Колумбын Барранкилья хотын гудмаар шаргал үст залуу охин гуниглангуй алхаж явна. Сургуулиас гэр хүрэх замын урт, сургуулийн найрал дуунаас “хөөгдсөн” бяцхан охины гуниг дэндүү гүн. Найрал дууны хамтлагт тэнцэж чадаагүй хамгийн гол шалтгаан нь ердөө л “чичиргээтэй” хоолой юм шүү дээ. Харин энэ хоолой Латин дуучдын дэлхийд гарах замын эхлэлийг тавьсан юм.
Тэр урлагт дэндүү хайртай байж. Бүр дөрвөн настай байхдаа нэгэн араб хоолны газар belly dance үзсэнээсээ хойш үүгээр хичээллэж эхэлсэн. Мөн л энэ насандаа “The Crystal Rose” хэмээх анхны шүлгээ бичсэн юм.
Найман настай байхад нь аавынх нь үнэт эдлэлийн бизнес дампуурч, машин, өнгөт зурагт, агааржуулагч гээд тансаг хэрэглээний бүхий л зүйлс нь нэг өдрийн дотор ор мөргүй алга болчихож. Сэтгэлээр унаж байлаа. Гэхдээ энэ уналт аав ээж нь түүнд жинхэнэ зовлонг харуулахаар тэндхийн нэгэн паркт аваачиж орох оронгүй өнчин хүүхдүүд өлссөнөө мартахын тулд цавуу үнэрлэж байгааг харуулах хүртэл л үргэлжилсэн юм шүү. Тэнд байхдаа таван настай бяцхан охины өөртөө өгсөн амлалт юу байсан гээч “Тэд над шиг л жаахан хүүхдүүд. Гэвч тэднийг хамгаалах хэн ч байхгүй учир би заавал амжилтанд хүрч энэ хүүхдүүдэд туслах зүйл хийнэ”. Харин дараа нь юу болсон бэ? Тэр хөдөлмөрлөж эхэлсэн юм.

Амжилтын чимэг нь уналт ч юм шиг. Тэр дараагийн жилүүдэд хоёр цомог гаргалаа. Харамсалтай нь аль нь ч хангалттай сайн борлогдсонгүй. Тиймээс дуу бичлэгийн компани нь Шакирад сүүлчийн боломж олгож байгаагаа мэдэгдлээ. Энэ боломжийг тэр арай л хэтрүүлээд ашиглачихсан болов уу. 18 настай уран бүтээлчийн Pies Descalzos цомог Латин Америк даяар шуугиан тарьж, тэр ч байтугай найман оронд нэгдүгээрт жагсан, Америкийн Billboard-ийн шилдэг Латин цомгууд жагсаалтыг тэргүүлсэн билээ.
“Pies Descalzos” гэдэг нь “хөл нүцгэн” гэсэн утгатай бөгөөд нөгөө л өнчин хүүхдүүдийг бодож, тэдэнд зориулж хийсэн уран бүтээлээ тэдэнд зориулсан үгээр нэрлэсэн нь энэ. Шакирагийн байгуулсан боловсролын сан болох Barefoot Foundation нь мөн л “хөл нүцгэн” гэсэн утгатай аж.
Эмэгтэй хүн үргэлж дур хүслийн бэлгэдэл болж ирсэн.
“There’s a she wolf in the closet,
Open up and set it free
There’s a she wolf in the closet,
Let it out so it can breathe”.
Ингэж дуулаад, тайчигч нарын бүжиглэдэг алтан шон дээр биеийн өнгөтэй бариу хувцастай эргэлдэн бүжиглэж байгаа Шакира бидэнд юуг хэлэх гээд байна вэ? Халуухан бүсгүйн энэ дүр төрх нь нийгэмд хэвшил болсон хуучинсаг, харгис ойлголтыг эвдэхийг л хичээж байгаа үзэгдэл юм. Эмэгтэйчүүд өөрсдийн хүсэл, хэрэгцээнийхээ төлөө зүтгэх ёстой.

Ихэнх л алдартай, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн хувийн амьдрал эсрэгээрээ бүтэлгүй байх нь элбэг. Авьяаслаг, хөдөлмөрч, бас дээр нь халуухан дуучин бүсгүйг ч энэ азгүйтэл тойрч гарсангүй. “Найман сартай жирэмсэн яаж belly dance хийхэв дээ” хэмээн ярилцлага өгч байсан дуучин бүсгүй маань хоёр хүүтэй болсныхоо дараа найз залуугаасаа салж орхилоо. Монголд “Шакира хүртэл хууртдаг хорвоо шүү дээ” гэсэн шинэ “хэлц” үүсч, Шакира өөрийн твиттер хуудсандаа “Чи Ferrari-г Twingo-оор, Rolex-ийг Casio-оор солилоо доо” хэмээх хатуухан үгсийг жиргэсэн. Энэхүү дуулиан шуугиантайгаар салсан хоёр хүүхдийнх нь эцэг бол өөрөөс нь 10 насаар залуу Испанийн Барселона клубийн хамгаалагч Жерар Пике бөгөөд тэд 2010 онд хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу Waka Waka-гийн клипний зураг авалтын үеэр танилцаж байж. Харин анхны найз залуу нь Хөрөнгө оруулалтын банкир, Аргентиний экс Ерөнхийлөгчийн хүү Антонио де ла Руа бөгөөд, тэд 11 жил үерхсэн билээ.
Тэр хэний ч эхнэр биш. “Гэрлэнэ гэхээр нэг жижигхэн хайрцганд хашигдчих юм шиг санагддаг. Эрчүүд хуримаа хийснийхээ дараа гэрлэчихсэн юм чинь хаа холдхов гэж бодоод санаа нь амарч нэг их анхаарахаа байчихдаг юм. Тиймээс би насан туршдаа найз охин байхыг хүсдэг”. Ингэж ярьж буй эмэгтэйг хайрлаад л байхаас өөр аргагүй юм даа.