Чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийг хэлэлцлээ.
Чуулга уулзалтын эхний өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 26-нд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, худалдааны дэд бүтэц, бүс нутгийн холболт, худалдааг хүртээмжтэй хөнгөвчлөх зэрэг сэдвээр дугуй ширээний уулзалт болсон.
Хоёр дахь өдрийн уулзалтаар залуучуудын бизнес, эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ногоон бизнес болон төслүүдийг танилцуулах тэмцээн болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, худалдаа, хөрөнгө оруулалтыг ногоон, цахим, органик байдлаар төрөлжүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн уялдаа холбоог сайжруулах олон уулзалт болж, аж ахуйн нэгжүүд 4.5 сая ам.долларын үнийн дүн бүхий яриа хэлцэл хийн, 20 орчим аж ахуйн нэгж цаашид хамтран ажиллахаар болсныг тодотгов.
Чуулга уулзалтын үеэр залуу бизнес эрхлэгчид ногоон гарааны бизнесээ танилцуулан өрсөлдөж, “Экопренер, байгаль орчны нөхөн сэргээлтийн шагналын эздийг” шалгаруулсан байна.
Мөн Олон улсын худалдааны төв “Эмэгтэйчүүдийн худалдааг дэмжих төв”-өө Монгол Улсад албан ёсоор нээлээ.
“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д дэлхийн 70 орны 600 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хэлэлцүүлэг, уулзалтуудаас гарсан үр дүнг нэгтгэн, 2023 оны сүүлээр эхлүүлэх Үндэсний экспортын стратегид тусгах юм.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв хамтран зохион байгууллаа.