2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Хятадын шинэ гайхамшиг хойшлогдов

БНХАУ-ын дарга Си Жиньпин зургаан сарын өмнө гурван жил үргэлжилсэн Ковид 19-ийн хөл хориог цуцлан хатуу хязгаарлуулалтуудыг зөөллөж, бодлогын чиглэлээ өөрчилсөн билээ. Ингэснээр тэрээр АНУ-ын оронд БНХАУ-ыг дэлхийн тэргүүлэгч улс болгох эрхэм зорилтод хүрэх цаг хугаацааг хойш татах болсон эдийн засгийн удаашралыг сэргээлтээр солин ард олны дургүйцлийг намжаана гэж тооцжээ.

Гэвч даяар дэлхийн аж үйлдвэрийн хөдөлгүүр болсон тус улсын эдийн засаг шинэ эрч хүчтэйгээр ассанаа төдөлгүй дахиад л доголдож эхлэв. Хятадын иргэд мөнгөө олигтой зарцуулахгүй, бизнес хүссэнээр хөгжихгүй хэвээр. Өрнөдийн ертөнцтэй зөрчилдсөн нь гадаадын хөрөнгө оруулагчид, худалдааны түншүүдийг үргээж байна. Дээр нь урьдын өсөлтийн жорууд үр дүн өгөхөө больжээ.

Эдгээр нь удирдагч Си Жиньпинд ч, жилээс жилд өмнөхөөсөө илүү амьдрахад дассан Хятадын иргэдэд ч, дэлхийн хоёр дахь эдийн засгаас хамааралтай бусад орнуудад ч ялгаагүй таагүй мэдээ.

Хятадын дээрх хүндрэлүүд нэн ялангуяа Украин руу халдан довтолсон Орост дөрвөн шалтгааны улмаас хамгийн тааламжгүй ажээ. Нэгдүгээрт, эрчим хүчний түүхий эдийн хамгийн том худалдан авагч Хятадын хүндрэл бэрхшээлүүд газрын тосны үнийг бууруулдаг гол хүчийн зүйлүүдийн нэг. Гэтэл нефть нь Оросын экспортын үндсэн бүтээгдэхүүн юм. Угаасаа Европын зүрхэнд өдөөсөн дайныхаа улмаас Өрнөдийн ертөнцийн хориг арга хэмжээнд орж орлогынхоо үлэмж хэмжээг алдах болсон Кремль нефтийн олборлолтоо сайн дураар бууруулахаас өөр аргагүйд хүрсэн юм.

Си ЖиньпинХоёрдугаарт, Украин руу халдсаныхаа дараа Орост сүүлийн хэдэн арван жилийн хөгжлийнх нь гол хөшүүрэг болсон өрнөдийн зах зээл, технологи, хөрөнгө оруулалтад хүртээмжгүй боллоо. Энэ тал дээр Кремль Өрнөдийн ертөнцийг Хятадаар солино гэдэгт ихээхэн найдаг. Иймд Хятадын хүндрэл Орост хамгийн их хамаатай.

Гуравдугаарт, Хятадын эдийн засгийн гол тоормосны нэг бол АНУ-тай хийдэг худалдаа, технологийн дайн. Си Жиньпиний шинэ чиглэл энэ саад тотгорыг арилгах, ядаж үр дагаврыг нь зөөллөхөд чиглэж буй билээ. Оростой ойртох, В.Путинийг дэмжих аливаа үйлдэл АНУ-ын зүгээс Хятадад шахалт үзүүлэх шалтгаан болж, Хятадын бараа бүтээгдэхүүний үндсэн зах зээл болох Европын холбоотой сайн харилцаагаа хадгалан үлдэх Си Жиньпиний оролдлогуудыг хүндрүүлэх юм.

Дөрөвдүгээрт, Украин дахь дайн Европыг хямрааж, Хятадаас импортлодог бараа бүтээгдэхүүнд улам бага мөнгө зарцуулахад хүргэлээ. Гэтэл Хятадын эдийн засгийг урагшлуулдаг үндсэн гурван үндсэн хүчин бол хэрэглээ, хөрөнгө оруулалтаас гадна экспорт юм. Иймд Оросын түрэмгийллийн өдөр бүр Хятад шууд алдагдал хүлээдэг.

Хятадын хөл хорио урьд өмнө байгаагүй цар хүрээтэй болсон билээ. Хөл хориог цуцлахад Хятад сэргэсэн ч ямар нэг гайхамшиг тохиосонгүй.

Сүүлийн хэдэн долоо хоногийн статистикийн мэдээ Хятадын иргэд мөнгө зарцуулахдаа, бизнесийнхэн хөрөнгө оруулахдаа яарахгүй байгааг харуулна. Дотоодын аялал жуулчлал өсөхөө больж, хүн амын орлогыг даган орон сууц, автомашины борлуулалт ч буурчээ.

Аж үйлдвэрт ажил хэргийн идэвхи гурван сар дараалан суларч, үйлчилгээний салбарт ажиглагдсан идэвхжил зун болонгуут зогсов. Юанийн ханш үргэлжлэн унаж 15 жилийн өмнөх хэмжээнд хүрчээ.

Си Жиньпин өөрлөн байгуулалт хийлгүйгээр Хятадын эдийн засгийн хөгжлийг хурдасгаж чадах уу? Энэ асуултад хариулахын тулд сүүлийн хэдэн арван жил өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлсэн Хятадын эдийн засгийг тоормослож буй шалтгаануудыг тогтоох хэрэгтэй. Шалтгаануудыг нэгд нэгэнгүй тоочвол нэлээд урт жагсаалт гарах биз ээ. Харин энд нэр хүнд бүхий эдийн засагч, шинжээчдийн хамгийн түгээмэл дурддаг шалтгаануудыг дор сонирхуулъя.

Үл итгэх явдал. Хятадын иргэд амьдрал нь сайжирч буйд итгэхгүй байна. Хятад дахь хөл хорио бусад орноос хавьгүй удаан, илүү чанд хатуу хязгаарлалттай үргэлжилсэн тул түүнээс үлдсэн шарх илүү удаан эдгэх төлөвтэй. Дээр нь ард иргэдийн орлого цар тахлын өмнөх шигээ хурдан өсөхгүй байгаа аж. Иймд тэд хаашаа ч эргэж болох ирээдүйгээс болгоомжлон эрх баригчдынхаа үгэнд итгэлгүй мөнгөө зарцуулахын оронд өр зээлээ төлөх, хожим болж болзошгүй хүндрэлийг даван туулахад шаардлагатай мөнгө цааш нь хийх болжээ.

Бизнес дахь нөхцөл байдал ч ялгаагүй. Цар тахлын өмнө тэрбуумтнуудыг хавчсан кампанит ажлаас үлдсэн шарх эдгээгүй хэвээр тул компаниуд хөрөнгө оруулалт хийхээ азнасаар.

Хятад ба Өрнөдийн ертөнцийн зөрчил. Хятад даяарчлалын ачаар, өрнөдийн бага худалдааны түншийн хувиар баяжиж, дэлхийн хоёр дахь том эдийн болтлоо өсч дэвшсэн билээ. Си Жиньпин дотооддоо авторитар захирагч болсноо баталсан шигээ, одоо дэлхийн тавцан дахь байр сууриа бататгаж эхлэв.

Харилцан ашигтай симбиоз нөхцөл байдал дэлхийд манлайлахын төлөөх өрсөлдөөнөөр солигдож, өрнөдийн орнууд Хятадтай худалдаа, технологийн дайн хийх боллоо. Иймд дэлхийн шинэ дэг журам ямар байх нь одоогоор тодорхойгүй хэвээр.

АНУ-ын Гадаад худалдааны зөвлөлийн мэргэжилтэн Янжун Хуан хэлэхдээ, “Талууд хүйтэн дайны АНУ, ЗХУ шиг шинэ нөхцөл байдалд зохицон хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлэх шинэ дүрэм журам боловсруулна гэдэгт найдах л үлдлээ” гэсэн юм.

Өрнөдийн хөрөнгө оруулалтын бууралт. Хятад, Европын холбооны зөрчил гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх болов. Гадаадын хөрөнгө оруулагчид нэгэнт тогтоосон, мөн Украин, Тайванийн асуудлаас үүдэн ирээдүйд тавьж болзошгүй хориг арга хэмжээнээс үүдэн яарахгүй байна. Өрнөдийн компаниуд үйлдвэрлэлийг өргөжүүлэх өөр байршил хайн хөрөнгө нь Энэтхэг, Вьетнам, Египет, Турк, Мексик руу чиглэх болов.

Хятадаас мөнгө чөлөөтэй гаргаж болдоггүй, гадныхан Хятадын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах хязгаартай, тийм хөрөнгө оруулалтаас олох орлого АНУ зэрэг хөгжингүй орнуудынхаас доогуур тул Хятадад шууд төдийгүй багцын хөрөнгө оруулалт хийх хүндрэлтэй ажээ.

Өсөлтийн өмнөх эх үүсвэр үндсэндээ шавхагдсан явдал. Хятадад эдийн засгийг нөхөн сэргээх өсөлт бүрэн хангагдаж, хотжилт, үйлдвэржилтийн ногдол ашгийг төлж дуусч, хөдөлмөрийн насны хүн амын хурдацтай өсөлт хэдийн ард үлджээ.

Хятадын ужгирсан бүтцийн гажуудлыг засч янзалж болохгүй хэвээр. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямралтай хэвээр, төрөлт буурч, харин залуучуудын дундахь ажилгүйдэл ихэсч, хөдөлмөрийн бүтээмж өмнөх хурдаараа нэмэгдэхээр хэдийн больжээ.

Си Жиньпиний авторатизм. “Bruegel” судалгааны төвийн шинжээчид Хятадын эдийн засгийг Си Жиньпиний авторатизм, түүний захиран удирдах арга барил тоормослож байна гэж үзжээ. Си Жиньпиний засаглалын эхний арван жилд зах зээлийн шинэчлэл зогсонги байдалд орж, эдийн засаг дахь төрийн үүрэг нэмэгдсэнийг шинжээчид онцолжээ. Эрх мэдлээ бэхжүүлж, Коммунист намын үүргийг нэмэгдүүлж буй Си Жиньпин эдийн засаг, нийгэмд илүүтэй эрх чөлөө олгох алхам хийх нь юу л бол гэж “Bruegel”-ийн шинжээчид дүгнэсэн байна

Хятад, Өрнөдийн ертөнцийн зөрчлийг гүнзгийрүүж буй Оросын Украинд өдөөсөн түрэмгий дайн. Энэ дайн Хятад, Өрнөдийн ертөнцийн зөрчлөөс гадна, гадаадын хөрөнгө оруулалтын хомсдол, хямарч буй Европ руу хийдэг экспортын бууралт зэрэг асуудлыг улам хурцатгажээ. Үүнээс гадна Европын холбооны эсрэг хийсэн В.Путиний байгалийн хийн дайн европчуудад стратегийн бараа нийлүүлэгчээс хараат байх нь юунд хүргэж болохыг яруу тодоор харуулж өгсөн. Том сургамж авсан тэд одоо өндөгнүүдээ өөр өөр багсанд хийхээр яарч, Хятадыг орлох өөр алтернатив хувилбар хайж болов.

Энэ бүхэн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох экспорт, хувийн хөрөнгө орлуулалт, хэрэглээ зэргийг доголдоход хүргэжээ.

Зах зээлийн болон улстөрийн шинэчлэл хийгээгүй нөхцөлд өмнөх удаашралуудын үед шиг эдийн засгийг төсвийн хөрөнгө оруулалт, татаасаар дэмжих шаардлагатай. Эдийн засагчид, бизнес эрхлэгчид нэгэн дуугаар ингэхийг уриалж байгаа бөгөөд төрийн дэмжлэггүйгээр эдийн засаг сэргэхгүй гэдгийг эрх баригчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байгаа юм.

Хятадын коммунист нам ямар зам сонгох нь ирэх долдугаар сард эдийн асуудалд зориулсан Улс төрийн товчооны хуралдаанаар тодорхой болох болзошгүй.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img