2024-05-23, Пүрэв
20 C
Ulaanbaatar

Монголд үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын байгууллагууд НОК-т хандив өгөв

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын байгууллага, иргэд, Элчин сайдын яам /ЭСЯ/-наас Нийслэлийн онцгой комисс /НОК/-т хандив өглөө.

Тодруулбал, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/, Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорац /КОМИР/, Хөдөөгийн хөгжлийг дэмжих газар /КОПИА/, Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг /КОТРА/, Солонгосын үндэсний төмөр зам компани, Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар, Солонгосын Эксим банк, “KTO Улаанбаатар” зэрэг байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч, салбарынхны чин сэтгэлийн хандивыг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Ким Чоль Сан хүлээлгэн өглөө.

ЭСЯ-ны зөвлөх Ким Чоль Сан:

-Үер усны хүндрэлтэй нөхцөлд шуурхай арга хэмжээ авч, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажилласан бүх хүнд нэн тэргүүнд талархал илэрхийлье. Хүнд хэцүү цаг үед бие биенээ дэмжиж, туслах нь нэн чухал. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын байгууллагууд, компаниуд, иргэдийн чин сэтгэлийн хандивыг хүлээлгэн өгч буйдаа баяртай байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сөүл хотын захиргаа мөн хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлснийг энэ ташрамд уламжилъя хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:

-Бэрхшээл сорилт тулгарсан цаг үед хамт байж, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэн, хандив өргөж буй БНСУ-ын байгууллагууд, иргэд, ЭСЯ-ны ажилтнуудад халуун талархал илэрхийлье. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, эрсдэлтэй нөхцөл байдлыг бид нэгдэж, хамтдаа даван тууллаа. Хоёр улсын, мөн Улаанбаатар болон БНСУ-ын хотуудын хамтын ажиллагаа, найрсаг харилцаа олон чиглэлд тэлнэ гэдэгт гүнээ итгэж байна хэмээлээ.

Ташрамд, үерийн нөхцөл байдал хүндэрсэн үед буюу долоодугаар сарын 8-нд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабт хүрэлцэн очиж, боломжтой бүхий л байдлаар тусалж, дэмжихээ илэрхийлсэн юм. Мөн Нийслэлийн онцгой комиссын удирдлагууд, дайчлагдан ажилласан ажилтнууд болон цэргүүд, ард иргэдэд зориулан өгсөн ЭСЯ-ны ажилтнуудын хандивыг тэрбээр хүлээлгэн өгсөн билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img