Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо 12 удаа хуралдаж, 35 асуудлаар нийт 106 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын хоёр, Байнгын хорооны есөн тогтоолын төсөл хэлэлцэн шийдвэрлэжээ. Мөн яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг дөрвөн удаа сонсож хэлэлцэн, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг нэг удаа хэлэлцэн шийдвэрлүүлсэн байна. Эдгээрийн хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлаар тав, анхны хэлэлцүүлгийн долоон санал дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн таван танилцуулга, бусад асуудлаар гурван санал, дүгнэлт бэлтгэж холбогдох Байнгын болон дэд хороонд хүргүүлжээ. Ажлын хэсгийн таван танилцуулга, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 89 саналын томьёолол, эцсийн хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй таван саналын томьёолол тус тус бэлтгэсэн байна.
Байнгын хорооны хуралдааны хоёр тэмдэглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өгч, долоон удаагийн хэлэлцүүлэг, хоёр удаагийн сонсгол зохион байгуулжээ.
Нийгмийн бодлогын байнгын хорооны эхэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын даргын захирамж, Байнгын хорооны тогтоолоор тус бүр нэг Ажлын хэсэг байгуулагдаж, хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийг Баянгын хорооны дарга П.Анужин ахлан ажиллаж байгаа бөгөөд Засгийн газраас 2021 оны 10, 2023 оны нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслүүд, мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын таван гишүүнээс 2020 оны тавдугаар сард өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хамт нэгтгэн, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй юм. Тус Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ц.Идэрбат, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Ц.Туваан, С.Чинзориг нар ажиллаж байна.
Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахалж байгаа бөгөөд Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий уг Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байна. Эдгээр хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар санаачлан боловсруулж, 2022 оны 08 дугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.
Тус Байнгын хороо Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд доорх хууль, тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар батлуулжээ.
- Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэл суутган төлөх тухай хууль /2023.04.21/;
- Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга, 2023.06.29/;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга, 2023.06.29/;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга, 2023.06.29/;
- Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга, 2023.06.29/;
- “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол /2023.04.21/;
- Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол /2023.06.29/.
Хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хороо идэвхтэй ажиллаж, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт, үүний хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд 2023 оны гуравдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Түүнчлэн Байнгын хорооноос хууль тогтоомжийн зургаан төслийн талаар долоон удаагийн олон нийтийн хэлэлцүүлэг, нэр дэвшигчийн болон хүний эрх, эрх чөлөөг хангах хяналтын сонсгол тус бүр нэгийг зохион байгуулжээ. Тухайлбал, “Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн танилцуулга, санал авах уулзалт-хэлэлцүүлэг”-ийг энэ оны гуравдугаар сард Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймаг, Улаанбаатар хотноо, дөрөвдүгээр сард Говь-Алтай аймагт, мөн нийгмийн даатгалын талаарх Япон улсын туршлага, санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг тавдугаар сард, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сард зохион байгуулсан байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг дөрөвдүгээр сард, Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан эрхийн хэрэгжилтийг хангах талаарх хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг долдугаар сард зохион байгуулжээ