2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Японы парламенттай танилцсан минь -II

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Муу хүн идсэнээ

Албан ёсны хөтөлбөрөө дуусгаад, хоёр дахь өдрийнхөө орой  Японы хүнсний дэлгүүрт орж үзэхээр яарав.  Буусан зочид буудал маань Токиогийн төвд болохоор ойролцоох хүнсний дэлгүүрийн үнэ ханш өндөр байх магадлалтай. Гэсэн ч дэлгүүр хаахаас өмнө жаал жуул  юм авч амжив. Манай багийн Д.Энхболдбаатар  “Монголоос ирсэн” гэж дэлгүүрийн худалдагч хүүхнүүдэд дуулгасан чинь кассан дээр зогсч байсан хоёр, гурван эмэгтэй дуу шуу болоод явчихлаа. Мань эр  хүн баясгах шидтэй юм уу, монголчууд нэр хүндтэй юм болов уу ойлгоогүй ч нэг кассан дээр  овоорч зогссон биднийг нэг нь бүр “Наашаа наашаа” гэж монголоор дуудсан шүү. Кассчин  эмэгтэй авсан хүнсний зүйлсийг маань  гялгар уутанд хийн, амсрыг нь битүүмжилж, хилээр гаргахад асуудалгүй болгож өгөв. Бас “Паспорт оо” гэж байна. Японд аялал жуулчлалыг дэмжиж, аялагчдын гадаад паспортыг нь үзээд, авсан барааг нь татваргүй дүнгээр бичиж өгдөг юм билээ.

Ажил хэргээ амжилттай дуусгасан манайхан  үдэлтийн зоог болгож, сүши амтлахаар  болов. 22 цаг өнгөрч байсан  ч “Итамае” хэмээх  газар оочертой. Хоолны газрын гадна  сүшиний  өнгө төрхийг  харж болохоор загвар  макетуудыг  үнэтэй нь хамт  шилэн хоргонд байрлуулжээ.

Японд зоогийн  газрууд үүдэндээ  хоолны зураг, үнийн мэдээллээ тавьдаг нь амар юм. Сүшиний газрын үүдэнд хүлээж байгаа  хүмүүс үнэгүй хүйтэн ус уунгаа ярилцан суух боломжтой нь яамай.

Токиод хоёр хонох зуур эднийхээс гадна  гурван  ч  удаа оочертой таарсан юм. Шибуяагийн гудамжинд бас Наритагийн онгоцны буудалд  Макдональдстай таарсан ч аль алинд нь цөөнгүй хүн дараалалд зогссон байв.  Шибуяагийн гудамжинд “One Piece”-ын дэлгүүрийн хаяг хараад, энэ цувралд дуртай хүүдээ дурсгалын тэмдэг ч болов  авахаар шагайсан ч хэдэн давхар мушгирсан оочер хараад энэ санаагаа орхив.  Япончуудаас гадна европ  хүмүүс ч гартаа тав, зургаан  бяцхан гялгар ууттай дурсгалын тэмдэг, магнет маягийн зүйлс бариад тэвчээртэй нь аргагүй дугаарлаж зогсоно лээ.   Буцахдаа мөн л Наритагийн онгоцны буудал дахь  “Eleven”  дэлгүүрт  хүмүүс дугаарлаж зогсохтой таарсан юм байна. Зай багатай орчинд эргэж тойрох ч арга байсангүй,  гартаа барьсанаа л  бичүүлж,  аваад  гарсан даа.

Юм яриад, гадаа нь  сууж байх зуур сүшиний газар овоо суларчээ. Эзэн нь өөрийн гараар сүши хийдэг, зорин ирдэг үйлчлүүлэгч олонтой  аж. Хоолны танхимд  суух  үйлчлүүлэгчдийнхээ  нүдэн дээр  сүши “урлах” Итамае гуайн өмнө гол түүхий эд болох загасны махыг эгнүүлэн дэлгэжээ.

Японд хамгийн их таалагдсан нь зочид буудлын япон өглөөний цай. Буудалд буумагцаа  өрөөний түлхүүрийн хамт өглөөний цайны гурван купон хүлээж авсан юм. Япон маягийн өглөөний цай, өглөөний буфет хоол, бас дөчин давхарт нь англи маягийн өглөөний цай уух боломжтой аж.

Буудалд буугаагүй хүмүүс бол загас, будаа, мисо шөл, хачир бүхий япон өглөөний цай хүртэхийн тулд   3000 иень төлөх юм билээ.

Сонинд олон жил ажилласан болохоор өглөөний цай уугаад, өдөр тутмын сонин дэлгэн уншиж  байгаа настан, дунд насны эрхмүүд нүдэнд туссан. Зочид буудлынхан бас хаалганд өглөө бүр сонин байрлуулж орхихыг бодвол сонин уншдаг соёлтой хүмүүс бололтой.

Хүнсний дэлгүүр дэх будааны ороомог, мөхөөлдөс  хямд мөртлөө амттай юм билээ.

      “Би алдаа гаргадаггүй”

“Сайн байна уу” хэмээн монголоор мэндчилсэн Японы парламентын  Төлөөлөгчдийн Танхимын Хууль эрх зүйн газрын дарга Тачибана гуай  Япон Улсад туршлага судлах манай багийнхны асуултад уйгагүй хариулсан хамгийн тэвчээртэй  хүн. Японы парламентын талаар танилцуулсан хэлтэс, газрын албаны хүмүүс бүгд монгол хэл дээр бичгээр танилцуулга бэлтгэж, томилолтоор ажиллах  УИХ-ын Тамгын газрынхнаас урьдчилан авсан асуултад яг таг хариулж байсан ч Тачибана гуай асуулт асуух бүрт онгод нь ордог багш шиг санагдсан.

Японы парламентад  хуулийн төслийг  үг, үсгийн алдаагүйгээр боловсруулахын тулд тусгай хэлтэс ажилладаг гэнэ.

Хянан шалгах нэг, хоёрдугаар хэлтэс гэж байдаг. Хоёр ажилтан баг болж хуулийн төслийг хянадаг. Тийм ч учраас Тачибана гуай   “Би алдаа гаргадаггүй” гэж хэлдэг “Доктор Икс”-ийг санагдуулж байв. “Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг бас танай хүмүүс хянадаг уу” гэсэн УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх П.Амаржаргалын асуултад тэрбээр хариулахдаа:

-Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг Засгийн газрын  хууль эрх зүйн  товчоо хянадаг. Засгийн газрын хууль эрх зүйн товчоо Японы хамгийн хуучны түүхтэй байгууллага. Засгийн газраас өргөн мэдүүлж байгаа хуулийн төсөл парламентад орж ирэхээс өмнө Засгийн газрын хууль эрх зүйн товчоонд хянагдаж, хэрэв Үндсэн хууль бусад хуульд нийцэхгүй бол хууль боловсруулсан яаманд буцаадаг.

Яамныхан уг товчооноос эмээдэг.  “Чөтгөртэй хаалга”-тай зүйрлэх нь байдаг хэмээн Тачибана гуай наргиа болгов.

“Төлөөлөгчдийн танхимын хууль эрх зүйн товчоо бол гишүүдтэй иймэрхүү маягаар харьцахгүй л дээ.  Хянан шалгах ажлаа хатуу хийнэ, гэхдээ харьцахдаа бол бурханлаг зөөлөн хандана” гэж өөрсдийгөө дөвийлгөхөө ч мартсангүй.

“Хуулийн төсөл боловсруулах явцад иргэд саналаа өгөх боломжтой байдаг уу?” хэмээн би бас асуугаад авлаа. 

-Маш чухал асуулт асуусанд баярлалаа. Танхимын хууль эрх зүйн товчооны ажилтнууд шууд иргэдийн саналыг авна гэж зарчмын хувьд байхгүй. Гишүүний санаачилж байгаа хуулийн төслийн хувьд гишүүн янз бүрийн иргэдтэй харьцаж, тэдний саналыг авч байдаг. Бас нам иргэдийн саналыг авдаг. Гишүүнээр дамжуулаад, иргэдийн саналыг хуулийн төсөлд тусгадаг гэж ойлгож болно. Намуудын иргэдтэй хийх уулзалт дээр заримдаа бид дуудагддаг. Тэр үеэр иргэд ямар саналтай байгаа, гишүүнд ямар санал тавьж байгааг ажиглаж сонсдог. Бас заримдаа гишүүний санаачилсан хуулийн төсөл дээр иргэдийн санал тусгагдсан гэдэг эргэлзээтэй байвал  бид “Иргэдээс санал авах арга хэмжээ зохион байгуулсан нь дээр биш үү” гэж гишүүнд зөвлөдөг.  Ийм маягаар иргэдийн саналыг тусгах гэж хичээдэг хэмээн хариулсан юм.

Япон Улсын парламентын хууль тогтоох үе шатны талаар Төлөөлөгчдийн танхимын Хууль эрх зүйн газрын дарга Тачибана гуай дэлгэрэнгүй тайлбарлав.

 “Хууль тогтоомжид нийцэж байгаа гэдэг дүгнэлт гаргах арга зүйг яаж тодорхойлдог вэ” гэсэн ахлах зөвлөх П.Амаржаргалын дараагийн асуултад:

-Гишүүний санаачилсан  хуулийн төсөл  Үндсэн хууль зөрчихгүй байх ёстой гэдэг үүднээс бид бас хянаж шалгадаг. Японд Үндсэн хуулийн тайлбарыг Дээд шүүх хийх эрхтэй. Тийм учраас бидний өгч байгаа дүгнэлт  “Бид ингэж үзэж байна, ингэж дүгнэж байна” гэсэн зөвлөгөө байдаг. Хуулийн мэргэжилтнүүд ч энэ асуудлаар маргах үе гардаг. Өнгөрсөнд онд нэг гишүүн садар самуун, нүцгэн шалдан дүрс бичлэгийг хязгаарлах тухай хуулийн төсөл санаачилсан.  Үндсэн хуулиар Японы иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Өөрийн биеийг харуулах урлаг гэж бас байдаг. Үүнийг хэрхэн хязгаарлах талаар нэлээд ширүүн маргаан үүссэн. Ихэнхи гишүүн садар самуун дүрс бичлэгийг хязгаарлахыг дэмжсэн байр суурьтай байсан. Гэхдээ Хууль эрх зүйн товчооны зүгээс “Хүний эрх чөлөөнд халдах, Үндсэн хуулийн маргаан үүсвэл Дээд шүүх дээр унах магадлалтай” -г гишүүдэд сануулсан.  Японы эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль судлаачид бас надтай адил үзэл бодолтой байсан.  Энэ хууль батлагдсан, одоо яах вэ гэдэг асуудал бий. Бид Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж дүгнэлт гаргаж байгаа боловч иймэрхүү маргаан гарахыг үгүйсгэхгүй. Хуулийн төсөл Үндсэн хуулиас гадна бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэхийг хянаж шалгадаг нь манай Японы онцлог байж магадгүй.

Урд нь батлагдсан хууль тогтоомжтой нийцэж байгаа эсэхийг шалгахад дагнан ажилласан туршлага чухал гэв.

   УИХын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн дарга Г.АгарЭрдэнэДотоодын хууль олон улсын гэрээтэй зөрчилдсөн тохиолдолд манай улсын хувьд олон улсын гэрээ конвенцийг илүү хүчин чадалтайд тооцдог.  Япон улсын хувьд олон улсын гэрээнд нэгдэн орохдоо ямар  шаардлага харгалзан үздэг вэ, хуультайгаа нийцүүлэх асуудлыг танай Хууль зүйн товчоо ямар байдлаар авч үздэг вэ” хэмээн асуусан юм. 

-Японы ихэнх эрдэмтэд хуульч судлаачид, дотоодын хууль олон улсын конвенци хоёрын олон улсынх нь давуу эрхтэй гэж үздэг. Тэгвэл Японы Үндсэн хуулийг Олон Улсын конвенцитэй харьцуулбал яах вэ гэсэн асуулт гарна. Үндсэн хууль нь давуу гэж үздэг судлаач эрдэмтэд дийлэнх байдаг. Шинээр хууль тогтоохдоо нэгэнт элсэн орсон конвенцитэй зөрчилдөхгүй байхаар хуулийн төслийг боловсруулах ёстой гэж үздэг. Олон Улсын конвенцид элсэн ороход өмнөх дотоодын хуультай зөрөх асуудал ер нь байдаггүй.

Японд олон улсын гэрээ конвенцид элсэн ороход түүнийг дагаж дотоодын хуульд заавал зохицуулалт хийж, батлуулж байж, олон улсын конвенцийг батламжилдаг.

Олон улсын гэрээ конвенцийг батламжилсан боловч  түүнийг дагаад зохицуулах ёстой дотоодын хууль батлагдахгүй удаж байсан тохиолдол бас байсан. Жишээлэхэд Тероризмтой тэмцэх олон улсын конвенцид Япон элсэн ороход түүнийг зохицуулах дотоодын хууль байхгүй байсан. Эрх баригч, сөрөг хүчин ямар хууль батлах ёстой талаар нэлээд ширүүн маргаан үүсч, энэ конвенцийг хэрхэн ойлгож, дотоодын хуульд тусгах талаар нэлээд маргалдсан. Конвенцийг ойлгохын тулд англи, францаар олон материал уншиж судалж байсан гэв.

30-40 жил Хууль эрх зүйн товчоонд ажилласан   Тачибана гуай “Цахим байхгүй үед 100 боть ном эргүүлээд, шөнөжингөө ажилласан үе ч байсан” гэж хуучилсан.

Зөвхөн манайхан асуугаад тэд хариулаад байсангүй.

 Зөвлөхүүдийн танхимын Хууль эрх зүйн газрын  үйл ажиллагааны танилцуулга хийж байсан Нэгдүгээр газрын орлогч дарга нь   Монголын төлөөлөгчдийг тэргүүлж явсан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханд асуулт тавилаа.  “76 гишүүнтэй байснаа 126 гишүүнтэй болж байгаа гэсэн. Дагаад Тамгын газрын ажилтнуудын тоо нэмэгдэх үү” гэж сонирхож байна лээ. УИХ-ын Тамгын газрынхны хувьд Японы парламентын боловсрол олгох туршлагатай танилцахаас гадна Дээд, Доод танхимын олон гишүүдтэй ажиллах туршлагыг нарийвчилж сонирхож байна лээ. “Над шиг 76 даргатай хүн Монголд байдаггүй” хэмээн  наргиа болгож байсан  Л.Өлзийсайхан дарга  126 даргатай болох бэлтгэл хангаж яваа бололтой.

Парламентын номын санд 

Японд өнгөрүүлсэн хоёр дахь өдрийн өглөө  Монгол Улсын Их хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханаар  ахлуулсан Япон улсад туршлага судлах багийнхан  Парламентын номын санд  зочилсон юм. Өмнөх тэмдэглэлдээ парламентын музейд зочилсон тухайгаа өгүүлсэн шүү дээ.

Харин энэ удаа Үндэсний парламентын номын сангийн дарга Ёшинага Мотонобү гуай биднийг хүлээж авав. Биднийг номын сантай танилцах үеэр Парламентын боловсролын сургагч багш  Б.Баярмаа, Д.Дэлгэрмаа хоёр маань Японы парламентын боловсрол олгох  хөтөлбөртэй танилцсан юм.

 Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Их Хурлын  Тамгын газрын хамтран хэрэгжүүлдэг “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь”  дэд төслийн хүрээнд УИХ-ын  тамгын  газрын албан хаагчид эрх зүйн дүн шинжилгээ болон парламентын боловсролын  туршлага судлахаар  Япон Улсын парламентын  Төлөөлөгчдийн болон Зөвлөхүүдийн танхимд ажилласан юм.  Парламентын боловсролыг түгээх чиглэлээр ажилладаг ерөнхий боловсролын сургуулийн хоёр багш Б.Баярмаа, Д.Дэлгэрмаа бас сэтгүүлч миний бие албаны  төлөөлөгчид дээр нэмэгдэж, томилолтын багт багтсан тухайгаа өмнө нь дурдсан билээ.

Үндэсний парламентын номын сангийн дарга Ёшинага Мотонобү гуай ярихдаа  “Манай парламентын номын сан Японы парламентын хоёр танхимын гишүүдэд үйлчилдэг. Тэдний хүсэлтээр судалгаа хийх, асуултад хариу өгөх чиглэлээр ажилладаг.  Зөвхөн гишүүдэд төдийгүй ард иргэдэд зориулж, Японд хэвлэгдэж байгаа  бүх хэвлэлийг хадгалж байдаг.  Японы парламентын номын сан 45 сая гаруй номтой. Жилд гишүүдийн зүгээс  30 000 гаруй сэдвээр судалгаа хийх захиалга ирдэг. 200 гаруй ажилтан судалгаа хийж байдаг. Парламентын гишүүдээс ирсэн захиалгын дагуу  судалгаа хийхээс гадна номын сангийн зүгээс бас судалгаа хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичдэг гэнэ.

Л.Өлзийсайхан дарга “Бид  Парламентын номын сангийн хөгжлийн хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа” хэмээн ярьсан. Одоогоор Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнд харъяалагдаж явдаг номын сангаа яваандаа сургалт, судалгаа хийдэг байгууллага болгохоор ажиллаж байгаа хэмээн танилцуулсан юм.

“Энгийн иргэд үйлчлүүлж байгаа” хэмээн номын санд зураг авахыг зөвшөөрсөнгүй. Зураг авч болох нэг л цэг байдаг гэнэ.

Парламентын номын сан газар дээр дөрвөн давхар, газар дор  найман давхар юм байна. 1986 онд доошоо найман давхар барьжээ.

Парламентын номын сан бас улсын номын сангийн хувьд иргэдэд үйлчилдэг гэнэ. Дотоодод хэвлэгдсэн хэвлэлийн нэг хувийг заавал Парламентын номын санд илгээх хуулийн заалт байдаг. Улсын номын сангийн  хуульд энэ тухай заажээ.

3 сая 500 гаруй цахимжуулсан мэдээлэл уг номын санд хадгалагдаж байдаг. Урьдчилж бүртгүүлсэн хүнд уншигчийн карт өгнө.  18 нас хүрсэн хүнд улсын харъяалал харгалзахгүй  үйлчилдэг, бүртгүүлэхэд төлбөргүй. Гэрээр ном олгодоггүй. Харин парламентын гишүүдийн хувьд өөр.

Ном ил харагдаагүй ч үйлчлүүлэгч компъютерт хайлт хийгээд, захиалахад олж өгдөг.  Ковидын дараа уншигч цөөрсөн ч  өдөрт 1200-гаад хүн үйлчлүүлдэг ажээ.   Номын сан гурван салбартай. Цахим номын сангийн төв нь Киотод байдаг гэнэ.

Номын сан 900-гаад ажилтантай. Олон Улсын Хүүхдийн номын сан Токиод байдаг.

  Номын сангийн  цэлгэр танхимд  олон хүн компъютерийн ард суугаа харагдана. Тэд бас өмнөө ном дэлгэн тавьжээ. Энд тодорхой чиглэлээр ном цуглуулдаг найман тасагтай. Дөрөвдүгээр давхарт гэхэд л хуулийн эмхэтгэл байдаг.  Номын сангийн хананд асар том урлагийн бүтээл харагдана. Кимоно хийдэг даавуугаар урласан юм байна.

Номын санд мөн конверийн системтэй. Хамгийн холоос ном авчруулахад 20 минут зарцуулдаг гэнэ шүү.  Газар дээрх номын санд хөлс дуслам бүгчим байсан бол газар дор сэрүүн орчин угтлаа. “Бидэнд  ном илүү  чухал” гэж  тайлбарлагч  хэлсэн. Цаасан материал хадгалахад тохиромжтой  хэм 22 градус, чийгшил 55 байх учиртай.

Зураг авч болох ганц цэг дээр нь ирлээ. Энэ нь газар дор ажилладаг хүмүүстээ нар харуулах зорилготой найман давхрын гүнээс эгц дээшээ нар харах боломжтой шилэн таазтай том биш хонгил маягийн хэсэг байлаа. Номын сантай танилцсан хүүхдүүд энэхүү чулуун шатаар дээш өгсдөг юм байна.

 Номын санд зочилсны дараа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Япон Улсын  парламентын Зөвлөхүүдийн  танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кобаяаши Фүмитака нар албан ёсны уулзалт хийсэн юм. Уулзалтад байлцаагүй бид хэд машиндаа сууж, парламентын ордны өмнө зургаа даруулах зэргээр цаг нөгчөөв.

Томилолтын хоёр дахь өдрийн үдээс хойш буюу Японы парламент дахь сүүлийн “аялал” Зөвлөхүүдийн танхимын  Мэдээлэл  сурталчилгааны хэлтсийнхэнтэй уулзсанаар өндөрлөв. Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн орлогч дарга Мизүками Асахи бидэнд Японы парламентын боловсрол олгох хөтөлбөрийн тухай танилцууллаа.

 Олон сандал эгнүүлсэн том  хурлын танхимын хоймор хэсэгт мөн л парламентын танхим дахь  хурлын даргын суудал, индэртэй  хэсгийн загварыг олж харлаа. Энд хүүхдүүд  ирээд, товчлуур дарж, санал хураалттай танилцдаг.  Л.Өлзийсайхан дарга мөнөөх индэрийн дэргэд хоёр багштайгаа дурсгалын зураг авхуулсан.

Хуулийн төсөл хэрхэн батлагддаг талаар хүүхдүүдэд танилцуулж, чуулганы хуралдаанд суулгах маягаар парламентын боловсрол олгох хөтөлбөр 2002 онд эхэлжээ.  Өнгөрсөн зургадугаар сарын байдлаар уг хөтөлбөрт 1 сая 380 мянган хүүхэд хамрагдсан гэнэ. Найман сургагч багш, хоёр техникийн ажилтан энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хүүхдүүд өөрсдөө хэлэлцүүлэг хийдэг хялбар агуулгатай долоон хуулийн төсөл бэлтгэсэн байдаг.  Хүүхдүүдийн төлөөлөл  хуралдаан даргалж, бусад нь үзэгчдийн танхимаас санал хураалтад оролцоно.

“20 жилийн хугацаанд парламентын боловсрол  олгох хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд Японы иргэдийн  сонгуулийн оролцоо сайжирсан уу, судалгаа хийсэн үү” хэмээн лавлахад маань “Бид энэ чиглэлээр судалгаа хийгээгүй  ч захиалга тасардаггүй. Парламентын хөтөлбөрт хамрагдаж байсан хүү том болоод парламентын Тамгын газарт ажилтан болсон түүх бий” гэж хариуллаа.

Танилцах аялалд оролцсон хүүхдүүд парламентын ордноос чихэр, дурсгалын зүйл худалдаж авах боломжтой  юм билээ.

Японы сонгогчдын 40 гаруй хувь нь сонгуульд санал өгдөг.  2001 онд Японы парламентын төлөөлөгчид Австралид  ажиллаж байгаад, парламентын боловсрол олгох хөтөлбөр байдгийг мэдэж, Японд хэрэгжүүлсэн түүхтэй.

Японд парламентын боловсрол олгох хөтөлбөрт дунд сургуулийн багш нарыг оролцуулах туршлага байдаггүй юм билээ. Монголд ерөнхий боловсролын сургуулийн 102 түүх, нийгмийн багшийг  хоёр жилийн өмнө  парламентын боловсрол олгох сургагч багшаар бэлтгэж, нийслэлд төдийгүй орон нутагт парламентын боловсрол түгээж буй сайн жишиг бий. Парламентын боловсролыг түгээхэд амжилт гаргасан хоёр багш Б.Баярмаа, Д.Дэлгэрмаа нар Японд туршлага судлах багт багтаж, Их наран улсад ирсэн билээ.

       Хүн урсгал дунд

Шибуяад гарцаар гарч байхад  хүн урсгал дунд хөвж явах мэт санагдсан.  Дэлхийд хамгийн олон хүн нэгэн зэрэг гарцаар гардаг гэдгээрээ алдартай Шибуяад энэхүү онцгой хормыг хүмүүс зураг авч, бичлэг хийж баримтжуулах дуртай юм билээ.

Шибуяа бас  орчин үеийн загварлаг хувцсыг илүүд үздэг хүмүүст зориулагдсан дэлгүүр олонтой. Энд монголчуудын дуртай “Uniqlo”,  H&M, ZARA  брэндийн дэлгүүрүүд байрладаг. Монголд энд байгаасаа илүү өндөр үнээр борлуулагддаг гэж манай багийн хашрууд ярьж байна лээ.

 Шибуяа өртөөн дээр бас үнэнч нөхөрлөлийн бэлгэ тэмдэг Хачико нохойн хөшөө бий. Есөн жил, 9 сар, 15 өдрийн турш өдөр бүр  Хачико чухам энд л  эзнээ галт тэрэгнээс бууж ирдэг  яг л тэр цагт нь  хүлээж зогссон гэдэг.  Одоо ч япончууд хотын төвд уулзах болохоороо Хачикогийн хөшөөн дээр болздог гэсэн шүү. Үнэндээ Токиогийн Эзэн Хааны Их Сургуулийн багш Уэно  нэгэн гөлөг авч, Хачико нэр хайрласан нь  1924  оны  явдал ажээ. Өнөөдөр ч Хачико од хэвээрээ, хөшөөний дэргэд зураг  авхуулах олны хөл татарсангүй.

Сонирхолтой, найрсаг Япон орон баяртай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img