2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

Ойрын таван жилд дэлхийн агаар мандал улам ихээр халж төсөөлшгүй их гай гамшигт хүргэж болзошгүй

Манай гаригийн түүхэнд сүүлийн найман жил хамгийн дулаахан нь болж, өнгөрсөн жилийн зун Европ ба Хятадад урьд өмнө байгаагүйгээр их халсан билээ. Тэгвэл НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагын ойрын таван жилийн урьдчилсан мэдээний илтгэлд, байдал цаашид бүр дордож болзошгүй тул цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн шинэ шинэ гай гамшиг гарахад бэлтгэлтэй байхыг анхааруулсан байна.

Тус илтгэлд 2023-2027 онуудад дэлхийн агаар мандлын дундаж температур өмнөх таван жилээс нэмэгдэж, 2016 оны хамгийн халуун жилийн дээд амжилтыг эвдэх магадлал 98 хувьтай гэжээ. Ер нь дэлхийн цаг агаар цаашид ч нэмэгдэн бид бүхний дассан уур амьсгал нэгэнт түүх болон үлдэх төлөвтэй.

Дэлхийн цаг уурын байгууллагын дарга Петтери Таалас илтгэлийг танилцуулахдаа, “Дэлхийн дулаарлын гол шалтгаан нь хүн төрөлхтөн өөрөө. Одоогоор хүн төрөлхтөн үйл ажиллагааныхаа хор хөнөөлтэй үр дагаврыг арилгаж хүчрэхгүй байна. Үүнээс болж даяар дулаарлыг хязгаарлаж чадалгүй харин ч эсрэг зүгт явж буйг тэмдэглэх нь зүйтэй. Иймд эрүүл мэнд, байгаль орчин, хоол хүнс ба усны хүртээмж зэрэгт ноцтой доголдол гарч болзошгүй тул бид бүхэн үүнд бэлэн байх хэрэгтэй” гэжээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дээрх ус, агаарын хөргөлт, эргэлтийн тогтолцооны хэвийн ажиллагааг тасалдуулснаар ган ганчиг, гэнэтийн хүйтрэлт, хар салхи, ой хээрийн түймэр, үер усны аюул ойр ойрхон тохиох болжээ. Үүний үр дүнд ядуурал, цагаачлал, нэмэлт зардал өсч, ковидын цар тахал ба Орос Украин руу довтолсны улмаас үүссэн эрчим хүч, хүнсний хямралаас гарч даяар дэлхийн хөгжлийг сэргээх явцыг хүндрүүлэх нэмэлт хүчин зүйл болж байна.

Петтери Таалас хэт халуун хүний амь насанд аюултайг ч мөн цохон тэмдэглэсэн юм. Өнгөрсөн оны зун зөвхөн Европт гэхэд хэт халснаас 15 мянган хүн нас барсан нь тогтоогджээ. 2010 онд мөн л үүнээс шалтгаалан дэлхийд 50 мянга, 2003 онд 75 мянган хүн амь насаа алдаж байсан аж.

Дэлхийн дундаж температурыг тооцож эхэлснээс хойш ирэх таван жил хамгийн халуун нь болоход хоёр үндсэн хүчин зүйл бий гэж цаг уурчид үзжээ.

Нэгдүгээрт, гурван жилийн турш үргэлжилсэн Номхон далайн температурыг бууруулдаг Ла Нинагийн үзэгдэл үүнээс яг эсрэг нөлөө үзүүлж, далайн гадаргууг халаадаг Эль Нино гээчээр солигдож байгаа аж. Энэ нь хүлэмжийн хийгээс үүдэлтэй даяар дулаарлыг улам хурдасгах гэнэ.

Ла НиноГэхдээ Ла Нино ихэвчлэн намар дөхөж бүрэлдээд дараа жилийн хаврыг дулаан болгодог бөгөөд манай гаригийн цаг уурт тэгтлээ нөлөөлдөггүй түр зуурын үзэгдэл ажээ. Үүнээс илүү ноцтой аюул бол манай гаригийн хоёр туйлыг мөсөн бүрхүүлгүй болгох аюултай дулаарал үргэлжлэх явдал. Петтери Тааласын хэлснээр, хэдийнээс ажиглагдах болсон хойд туйл буюу Арктик дахь дулаарал улам нэмэгдэж, ус цасны хайлалт цаашид эрчимжин дэлхийн дундаж температурыг өсгөх юм байна.

Энэ бүхэн дэлхийн температурын өсөлтийг аж үйлдвэржилтийн эринээс өмнөх түвшнээс 1.5°С дотор барьж, бүр болохгүй бол хоёр градусаар дээш гаргахгүй байх тухай бараг бүх улс орны гарын үсэг зурсан Парисын хэлэлцээрийн гол зорилтод хүргэхгүй байх аюултай.

Дэлхийн цаг уурын байгууллагын шинэхэн илтгэлд дурдсанаар, дэлхийн жилийн дундаж температур аж үйлдвэржилтийн эринийхээс хэдийн 1.2°C-аар нэмэгдсэн ба ойрын таван жилд 1,5°С гэх заагийг 66 хувийн магадлалтайгаар давах тооцоо гарчээ.

“Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар дэлхий нийтээрээ тохиролцсон. Гэвч одоогоор үг, үйл хоёр зөрж цаг алдсаар байна. Хорт хүлэмжийн хийн ялгарлыг нэн даруй зогсоож чадлаа ч агаар мандалд нэгэнт хуралдсан хүлэмжийн хийн хор уршиг олон арван жилийн турш нөлөөлсөөр байх болно” гэж Петтери Таалас үгийнхээ эцэст хэлснийг уламжилъя.

Дэлхийн цаг уурын байгууллагын таагүй урьдчилсан мэдээгээр дүүрэн энэхүү илтгэлийг бушуухан нотлох гэсэн шиг зургадугаар сарын 22-нд Хятадын нийслэлд агаарын температур урьд өмнө тэмдэглэгдээгүй дээд хэмжээнд хүрч 41.8 °C заажээ. Хэт халуун болохыг анхааруулан 21 сая хүн оршин суудаг энэ хотын удирдлага хоёрдугаар буюу улбар шар өнгийн түгшүүр зарлан ард иргэдээ наранд цохиулахаас сэргийлэхийг уриалж, бие муутай, өвчин эмгэгтэй хүмүүсийг наранд удаан гарахгүй байхыг зөвлөжээ. Хэт халуун Дуаньу гэдэг Хятад даяар тэмдэглэдэг уламжлалт луут завины наадамтай давхцсаныг ч хэлэх үү.

Ла НиноХэт халуунд хүйтнээр үлээх кондишн асаах явдал эрс нэмэгддэг нь эрчим хүчний системийн ачааллыг туйлд нь хүргэдэг. Иймээс ч Хятадын Эрчим хүчний ерөнхий газар тус улсын зүүн хэсэгт хэт халуунаас үүдэх эрчим хүчний доголдлын үеийн цар хүрээтэй сургуулилтыг түүхэндээ анх удаа явуулжээ. Хятадын томоохон боомт хот Тяньжинд кондишн, бусад цахилгаан төхөөрөмж идэвхтэй хэрэглэсний улмаас эрчим хүчний сүлжээний ачаалал өмнөх оныхоос 23 хувиар нэмэгдэж, тус хотын удирдлага цахилгаан кабель бүхий хонгилуудад болзошгүй авари, ослын уршгийг нэн яаралтай арилгах засварчдын эргүүлийн тусгай бригадуудыг хүртэл байгуулжээ.

Хятадаас гадна Азийн бусад олон орон хэт халуунд нэрвэгдсэн. Энэ оны дөрөвдүгээр сард Тайланд, Лаос, Бангладеш, Энэтхэгт агаарын температур 45 °C-аас давсан нь мөн л түүхэн дээд амжилт байв.

Гэхдээ хэт халуунд хамгийн ихээр нэрвэгдэх болсон тив бол яах аргагүй Европ. Өнгөрсөн жил түүхэн дэх хамгийн халуун зунаа үдсэн тус тив хоёр жил дараалан аагим халуунд шаналах төлөвтэй. Хэт халуун, хуурай зун Европт жимс, ногооны ургацын хэмжээг эрс багасган хүнс барааны үнийг нэмэгдүүлж, гол мөрний усны түвшинг бууруулан усан тээвэрт ашиглах боломжгүйд хүргэхээс гадна олон мянган хүний аминд хүрэх нь ч үндсэндээ тодорхой.

Европын эсрэг эрчим хүчний, Украины эсрэг жинхэнэ дайн өдөөсөн В.Путинээс болж тус тивийнхэн өдгөө элбэг чинээлэг байдлаа хадгалан үлдээхийг мэрийж буй. Тэгвэл үүнд хэт халуун нэмэлт саад болох нь.

Европын EDO обсерваторийн хамгийн сүүлийн сэрэмжлүүлэгт, Европын холбооны 27 гишүүн орны нийт газар нутгийн дөрөвний нэгд ган гачиг нүүрлэнэ гэжээ. Ялангуяа Европын өмнөд хэсэгт буюу Испанийн дийлэнх, Португали, Италийн нэлээд хэдэн мужид байдал хамгийн хүнд байгаа аж.

Үүнээс гадна өмнөх жилийн адил усан сангуудын төдийгүй тус тивийн усан тээврийн үндсэн мөрөн Рейнээр тээвэрлэлт хийх боломжгүй хүртэл усны түвшин аюултайгаар доошилжээ.

Учир нь өнгөрсөн өвөл 2022 оныхоос ялгаагүй бага цастай, хуурай болсон аж. Европын холбооны шинжээчид Альпийн нуруунд түүхэнд байгаагүй бага цас орсон тул ган гачиг зайлшгүй нүүрлэнэ гэж хэдэн сарын өмнөөс түгшүүрийн харанга дэлдэх болсон билээ.
Европын “Copernicus Climate Change Service” (“C3S”) байгууллагын илтгэлд 2022 оны зун Европын түүхэнд хамгийн халуун нь болсныг онцолж, Альпийн мөнх цаст уулс дэлхийд хайлж устах хурдаараа тэргүүлж, үүнээс үүдэн тариалангийн усалгаа, усан тээвэр, эрчим хүч үйлдвэрлэлд шаардлагатай усны нөөц улам бүр хомсдох болсон гэжээ.

Ширгэх гол мөрнүүд ачаа тээвэрлэлт, ложистикт хүндрэл учруулж, Ковидын цар тахал болон Украин дахь дайнаас болж тэртээ тэргүй хямарсан эдийн засаг, худалдааг сэргээх явцыг сааруулж байна. Хөрсний чийг дутагдалтайгаас хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлж, сүүлийн 40 жилд тохиогоогүй инфляцийн дээд түвшинг улам бүр хөөргөдөж болзошгүй. Гэхдээ одоогоор ган гачиг ихэвчлэн жимс, чидун, ногоо голчлон тарьдаг Европын өмнөд хэсэгт л заналхийлж буй. Харин гурав, дөрөвдүгээр сард бороо хур ихтэй байсан нь Франц, Польш, Германы улаан буудай, бусад үр тарианд эерэгээр нөлөөлжээ.

Усны нөөц багассанаар усан цахилгаан станц төдийгүй атомын цахилгаан станцад ч эрчим хүчний үйдвэрлэл буурахад хүрдэг аж. Жишээ нь Францад ноднин усны түвшин багассанаар атомын цахилгаан станцын цөмийн реакторуудыг хөргөхөд хүрэлцээгүй билээ. Ингэснээр өвөл хэрэглэхээр нөөцөлсөн байгалийн хийгээс шатаахад хүргэсэн юм.

Харин хэт халууны ганц сайн тал гэвэл нарны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд эерэгээр нөлөөлжээ. Газрын гадаргуу дахь нарны цацрагийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж, ноднин 40 жилийн ажиглалтын түүхэн дэх дээд амжилт тогтоосон байна.
Хэт халуун, хуурай уур амьсгалаас болж хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлдэг өөр нэг аюул бол ой хээрийн түймэр. Түймэр байшин барилга, тариалангийн талбай, ой мод, зам, гүүрийг сүйтгэн эдийн засгийн өсөлтийг бууруулж, агаар мандалд хүлэмжийн хийн ялгаралтыг нэмэгдүүлдэг байгалийн гамшиг юм.

Товчдоо бол, хүн төрөлхтний нэлээд хэсэг ойрын таван жилийг хэт халуунтай тэмцэж өнгөрөөхөөс өөр аргагүй ацан шалаанд орсон гэлтэй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img