2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Хар цагаан Хархираа

Уул болгон өөр өөрийн өнгө төрх, араншинтай, уул болгон өөр өөрийн бүтэц, тогтоцтой. Түүн дундаас Хар цагаан Хархираа уулын араншин их өвөрмөц. Тэр хүмүүстэй ярьж байх шиг санагдсан. Харин бид түүнтэй хэл нэвтрэлцэхээр оролдож байлаа. Түүнийг мэдрэх, ойлгох нь хэн хэндээ их чухал байв.

Хар цагаан Хархираа. Хатуу хайрхан. Тийм атал бас зөөлөн. Яг л эцэг хүн шиг. Хөмсөг зангидан шуурч эхэндээ бидэнд хатуурхаж байсан ч хөөрхий үрсийнхээ их хүсэл, өчүүхэн тэвчээрийг энэрэн эргээд нүүр дүүрэн мишээх шиг болсон юм даа. Тийм ээ, тэгээд биднийгээ хүлээж авч, зулай дээрээ хөл тавиулсан юм…

Энэ аялал 2015 оны зургадугаар сард болсон билээ. Өмнөхөн нь, тавдугаар сард Кавказын уулсын зүг дөрөө харшуулаад ирсэн хэсэг нөхдийн хамт Хархираа Түргэний уулсаа зорих хувь тавилан надад оногдсон нь энэ. Би урьд нь Увсын нутгаар явж үзээгүй байсан юм. Ахиад л би байгалийн сайхнаас хэмгүй ихийг хүртэж, аз жаргал, баяр бахдалд бялхан явахдаа үүнийхээ сацуу бас багагүй тэвчээр хатуужил, эр зоригийг ч гаргах хэрэгтэй болж, өөрийнхөө хувьд “их” гэж хэлж болохоор айдсыг ч мэдрээд амжсан.

ХархирааЗорьсон газартаа очих хүртэлх замд өндөр уулс гэхээсээ илүү өргөн хөндий, мэлтэлзсэн том нуурууд байсхийгээд л тааралдана. Өөрийн гэсэн өнгө төрхтэй, эх орны минь бас нэгэн сайхан нутаг аж.

Увс аймгийн Тариалан сумын нутагт орших Хархираа Түргэний бүлэг уулсын Хархираагийн ноён оргил Хар цагаан Хархираа /ДТД 4037 м/-д монголчууд багийн авиралт хийлгүй 20 гаруй жил болсон гэнэ. Гэхдээ хоёр жилийн өмнө японы уулчид ирж, Увс аймгийн уулчин “том”, “жижиг” хоёр Сүхээгээр ахлуулан авирсан юм билээ. Харин энэ удаад миний бие “Уулчин монгол” нийгэмлэгийнхний авиралтад оролцсон бөгөөд тус авиралтыг “Дэглий” клубын уулчин, Спортын мастер Ч.Сүхбаатар буюу “жижиг” Сүхээ ах удирдан замчилсан юм.

Хархираа голын шөнө

2015 оны зургадугаар сарын 17-нд бид Улаангомоос пургоноор хөдөлсөн. Уг нь хол биш зам туулна. Гэхдээ бартаа гэж янзын. Уулын амаар өгсөхдөө Хархираа голыг хэд ч гатлав даа, сүүлдээ бүр тоогоо алдчихсан. Мурийж тахиралдан урсах эрчит, бас үзэсгэлэнт гол. Сайн жолоочтой орос тэрэг тулдаа л гол дундуур чулуу туучин ингэж олон удаа гаталж байна даа гэж бодож явтал “олон хавар нэгэндээ” гэгчээр нэг том чулуунд машин маань тээглээд ширүүн урсгалт голын яг тэг дунд зогсчих нь тэр. Ойр хавьд айл хүн байтугай адуу малын ч бараа алга. Улаангомын нохой гаслам халуунаас дайжиж, уул руугаа дөхөх тусам уур амьсгал сэрүүсч ирсэн юм. Төд удалгүй бороо шивэрч эхэллээ. Бид хүчээ нэгтгэж байгаад машинаа татаж үзсэн ч өчүүхэн ч хөдөлгөж чадсангүй.

ХархирааБороо орох тусам Хархираа голын урсгал улам ширүүсч, ус нь ихэсч, сүүлдээ машины дугаар далд ороод зогсохгүй хүчит давалгаа цонх шүргэн алдан шуугиж байв. Ингэсээр харуй бүрий болж, машинаа голд урсгачихгүйн тулд бид хад чулуунаас олсоор сайн гэгч нь бөхлөөд майхнаа барьж хоноглосон билээ. Маргааш нь зүг зүг рүү чамгүй хол алхацгааж, машин тэрэг, хүн амьтан, адуу мал хайсаар, эцэст нь замаар явж байсан Зил-130 машиныг тосон гүйж зогсоогоод пургоноо уснаас чирж гаргуулсан. Орос тэрэг гэдэг аргагүй өөр юм. Бүтэн хоног усан дотор байсан ч уснаас гаргасны дараа “юу ч болоогүй юм шиг” давхиад л явчихсан…

“Үүнийг” даван туулсан нь л “үүнийг” хүртэнэ…

Бид машин явах боломжгүй газар хүртэл давхисны эцэст майхан сав, ачаа бараагаа буулган, бүгдийг нь баглаж үүрээд ус гол туучин, уулсын дундуур дээш доош, дэгэн догонтой замаар өгсөж уруудан, үхэр чулууд, мөсөн голын ангал дээгүүр зүрх алдан харайж, өдөржин алхсаар үдшийн бүрийд хоноглох газраа ирлээ. Хархираагийн уулсын дунд, 3000 орчим метрийн өндөрт орших оюу ногоон нуурыг хараад ядарч цуцсанаа шууд л умартан, гоо үзэсгэлэнд нь дүйх үг олж чадахгүйдээ өөрийгөө ихэд чамлан зогссоноо санаж байна.

ХархирааЭргэн тойрны сүрлэг уулс, эгц цавчим ханан хад, ханан хадны наагуур хөшиглөх үүлс яг л театрын тайз шиг, бас цаст цагаан оргилууд, үзэсгэлэнт оюу нуур, дэлхийн ямар ч алдартай брэндийн уснаас илүү тансаг үнэрээрээ ажлын ширээнийхээ ард суугаад өчнөөн сарын дараа дурсамжаа сэргээн бичиж буй намайг яг одоо ч мансууруулж чадаж буй багцлан ургасан ув улаахан цэцэгс /уучлаарай, тэр цэцэгний нэрийг мэдэж чадаагүй минь харамсалтай/…

Чухамдаа ийм л орчинд майхнаа барьж, хэдхэн алхмын цаана хоржигнон урсах цэв цэнгэг, хүв хүйтэн рашаанаас хутган авч хүртэнэ гэдэг амьдын жаргал биш гэж үү… Мэдээж, “үнэгүй” юм гэж байдаггүй. Ийм гайхамшгийг мэдэрч хүртэхийн тулд бидний төлөх төлөөс бол чин хүсэл, зориг, зүтгэл, тэвчээр байсан билээ. Үүнийг даван туулсан нь л үүнийг хүртэнэ…

Нэг өдөрт хоёр удаа хийсэн дайралт буюу алдаа онооны дэнс…

2015 оны зургадугаар сарын 19. Үүрээр сэрэхэд бороо орсоор байлаа. Шөнөжин орсон бороонд майхан гаднаасаа нэвтэрч, аяны хөнжил ч норжээ. Өнөөдөр бидний авиралтын өдөр. Бид бороо намдахыг хүлээн хэсэг харзнасан боловч эцэст нь дайралтаа хийхээр шийдэн 7.15 цагт отогоосоо хөдөллөө.

Ийнхүү амьдралын минь нэгэн гайхамшигтай, дурсамжтай өдөр эхэлсэн юм. Тэр өдөр бид нэг л замаар дөрвөн удаа өгсөж уруудна гэж, тэрхүү зам гурван огт өөр төлөвөөр биднийг угтана гэж төсөөлөө ч үгүй. Чухамдаа хотод мэдрэх боломжгүй ийм л гайхамшгууд биднийг уул руу татдаг биз ээ. Эхлээд үүрээр өгсөхөд зам цав цагаан, хөвсгөр, гүн цастай байсан. ЦАСАН ЗАМ!

ХархирааӨгсөх тусам уур амьсгал хүйтэн болж, орж байсан бороо цас болон хувирч, сүүлдээ бүр шуурч эхэлсэн. Бид өгссөөр 3700 метрт хүрэхэд цас нүүр нүдгүй шуурч, зам харагдахаа больсон юм. Цасан шуурга намдахыг хэсэг зуур хүлээзнэсэн ч, хөдөлгөөнгүй ахиад жаахан удахад л хөл гараа ч хөлдөөж мэдэхээр хүйтэн салхитай байсан учир буцсан билээ. Явсаар отог дээрээ ирэхэд майхан гадаснаасаа мултарч хийсэн унасан байлаа. Нэлээд хүчтэй салхилсан нь илт.

Ингээд бид буцах эсэх тухайгаа ярилцав. Зорьсондоо хүрэлгүй буцна гэхээр сэтгэл нэг л дундуур. Ахиад бидэнд нэг хоногийн хугацаа, хүнс бий. Иймд зөвлөлдөж байгаад, баг хоёр хуваагдан, Ш.Сэргэлэн, Б.Батбаяр, Л.Бүрэнтөгс, Г.Мөнхжаргал нар түрүүлж буугаад хүлээж байхаар болж, Ч.Сүхбаатар, Н.Мандах, Б.Мөнх-Од, Ш.Гэрэлмаа бид тав маргааш өглөө нь ахин нэг удаа дайралт хийхээр үлдсэн юм.

Буухаар шийдсэн нөхдөдөө “Бид заавал оргилд гарах гэж шунахгүй. Маргаашийн тэнгэрийн байдлыг хараад, нэг авирч үзээд, болохооргүй бол эргэж бууна аа” гэж амласан. Мэдээж авиралт хийхээс өмнө “соёл иргэншилтэй газар байхдаа” ойрын өдрүүдийн цаг агаарын байдлыг судалсан байсан. Дандаа л бороотой өдрүүд таарч байсан л даа. Гэхдээ бид тэртээх Улаанбаатараас Хар цагаан Хархираа ууландаа л авирах гэж зорин ирсэн болохоор боломжтойгоос боломжгүйг хүртэл яваад үзэх хэрэгтэй байсан юм. Тэгтэл яг л гайхамшиг тохиох шиг болсон юм! Бид аяга хоол буцалгаад сууж байтал тэнгэр гэнэтхэн цэлмээд ирсэн. Нийтлэлийнхээ эхэнд би “Хар цагаан Хархираа. Яг л эцэг хүн шиг. Хөмсөг зангидан шуурч эхэндээ бидэнд хатуурхаж байсан ч хөөрхий үрсийнхээ их хүсэл, өчүүхэн тэвчээрийг энэрэн эргээд нүүр дүүрэн мишээх шиг болсон юм” гэж бичсэний учир энэ.

Маргааш ахиад л бороотой, дээшлэхээр цасан шуургатай байх ч магадлалтай. Харин гэнэт ингэж тэнгэр цэлмэж, нар гарах юм гэж бидний хэн нь ч төсөөлөөгүй байсан юм шүү. Саяхан алдарт “Эверест” киног үзэж суухад “Уулс өөрөө цаг агаараа өөрчилдөг” хэмээх үг сэтгэлд их гүн тусч билээ.

ХархирааИнгээд бид “шуурхай зөвлөгөөн” хийлээ. “Одоо яваад үзвэл яасан юм? Эсвэл маргааш эрт дайралтаа хийсэн нь дээр үү? Маргааш өглөө бороо ороод, өнөөдрийнх шиг дээшлэхээр цасан шуурга тавьбал яах вэ?” гэх мэт. Тэгээд юутай ч майхан сав, хоол хүнсээ ахин баглаад уул руугаа илүү дөхөхөөр шийдэв. “Алхаж байтал цаг агаар эвгүйтвэл дараагийн отогоо байгуулаад хоноглоё. Тэгээд маргааш өглөө эрт дайралтаа хийе. Тэнгэр цэлмэг хэвээр, цаг гайгүй байвал ахиж нэг зөвлөлдье” гээд хамаг юмаа үүрээд хөдөллөө. Бид алхсаар хоёрдугаар отогоо байгуулж болох газарт ирэхэд цаг 16.30 болж, тэнгэр цэлмэг хэвээр байлаа.

…Өндөр ууланд үдээс хойш авирч болохгүй гэх бичигдээгүй хууль бий. Тэгэхэд бид яагаад ч юм энэ хуулийг зөрччихсөн. Ингэж болдог гэж хэлэх гэсэн юм биш шүү, дараагийн удаа ахиад ийм эрсдэлтэй алхам хийж хэрхэвч болохгүй! Зүгээр л бид маргааш дахиад авирч чадахгүй болчих вий гэсэн тэнэгхэн бодолдоо хөтлөгдөж, тэгээд “ахиж дайраад харанхуйгаас өмнө амжихааргүй бол наанаас эргээд бууна” гэж Сүхээ ахыг хэдэн талаас нь ятгасаар байгаад зөвшөөрүүлчихсэн юм. Хүсэл зоригтоо хөтлөгдөөд л тэр… Гэхдээ, уулнаас мэдэрдэг барьцгүй, бодьгүй гэмээр зүйл заримдаа надад хамгийн барьцтай, хамгийн бодитой зүйл шиг санагддаг. Хамгийн гол нь бид уулстай хэл нэвтрэлцэж сурах хэрэгтэй шиг л санагддаг даа.

Ингээд бид майхан, хүнсээ орхиод, дайралтын үүргэвчтэйгээ дээш мацлаа. Өглөө авираад үдээс хойш буусан зам минь цаанаа л дотно. Харин өдрийн наранд цас хайлж, бидний гишгэсэн мөр бүхэнд ус мэлтэлзэж байлаа. УСАН ЗАМ!

Бид өгссөөр, нэлээд эгц хэсэгт очоод олсондоо оров. Үе үе нар үүлэн цаагуур орно. Үүлэн цаагуур нар ормогц салхины хүч нэмэгдэж, үдэш болж байгааг хэлэх үү цас пургиад, тэртээ доогуур үүлс бужигнаад, аймаар, гайхмаар, орчин дэндүү үзэсгэлэнтэй… Нэг их холгүй, уулчдын чансааг сорьдог Түргэний уулсын ноён оргил Цагаан дэглий харандаа шиг шовх цагаан тэргүүнээрээ хараа булаана. Цагаан дэглийг Хар цагаан Хархираагаас харахад яг л үлгэрийн цамхаг мэт… Үнэндээ бол ийм зүйлийг хүн болгон харах боломжгүй шүү дээ. Энэ л гайхамшиг…

Оргилд дөхөх үед “харанхуй болохоос өмнө бид эргээд амжиж буух уу” гэдэг асуудал тулгарсан. Гэтэл оргил энүүхэнд цайвалзана. Гэвч тэрхүү “энүүхэн” л хамгийн их чадал сорьсон, хамгийн эрсдэлтэй хэсэг нь байсан юм. Чухамдаа тэнд л “Би энд юугаа хийж яваа юм бэ?! Яах гэж?! Юуны төлөө?!”… яг ингэж бодогдсон. Оргилд хүрэх хэсэг эгц, хад нь сул, цас нь гөлөөнтэй… Нэг л хөл алдах юм бол тэгээд л дуусахаар… Товчхондоо, аймаар. Увсын уулсын бүтэц ерөнхийдөө ийм юм шиг санагдсан. Олон сарын дараа эргээд бодоход ч аймаар хэвээр байна…

Оргилдоо бид Улаанбаатарын цагаар 21.00-д хүрсэн юм. Эргэн тойрноо харан баясах цаг хугацаа ч, ер нь бол зүрх зориг ч бидэнд байгаагүй. Зураг авахуулна, авиралтаа баталгаажуулна гэдэг ийм нөхцөлд огт утга учиргүй зүйл болж хувирдаг юм билээ. Бид хэнд авирч өгч байгаа юм бэ, тийм биз?!

Харуй бүрий. Хальтиргаатай. Огцом. Минут минутаар эрсдэл нэмэгдэнэ. Тиймээс хурдан л эсэн мэнд буух ёстой. Ийм л байсан. Буух гэж бас их зүдэрсэн дээ. Удаж төдөлгүй харанхуй ч болсон. Бид айж байсан. Би л лав их айсан. Ингээд бид нэлээд доошилж, арай гэж нэг тогтож зогсох боломжтой газарт ирээд бие биедээ баяр хүргэн тэврэлдэцгээсэн юм. Тэр агшин зүрх сэтгэлд минь тодхон үлджээ. Тэгэхэд, насаараа ууланд авирсан Сүхээ ах маань уйлж байсан юм, “Хүүхдүүддээ маш их баярлалаа. Та нарыгаа ингэж нэг эсэн мэнд буулгадаг юм байж…” гээд.

ХархирааУвсын уулсын хүндийн зэрэглэл ерөнхийдөө 5а, б, 6а, б гэсэн категоритой байдаг юм байна. Харин бид 6а, б гэсэн категориор авирсан болж таарав. Сүхбаатар ах “Энэ бол ямар нэгэн тэмцээн уралдаан зохион байгуулж, цагт баригдан өгсөж уруудан гүйдэг уул биш юм шүү. Уулчдын эр зориг, авхаалж самбаа, чадварыг сорьдог уул. Өөрөөр хэлбэл маш хүнд зэрэглэлийн уул шүү дээ” гэж ярьсан юм.

Бид харанхуйд духныхаа гэрлийг гялалзуулан уруудахад эхлээд цастай, дараа нь устай байсан зам маань хөлдөөд нэлэнхүйдээ мөстэй болчихсон байв. МӨСӨН ЗАМ!

Явсаар шөнийн 12.00 болж байхад отог дээрээ ирж, голын чулуудыг зайчлан майхнаа барьж, борцтой шөл буцалгаж идээд унтацгаалаа. Унтлаа ч гэж дээ, дороос хүйтэн чулууд жиндүүлж нухаад, хазгай газар гулсаад бие амарч чадаагүй, гэвч сэтгэл дүүрэн баяртай…

Маргааш өглөө нь сэрэхэд бидний таамаглаж байсанчлан бороо ордгоороо орсоор байв…

Ийнхүү, зорьсон хэргээ бүтээсэн бид өглөөний цайгаа уугаад, ачаагаа баглаж үүрээд буцах замдаа орсон билээ. Уулнаас бууж явтал гэнэт ард тэсэлгээ хийв үү, дэлбэрэлт болов уу гэмээр нүргэлсэн их чимээ гарч, сандран харвал эгц цавчим уулнаас хад чулуу тачигнан бууж байлаа. Бодвол аргаль, янгирын хөлийн чулуу бие биеэ аваад доош ингэж нурдаг юм болов уу. Яаж бид холдож амжсан байсан юм бол доо. Увсын уулс ийм л аж…

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img