2024-12-11, Лхагва
-14 C
Ulaanbaatar

Лам, шар, зөв буруу гэж төөрч гүйхгүйгээр хүүхдүүдээ хамгаалцгаая

Гандантэгчинлэн хийдэд шавилдаг жаахан хүүг хамт сурдаг насаар ах хөвгүүн хүчирхийлсэн сэртхийм хэрэг нийгэмд шуугиан тариад хэд хоночихлоо. Хохирогч ганц энэ хүүгээр тогтохгүй, нэг биш нэжгээд хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл олныг эмзэглүүлж байна. ХЭҮК-оос Ганданд шалгалт оруулж, ЦЕГ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж, холбогдох байгууллагууд өөр өөрийн чигээрээ энэ хэрэгт анхаарлаа хандуулаад эхэлчихлээ. Хуультай улс учраас удахгүй хэргийн учир тодорч хэрэгтэн нь хариуцлагаа хүлээнэ гэж найдаж байна.

Лам хүүг хүчирхийлсэн гэх шуугианы эргэн тойронд сошиал ертөнцөд анзаарагддаг нэг “эмгэг” хачин тод харагдаатахлаа. Хэргийн шуугиан эхэлснээс хойш “Муусайн шар хувалз нар”, “Гандан бузар булайн оромж болжээ”, “Би лав Гандан орж ном уншуулдаггүй, одоо бүр шагайх ч үгүй”, “Ганданд лам нарыг сургахаа болих хэрэгтэй”, “Шарын шашин Монголыг сөнөөж байна”, “Лам нар үхэж далд ороосой” гэх мэт дайрч давшилсан үгс сошиалд хөвөрч байна. Даарин дээр давс гэгчээр Христийн шашны гаж урсгалууд гэгддэг сүмийн итгэгчид, Шүгдэн шүтдэг хэсгийнхэн ч энэ кейс дээр дөрөөлөн ихэд давшлангуй шүүмжилж буй нь учир мэдэх хэнд ч тод анзаарагдах боллоо. Аравдугаар Богд Монголоос тодорсон түүхэн цаг үеийн өнгө ч энэ шуугианд нэрмээс болж байх шиг.

Ер нь монголчуудын уламжлалт шашин руу хандсан ийм шүүмжлэл, дайралт сүүлийн жилүүдэд илт хүчээ авах болсон нь нуух юмгүй ил үнэн. Энэ хандлагад Буддын соёлт ертөнцөд том нөлөөтэй оршихын тулд аравдугаар Богдыг Монголоос тодруулахгүй, өөрсдөө тодруулах их амбицтай урд хөршийн элдэв нөлөөлөл хүч өгч явааг үгүйсгэх аргагүй. Яг ийм шалтгаанаар, аравдугаар богдыг Монголоос тодруулахгүйн төлөө Хятадын талд ажилласан гэх үндэслэлээр олны танил найрагч торны цаана сууж буй. Энэ мэтээр үргэлжлүүлбэл хардах өнцөг олон бий ч ингэсгээд зогсъё.

Ганц шашин ч биш ямар ч сэдэв дээр сошиал ертөнцийнхөн яг ингэж уулгалан дайрдаг болцгоочихож. Эргэцүүлэх орон зай, бодох чөлөөгүйгээр биесээ хэмлэж, шүүмжилж, эргэж босохгүй болтол нь няц гишгэхээр улайран дайрдаг болцгоочихож. Бид хэзээ ийм болчихов оо… Бид ч биш юм аа. Сошиал ертөнцөд “амьдардаг” цөөхөөн монгол яагаад ийм болчихов оо гэж асуух нь үнэнд дөхөх юм байна.

Ажил амьдралынхаа төлөө цаг наргүй зүтгэдэг баялаг бүтээгчид, буддын ухааныг уг учраар нь таньж шүтэж сүслэж яваа ухаалаг сүсэгтнүүд, нийгмийг нуруундаа үүрдэг сэхээлэг дундаж давхаргынхан гээд яривал олон олон хүн “сошиал”-аас хол аж төрдөг. Тийм учраас бидний монголчууд ийм болжээ гэж хавтгайруулан халаглах нь үнэнээс зөрнө. Сошиалын монголчууд яагаад ийм болчихов оо??? Сүм хийд рүү олноороо уулгалан дайрснаас болж шашны сургуульд сурдаг лам нарыг гудамжаар тайван алхуулахгүй орчин бүрдчихлээ. Цахиур.мн сайтад нэг лам хүү яг ийм дарамтад өртсөнөө, гудамжаар тайван алхаж чадахгүй суугаагаа ярьсан байна лээ. ЭРГЭЖ ХАРАХААР КЕЙС.

Саяхан даа Монголын топ компанийг босгосон, өнөө ч үйлдвэрлэл хөгжүүлэхийн төлөө нойр хоолоо хасан зүтгэж яваа нэгэн бизнесмэн “Би сошиал ертөнцөөс хол хүн. Хаа нэг орохоор бие бие рүүгээ дайрсан, харааж зүхсэн зүйл л анзаарагддаг. Гэрэл гэгээтэй зүйл ажиглагддаггүй. Тийм зүйлийг үзэж харж, намагт шигдмээргүй байна. Ийм намагт шигдчихсэн хэн ч эрүүл саруул сэтгэх чадваргүй болно. Бүтээлчээр сэтгэвэл Монголд маш их боломж бий. Бүтээлчээр сэтгэх суурь нь эрүүл сэтгэлгээ” гэж хэлсэн юм. ТУНГААЖ БОДОХООР ҮГ.

“Ид шидийн орон”-ы Ч.Ганжавхлан лам хүү хүчирхийлэлд өртсөн гэх мэдээ цацагдсаны дараахан бичсэн постондоо “Энэ бол шашны талаархи, ламын талаархи пост биш Монгол улсын бүх иргэнд үйлчилэх ёстой бэлгийн гаж зуршлаа ёс бусаар хангасан, хангахыг завдсан, хүчиндсэн гэх бага насны хүүхдийн хүндрүүлэх заалттай хүнд төрлийн гэмт хэргийн талаархи пост юм. Лам, шар зөв буруу гэж өөр сэдэв руу төөрч гүйхгүй Монгол улсын хуультай маш ноцтой энэ гэмт хэргийг анхаарцгаана уу ! Хүүхдүүдээ хамгаалцгаая” гэж онцолсон харагдсан. САНАЖ СЭРЭХЭЭР ӨНЦӨГ. Төөрч гүйхгүйгээр хүүхдүүдээ хамгаалцгаая.

Лам хүүг хүчирхийлсэн гэх шуугиан хүүхдийн хүчирхийллийн маш том, сэтгэл эмзэглүүлэм кейс. Солонгос, Япон, Герман, Англи гэх мэт өндөр хөгжилтэй, хуулиа чанд мөрдүүлдэг улсын иргэд энэ асуудалд их өөр хандана. Хүүхэд хүчирхийлэлд өртлөө гэсэн өнцөгт л анхаарлаа хандуулна.

“Сошиалын монголчууд”-даа ч ингэж уриалмаар байна, лам хүүгийн хүчирхийлэл бол хүүхдийн маш том хүчирхийлэл. Ухаалаг хэрсүү иргэдтэй улсад бол яг өдийд хийд хүрээ, асрамжийн газар, хорих анги гээд хөвгүүд олноороо амьдардаг газруудад ийм хүчирхийлэл далд хэлбэрээр бугшчихсан яваа юм биш биз гэсэн асуулт тавьж, энэ чигийн бүх газруудад анхаарлаа хандуулахыг эрх баригчид, ХЭҮК-оосоо хүчтэй шаардаж байгаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img