2024-05-20, Даваа
10 C
Ulaanbaatar

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улс дефолт эрсдэлээс бүрэн гарлаа

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч төсвийн алдагдал 60 хувиар буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байна. Экспорт, гадаад худалдаа сайжирч байна. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.0 орчим хувьд хүрч сайжирсан байна. 2023 оны эдийн засгийн төсөөлөл илүү эерэг болж байна.
Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн “Номад” өрийн зохицуулалтын арга хэмжээ, 2021 онд авч хэрэгжүүлсэн “Сенчири” өрийн зохицуулалтын арга хэмжээний үр дүнд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх хуваарьтай Чингис бондын хоёрдугаар транч болох 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, нийт 1.0 тэрбум ам.долларын дийлэнх хэсгийг дахин санхүүжүүлж, үлдээд байсан 136.8 сая ам.долларын төлбөрийн эргэн төлөлтийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд бүрэн төлж барагдуулсан.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлснээр 2022 онд 994.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Ингэснээр Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг төлөх мөнгөн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж, цаашлаад 2022 оны эхэнд 1.3 хувь байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт (CAR)-ийг зохистой түвшинд хүргэж тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гараад байна.
2023 онд Монгол Улсын Засгийн газрын төлөх бондын өрийн зохицуулалтыг хийх зорилгоор Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголбанк хамтран шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн хөрөнгө оруулагчдын цахим уулзалтуудыг хийснээр 2023 оны нэгдүгээр сарын 9-ний байдлаар 138 олон улсын хөрөнгө оруулагчдаас буюу Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас дөрөв орчим тэрбум ам.долларын захиалгыг ирүүлснээр өмнөх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүллээ.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр үнэлдэг. Энэ хүрээнд Fitch болон S&P агентлагууд 2022 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тав, долдугар сард хийсэн бөгөөд олон улсын эдийн засаг Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн арга хэмжээг авч мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, дэлхий даяар инфляци огцом нэмэгдэж, Орос Украинын зэвсэгт мөргөлдөөн болон БНХАУ-ын тэг ковидын хатуу бодлого хэрэгжиж байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээх, экспорт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн, гадаад өрийн зохицуулалт буюу Засгийн газрын энэ жилийн томоохон бондын өрийг төлөх арга хэмжээг авснаар Монгол Улс дефолтоос бүрэн сэргийлж чадлаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцоллоо.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img