2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Н.Энхболд: Улс төрийн намын тухай хуулийн төслийг улс төрийн 30 гаруй намын төлөөлөл хэлэлцсэн

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хуралдааны эхэнд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав.

Мөн Төмөр замын тээврийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “Төмөр замын зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ, суурь бүтцийн болон хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр зохицуулсан Төмөр замын тээврийн тухай (Шинэчилсэн найруулга) болон хамт баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу холбогдох зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсний дараа дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 4 дүгээр зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжив.

Ингээд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Дараа нь Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгаланг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадарчийн Жаргалмааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгажээ. Төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.0 хувь нь дэмжсэн.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас 2022 оноос 12 дугаар сарын 30-ны өдөр болон Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хийв.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн энэхүү хуулийг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцсон, эсэх хуулийн төсөлд хариуцлагын асуудлыг чангатгасан талаар тодруулсан.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.-т хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэнэ. Авлигатай тэмцэх газар энэ хүрээнд 2022 онд 653 албан тушаалтантай холбогдох гомдол, мэдүүлгийг хүлээн авч, 37 албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн. Цаашлаад уг төсөлд хууль зөрчсөн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгасан хэмээн Ажлын хэсгээс хариулж байлаа.

Мөн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулсны дараа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуралдааны төгсгөлд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Д.Өнөрболор, Б.Баттөмөр, Н.Учрал, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, М.Оюунчимэг, С.Ганбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Хуулийн төсөлд намын Их Хурлаар дүрэм, мөрийн хөтөлбөр, намын дарга, төлөөллийн байгууллага батламжлах, хяналтын байгууллагаа сонгох гэсэн дөрвөн асуудал шийдвэрлэнэ гэж тусгасан. Намын Их Хурал дөрвөн жилд нэг л удаа болдог. Гэвч намын дүрэм, дарга өөрчлөгдөх шаардлага үүсвэл намын төлөөллийн байгууллагад ийм эрхийг олгоогүй явж ирсэн. Энэ удаа төлөөллийн байгууллагад ийм эрхийг олгохдоо гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгээр, дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байх буюу намын Их Хурлын бүрэн эрхэд байнга халдаад байлгахгүйн тулд хязгаарлалтыг тусгаж өгсөн. Гуравны хоёрыг өндөр байна гэж үзвэл хэлэлцүүлгийн явцад олонх гэж өөрчилж болно” хэмээн хариулсан.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хариултдаа, “Монгол Улсын Үндсэн хуульд иргэд үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхийг нээгээд өгсөн болохоор улс төрийн намд ямар хүн элсүүлж болох, болохгүй тухай хуулиар зохицуулах боломжгүй. Хуулийн төслийг Ажлын хэсгийн хэдхэн гишүүд ярилцсан бус улс төрийн 30 гаруй намын төлөөлөл хэлэлцсэн. Тэд тодорхой олон асуудлуудыг улс төрийн намууд дотоод дүрмээрээ зохицуулах нь зүйтэй гэсэн тул уг хуулиар хязгаарлалт тавьж болохгүй гэсэн байр суурийг дийлэнх олонх нь илэрхийлсэн” гэдгийг онцлов.

Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд ч энэ зарчмыг барьсан байх. Тухайлбал, уг төсөлд хуульд зааснаас бусад тохиолдолд намын гишүүн байх нь түүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, давуу байдал олгох үндэслэл болохгүй, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалахад зайлшгүй, тохирсон хуульд зааснаас өөр хязгаарлалтыг эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхэд тавьж үл болно гэж заасан” гэж байлаа.

Гишүүдийн асуулт, хариултаар үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаж, үдээс хойших хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэхээр болов

Үдээс хойших нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярын горимын санал гаргаснаар эхлэв. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж ажлаасаа чөлөөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дугаа долоо хоногийн дотор хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уншиж танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан нууц санал хураалт явуулж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас Ц.Нанзаддоржийг чөлөөлөв.

Түүний дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулиудын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, С.Одонтуяа.Б.Энхбаяр нар асуулт асууж хариулт авлаа.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллоор санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Нэгдсэн хуралдаан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, зарчмын зөрүүтэй 57 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс гадна УИХ-ын гишүүн Н.Учрал, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Л.Мөнхбаатар нарын боловсруулсан төсөлтэй хамтатган хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал дэмжиж үг хэллээ.

Тэрбээр, Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Н.Номтойбаярын үед өргөн барьсан. Дараа нь тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн байгуулж, Л.Мөнхбаатар нарын гишүүдтэй хамтран хуулийн төсөл боловсруулсан. Өнөөдөр энэ хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэж байна. Сайн дураараа хувийн нэмэлт тэтгэврийн санд тодорхой хуримтлал үүсгэх боломжийг иргэддээ нээж өгч байгаа юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хувийн нэмэлт олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ гэж заасан.

Хувийн тэтгэврийн санг зохицуулсан зохицуулалт байхгүй учраас өнөөдөр арилжааны банкууд төрийн бус байгууллагын журмаар тэтгэврийн сан байгуулж, эхнээсээ тэтгэврээ олгоод эхэлсэн байна. Хэрвээ тэтгэврийн сан эрсдэлд орвол хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй учраас энэ хуулиар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй дэвшил гэж ойлгож болно. Тиймээс хуульчлан хамгаалж, хувийн тэтгэврийн санг байгуулаад түүнийг нь хөрөнгө оруулалт менежмэнтийн компаниар хөрөнгийн зах зээлийг дэмжих бодит боломж бүрдэнэ. Энэ хуулийг даруй хэлэлцэж гаргах хэрэгтэй гэв. Мөн тэрбээр анхны боловсруулсан төсөлд туссан зарим заалтыг хассанд шүүмжлэлтэй хандсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, тэтгэврийн реформ хийхийг дэмжиж ирсэн. Өргөн барьсан төсөл, санал хураалтын томьёоллыг тулгахад зөрүүтэй байна. Тухайлбал, Зөвшөөрлийн хуулиас давсан нэмэлт шаардлага тавихаар заалтууд орсон нь авлига, хээл хахуулиас ангижрах бодлогын эсрэг явж байна. Энэ бол хуулиас давсан хэм хэмжээг тогтоож болохгүй гэв. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Н.Учрал нарын гишүүдийн саналыг үндэслэн Байнгын хороонд холбогдох заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө. Ингээд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн санал хураалтыг хойшлуулахаар боллоо.

Дараа нь хуралдаан Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт гараагүй тул зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хурааж, дэмжигдэж, хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэх хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаан цаг сунгаж хуралдан асуудлуудаа хэлэлцэхээр болж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир уншиж танилцуулсны дараа тус хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Нийгмийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар танилцуулсан. Хуулийн төсөл бүрт Байнгын хорооноос гаргасан тус бүр нэг зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж, дээрх хоёр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тэтгэмжийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн /Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан/ анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Ц.Туваан дээрх хуулийн төслийг хэлэлцсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцууллаа. Анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгтэй нэгтгэх Байнгын хорооны горимын санал дэмжигдэж, холбогдох Байнгын хороонд эцэслэн батлуулах бэлтгэх хангуулахаар шилжүүлэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тус хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал нэгджээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, С.Туваан нарын гишүүд хууль батлагдсанаар ямар үр дүн гарах, бэлчээрийн ашиглалт хэр сайжрах талаар асуулт асууж, хариулт авлаа.

Хуулийг яаравчлан батлахгүйгээр нарийвчлан хэлэлцэх, бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, отрын бүс нутгийг зохицуулахад эрх зүйн шийдлийг гаргах, бэлчээр ашиглалтын журам загварыг оновчтой тусгах, бэлчээр бол зөвхөн хөдөөний малчдын асуудал биш гэдгийг анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлж, тус хуулийн төслийг хэлэлцэн батлахыг гишүүд дэмжиж үг хэлсэн.

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжсэнд тооцож, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img