээс ид шидээр аврагдах боломжгүй. Хүн өөрөө өөрийгөө аварна.

Аминч хандлага, би гэх дөвийлгөлтөө тайлж хаясан нэгэн л бурханы шашинтан

НямсамбууӨөрөө өөрийгөө аврахын тулд гурван суртхаалыг хэрэгжүүлэх учиртай. Гурван суртхаалын сууринд нь шила буюу ёс суртахуун бий. Ёс суртахуун байж гэмээ нь бясалгал явагдана. Ёс суртахуун байж гэмээ нь философи явагдана. Философийн зорилго нь бараг ёс суртахууны төлөө.

Бөөн сүсэгтэй хүмүүс, “жигтэйхэн сайн ном дагадаг” гэцгээнэ. Мандар өргүүлэнгүүт мандал дээр алалцчихна. Тэр мандалыг барих гээд, хадагнаас нь зүүгдэх гээд үзчихнэ. Уг нь бурханы шашинтан хүн үүний эсрэг байх ёстой. “Та яв, та тэг” гэж бусдадаа хүндэтгэл үзүүлэх учиртай.

Өглөг гээд ярихад л өөрийнхөө гурван цагт хураасан буянаа өгөх сэтгэлтэй байх учиртай хэмээн сургадаг, бурханы номонд. Бурханы шашны сүсэгтнүүдийн хувьд амин хувиа хичээх үзлийн нэг хэлбэр болчихсон тохиолдол элбэг анзаарагдаад байна л даа. Амин хувиа хичээх үзэл гэдэг дээр буян гэх мэт үг нэмчихсэн төдий яваа ажиглагддаг. “Цаадах чинь муу заяатай, тэрүүгээрээ л яваг хохь нь. Бид чинь буянтай, өөр заяатай хүмүүс” гэж байгаагаас ялгаагүй хандлага гаргах нь хэр утгатай вэ? Би буянтай гэж харах нь өөрийгөө дөвийлгөх л нэг арга.

Би нэг сүсэгтэнтэй таарч байсан юм. Өөрийгөө бурханы шашинтай гэнэ. Жигтэйхэн баян. Хүмүүст туслаад хэрэггүй гэдгийг ойлгосон тухайгаа “Манай байрны хогийн цэгээс байнга хог түүдэг хүн байдаг юм. Нэг өдөр цонхоор хартал өнөөх чинь зогсч байна. Тухайн үед манайд хэд хоночихсон талх байж таараад. Хатааж байснаас өгчихье гэж бодов оо. За тэгээд аятайхан амттай юм идэг гээд масло түрхлээ. Цэвэрхэн уутанд хийлээ. Тэгээд өнөө хүний ойролцоо тавьсан чинь миний бэлдсэн талхыг уутнаас нь гаргаж, үүрч явсан бохир шуудай руугаа шидчихдэг байгаа. Харамссан гэж яана. Ийм юмнуудад юм өгөөд нэмэргүй юм билээ” гэж ярьсан юм. Хүнд туслах, чин сэтгэлээ зориулах талаар үнэр ч үгүй байгаагийн л шинж. Миний бодлоор бурханы шашинтан гэж аминч хандлага, би гэх дөвийлгөлт гэх мэт хэрэггүй бүх үзлийг тайлж хаясан нэгнийг хэлнэ. Өөрийн миний гэх юу ч байхгүй болох төвшинд хүрсэн хүн л бурханы шашинтан.

Бурхан шашинтнуудын хийх ёстой ганц л зүйл бий, тэр нь бурхан Буддаг даган дуурайх

НямсамбууБурхан Будда гэдэг нь хүний хүрч болох хамгийн сайн сэтгэлд л хүрсэн хүн. Хамгийн сайхан сэтгэлтэй хүн байдаг гэж бодохоор л сайхан санагддаг. Зүгээр л нэг санамсаргүй, төрмөл сайхан сэтгэлтэй хүнийг хэлж байгаа хэрэг биш шүү. Тоолшгүй гурван галавын турш муу сэтгэлийг арилган арилган, бусдыг энэрэх хайрлах зөв сэтгэлийг хөгжүүлэн хөгжүүлсээр сайн сэтгэлд хүрснийг хэлж буй юм. Хүн болгонд мэргэжлийн онцлог гэж бий. Би гэхэд л гэгээрлийг хар багаасаа заалгасан. Гэхдээ гавьсангүй л дээ. МУИС-ийг эдийн засгийн чиглэлээр төгссөн нэг залуутай таарсан юм. Хорьтойгийнх нь мөрөөдөл Ферари унах гэж хэлж билээ. Миний хувьд арван тав, зургаан настайгаасаа тасралтгүй заалгасан зүйл бол муу сэтгэлээс хол байх. Муу сэтгэл хүчтэй учраас муу сэтгэлийнхээ боол хэвээрээ л байна. Тэр залуу бид хоёрын харах өнцөг өөр байгаа нь сонин санагдаж байсан л даа. Ферари бол амьдралын зорилго болгож тавих зүйл биш.

Бурханы шашин 2500 жилийн турш түгэн дэлгэрсэн, Энэтхэг, Шри Ланка, Бирм, Тайланд, Хятад, Япон, Солонгос, Непал, Төвд, Монголд. 1000-2000 жилийн өмнөх Хятадын утга зохиолуудыг харж байхад буян гэж байдаг шүү, нүгэл хийж болохгүй шүү гэсэн санаанууд их анзаарагддаг. Ийм олон жилийн турш буруу зүйл хийж болохгүй тухайтад нөлөөлөөд ирсэн шашин. Өнөөдөр Сүхбаатар аймагт хэн нэгэн хүн “Энэ нүгэл шүү, би ийм зүйл хийж болохгүй” гэж бодож яваа гэж төсөөлье. Ямар нэгэн сэжмээр бурханы шашнаас авсан ойлголтоороо л тэгж бодож яваа. Нүгэл, буян гэж бий. Бурхан шашинтнуудын хийх ёстой ганц л зүйл бий. Тэр нь бурхан Буддаг даган дуурайх. Бодь сэтгэлийн тухайд хамаг амьтны тусын тулд би гэгээрэх ёстой гэж хүчтэй хатуу бодох учиртай. Хорвоогийн элдэв явдлыг зүүд зэрэглээ шиг юм даа гэж хааяа боддог л юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img