2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар эхлээд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Мөн тогтоолын төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 2 санал хураасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэв. Ийнхүү нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, Байнгын хорооны танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Ц.Сандаг-Очир гишүүн танилцууллаа.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, хөтөлбөрийг баталсантай холбогдуулан олон хууль тогтоомжид өөрчлөлт орох шаардлага үүсч буйг хэллээ. Түүнчлэн олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, төрийн байгууллагууд ил тод байдлыг хангах, үйл ажиллагаагаа цахимжуулах асуудлууд хөтөлбөрт тусгагдсан нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа, үүний зэрэгцээ авлигын эрсдэлийг тооцдог механизм бүрдүүлэх, АТГ-ыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг санал хэлсэн юм. АТГ-ын үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх, тэр дундаа эдийн засгийн чухал үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь, Орхон зэрэг салбар байгуулах боломжийн талаар тодруулав.

Авлигын эсрэг тэмцэх ажлуудыг орон нутагт идэвхжүүлж, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авдаг сүлжээ бүрдүүлж, холбогдох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдээд 8 орчим жил болж байгааг Байнгын хорооны дарга Б.Энхбаяр хариуллаа. Цагдаагийн байгууллага шиг орон нутаг бүрд салбар байгуулах асуудал бол хууль, тогтолцооны хүрээнд иж бүрнээр яригдах, Засгийн газраас шийдэх боломжтой гэлээ. Ийнхүү гишүүн асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 40 гишүүний 95 хувь нь дэмжиж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.

Дараа нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь тус тус танилцууллаа.

Аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах, улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох, улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах, аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах, мөн хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэх, Үндэсний их баяр наадмын тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль хоорондын зөрчлийг арилгах, хуулийг нэг мөр хэрэглэх эрх зүйн орчныг бий болгох зэрэг зохицуулалтуудыг тусгаж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг үндэслэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авав. Үндэсний их баяр наадмыг хуулийн хугацаанд улс орон даяар тэмдэглэх асуудлын талаар, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулсан гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хариулт өглөө.

Үндэсний их баяр наадмыг жил бүр аймаг, сум долдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэхээр хуульчилсан.

Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд л өөр өдрүүдэд улс, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх боломжтой бөгөөд улс, аймгийн баяр наадмын хугацааг Засгийн газар, сумын баяр наадмын хугацааг аймгийн Засаг дарга тогтоох зохицуулалттай гэв. Ингэхдээ аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэх хугацааг наймдугаар сарын 10-ны өдрөөс хэтрүүлэхгүй байх ёстой аж. Энэ хуулийн хэрэгжилтийг бүх нийтээр хангаж ажиллах чиглэлийг орон нутгийн удирдлагуудад Шадар сайд хүргүүлээд байгаа гэв.

Аймгийн наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг авч байх төслийн зохицуулалтыг онцлон, үндэсний их баяр наадмын үеэрх бөхийн барилдааны үеэр үүсч буй допингийн асуудлуудыг таслан зогсоох, баяр наадмын үйл ажиллагааг маргаангүй, шударга зохион байгуулахтай холбоотой асуудлуудаар гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын чуулганҮндэсний их баяр наадмыг улс орон даяар шударга, эмх цэгцтэй зохион байгуулах ёстой бөгөөд үндэсний өв уламжлал гэдэг агуулгаар нь чухалчлан анхаарах нь зүйтэй гээд, төслийг хэлэлцэхийг дэмжив.

Дараа нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав.

Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах талаар салбарын хяналтын нэгдсэн тогтолцоо бүрдээгүйгээс мал, амьтны гоц халдварт өвчний гаралт, тархалт нэмэгдэх, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, үүний улмаас малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанар алдагдах, бие давжаарах, ашиг шим буурах нөхцөл байдал үүсээд байна. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор мал аж ахуйн салбарын харилцааг зохицуулж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох талаарх зорилтууд хэрэгжих, мал эмнэлгийн хяналтын нэгдсэн тогтолцоо бий болж, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах худалдааны түнш орнуудын шаардлагыг хангах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ төрийн байгууллагууд давхардуулан гэрчилгээ олгодог явдал үгүй болж, бизнес эрхлэх таатай орчин орчин бүрдэж, иргэдийн эрхийн баталгаа сайжрах аж.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав. Дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Мал аж ахуйн салбарын хуулиудын давхардал, хийдэл зөрчлийг арилгаснаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан хүнсний аюулгүй байдлыг хангах, мал, амьтны эрүүл мэнд, малын удмын санг хамгаалах, баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох таатай орчин бүрдэнэ гэж үзэн хууль санаачлагчид хуулийн төслийг боловсруулан, d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн аж.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Н.Ганибал, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Малыг амьдаар нь экспортлох боломжийг нэмэгдүүлэх талаар тодруулсан гишүүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хариулт өгөв.

Дорноговь аймгаас хонийг амьдаар нь экспортлож байгаа бөгөөд баруун, зүүн бүсээс экспортлох санал яригдаж байгаа гэлээ. Гэхдээ малыг хөлөөр нь экспортлохоос илүүтэй дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулж, бүтээгдэхүүн болгон экспортлох нь зөв бодлого гэдгийг хэллээ. Махны экспортын талаарх асуултад Х.Болорчулуун сайд хариулахдаа, экспорт өнгөрсөн оныхоос нэмэгдсэн бөгөөд 2023 оны эхний хагас жилийн байдлаар 40 мянган тонн мах экспортлоод байгаа, оны эцсийн гүйцэтгэлээр энэ тоо нэмэгдэнэ гэв. Түүнчлэн махны экспортын квотыг цуцалж, экспортын зөвшөөрөл олгох асуудлыг нэг цонхны бодлогод нийцүүлж, цахимжуулаад байгаа аж.

Ирэх сарын 01-ний өдрөөс махны экспортын зөвшөөрлийг цахимаар олгох юм байна. Малын эм тариа, вакцины хангамжийн талаар тодруулсан Г.Тэмүүлэн гишүүний асуултад ажлын хэсгээс хариулт өгөв.

Өнөөдрийн байдлаар манай улсад малын гурван төрлийн гоц халдварт өвчний асуудал үүсээд байгаа аж. Бог малын мялзан өвчний нөхцөл анхаарал татахуйц нөхцөлд хүрээд байгаа бөгөөд вакцинжуулалтын сарын төлөвлөгөө гаргаад ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар ерөнхий дархлаажуулалт 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэв. Төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Н.Ганилбал, Ц.Идэрбат, Т.Энхтүвшин нар үг хэлсэн бөгөөд төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55.3 хувь нь дэмжсэн тул Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтэрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин горимын санал гаргаж, төслүүдийн талаар нарийвчлан ярилцах зүйлс байгаа тул Байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт буцаахыг хүсэв. Уг горимын саналын талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал үг хэлж, хэлэлцэх эсэхийг дэмжсэнээс хойш гурав дахь жил рүүгээ орж байгаа энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг удаашруулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужингийн гаргасан горимын саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд буцаалаа.

Дараа нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцээд, сургалтын байгууллагын бие даасан байдлыг хангаж, дэргэдээ гарааны компани байгуулах, үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг суралцагчид ногдох хувьсах зардлаар санхүүжүүлэх, багш, хүний нөөцийн тасралтгүй хөгжлийг дэмжих, багш бэлтгэх тогтолцоо бүрдүүлэх, мэргэжлийн багш жил бүр аж ахуйн нэгж, байгууллагад дадлага хийж ур чадвараа дээшлүүлэх, өөрийн судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүнд бий болсон бүтээл, бүтээгдэхүүний орлогоос хувь ногдол, ашиг хүртэх, бүс, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн бүтэц, үйлдвэржилт, онцлог зэрэгтэй уялдуулан сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгах санал гаргасан байна. Мөн, иргэн гадаад, дотоодын сургалт, үйлдвэрлэл, амьдралын орчноос олж авсан мэдлэг, ур чадвараа үнэлүүлж зохих түвшний чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, диплом авч хөдөлмөр эрхлэх боломжийг өргөжүүлэх, ажлын байр, үйлдвэрлэлийн орчин болон сургалтын байгууллагыг түшиглэн хосмог, уян хатан, нээлттэй сургалтын тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын оролцоог нэмэгдүүлж, түншлэлд суурилсан тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос боловсруулж бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураах үед тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг зарим заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгөхийг хуралдаан даргалагчаас хүсч, горимын санал гаргав.

Түр сургалт, салбар хоорондын харилцааны асуудлаарх уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан үг хэлж, мэргэжлийн боловсролын байгууллагууд Боловсрол, шинжлэх ухааны яаманд бус салбар салбартаа хамаарах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар давхар захирагдах ёсны зарчим, хамтын ажиллагаа байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн боловсролын байгууллагын удирдлага, засаглалын асуудлаар байр сууриа илэрхийлж, мэргэжлийн болон төрийн захиргааны томилгоотой байх, тавигдах шаардлага нь өндөр байх, улс төрөөс ангид байх зарчмуудыг хуульчлах, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа мэргэжлийн боловсрол болон мэргэжлийн сургалт гэх ойлголтуудыг зааглаж, зохицуулалтуудыг нарийвчлах, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд бизнес эрхлэгчид ахиу байх нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. Эдгээр асуудлаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан горимын саналын дагуу гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

Дээрхээс бусад зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжим, биеийн тамирын багш нарын өндөр насны тэтгэвэрт гарах насыг сонголттой болгох, цэцэрлэгийн хөгжмийн багшийн хүрэлцээ, хүүхдүүдийн хоолны зардлын норматив зэрэг асуудлуудыг хэрхэн зохицуулж байгаа, малчин болон тариаланч өрхийн хүүхдийг долоон настайд нь сургуульд элсүүлж болох, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ерөнхий боловсролын сургуульд судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэсэн хуулийн төслийн заалтыг хэвээр үлдээх боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн хуулийн төслийн зарим зүйл заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь үзжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуугаагүй тул зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэнээр хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар зарлан мэдээлэв. Энэ сарын 16-нд өргөн мэдүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын аймаг, сум, бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд, 23-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны Төсвийн нэгдсэн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгдсэн тайлан, 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд, мөн өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хороонд, 28-нд өргөн мэдүүлсэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Нийгмийн бодлогын байнгын хороонд, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хороонд тус тус хуваарилсан байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img