2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Монголд “Тэмээний эдийн засаг”-ийг хөгжүүлэх боломжтой

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүднээс манай улсад ингэний фермерийн хагас эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх судалгааг Өмнөговь аймгийн Ханбогд, Ханхонгор суманд хийж байна.

Монгол Улсад тогтвортой хөгжлийг бий болгох, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн дээрх судалгаагаар ингэний маллагааг тэжээлээс нь эхлэн сүү, ноос зэргийг ашиглах ашиг шимийн өгөөжийг гаргах зорилготой байгааг ГХЯ-нд өнөөдөр болсон “Монгол Улсын хос бөхт тэмээ-хөгжлийн боломж, стратеги” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Уулзалтыг өнөөдөр тохиож буй Дэлхийн тэмээний өдрийг тэмдэглэх хүрээнд Азийн Сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, ХХААХҮЯ, ГХЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Ноос ноолуурын холбоо, “Монгол бактриан” нийгэмлэг, Тэмээний соёл, уралдааны холбоо, “Тэмээн соёл” ТББ, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, ТЭСО групп, Баянхонгор аймгийн “Ингэн эрдэнэ” байгууллага хамтран зохион байгуулав.

Мал тооллогын дүнгээр манай улсад 470.4 мянган тэмээ тоологджээ.

Уулзалтыг мөн НҮБ-аас ирэх оныг Тэмээний олон улсын жил болгохоор зарлаж буйтай холбоотойгоор зохион байгуулж байгааг ХААИС-ийн Мал аж ахуй, био технологийн сургуулийн захирал, доктор Д.Гүрбазар хэлэв. Тэрбээр тэмээний ашиг шимийг дээшлүүлэх үүднээс ингэний саалийн хугацааг тооцож үзэхэд манай улсад ингийг 11.5 сар буюу бүтэн жил саах боломжтой нь гарчээ. Ингэснээр саалийн аж ахуйг хөгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Гэхдээ Монгол орны байгаль цаг уурын эрс тэс байдал, уур амьсгалын өөрчлөлт сөргөөр нөлөөлөх болсон өнөө үед малчид, тэмээчид ингийг 7 дугаар сард уяж саадаг болсон. Мөн ингэ ботгоо эрт тавьж байна гэв.

Арабын орнуудад нэг бөхтэй тэмээний аж ахуйг эрчимтэй хөгжүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-нд хоёр бөхтэй тэмээний фермерүүд тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж байна.

Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар тэмээний ноос, сүү зэрэг баялгийг ашиглах тал дээр “Тэмээний эдийн засаг”-ийг бий болгох талаар мөн хэлэлцлээ. Манай улсад:

  • Бүс нутгийн тэмээний аж ахуйг байгуулж хөгжүүлэх,
  • ингэний сүүн бүтээгдэхүүнийг экспортлох,
  • Тэмээн соёл, Тэмээн уралдаанаар аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой байна.
    Зөвлөлдөх уулзалтын үеэр салбарын дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээжээс бичил үзэсгэлэн гаргав.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img