2024-10-08, Мягмар
16 C
Ulaanbaatar

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-23” үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-23” “Худалдааг ногоон, дижитал, органик болгон төрөлжүүлэх” сэдвээр үргэлжлэв.

Өнөөдрийн чуулга уулзалтаар Стратегийн дахин глобальчлал (даяарчлал) гэсэн шинэ нэр томъёо бүхий ухагдахуун гарч ирж буйг хэлэлцлээ. Энэ нь өмнө нь дэлхийг тойрон хийдэг байсан уламжлалт худалдааг тээвэр-логистикийн жижигрүүлсэн эко систем болгож, энэ хүрээндээ ойр орчмынхоо бүс нутгийн орнуудтай худалдааг эрчимтэй хийх гэсэн худалдаанд гарч буй шинэ өөрчлөлт юм гэдгийг чуулга уулзалтад оролцогч, Сенегал улсын “GAINDE 2000” компанийн гүйцэтгэх захирал Ибрахима Нур Эддин Диагнэ тодотгож байв.

Ийм байдлаар аливаа тулгарч буй хямралыг амар хялбар даван туулна гэсэн шинэ зарчмыг хөндлөө. Энэ жишээн дээр Монгол Улсыг авч үзэхэд ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөрш, их гүрний дунд байрладаг улс учир тээвэр-ложистик болон худалдааны сүлжээгээ эрчимжүүлж чадах юм бол, мөн Монгол Улсын хувьд худалдааны түншүүд нь хүчирхэг байдаг давуу талыг ашиглаваас ихээхэн боломж гарч ирнэ гэдгийг онцолж байлаа.

Өнөөдрийн чуулга уулзалтаар хэлэлцсэн бас нэг чухал сэдэв нь Ногоон худалдан авалтын тухай байлаа. Монгол Улс ноолуурын дэлхийн зах зээл дээр тэргүүлдэг орны нэг. Мөн ХАА-н органик бүтээгдэхүүнийн экспорт хийх боломжтой. Өнөөгийн дэлхий дахин, ялангуяа Европын холбооны улсууд болон Японд органик бүтээгдэхүүнийг импортоор худалдан авах байнгын сонирхолтой болж буй энэ цаг үед Монгол Улсад органик бүтээгдэхүүнээ өндөр үнэ цэнтэй болгон хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нь том боломжийг авчирна.

Тиймээс органик фермийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага тавигдаж буйг хөндлөө. Үүнд Монгол Улсаас гадагш экспортлох бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг олон улсын стандартад нийцүүлэх явдал чухал байна. Олон Улсын Худалдааны төв энэ асуудалд анхаарч, дэмжин ажиллаж буйг өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийн үеэр тус төвөөс мэдэгдлээ.

Ногоон худалдан авалтын хүрээнд олон улсад шинэ бодлогууд бий болж буйг өнөөдрийн уулзалтаар мөн онцлон ярилцсан юм. Тодруулбал, АНУ болон Европ холбооны орнууд ногоон технологиор үйлдвэрлэн бий болгосон бүтээгдэхүүнийг экспортоор авахыг эрхэмлэх болжээ. Эсрэгээрээ байгаль орчинд хор хохиролтой арга замаар бүтээсэн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх зарчмыг баримталж, энэ талын хориг тогтоосон захирамжуудыг гаргаад буй жишээг дурдлаа. Энэхүү нөхцөл байдал нь худалдааны хуучин арга замыг өөрчилж, дэлхийн худалдааны ирээдүйн чиг хандлагад нөлөөлж байгаа аж.

Түүнчлэн Монгол Улсын дараагийн том боломж нь тогтвортой аялал жуулчлал юм гэдгийг өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгээр онцлов. Баялаг түүх, соёл, нүүдлийн соёл иргэншлийн ахуй байдлыг аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж сурталчлахад Монголын хүчирхэг брэнд болох боломжтой олон зүйл байгааг тодотгож байв. Ингэхийн тулд юу хийх ёстой гэсэн асуулт ч тавигдаж байлаа. Юуны өмнө Монгол Улс цахим худалдааны сүлжээгээ хөгжүүлэх учиртай. Ингэснээр мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт ч дараагийн нэг том боломж гарч ирнэ гэдгийг хөндсөн юм.

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт маргааш буюу 6 дугаар сарын 28-нд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг олон улсын худалдааны “SheTrades” сүлжээнд холбох нь”, “Дотоод инновацыг ашиглан цахим өөрчлөлтийг эрчимжүүлэх нь”, “Ногоон худалдаа руу шилжих санхүүгийн хүртээмж” зэрэг сэдвээр үргэлжилнэ. Мөн өдөр олон улсын “SheTrades” төвийн Монгол Улс дахь салбар төвийн нээлт болох юм. Энэ нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор санаачилсан олон улсын хөтөлбөр юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img