– Ирэх намар нүүрсний хулгайн асуудлаар хяналтын сонсгол хийнэ –
Иргэдийн оролцооны талаар сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөлөл болсон залууст тайлбарлаж байсан УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн төлөө оготно боож үхэв” гэдэг үгийг утгыг ийнхүү тайлбарлав.
-Монголчууд төрийн үйл хэрэгт идэвхитэй оролцож ирсэн ард түмэн. “Төрийн төлөө оготно ч болов тэмцэх ёстой” гэсэн Зүч жанжны үг юм билээ. Их Монгол Улсын цэрэг Энэтхэгийг эзлэхээр дайтаж байхад заан унасан цэрэгтэй тулаад, заан үзээгүй морьд нь ухарч, хиар цохиулахад хүрчээ. Жанжин бодож байгаад оготно цуглуулж, хайрцаг саванд хийж өлсгөж байгаад, зааны өөдөөс тавьсан гэнэ. Өлсгөлөн хулганууд зааны хамраар ороод, дотроос нь идэж галзууруулаад, цэргийг нь түйвээж, монголчуудын ялалтаар өндөрлөжээ. Ингээд “Төрийн төлөө оготно боловч зүтгэх ёстой” гэсэн үг гарсан юм билээ хэмээн тайлбарлав.
Сэтгүүлчдэд хандаж “Энэ алдааг битгий гаргаачээ” гэж хэлэхийг хүсдэг зүйл байдаг уу” гэсэн залуу сэтгүүлчийн асуултад УИХ-ын дарга Г.Занданшатар ийнхүү хариулсан юм.
-“Хаан банк”-д Питер Морроутай хамт ажиллаж байсан юм. Түүний тухай нэг сонинд шүүмжилж бичжээ. Тэгэхэд Питер Морроу маш их бухимдаж “Танай монголчуудад ардчиллын тухай ойлголт алга” гэсэн юм. “Яасан бэ, манайх чинь хэвлэлийн эрх чөлөөтэй орон шүү дээ” гэхэд маань “Америкт хүний эрхийг дээдэлдэг, миний тухай бичих гэж байгаа бол надаас заавал асуух ёстой. Надад өөрийгөө өмгөөлөх, энэ мэдээллийг няцаах боломж олгох ёстой” гэж байсан юм.
Америкт байхад хэвлэл, телевиз үзэж байсан. “CNN” гэхэд заавал хоёр талын байр суурийг тэнцвэртэй хүргэдэг юм билээ. Тэнцвэртэй мэдээлэл хүргэх гэдэг олон улсын сэтгүүлзүйн суурь зарчим. Хэрхэн дүгнэх нь үзэгч, уншигчийн мэдэх хэрэг. Зарим улсын Үндсэн хуульд няцаах эрхийг тунхагласан байдаг. “Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэнэ” гэж манай Үндсэн хуульд бий. Хүний эрх нөгөө талаас бусад хүний эрхээр хязгаарлагддаг шүү дээ. Сайн, муугаар хэлүүлж байгаа хэн ч ардаа гэр бүлтэй, амьдрал ахуйтай учраас няцаах эрхийг нь өгч байх учиртай хэмээн ярьсан юм.
Олон улсын парламентын өдөр сэтгүүлчидтэй дахин уулзахдаа тэрбээр “Нүүрсний сонсгол юу болов” хэмээх олон нийтийн нэхэл хатуутай асуултад хариу өгсөн юм.
“УИХ-ын хаврын чуулганаар түүхэн гэж болох томоохон өөрчлөлтүүд хийгдсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг парламентын ардчиллыг төлөвшүүлэх чиглэлээр гурван алхамтайгаар гурван удаа хийж хэрэгжүүллээ. Урт хугацаандаа хамгийн зөв шийдэл болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнийг дагаад Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөн баталж байна. Цогц улс төрийн шинэчлэл хэрэгжих эрх зүйн үндэс бүрдүүллээ.
Энэ УИХ-ын хувьд 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулахад анхаарал хандуулсан. Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлт одоо үр дүнгээ өгч байна. Парламентын хяналт шалгалтаар олон жил бугшсан асуудлыг ил болгож байна. Урд нь үүнийг зөвхөн шүүх засаглалын ажил гэж үздэг байсан бол далд байсан нүүрсний хулгай, Хөгжлийн банкны асуудлаас эхлээд, парламентын хяналт шалгалтаар эхэлж шүгэл үлээгдэж, олон нийтийн сонорт хүрч нийгмийн хөдөлгөөн болсон. УИХ-ын хяналт, шалгалтын хуулийн тухай Үндсэн хуульд оруулж, 2021 онд баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн өдрөөс Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалтын түр хороо, Нүүрсний хяналт шалгалтын түр хороо, ажлын хэсэг байгуулагдаж, нийгмийн дэмжлэг авсан.
Тийм учраас би захирамж гаргаж, Нүүрсний хулгайн асуудлаар хийх сонсгол хууль зүйн тодорхой асуудлын улмаас хаагдсан байсныг эрчимжүүлэх, Нүүрсний хяналт шалгалтын түр хороог шинэчлэн байгуулж, зуны хугацаанд дахин ажиллуулж, ирэх намар нүүрсний хулгайн асуудлаар хяналтын сонсгол хийх үүрэг даалгавар өгч ажиллаж байна. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулахаар болвол нийтийн сонсгол зохион байгуулахгүй гэсэн заалт байгаа юм. Шүүх эрх мэдэлд УИХ халдаж болохгүй зарчим байдаг. Тийм учраас үүнтэй нийцүүлж, хуулийн гаргалгаа гарган, ажлын хэсгийг шинэчлэн байгуулаад, ард нийтийн анхаарлын төвд орсон, нийтийн эрх ашгийг хөндөж байгаа баялагийн хулгайтай тэмцэхэд том алхам хийнэ хэмээн Г.Занданшатар ярьсан юм.
УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас зохион байгуулж буй “Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийн оролцогчид “Олон улсын парламентын өдөр” батламж гардсан билээ.
гахай