2024-07-25, Пүрэв
16 C
Ulaanbaatar

“Таван тойргийн судар”-аас түүсэн 8 эшлэл

Философич, Ронин буюу эзэнгүй самурай Мияамото Мусашигийн амьдралынхаа сүүлийн жилүүдэд бичсэн “Таван тойргийн судар” -ыг “Арвис паблишинг” орчуулан хэвлээд буй. Сүнзийн “Дайтах урлаг”-тай зэрэгцэхүйц гэж үнэлэгддэг уг судрын агуулга, стратеги, философийг цэрэг арми, бизнес, спорт, хувь хүний хөгжил, ямар нэг зөрчил өрсөлдөөнтэй тулгардаг бүх салбарт шимтэн судалсаар байна хэмээн номын эхэнд онцолжээ. Уг судраас онцлох 8 эшлэл түүснээ сонирхуулъя.

  • Тулааны урлагт олон төрлийн хэмнэл бий. Юун түрүүнд аливаад тэнцвэртэй байх хэмнэлд суралцагтун. Мөн тэнцвэргүй байх, тэнцвэрээ алдах үеийн хэм хэмнэлийг ялган ойлго. Том жижиг, хурдан удаан юмс үзэгдлүүдийн хэмнэл дундаас аль үед тохиромжтой, хэдүйд тохиромжгүй, ямар үед ойртох, хэзээ зай барих, мөн хэний хэмнэл алдагдан тэмцэж буй зэргийг олж харахад суралцах нь тулааны урлагийн охь үндэс болой. Хэрэв өрсөлдөгчийнхөө хэм хэмнэлийг ойлгож, өчүүхэн ч гэсэн хэм хэмнэл алдахыг нь ялгаж харж чадахгүй бол тулааны урлагт суралцаагүйтэй ижил. Аливаа тулаанд өрсөлдөгч талынхаа хэмнэлийг ойлгон таньж, өөрийн хэмнэлийг урьдчилан тааварлашгүй хэмд барин, хэлбэр дүрсгүй, хоосон чанарын хэмнэлээр дайтах аваас ялалтанд хүрмой.
  • Тулааны сэтгэл зүйг өдөр тутмынхаа сэтгэл зүйтэй адил ердийн төвшинд байлга. Энгийн амьдрал, дайн тулааны аль алинд тайван дөлгөөн, гярхай хянуур, холын бодолтой атлаа шийдэмгий ханд. Сэтгэл зүйгээ төв түвшин байлгаж, сэтгэл хөдлөл, уур бухимдалд хором ч авталгүй амар амгаланд жингүйд. Гаднаа сул мэт харагдавч дотроо ганхашгүй бат бөх, хүчирхэг сэтгэл зүй, үндэс суурьтай байхад суралц. Ингэвээс өрсөлдөгч тань үл ойлгон төөрөлдөх ажгуу. Ухаанаа хурцалж мэдлэгээ тэлэн, шударга зарчим хэм хэмжээ, хүмүүний ёс хийгээд тэдгээрийн эсрэг туйлыг таньж, сайн мууг ялган, хорвоогийн юмс үзэгдэл, аж амьдрал, аливаа эрдэм мэдлэгийг голж шилэлгүй суралцан хал үзэж нүд тайлагтун. Юмс үзэгдэл болоод хүмүүнд үл хууртан үнэнийг тольдон харж чаддаг болох аваас тулааны урлагийн ухаанд нэвтэрсэн гэмүй.
  • Өрсөлдөгчөө дээрээс өнгийн харж байхын тулд арай өндөрлөг газарт байршлаа эзлэхийг зорь.
  • Хүмүүний нийгэм, амьдралыг туулах хугацаанд төдийгүй, аз сөрсөн чухал зүйлийг эргэцүүлэн тунгааж, зориглон хөдөлж буй үеүдэд гатлан гэтлэхүйн ухаанаар хандах ёстой. Тулааны урлагт гатлан гэтлэх нь тун чухал ойлголт билээ. Тулаанд нэгэнт орсон л бол өрсөлдөгчийнхөө хэм хэмжээ, өөрийн хүчин чадал, ур чадварыг тулааны эрдэм дор бодон болгоож, ард нь гарахаас өөр сонголтгүй. Үүгээрээ тэнгис далайг гатлаж буй далайчинтай яг ижил болой. Гаталсны дараа сэтгэл амран тайвширна. Үүний тулд санаачлагыг гартаа аван, өрсөлдөгчийн сул тал дээр тулгуурлан ялалтыг хурдан авагтун.
  • Өөрийн биеийг өрсөлдөгчийнхөө оронд тавьж үзэн сэтгэх нь өрсөлдөгчийн нүдээр харахуйн ухаан билээ. Олон хүнтэй тулааны талбарт өрсөлдөгч үргэлж хүчтэй мэт санагдаж, хэтэрхий болгоомжлон цэрвэж алдаа хийх нь элбэг. Нэг хүнтэй халз тулаанд ч ялгаагүй, өөрийгөө ямагт өрсөлдөгчийнхөө оронд тавьж, өрсөлдөгч чинь мөн ижлээр өөрийг чинь шинжиж байгааг санагтун. Өрсөлдөгч өөрийг чинь тулааны эрдэмд нэвтэрсэн илдний арга мэхийг эзэмшсэн нэгэн хэмээн харж байвал ялагдах тухай мөн бодож буй нь мэдээж. Та мөн өрсөлдөгчөө тийн сэтгэвээс ялгаагүй ялагдах нь тодорхой.
  • Өрсөлдөгчтэй хүч тэнцэж, хэн нь ч үл давамгайлан тулаан үр дүнгүй мухардалд орох үед дөрвөн гарыг салгах учиртай. Ахицгүй нөхцөл байдлаас бушуухан холдон зайлж, өөр арга замаар ялалт байгуулахыг эрэлхийл. Олныг хамарсан тулаанд хэт удаан зууралдан тулалдваас үр дүн гарахгүй бөгөөд хүн хүчээ ихээр дэмий гарздах билээ. Тиймээс зууралдсан нөхцөл байдлаас бушуухан гарахад анхаарч, өрсөлдөгчийн бодож сэтгээгүй шинэ арга төлөвлөгөөгөөр ялалт байгуулагтун.
  • Аливаад татагдах нь байгалийн хууль билээ. Олон хүнтэй тулааны талбарт дайсан олон хөдөлгөөн хийж, хурдлан гүйлдэж идэвхтэй харагдах аваас тэдгээрийг анзаараагүй мэт үл тоомсорлосон байдалтай байж, хариу үйлдэл үзүүлэлгүй харин ч улам чөлөөтэй байгтун. Дайсан энэ байдлыг чинь яваандаа анхаарахаас аргагүй болж хэмнэл нь алдагдах жамтай. Үйлдэлд чинь татагдан анхаарсныг мэдрэх аваас огторгуйн хоосон чанараас огцом шийдэмгий довтолгоо хийж ялалт байгуулагтун. Энэ арга барил нь хэн нэгнийг согтоохтой ижил. Ямар нэг зүйлд хэт итгэн мансуурч, оюун ухаан нь хоосрон, үсчсэн, тогтворгүй, уур омогтой хэдий ч сул дорой болсон нэгнийг буулган авахыг хүсвээс амархан ажгуу.
  • Огторгуйн мөн чанар нь биет юмс үзэгдлээс бүрэн ангижирч, орчлонгийн явдлыг огоороход оршино. Би-үгүй төлөвт хүрч, төгс чөлөөлөгдөн, дан ганц цэвэр ухамсар үлдэх цагт хоосон чанар оргилон гарч ирнэ. Энэ хорвоо ертөнцөд оршин байвч юмс үзэгдлийн учрыг үл танин, хооронд нь хольж хутган будилж яваа аваас Огторгуйн хоосон чанарт хүрсэн утга биш болой. Харин гагц булингартаж самуурсан ухамсар, ухаан буюу. Тулааны эрдэмд шамдаж буй аливаа дайчин дээрхэд хичээн суралцаж, чандлан биелүүлэх учиртай. Огторгуйн чанарыг үл тоомсорлож Буддизм хийгээд хүний орчлонгийн хууль цаазанд үл захирагдан өөрийн замналаар яваагаа болж бүтэж байна хэмээн ахар сэтгэж болох юм. Гэвч уудам хорвоогийн юмс үзэгдлийг гагц эгэл хүмүүний нүдээр харж, мөхөс ухаанаар бодож болгоох аваас хүн бүр өөрийн зүрх, дур хүсэлдээ захирагдан зэрлэгшиж, хараа харалган болж үнэнийг үзэхээ болих ажгуу. Ингэх нь үнэн эрдэмт нуруугаа үзүүлж буйтай агаар нэг. Чигч үнэнийг баримталж, бүх төрлийн эрдэм номд шамдан, уудам хорвоогийн юмс үзэгдлийг ойлгож ухахыг хичээгтүн. Огторгуйд тэмүүлэн замнаж, эрдмийн оройг хоосон чанар гэж харсу. Огторгуйн хоосон чанарт гэрэл гэгээ байхаас нүгэл чивэл үгүй болмой.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img