2024-06-21, Баасан
13 C
Ulaanbaatar

Дипломатч эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дипломатч эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ.

Дипломат албаны бүх эмэгтэйчүүддээ Дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье!

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2022 онд жил бүрийн 6 дугаар сарын 24-ний өдрийг дипломат эмэгтэйчүүдийн олон улсын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Ийнхүү бид энэхүү өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Монгол Улс жендэрийн тэгш байдал, охид, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, тэднийг чадавхжуулах, шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч, нэлээдгүй ахиц гаргасан.

Манай улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ, олон улсын бусад байгууллагад сонгогдон ажиллах, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй энхийг сахиулагчийн тоог 2027 онд 15 хувьд хүргэх улс төрийн үүрэг амлалт авах зэргээр феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж байна.

Улс төр, дипломат албан дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь тогтвортой нийгмийг цогцлоон байгуулах, зөрчил мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх зэрэг олон эерэг үр нөлөө авчирдаг болохыг судалгаанууд нотлон харуулдаг. Ийм ч учраас эмэгтэйчүүдийн оролцоо нь энхийг сахиулах ажиллагааны зорилгод илүү нийцтэй гэж үздэг.

Гадаад харилцааны яам эмэгтэй дипломатуудын манлайлал, оролцоог нэмэгдүүлж, эл албаны онцлогт нийцүүлэн салбарын жендэрийн бодлогыг хэрэгжүүлж байна. Эдүгээ тус яамны нийт хүний нөөцийн 49 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг төдийгүй түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 6 эмэгтэй элчин сайд хилийн чанадад улсаа төлөөлөн ажиллаж байна.

Манай улс өнгөрсөн 5 дугаар сард жендэрийн эрх тэгш байдал, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг гадаад бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж буй “Феминист гадаад бодлого+” Анд нөхдийн бүлэгт нэгдэн орсон.

Монгол Улсын бодлого, байр суурийг таниулах, санал санаачилгыг урагшлуулах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмэр оруулах зорилгоор энэ 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Улаанбаатар санаачлан зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор анх удаа зохион байгуулах тус уулзалтад Гадаад хэргийн эмэгтэй сайд нар, олон улсын байгууллагууд, феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлдэг орнуудын төлөөлөгчид оролцоно. Уулзалтыг ХБНГУ болон БНФУ дэмжин хамтран зохион байгуулна.

Энэхүү уулзалт нь дипломат албан дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдлыг сурталчлан таниулахын сацуу дэлхий дахинаа тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон талт хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ хэмээн найдаж байна.

Эх сурвалжГХЯ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img