2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

НББХ: Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Улсын Их Хурлын 28 гишүүний боловсруулж өргөн мэдүүлсэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулсан юм. Тэрбээр, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, чанар аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгох асуудал нэн чухал байгааг дурдаад, Эрүүл мэндийн яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран хийсэн судалгаагаар хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй, улсын байгууллагын хангамж 53.6 хувь, хувийн байгууллагын хангамж 68.9 хувь, эмийн эргэлтийн сангийн хангамж 51.2 хувь байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийг 80.0 хувийн хүртээмжтэй байлгах зөвлөмжийн шаардлагыг хангахгүй байгааг мэдээлэв. Энэхүү хүртээмжгүй байдал, эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах журам, жагсаалт батлахтай холбоотой тулгамдсан асуудлыг үе шаттайгаар судлан, тодорхойлох шаардлагын үүднээс хянан шалгах Түр хороо байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэнээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа. Мөн хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах Түр хорооны хяналт шалгалтын явцад эмийн үнийн асуудлыг нарийвчлан судлах, зах зээл дээр худалдагдаж байгаа болон Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн үнийн өсөлтийн бодит шалтгааныг үргэлжлүүлэн хянан шалгах шаардлагатай гэх дүгнэлт гарсан юм.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хянан шалгах Түр хорооны бүрэлдэхүүнд Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Ц.Туваан ажиллуулахаар заасан байна. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь, Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Эдгээр багц хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15, мөн 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрүүдэд өргөн мэдүүлсэн бөгөөд үүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс санаачилж 2021 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын гишүүдээс 2023 оны тавдугаар сард өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж буй юм.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор, харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр, мөн бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 хоног байгааг 132 хоног болгож нэмэгдүүлэхээр заагаад байгаа юм. Ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдийн тэтгэмжийг 20 хоног нэмэгдүүлэн олгох, ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг бодох хувийг нэмэгдүүлэх, ажил олгогчид таван жилд нэг удаа 10 хувиар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байсныг гурван жилд нэг удаа 15 хувиар үзүүлэх зэрэг сайжруулалтыг оруулж буй юм.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлдэх санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ахалж ажилласан юм. Ажлын хэсэг Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг 10 гаруй аймаг, Улаанбаатар хотод нийгмийн бүх төлөөллийг хамруулсан долоон хэлэлцүүлгийг хийж, нийт 6000 гаруй иргэдтэй уулзаж, санал авсны зэрэгцээ D-Parliament цахим системээр 21 000 иргэнд хуулийн төслийг танилцуулж, 1300 санал хүлээн авчээ. Байнгын хорооны дарга П.Анужин Ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулав.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд 26, дагасан хуулийн төслүүдэд ес, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд 15, дагасан хуулийн төслүүдэд хоёр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд 11, дагасан хуулийн төслүүдэд нэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд 21, дагасан хуулийн төслүүдэд хоёр, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн болон Зөвшөөрлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд 45, нийт 132 зарчмын зөрүүтэй санал боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл, заалт бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс боловсруулж оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураав.

Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан оруулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн Чингис хаан банкинд байршиж буй мөнгөн хөрөнгийг барагдуулах ажиллагааны тухай, мөн Капитал банкны эрх хүлээн авагчийн мэдээлэл, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсохоор төлөвлөөд байсныг хойшлуулав

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img