Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцэж, энэ талаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн танилцуулав.
2022 онд бүс нутагт үүссэн геополитикийн хямрал, үүнээс үүдэлтэй нийлүүлэлтийн гинжин сүлжээний доголдол дэлхий нийтээр үнийн өсөлтийг эрчимжүүлж, ялангуяа эрчим хүч, хүнсний үнийг өдөөж хөгжсөн, хөгжиж буй олон орон сүүлийн хэдэн арван жилд байгаагүй өндөр инфляцтай нүүр тулсан нь Төв банкуудыг эдийн засгийн өсөлт эсвэл инфляц гэсэн хүндхэн сонголттой тулгарсныг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч онцоллоо. Дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай гүрнүүд болох АНУ, Европын холбооны орнууд одоо ч өндөр инфляц, эдийн засгийн өсөлтийн сааралттай хэвээр байгааг мөн дурдсан. Гадаад зах зээлд түүхий эдийн үнэ өндөр түвшинд хадгалагдсан нь манай экспортын орлогод эерэг нөлөө үзүүлсэн хэдий ч биет хэмжээгээр бүрэн сэргэж чадаагүйгээс уул уурхайн салбар 2022 онд уналттай гарсныг тайлан танилцуулах үеэр хэллээ. Гэхдээ бодит эдийн засаг нийт дүнгээр 4.8 хувиар тэлсэн нь уул уурхайн бус салбарын сэргэлт, тодорхой хэлбэл Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлсэн зээл, санхүүжилтийн багц бодлого, томоохон төслүүдийг эрчимжүүлсэн арга хэмжээний үр дүн гэв. Ийнхүү хөдөлмөр ихээр шингээдэг худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, боловсруулах салбаруудын өсөлт жигд хүртээмжтэй байснаар Монгол Улсын эдийн засаг цар тахлын өмнөх үеийн түвшинг давснаар сэргэлтийн төлөвт ороод байгаа хэмээн дүгнэжээ.
Мөнгөний бодлогын хороо үнийн өсөлтийг хязгаарлаж, төгрөгийн ханшийг хамгаалах зорилгоор өнгөрсөн онд шаардлагатай бодлогын тохиргоонуудыг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, 2022 онд 5 удаагийн шийдвэрээр бодлогын хүүг нийтдээ 7 нэгж хувиар нэмэгдүүлсэн юм. Ингэхдээ эдийн засгийн сэргэлтийг удаашруулахгүй байхад онцгой анхаарсан ба зээлийн өсөлт 2022 онд дунджаар 19 хувьд хүрчээ. Монголбанкнаас үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлсэн бодлогын шийдвэрүүд үр дүнгээ өгч 2022 оны зургадугаар сард 16.9 хувьд хүрээд байсан инфляц оны эцэст 13.2 хувь болж саарч, энэ онд ч үргэлжлэн буурах суурь нөхцөл болсон гэв. Гэхдээ гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн гаралтай болзошгүй шокууд, төсвийн тэлсэн бодлого зэрэг нь мөнгөний бодлогын үүсээд байсан орон зайг хязгаарлаж, инфляц өндөр түвшинд хадгалагдах эрсдэлийг үүсгээд байгааг тэрбээр тайлангийн танилцуулгын үеэр онцоллоо.
Цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангахад макро эдийн засгийн бодлогуудыг чиглүүлэх нь чухал болж байгааг Г.Дөлгөөн ерөнхийлөгч хэлсэн. Монголбанкны бодлого, үйл ажиллагаагаа инфляцыг зорилтот түвшинд эргүүлэн тогтворжуулах замаар эдийн засагт эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхээр чиглүүлээд байгааг төгсгөлд нь хэлсэн.
Түүнчлэн ажил эрхлэлтийг нэг бүрчлэн бүртгэж, түүнээс иргэн нэг бүрийн олж буй орлогыг бүртгэдэг тогтолцоог бүрдүүлэх шаардлагын талаар мэдээлэл өгөв. Бодлогын хүүгийн өөрчлөлтийн талаар тодруулсан Т.Доржханд гишүүний асуултад “Цаашид бодлогын хүү өсөхгүй, орон зай үүсэх бүрд аль болох бууруулах чиглэлд анхаарна” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Ийнхүү Эдийн засийн байнгын хороо Монголбанкны 2022 оны үйл ажиллагааны тайлан, Монголбанкны Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцсэн юм.
2022 оны жилийн эцсийн байдлаар даатгалын компаниудын нөөц сан 12.6 хувиар өсөж 216.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 182.2 тэрбум төгрөгийг ердийн даатгалын компаниудын, 31.8 тэрбум төгрөгийг давхар даатгалын компанийн, 2.9 орчим тэрбум төгрөгийг урт хугацааны даатгалын компанийн нөөц сан бүрдүүлж байна. Тайлант хугацаанд даатгалын компаниудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж 474.9 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд даатгалын компаниудын нийт хөрөнгөд эзлэх хувийг даатгагчийн төрлөөр авч үзвэл ердийн даатгалын компаниудын нийт хөрөнгө 398.2 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компаниудын нийт хөрөнгө 16.4 тэрбум төгрөг, давхар даатгалын компанийн хөрөнгө 60.3 тэрбум төгрөг байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцуулсан.
Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд нь 484.8 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий даатгалын эрсдэлийг хүлээн авч, 300.7 тэрбум төгрөгийн даатгалын нийт хураамжийн орлоготой ажилласан бөгөөд үүнээс, давхар даатгалын хураамжийн зардалд 100.0 тэрбум төгрөгийг шилжүүлсэн бол даатгалын компаниудын олгосон даатгалын нийт нөхөн төлбөр 94.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин давхар даатгалын компанийн хураамжийн орлого 4.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд давхар даатгалд 1.6 тэрбум төгрөгийн хураамжийг шилжүүлсэн бол 0.2 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт олгож ажилласан байна.
Даатгалын нягтрал буюу нэг хүнд ногдох хураамжийн орлогын харьцаа 2022 оны жилийн эцсийн байдлаар нэг ам.долларт шилжүүлбэл 25.4 ам.доллар байгаа бол олон улсын дундаж нь 900 орчим ам.доллар байдаг аж.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Т.Доржханд нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авч, даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү даатгалын салбарын эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссоноор Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө