2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Ялаан шумуулан тайлбарлагчтай Сэлэнгийн байгалийн “музей”

Барс захын Амараа гуайн хэлсэнчлэн Сэлэнгэ супер газар. Төмөр зам, хар зам, “усан зам”, “агаарын зам”, худалдааны алдагдал хуушуурны мах, гурил шиг зөрүүтэй ч Оросуудтай хил залгаа. Соёл заншил талаасаа ч ухаж уудлах юм ихтэй, Ховдоос илүү гарна уу гэхээс дутахгүй олон ястантай гэдэг утгаараа. Уугуул нь цөөн суугуул нь олон нутаг. Аав, ижий хоёр минь гэхэд л тариан талбай, төмсний талбай, аж ахуй, атар дээр арван хэдтэйдээ танилцсан гэдэг. Сэлэнгэ их буянтай нутаг. Би бол төмс шидээд л “ургадаг” газар гэж хэлнэ. Нэг ширхэг тарианы үр 50 болно гэж танил аварга тариаланч хэлсэн нь санаанаас гардаггүй. 50 нугардаг бизнес дэлхийд ховор байх.

Сэлэнгэ аймгийн музей Сэлэнгэ аймгийн музей

Эдийн засаг, байгаль, соёл гээд аль ч талаас нь харсан уудлах үүц, өгүүлэх түүх арвинтай Сэлэнгэд маань нэг “гоё” музей бий. Бүр тодруулж хэлбэл байгалийн “музей”. Шаамар сумын Дулаанхан тосгонд Дулаанхан хэмээх сайхан уулын тэвэрт байх энэ газрын тодотголыг хашилтад хийгээд байгаа нь цаанаа учиртай. Дулаанхан уул гэснээс Сэлэнгэд Манжийн үеийн Хан цолтой таван уул бий. Нэг нь өнөө гайхал С.Баярцогтын компаниа нэрлэсэн Товхон Хан. Нэг Хан нь хилийн цаана “гарчихсан”.

Сэлэнгэ аймгийн музей

За үг олдох нь, эргээд “музей” рүүгээ орьё. Байгаль, ан амьтны музей гэсэн хаягнаас бусад нь цагийн салхинд элэгдэж эвдэрсэн эзгүй, эвдэрхий байшин л даа, яг үнэндээ. Аалзны торонд эзлэгдсэн, ганц нэг амьтны чихмэл нь онгож, сэглэгдэж нүд хальтрим төрхтэй болчихсон, ялаа шумуулан “тайлбарлагч”-тай ийм нэг газар Сэлэнгэд байна. Жижигхэн цагаан таван өндөгтэй шувууны өвсөн үүр харагдах нь энэ музей хүний анхаарлаас гараад олоон жил болсныг илтгэнэ.

Сэлэнгэ аймгийн музей

Өгүүлэх түүх арвинтай, зориод ирэх жуулчдыг хөтлөх дэд бүтэцтэй ийм газрын музей уг нь яг өдийд шажигнатал ажиллаж, жуулчдаас багагүй мөнгө татсан шигээ суух учиртай. Өөд нь татаад сэвхийлгэчихвэл энэ жижигхэн модон байшин Сэлэнгийн байгаль, ан амьтны онцлог сайхныг харуулсан товхийсэн музей болчихоор байгаа биз.

Сэлэнгэ аймгийн музей

Саяхан duuren.life сайт Хятад улс өнгөрсөн жил 382 шинэ музейтэй болсон тухай Шиньхуа агентлагийн мэдээллийг онцолсон харагдсан. Ингээд л урд хөрш 6565 музейтэй болчихож. Өнгөрсөн онд музей үзсэн хүний тоо нь гэхэд л 578 саяар тоологдож байна.

Сэлэнгэ аймгийн музей

Соёлдоо, иргэдийнхээ танин мэдэхүйн аялалд онцгой анхаардаг улс шинээр өчнөөн музей байгуулсан шигээ ийн гялалзаж явахад бид нэмж музей барих нь бүү хэл байгаагаа үгүй болгож, сүйрүүлсэн шигээ аж төрж байна даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img