2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Жижигхэн охин ба том соёл

…Хаалга тайлж өгсөн жижигхэн охин намайг шууд л хөтлөөд “бүрэн эрх бүхий өөрийнхөө орон зай руу” зүглэв. Тэрбээр хонины ноосон ширмэл дэвсгэр дээрх жижигхэн сандалд урьж суулгаад, жижигхэн орон дээр өөдөөс харан сууснаа монгол хээ угалз бүхий жижигхэн ширээн дээрх жижигхэн тавагтай ааруулаар дайлж, мөн жижигхэн гүцнээс жижигхээн аяганд цай хийгээд барилаа… Түүний гэрт би багтаж ядан, өөрийгөө яг л аварга хүн шигээр мэдрэвч өөрийн эрхгүй “эл тоглоомонд” нь автчихав. Хотод төрж, торниж буй балчир охиноор язгуурын монгол гэрт нь ингэж дайлуулан суух нь миний хувьд ямар ч баян айлд зочилсноос илүү үнэ цэнтэй байлаа. Яагаад гэхээр, бараг 30-аад жилийн өмнө эгч дүүстэйгээ чулуугаар гэр барин тоглож асан гэгээн дурсамжаар минь тэр намайг дайлж байсан юм.

Түүнийг С.Номин-Эрдэнэ гэдэг. Уулын болон цанын Спортын мастер Д.Доржпаламын зээ. Хотын төвийн орон сууцныхаа нэгээхэн буланд ээж нь Номиод зориулан биеийнх нь хэмжээнд тохирсон иж бүрэн тавилга бүхий монгол гэрийг төвхнүүлж өгчээ.

жижигхэн охинОрчин цагийн хотын иргэд монгол гэрийн талаар бусад соёлын өвөөсөө хавьгүй илүү мэддэг. Хэдий тийм ч, нүүдэлчин ахуйд зохицон үндсэн хэв маяг, үүрэг ролио алдахгүйгээр гурван мянганыг туулан ирсэн монгол гэрээ утаа гаргадаг хэмээн адлагсад олон. Мэдээж энд олон асуудал бий. Гагцхүү агаарын бохирдол зөвхөн гэрээс шалтгаалж байна уу, өөр бусад эх үүсвэрээс үү гэдэг сонин. Жилийн өмнө Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс явуулсан судалгаагаар Улаанбаатарын утааны ихэнх хувийг гэр хороолол биш, том жижиг уурын зуух, дугуй засварын газрууд, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд гаргадаг гэсэн дүн гарсан нь анхаарал татсан юм. Ямартаа ч, хөл толгойгүй бужигнасан их хотын нүргээн дунд, бултаараа хотын соёл ярьж, хотын иргэн болж харагдах гэж ядаж яваа өнөө үед харин ч эсрэгээр, хотод төрсөн хүүхдээ яаж уугуул монгол ахуй, уламжлалт монгол соёлтой нь ойр байлгах вэ хэмээн толгойгоо гашилгаж явдаг аав ээжүүд бас байдаг аж.

С.Номин-Эрдэнийн ээж, “Талын үнэг” аялал жуулчлалын компанийн үүсгэн байгуулагч Д.Үүрийнтуяа “Монголчууд эрт цагаасаа л монгол гэртээ оршин амьдарсаар өнөөг хүрсэн. Тийм атал болж бүтэхгүй бүхнийг гэр хороололтой холбож байгааг би буруу гэж боддог. Хүмүүс гэрт амьдрах нь хямд төсөр гэдгийг мэдээд байгаа хэрнээ л насны зээл тавиад байранд орж байна. Үүний гол шалтгаан нь ус, дулаан хоёр л юм. Өмнөговьд л гэхэд гэр хорооллын хашаануудын дундуур бохирын шугам татаад энэ асуудлыг шийдчихсэн. Тэгэхээр энд ч гэсэн хаа нэг газар төвийн шугам татаад, дэд бүтцийг нь шийдээд өгвөл хүмүүс газар аваад, гэрээ бариад амьдрахдаа дуртай л байгаа шүү дээ” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Бид гадныханд монгол ахуйгаа тайлбарлаад, сурталчлаад л байдаг, гэтэл өөрсдөө тэр соёлоо мэддэггүй. “Морин дээр сууна” гэж буруу ярих, жуулчдаараа өөрсдөө монгол ахуйгаа тайлбарлуулаад явж байх тохиолдол зөндөө. Энэ үнэхээр эмгэнэлтэй. Яагаад бид эх орныхоо тухай сайхан дууг гадаадад очсон хойноо сонсдог юм бэ, яагаад анх явахдаа биш гадаадад очсон хойноо эргэж утасдаад Монголын далбаа, эсгий углааш, ноолууран цамц захидаг юм бэ?

Ерөөсөө л энд байхдаа монгол уламжлал, өв соёлоо ойлгоогүй явсных. Тэгэхэд гадныхан монгол гэр хөнгөн, авсаархан, байгальтайгаа ойр гээд бүх давуу талыг нь олж харчихаад, яаж өөрийнхөө улсад аваачиж барих вэ гэж байна. Миний мэдэхийн олон жуулчин өөрөө амьдрах зорилгоор монгол гэр авч явсан. Саяхан л гэхэд нэг герман танил маань Испанид байдаг жуулчны бааздаа аваачиж барина гээд гэр аваад явсан. Гэрийнхээ дотор талыг яаж тохижуулах талаар нэг бүрчлэн асуугаад, яг малчдын гар аргаар хийсэн эд хогшлыг л авна шүү гэж надад захисан” хэмээн хуучлав.

жижигхэн охин“Хүүхэд монгол ахуйтайгаа ойр байх нь ямар давуу талтайг залуу аав ээжүүд төдийлөн мэддэггүй. Охиноо монгол гэрт байлгаснаар ямар эерэг өөрчлөлт танд анзаарагдсан бэ?” гэхэд “Би 19 нас хүртлээ Өмнөговь аймагт монгол гэрт өсч торнисон. Гэрт амьдардаг хүүхэд униндаа самаа хавчуулах, ханынхаа толгойноос хувцсаа өлгөх зэргээр нэг зүйлийг олон төрлөөр ашиглаад хэвшчихдэг. Тэр хэмжээгээрээ юмыг өөрөөр харж, сэтгэдэг болдог.

Монголчилно гэж ярьдаг даа. Гэтэл байшингийн дөрвөн ханан дотор хашигдаад байхаар хүүхдийн сэтгэхүйд тийм хөгжил үүсэхгүй. Хотод төрж өсч буй охид маань монгол ахуйн талаар ямар ч төсөөлөлгүй болчих вий гэж би санаа зовдог байлаа. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд Цагаан сараар ч юм уу жилдээ ганц хоёр өдөр монгол дээл өмсгөснөөр монгол хүн болчихгүй. Харин монгол ахуйтайгаа байнга бодитоор харилцана гэдэг өөр. Тиймээс зах, дэлгүүрээр явж байхдаа жижиг авдар ч юм уу, монгол үнэр шингэсэн эд зүйлсийг нэг нэгээр нь цуглуулаад л байсан.

Ингэж яваад жижигхэн монгол гэр хийж цэцэрлэгт захиалгаар нийлүүлдэг залуугийн тухай олж мэдсэн юм. Түүнтэй холбогдож, захиалга өгөхөд манай гэрийн сул орон зайд яг таарсан гурван ханатай гэрийг гараа гарган урлаж өгсөн. Охины маань нүдэнд бүх эд хогшил нь яг бодитоор харагдаж байгаасай гэж би хүссэн юм, тоглоом шиг биш. Тиймээс ханын үдээрийг нь хүртэл жинхэнэ сураар хийлгэсэн. Одоогоос хоёр жилийн өмнө л дөө, Номио тэгэхэд гурван настай байсан юм. Ингээд манай өрөөнд нэг жижигхэн цагаан гэр бариатай байдаг боллоо. Охин маань тэр гэрээсээ бараг цухуйхгүй. Шөнө нь хүртэл гэртээ ганцаараа хононо. Ингэж нэг сар орчим болтол асуудал үүссэн. Мэдээж охин маань балчир учраас гэр дотроо хог тарина, заримдаа юм асгачихна. Тэрийг нь цэвэрлэх гэхээр би багтдаггүй ээ. Тэгээд гэрийнх нь бүрээсийг аваад, ядаж юу хийгээд сууж байдгийг нь нэвт харахаар боллоо. Хэд хоногийн дараа бүр илүү саруулхан байлгахын тулд ингэж хана дагуу задалж тавих нь дээр юм байна гэж шийдсэн.

Одоо Номио маань гэртээ илүү том орон зайд тав тухтай сууж, хүүхдүүдээ /хүүхэлдэй/ халамжилж, хөнжил нөмөргөн унтуулаад, цаанаа л өөр. Заримдаа гэр рүүгээ хоол хүнснээс таслаад аваачаад тавьчихна. Шүүгээнээсээ хичээлээ аваад хийнэ, байнга нээж хаагаад байхаар шүүгээний хаалган дээрх монгол хээ угалз нүдэнд нь дасал болно. Хогийн шүүр бариад гэрээ цэвэрлэж байгаа харагдана. Хамгийн гол нь үүнийгээ тоглоомын булан гэж биш өөрийн гэр орон гэж хүлээж аваад байгаа юм. Ингэж бие даан шийдвэр гаргаж, үйлдлийг өөрөө гүйцэтгэж сурахаас гадна монгол уламжлал, ёс заншлаа өвлөж байна.

Ер нь бид яаж ч суурин иргэншилд шилжлээ гээд монгол соёлоо үр хүүхдүүддээ өвлүүлээд явахад хэцүү юм байхгүй. Мал аж ахуй байгаа цагт монгол гэр цааш хөгжөөд л явах боломжтой. Орчин үеийн нийгэмд тохирохоо байсан, олдохоо больчихсон, мөхчихсөн юм гэрт нэг ширхэг ч байхгүй. Дандаа анхан шатны хагас боловсруулсан түүхий эд. Жишээ нь, цаасыг хараад хүүхэд модоор хийсэн гэж төсөөлөхгүй, байгалиа хайрлах мэдрэмж шууд төрөхгүй, дамжчихсан бүтээгдэхүүн учраас. Гэтэл гэрийн бүх эд хэрэгсэл нүдэн дээр л боловсроод, ханын үдээрийг гэхэд сураар хийгээд, тэнд байсан мод энд хана, унь, тооно, хаалга болоод, хонины ноос нь туурга, дэвсгэр болоод гараад ирдэг. Энэ бүхнийг хүүхдийн нүдээр харахад л ойлгомжтой байдаг. Шагай гэхэд ямар нэгэн дамжлагаар орсон хуванцар бүтээгдэхүүн биш. Тэгэхээр хүүхдийн танин мэдэхүйд ч, эко талаасаа ч эерэг нөлөөтэй.

Одоо Номио гадуур явахдаа ч, зурагт үзэж байхдаа ч монгол ахуйтай холбоотой зүйлсийг шууд салгаж аваад өөр дээрээ тусгачихдаг болсон. Хотын хүүхдүүд хөдөө очихоороо “Би даараад байна, гэртээ хурдан харья” гээд л эхэлдэг бол Номио тэгдэггүй. Түүний хувьд орчин солигдох нь хэцүү биш, хот хөдөөгийн соёлын ялгаа мэдрэгддэггүй. Миний нэг танил “Үүрээ, чи хүүхдээ дэндүү эрхлүүлж байна, болохгүй шүү” гэсэн. Энэ хүүхэд одоо эрхлэхгүй бол хэзээ эрхлэх билээ. Мэдээж, яаж эрхлүүлэх вэ гэдэг чухал. Би охиндоо жишээ нь компьютер авч өгч эрхлүүлмээргүй байна. Харин монгол ширээ авчраад тэрэн дээр хичээлийг нь хийлгэх, Монгол орны эвлүүлдэг газрын зураг, оньсон тоглоом, хэдэн шагай цуглуулаад тоглуулах хэцүү биш ээ. Ер нь айл бүрт л нэг ийм булан гаргах зай бий шүү дээ. Зай байхгүй гэвэл өөрсдийнхөө орон зайнаас жаахан хэсгийг хүүхдэдээ зориулж болно” хэмээв.

Номиогийн бяцхан гэрт зочилсон хүн бүр л уулга алдан өхөөрдөж, зарим нь “Хүүхдүүдээ авчирч тоглуулж болох уу” гэж хүснэ, цаашлаад таньдаг мэддэг хүмүүстээ ярьж сонирхуулна, гэрт нь авахуулсан зурагаа нүүр номдоо тавина. Манайд Үндэсний түүхийн музейн боловсролын өрөөнд яг ийм жижигхэн гэр байдаг юм билээ. Тус музейгээс явуулдаг Гэр бүлийн хөтөлбөрт гэр бүлүүдээс гадна ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид хамрагддаг. Хөтөлбөрт хамрагдагсад цагийг хамтдаа өнгөрөөж, сайхан дурсамж бүтээхийн сацуу хүүхдүүд монгол гэрийг ном журмынх нь дагуу барьж, буулгаж, энэ зуур музейн тайлбарлагчаас гэртэй холбоотой бэлгэдлүүд, уламжлалт зан заншлын тухай мэдэж авч, гэрийн яс мод болон бүтцүүдийн нэршлийг тогтоож, оньсого таавар таалцдаг.

Саяхан би монгол гэрийн талаар ямар ч мэдлэггүй хотын залуусын зүрх сэтгэлийн гүнд ч уугуул соёл уламжлалаа ойлгох, хайрлах, дээдлэх сэтгэхүй нуугдаастай байдгийг олж мэдээд хэчнээн их бахархав аа! Б.Бат-Энэрэл, О.Золзаяа хэмээх залуу хос Цонжинболдогт найман ханатай монгол гэр бариад амьдарч байна. Гадаад дотоодоор өчнөөн аялж орчлон ертөнцтэй танилцаж яваа, өндөр боловсролтой орчин үеийн хотын залуус эргээд өнөөх л “хөдөө рүүгээ”, монгол ахуй руугаа тэмүүлж байгаа нь миний сонирхлыг хамгийн ихээр татсан юм. Гэрт амьдрах тэдэнд маш их таалагдаж байгаа гэнэ.

Өрөө өрөөндөө ороод бүгчихгүй, байнга хамт байх хүслээс нь энэ санаа үүджээ. Бас монгол гэр ямар их багтаамжтай болохыг мэдрээд их гайхсан гэнэ. Учир нь, гурван өрөө байрных нь тавилга бүгдээрээ багтчихсан аж. Тэд гал голомт гэдэг утгаар гэртээ зуух тавьж, шаардлагатай үед гал түлнэ. Үүний сацуу, хотын унаган хүүхдүүд учраас ая тухаа бодож солонгос технологийн халдаг шалыг паркетан шалныхаа доор суурилуулжээ. Тэр нь цахилгаанаар ажиллана. Гэвч нэг сөрөг тал нь цахилгаан их зарцуулж байв.

Гэхдээ үүнийг шийдэх аргыг ч олоотохжээ. Одоо тэд нарны энерги шингээдэг хавтангаар гэрээ бүрэх гэж байна. Сүүлийн үед маш нимгэн, уян хатан хавтан гарсан гэнэ. Нарлаг Монгол оронд амьдарч буйн давуу тал энэ. Тэд ариун цэврийн өрөөгөө гэрээсээ дамжаад орчихдог байдлаар шийджээ. Цахилгаан, интернэт, ариун цэврийн өрөө, шүршүүр гээд хотын төвийн байраас дутах юм алга. Усаа бойлуураар халаагаад усанд орчихно.

Бат-Энэрэл, Золзаяа нар гэрээсээ ажлаа хийчихдэг болохоор утаатай, замын түгжрэлтэй, стресстэй Улаанбаатарт очих шаардлага бараг гардаггүй гэсэн. Босгоороо даваад л шууд гадаа гарчихдаг болохоор байгальтайгаа ойр, стресс ядаргаагүй, уур уцааргүй, голын чимээ сонсоод үнэхээр амар амгалан байдаг гэж ам уралдан ярьсан юм.

Монгол гэрийн талаар хамгийн анх хятадын эх сурвалжид “МЭӨ 629 онд умард зүгийн Хүннүгээс өмнөх үеийн монгол аймгууд майхан маягийн сууцанд сууж байв” хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Нүүдэлчдийн эл сууц нь байгаль газар зүйн нөхцөл, нийгмийн хөгжилтэй уялдан он цагийн явцад улам боловсронгуй болж хөгжихдөө анхдагч хэлбэр, хэв маяг, үүрэг роль, үндсэн соёлоо гээлгүй бөмбөрцөг дэлхий дээр 3000 жил оршин тогтнож чадсан нь түүний хэлбэр, бүтэцтэй холбоотой аж.

Учир нь, гэр дугуй хэлбэртэй учраас булан тохойд нь муу энерги хуримтлагддаггүй, хаалгаар орсон хүйтэн агаар гэрийн доторх халуун агаартай сүлэлдэн дээш хөөрч тооноор гадагшилж, мөн эсгий туургаар дамжин агаарын солилцоо хамгийн зөв явагддаг. Энэ бол нүүдэлчин ард түмний гэр сууцандаа шингээсэн шинжлэх ухааны ололт юм. Тиймдээ ч гадны архитекторууд монгол гэрийн бөмбөрцөг хэлбэрийг архитектурын төгс шийдэл гэж тодорхойлдог бөгөөд гэрийн загвараас санаа авч хийсэн зөөврийн сууц, барилга байгууламж дэлхийн өнцөг булан бүрт бий…

Монгол гэрийг дагаад монголын уламжлалт зан заншил, эдийн соёл, бэлгэдлүүд хадгалагдан ирсэн учраас 2013 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өв /СББӨ/-ийн төлөөллийн жагсаалтад “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг бүртгэн авсан байдаг. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд СББӨ-ийг хамгаалах түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, сурталчлах чиглэлээр нийт 43 ТББ идэвхтэй ажилладгийн нэг нь “Монгол гэрийг хөгжүүлэх үндэсний төв” юм.

…Энэчлэн, та бидний мэддэг гэж боддог энгийн зүйлсэд бидний төсөөлснөөс ч их утга учир, өв соёл, түүх, философи агуулагдаж байдаг аж. Ямартаа ч жижигхэн гэртэй том сэтгэлтэй балчир охины өөрөө ч мэдэхгүйгээр суралцаж, өвлөн уламжилж буй монгол соёлын талаар эрхэм уншигч танаа чадан ядан хүргэлээ.

Ж.Баярхүү. Номио, чи хөдөө явах дуртай юу?

С.Номин-Эрдэнэ. Би хөдөө явах дуртай. Өвөөгийндөө, бас Маамынх руу, бас Айдаа ахынх руугаа очдог.

Ж.Б. Гэртээ хүн дайлахыг хэн чамд зааж өгсөн юм бэ?

С.Н. Би өөрөө мэдсэн.

Ж.Б. Энэ жижигхэн модон хувинг яаж хэрэглэдгийг мэдэх үү?

С.Н. Мэднэ. Үүнийг цацлын халбага гэдэг юм. Сайн яваарай гэж хэлээд сүү өргөдөг.

Ж.Б. Гялайлаа. Бяцхан Номиогийн маань амьдралын алтан шар зам өлзийтэй байг ээ!

Эх сурвалж: “Нийслэл гайд” сэтгүүлч 2017 он

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img