2024-12-11, Лхагва
-20 C
Ulaanbaatar

Том аав…

Дэлхийн хамгийн эртний модон эдлэл, хөшөө нь хоёр метр өндөр бөгөөд 1890 онд Сибирийн нутаг дахь хүлэрт намгаас олдсон байдаг.

Уг олдвор 11000 жилийн настай болохыг германчууд өндөр хөгжсөн техник технологийн тусламжтайгаар тогтоосон юм. Египедийн Пирамидаас хоёр дахин урт настай энэхүү модон хөшөө 1890 он хүртэл устаж үгүй болоогүйн гол шалтгааныг хүлэрт намагтай холбон тайлбарлаж байна. Учир нь, амьд органик буюу модыг идэж хөнөөдөг микробууд хүлэрт намагт ойртдоггүй тул энэ нь хөшөөний хувьд аюулгүй орчин болж чадсан гэнэ.

Тэгвэл, бидний амьдарч буй энэ он цагаас магадгүй 11000 жилийн хойно монгол уран бүтээлчийн хийсэн 4-5 метр өндөртэй модон хөшөө олдсон тухай дэлхий даяар бас шуугих ч юм бил үү. Тэгээд бүр тив тивийн улс орнуудын нутаг дэвсгэрээс хаа холын XIII зууны үеийн монгол ноён, хатан, бичгийн түшмэлийг дүрсэлсэн ижил төсөөтэй хэв загвар бүхий хөшөөнүүд олдвол дэлхийн талыг эзэлж явсан нүүдэлчин монголчуудын түүхийн улбаа улам л тодрох биз ээ. Гэхдээ, мэдээж модон хөшөөнүүд ийм их он цагийг гэтлэхэд “ямар нэгэн хүлэрт намаг” хэрэгтэй байх л даа.

том аавСолонгост амьдардаг дүү маань хэдэн жилийн өмнө Намянжу хотын Монгол соёлын хотхоноор зугаалж явахдаа өндөр өндөр модон хөшөөний наана гэрэл зураг татуулсан байхыг харсан ч би тухайн үедээ айхавтар анзаарч, ач холбогдол өгөлгүй өнгөрсөн юм. Гэтэл саяхан “Аутовнөүвэр” компанийн орчуулагч найз маань урт гуалин дээр монгол хэв загвар бүхий хүмүүсийг сийлсэн хөшөөг Францын томоохон груп “Айр Ликид”-ийн захирал Дюфур гэдэг хүний захиалгаар тус улс руу илгээсэн тухайгаа сонин болгож ярихад Намянжу дахь модон хөшөөнүүдийн өмнө авахуулсан дүүгийнхээ гэрэл зургийг эргэн саналаа. Тэр франц ноён хэдэн жилийн өмнө Монголд ирж аялаад, Sweet Gobi баазад хэд хонохдоо уран бүтээлч Лхагвацэндийн Халиуны сийлсэн модон хөшөөнүүдийг харж, эрт эдүгээгийн Монголын түүхийг эргэцүүлж суусан бололтой. Сар жилүүд өнгөрсөн ч сэтгэл зүрхнээс нь Монголын цэлмэг хөх тэнгэр, цэнгэг агаар, сэнгэнэсэн салхины үнэр бүдгэрч арилаагүй учир тэрбээр саяхан тус жуулчны баазын захиралтай холбогдож, яг тийм хөшөөг яг тэр хүнээр нь сийлүүлж авах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.

Энэ бүхэн миний сонирхлыг эрхгүй татаж, Монголын түүх соёлын илэрхийлэл болсон бүтээлүүд дэлхийн улс орнуудад тархаж буйгаар бахархаж байсан ч Солонгост болон Францад байгаа тэдгээр модон хөшөөг нэг хүний гараар бүтсэн тухай огт төсөөлөөгүй юм. Харин, сэтгүүлч хүний сониуч зангаар дээрх улбааг мөшгиж яваад энгийн нэгэн айлаас гаралтай, урлагийн сургуульд онолын ном заалгаагүй, зүгээр л байгалиас өгөгдсөн ур чадвар, авьяасаараа урлагч нэгэн залуу эгэл даруухан оршиж, уйгагүй хөдөлмөр, урлал бүтээлээрээ эх орноо сурталчилж явааг олж мэдсэн билээ. Ийм энгүүн агаад энгүй хүмүүс амьдрал дээр цөөнгүй байдаг ч харамсалтай нь бид тэднийг анзаарч харах нь ховор юм даа.

Франц руу явуулсан модон хөшөөнүүдийн тухай найзаасаа сонсоход надад эртний монголчууд болон францчуудын эв найрамдлын баталгаа болгож нэгэндээ илгээж асан элч, захидлын орчин үеийн сонгодог хувилбар мэт санагдан, романтик бодолд автсан билээ. Уран бүтээлч Халиун ч тэртээх XIII, XIV зуунд Гүюг хаан болон “Өлзийт” Төмөр хааны зүгээс, тухайлбал 1305 онд Өлзийт Төмөр хаанаас Францын хаан IV Луй Филиппэд найрамдлын захидал илгээсэн түүхийг эргэн санаж, нэг ноён, нэг бичгийн түшмэл, мөн богтого малгайтай эмэгтэй хүний сийлбэр бүхий хөшөөг хийж явуулсан байна. Хувцас, хэв маяг, ялангуяа малгайных нь загвар магад захиалагчид нь сонин байсан болов уу.

Ази, Европ тивд төдийгүй Монголдоо, Өвөрхангайн Элсэн тасархайд байх Sweet Gobi баазыг чимж, хол ойрын зочдод эртний үлгэрийг чимээгүйхэн хүүрнэх модон хүмүүсийг урлагч Халиун нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, таван хүүхэдтэй айлын том хүү аж. Түүний өвөө яггүй мужаан байсан бол эмээгийнх нь аав Ардын зураач, Төрийн шагналт барималч Н.Жамбааг “Эмнэг сургагч”, Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн хөшөө, “Саальчин”, “Анчин” зэрэг олон баримлаар нь, мөн Мэгжид Жанрайсэг шүтээний эх загварыг гарган зөвлөхөөр ажиллаж онцгой үүрэг гүйцэтгэснийг монголчууд андахгүй.

том аавХалиуны аав Ж.Лхагвацэнд ч гарын дүйтэй хүн байжээ. Авга ах Ж.Лхагвасүрэн, Ж.Лхагвацэрэн нар нь мэргэжлийн зураач бөгөөд Монгол кино үйлдвэрт зураач, хүүхэлдэйн киноны зураачаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүмүүс. Халиуны ээж Д.Дашдуламын аав, ээж хоёр ч нутагтаа нэртэй уран хүмүүс байв. Товчхондоо, Халиунд аав ээжийнх нь аль аль талаас урлах авьяас, гарын дүй өвлөгдсөн аж. Гэвч Халиуны хувьд дунд сургуулиа төгсөх үе нь зах зээлийн шилжилтийн үетэй давхцаж, тухайн үед хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж шар өдөр, бор хоногийг өнгөрүүлж асан эгэл жирийн амьдралтай монголын мянга мянган айлын хүүхдүүдийн адил их, дээд сургуульд элсэж чадалгүй, ээж аавдаа дэм болохоор борог амьдралд хөл тавьсан байна.

Түүний ээж, захиалгат хувцас урладаг “Хүрээ дэгжин” ХХК-ийн үүсгэн байгуулагч Дашдулам “Манайх хоёр хүү, гурван охинтой айл. Хүүхдүүд маань бүгд л төрөлхийн урлах авьяастай, гарын дүйтэй. 1990-ээд он гарч, зах зээлийн шуурга эхлэхэд хүүхдүүдийн маань хөл дөрөөнд, гар ганзаганд хүрч арай л амжаагүй байсан юм. Тэр үед хүмүүс амьдрахын эрхэнд чаддаг чаддаг юмаа л хийж байсан даа. Би ч мөн адил ямар нэгэн юм хийхгүй л бол болохгүй болсон. Ингээд гэрээрээ Аляска куртик оёж, зах дээр аваачиж зарж эхэлсэн бол яваандаа оёдлын цехтэй болж өргөжлөө. Би хүүхдүүддээ айхавтар боловсрол эзэмшүүлж чадаагүй ээ.

Том хүүхдүүд маань эхнээсээ аравдугаар ангиа төгсөөд л хувцас оёж, компанийнхаа ажилд дэм болж эхэлсэн. Халиун маань ихэвчлэн модоор сийлбэр хийнэ. Манай оёдлын цехийн нэг өрөөнд майга хөлтэй ширээ, бөөгийн шүтээний ширээ гээд юу л бол юу хийнэ. Сүүлд бага дүү Хонгор нь хамт сийлбэр хийдэг болсон. Дамбын рашааны дээхэн талд нэг хашаанд манай нөхрийн дүү зураач өвгөн суудаг юм. Халиун маань модон хүмүүс гэх мэт том орон зай эзэлдэг уран бүтээлээ тэр хашаанд очиж хийнэ. Налайхын урд байдаг Сайн Номуун хийдийн төв хаалгыг бол угаасаа гадаа л хийхээс өөр нөхцөл байгаагүй. Тэгэхээр түүний урлан бол гадаатай хөдөөтэйгөө холиотой л байдаг гэхэд болно доо” хэмээн хуучлав.

Анх яагаад ийм том модон хөшөө сийлэх болсныг сонирхон асуувал Халиун “Анх ДМД аялал жуулчлалын компанийн үүсгэн байгуулагч З.Дэмэдбал агсан, эхнэр Ж.Соёлмаагийнхаа хамт жуулчны баазаа байгуулахад манай “Хүрээ дэгжин” компани монгол гэрүүдийнх нь модыг тааруулж, өрх, бүрээс, хаяавч, шалавч гээд оёж шидэх бүх юмыг нь хийж, хамтарч ажилласан юм. 2000 онд тэд Солонгосын Намянжу хотод Mongolian Land /Монгол соёлын хотхон/ байгуулж байгаа гээд 10 монгол гэр, найман модон хүнийг захиалгаар хийлгэж эндээс авч явсан. Дөрвөн модон хүнийг нь СУИС-ийн сийлбэрийн багш Цогтбаяр шавь нартайгаа, дөрвийг нь би дүү Хонгор, найз Алтангэрэл нарынхаа хамт хийсэн. Ноён, хатан, бөө, түшмэлийн дүрс бүхий хөшөөнүүд л дээ. Тэдгээр хөшөө 4-5 метр өндөр, овор ихтэй болохоор хэвтүүлж хийсэн. Дээрээс нь харах боломжгүйгээс хэмжээ алдах вий гэж их санаа зовж байлаа. Дуусгаад харахад болсон л байсан. Би одоо ч өөрийгөө их голдог. Том сийлбэрчдийн хажууд би чинь жаахан хүүхэд л гэсэн үг” хэмээн даруухан үгүүлэв.

том аавЭэжийнх нь тодорхойлсноор “гадаатайгаа, хөдөөтэйгөө, хаа сайгүй орших” Халиуны урлангуудын нэгээхэн хэсэг нь “Хүрээ дэгжин” оёдлын цехтэй нэг дор байх аж. Өнгө өнгийн бөс даавууг давхарлан өрсөн тавиурууд, монгол дээл өмсгөсөн манеканууд, жирийтэл өлгөсөн хараахан дуусгаж амжаагүй хувцаснууд, чөлөө завгүй үйл урлах бүсгүйчүүд буюу Халиуны ээж, дүү нар, харин модны үнэр сэнхийх хажуугийн өрөөнд нь сандал ширээ, харуул цүүц, сийлбэрийн олон багаж хэрэгсэл, бас газраар нэг хөглөрөх зомгол, эртний хэв маяг бүхий хоёр метр орчим өндөртэй гурван модон хүн… ерийн юм шиг атлаа ер бусын гайхалтай орчин энд бүрджээ. Зураач ахынхаа хашаанд “эх барьж авсан” эдгээр бүтээлээ Халиун саяхан энэ урландаа зөөвөрлөж авчирсан гэнэ. Бас болоогүй ээ, 2-8 орчим насны гурав, дөрвөн хүүхэд эртний модон хүмүүсийн “хормой хотыг ороон гүйлдэж”, нэг нь манай нийтлэлийн баатрыг “Том аав аа” хэмээн дуудан шулганав.

Намайг гайхангуй харахад эмээ Дашдулам нь инээмсэглэн “Хүүхдүүд маань бүгд надтай хамт ажилладаг юм. Бэр хүргэцүүлгүй л энэ бизнест хүчээ нэгтгэж явна. Халиун манай том хүү болохоор энэ жаахнууд бүгдээрээ “Том аав” гэж дууддаг юм. Манайх 15 ач, зээтэй. Тэгээд айл айлын нялх нойтон хамаг хүүхдийг бөөгнүүлж нэг гэртээ аваачаад хэн нэг нь хардаг юм. Тэгэхгүй бол тал талд тарчихаар их хэцүү. Манайханд наймаа хийх авьяас ер байхгүй. Манай оёдлын цех л гэхэд гаднаа ямар ч хаяггүй. Тийм атал манай цехээр үйлчлүүлэгчид тасардаггүй нь ёстой л бурханы ивээл байх гээд залбирч суудаг даа.

Хонхны баяр, Наадам, хурим найрын үе, Цагаан сар гээд захиалга ихтэй үед бид гэртээ ч харьж амжихгүй хонон өнжин ажиллана. Манай цехээр Нарантуул захын худалдаачдаас эхлээд олны танил хүмүүс байнга үйлчлүүлнэ. Тэд “Миний нэг ийм арга хэмжээ болох гэж байна, ийм хувцас хэрэгтэй байна” гээд л хүрээд ирнэ. Би охидтойгоо хамт Г.Өсөхбаярын Дархан аваргын цолны найрын хувцсыг, МУГЖ Б.Сарантуяагийн тоглолтын хувцсыг, дуучин Б.Алтанжаргалын дөрвөн талтай малгайг урлаж, буудлагын О.Гүндэгмаа болон түүний охинд гараар чимэглэсэн хос дээл хийж өгч байлаа. Манайх саяхан болтол монгол гэрт амьдарч байлаа. Харин оёдлын ажил хийсний буянд бүгд найман хувийн лизингийн байранд орцгоосон. Одоо тэгээд байрныхаа зээлийг төлөх гээд зүтгэцгээж байна даа” гэв. Ийм л хүмүүс монголынхоо эдийн засгийг нуруундаа үүрч яваа, гэвч тэд үүнийгээ гавьяа гэж боддоггүй, гавьяа байлаа ч тоодоггүй билээ.

Энүүгээр тэрүүгээр гүйлдэх энэ бяцхануудаас ирээдүйн урлаачид төрнө гэдэгт, ийм бүтээлч орчинд тэдний нүдний болон оюуны ур хөгжиж яваад би эргэлзсэнгүй. Халиун багадаа ямархуу хүүхэд байсан бол, уран бүтээлч болох ямар нэгэн онцлог шинж илэрч байсан болов уу гэх бодол эндээс ургав. Тэрбээр “Би багадаа гудамжныхаа Чоёнгийн Алтангэрэл гэдэг ах хүүтэй хамт зураг их зурдаг байлаа. Ер нь зураач ах нарын зурж байгааг харах их нөлөөлсөн байх. Ханын сонингийн коллегид байнга байсан. Дөрөвдүгээр ангидаа жижиг тонгоргоор хамгийн анх сийлбэрэрхүү юм хийж үзсэн. Тэр нь шувуу байсан санагдана. Янз бүрээр морь л их зурдаг байлаа. Багаасаа л харсан үзсэнээ их боддог, ингэвэл яах бол гээд оролдоод үздэг хүүхэд байсан. Надад сийлбэрчний ур чадвар, техникийг ном ёсоор нь зааж өгсөн хүн байхгүй ээ. Гэхдээ, олон сайхан зураач, урлаач нартай танил, найз нөхөр, ах дүүгийн харилцаатай байдаг. Тэд маань бүгд л миний хувьд багш” гэж хуучлав.

Нэг модон хүнийг хэр удаан хугацаанд сийлдэг тухай нь сонирхон асуувал “Нэг их яараагүй үедээ сард 2-3 хүн хийчихнэ ээ. Хоёул гурвуулаа нийлээд хийвэл үүнээс ч бага хугацаа орно. Гол нь бүтээлээ эхлүүлэх гэж багагүй зовно. Чадах чинээгээрээ судлана. Интернэт, ном, сэтгүүл гээд үзэж харах зүйл мундахгүй. Заримдаа ч хийх бүтээлийн санаа шууд бууна. Гэхдээ л, дотроо бодчихсон хэрнээ барьж авч чадахгүй халгаад л, тойроод л байна. Тэгж тэгж нэг бариад авчихвал аяндаа болдог. Дуусах бас хэцүү. Яг төгс дууссан юм байдаггүй гэж уран бүтээлчид ярьдаг юм. Төгс сайхан хийнэ гэдэг нь сэтгэх, харах, хийх гурав нь цогцолсон мундаг хүмүүсийн л ажил байх” гэлээ. Хамгийн их амжилт олж, олон хүнд хүрсэн бүтээлийнхээ тухайд “2009 онд Архангай аймгийн нутгийн зөвлөлийн санаачилгаар СУИС-ийн сийлбэрийн ангийн хэдэн оюутантай хамт Дархан аварга Г.Өсөхбаярт зориулж “Аварга” нэртэй сэнтий хийсэн. Мөн Сайн Номуун хийдийн төв хаалгыг найз нартайгаа хамт хийсэн. Тэгээд Солонгост байгаа хөшөөнүүд гэх мэт бүтээлүүд маань л олон хүний нүдэнд өртсөн байх даа” гэв.

Уран бүтээлч хүнд цаг, нар, өдөр, шөнийн ялгаа гэж байх биш дээ. Хийж бүтээхүйн их хүсэл нь асч, тогтож сууж чадахгүй үедээ тэд харанхуй шөнөөр ч халуун хөнжлөөсөө сугаран босч бүтээн туурвиж эхэлдэг. Үүн лугаа адил сэтгүүлч хүмүүс ч сонин содон зүйлийн сураг сонсохоороо түүнийг тандан судлаж, нүдээр үзэж, бичиж тэмдэглэж байж л санаа амардаг гэмээр. Тиймээс би Франц, Солонгосыг зорихоороо монгол уран бүтээлчийнхээ сийлбэрийг заавал очиж үзэх болно! Эх орны минь амин хэлхээс болсон модод тэнд амьд энерги цацруулж, Их Монголынхоо түүхийг дэлхийд хүүрнэн байгаа нь нүдэнд харагднам. Энгийн нэг мод болон ургасан тэдгээр “гуалин”-гийн хувьд өдгөө илүү их утга учиртайгаар оршин байгаа ч юм бил үү, хэн мэднэ..

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img