2024-07-24, Лхагва
17 C
Ulaanbaatar

Салман Рушди: Шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл үйлдэгч шашинд бус хүчирхийлэлд итгэдэг

Одоогоос бараг жилийн өмнө, 2022 оны наймдугаар сарын 12-нд “Шулмын шүлгүүд” романаараа алдаршсан энэтхэг гаралтай Английн зохиолч Салман Рушдиг АНУ-ын Шатокуагийн их сургуульд лекц уншиж байхад нь Хади Матар гэгч залуу тайзан дээр гарч ирж 10 гаруй удаа хутгалсан билээ. Аймшигт халдлагад өртсөн ч золоор амьд үлдсэн 76 настай Салман Рушдигийн амьдралын амаргүй замналын талаар “ВВС” агентлагийн цахим хуудсанд ингэж бичжээ.

Салман Рушдигийн “Шулмын шүлгүүд” нэртэй дөрөвдэх роман 1988 оны есдүгээр сард хэвлэгдсэнээс хойш лалын шашны экстремист хэт туйлшрачид амь насанд нь халдахаар удаа дараа оролдсон билээ. Түүний энэ ном лалын шашинтнуудын дүргүйцлийг хүргэн Ойрхи дорнодын хэд хэдэн оронд худалдахыг хориглоход хүргэсэн юм. Тухайн үед Энэтхэгийн Ерөнхий сайд байсан Ражив Ганди хүртэл тус улсын лалын шашинтан цөөнхийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөхөөс сэрэмжлэн “Шулмын шүлгүүд” номыг худалдахыг хориглож байв.

Ираны удирдагч аятолла Хомейни 1989 оны хоёрдугаар сарын 14-нд гаргасан лалын шашны фетва гэх зарлигтаа, Салман Рушдигээс гадна тус номыг хэвлэх үйл явцад ямар нэг байдлаар оролцсон хүн бүрийг хуулиас гадуур гэж үзэн амийг нь хороохыг шашнаа хамгаалсан ариун үйл гэжээ.

Салман РушдиАятолла Хомейнийгийн мэдэгдлийн дараахан Ираны шашны сан Салман Рушдигийн амийг бүрэлгэсэн хүнд 2.5 сая ам.долларын шагнал амласан юм. Тус сан энэхүү шагналын хэмжээг 2012 онд 3.3 сая ам.доллар, 2016 онд 3.9 сая ам.доллар хүртэл тус тус нэмсэн аж.

“Шулмын шүлгүүд” номтой нь холбоотой өрнөсөн үйл явдлын талаар Салман Рушди дурсахдаа, ”Хамгийн хачирхалтай нь намайг харааж зүхсэн хүмүүсийн дийлэнх нь номыг маань уншаагүй байсан юм. Иймд тэд номын бодит агуулгыг мэдэхгүй байж исламын ертөнцийн зарим экстремист удирдагчдын пропаганд суртал ухуулгад автан “Лалын шашныг элдвээр доромжилж бичсэн л байж таараа” гэж ургуулан бодож намайг үзэн ядсан хэрэг” гэсэн юм.

Шидэт реализмын арга барилаар бичсэн “Шулмын шүлгүүд” романд лалын шашны зөнч Мухаммед бага зэрэг өөрчилсөн нэрээр үе үе гардаг ч тус зохиолын гол баатруудын нэг биш билээ. Шидэт реализмын бүх цаг үеийн сод бүтээлүүдийн нэг болох Михаил Булгаковын “Мастер Маргарита хоёр” роман Салман Рушдиг “Шулмын шүлгүүд”-ээ бичихэд зоригжуулан жигүүр ургуулсан гэдэг. Тэгвэл өдгөө түүний энэ зохиолыг ХХ зууны төгсгөл үеийн дэлхийн шилдэг романуудын нэг гэж зүй ёсоор үнэлэх болжээ. “Таймс” сонин 2008 онд Их Британийн ХХ зууны сүүлийн хагасын шилдэг 50 зохиолчдыг нэрлэхдээ Салман Рушдиг 13-т жагсаасан юм. Тэрээр мөн утга зохиолын хамгийн нэр хүндтэй Букерийн шагналын билээ.

Өрнөдийн орнуудад үе үе лалын шашинтай холбоотой эсэргүүцлийн хөдөлгөөн хүчээ авдаг нь Салман Рушдигийн үзэж буйгаар, тус шашны радикалчлалтай холбоотой ажээ. Энэ талаар тэрээр ингэж ярьсан юм.

“Шашин шүтэх, шашныг улстөржүүлэх гэдэг ялгаатай хоёр ойлголт. Хооронд нь хольж хутгаж ер болохгүй. Жишээ нь, Америкт үр хөндөлтийн тухай хуулийг өөрчлөхөд багагүй нөлөөлсөн христийн шашны радикал урсгалынхан байдаг шүү дээ. Миний хувьд гэвэл, би шашинд хэт их автдаггүй гэр бүлд төрсөн. Иймээс ч би тэгтлээ шашинлаг биш. Тэгэх шаардлага ч надад байхгүй.

Шашин шүтэх нь тухайн хүнд өөрт нь л хамаатай асуудал. Харин шашныг улстөржүүлэхээр энэ нь хүн бүхэнд хамаатай болж хувирдаг. Энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Шашны нэрийн өмнөөс хүчирхийлэл үйлдэгч шашинд бус хүчирхийлэлд итгэдэг юм. Иймд тийм хүнд зөөлөн хандаж хэрхэвч болохгүй. Хуулийн дагуу заавал чанд хатуу шийтгэх хэрэгтэй.”

Салман Рушди улстөржсөн шашны хэт туйшрал гэж юу болохыг өөрийн биеэр мэдэрсэн нэгэн. Өнгөрсөн оны наймдугаар сард халдлагад өртөн олон шарх авсан тэрээр хиймэл амьсгалын аппаратын ачаар амьд үлдсэн юм. Нэг нүдээ алдаж, гар нь хөдөлгөөнгүй болсон алдарт зохиолч хоёр сар шахам эрчимтэй эмчилгээ хийлгэж хөл дээрээ босчээ.

Салман РушдиТэрээр, “Хүний бие шархаа эдгээх гайхалтай чадвартай. Харин сэтгэлийн шарх тэгтлээ хурдан аньдаггүй юм байна. Хар дарж зүүдэлсээр өнөөг хүрлээ. Сэтгэлээ анагаахын тулд би аминд минь хүрэх шахсан тэр халдлагын тухай ном бичиж байна. Цаашид үргэлжлэн амьдарч, бас ажиллахын тулд тэр үйл явдлыг, надад юу тохиолдсоныг эргэцүүлэн бодож оюун ухаанаасаа арилгах шаардлагатай гэж бодсон хэрэг л дээ. Гэхдээ юу гээч? Ихэнх хүн миний тухай тэгж боддоггүй ч, би азтай хүн” гэж хэлээд ёжтой нь аргагүй мушийсан юм.

Салман Рушди цааш нь ярихдаа, “Зохиолчид түүхэн аль ч үед нийгэмд болж буй үйл явдлыг дийлэнх хүмүүсийн төдийлөн анзаардаггүй өнцгөөс харуулж, олон түмний нүдийг нээн нэгийг бодож хоёрыг тунгаахад хүргэн зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлт рүү “түлхдэг” байж болох юм. Жишээ нь, Лев Толстойн “Дайн ба энх” байна. Наполеоны дайны үеийг бид түүний бичсэн өнцгөөс л хардаг шүү дээ” гэсэн юм…

Зохиолчид халдсан 24 настай АНУ-ын иргэн Хади Матарыг шүүх хурал энэ оны сүүлээр болох учиртай. Шүүх хуралд Салман Рушди байлцах уу? Энэ асуултад одоогоор хариулах боломжгүй. Барьцааны мөнгө төлөн түр суллагдах эрхгүй хоригдож буй Хади Матар одоогоор буруугаа хүлээхгүй байгаа билээ. Харин түүнийг бодлоо өөрчлөн буруугаа хүлээвэл өндөр настай зохиолч шүүх хуралд заавал ч үгүй байлцаж амь насыг нь бүрэлгэхээр дайрсан этгээдтэй дахин нүүр тулах шаардлагагүй болох юм.

Хади Матар АНУ-д Ливанаас гаралтай гэр бүлд төржээ. Түүний ээжийн хэлснээр, Хади Матар 2018 онд аавтайгаа уулзахаар Ливанд сар гаруй болоод ирэхдээ ихэд өөрчлөгдсөн аж. Лалын шашинд хэт автах болсон тэрээр сурч, ажиллах сонирхолгүй болж өдрийн ихэнхийг өрөөндөө бүгэж өнгөрөөдөг болжээ. Хади Матарыг аймшигт гэмт хэрэг үйлдсэнийг мэдээд ээж нь түүнийг хүүгээ гэж үзэхгүй гэж мэдэгдсэн билээ.

Гэмт этгээд “The New York Post” сонинд товч ярилцлага өгөхдөө, лалын шашинг доромжилсон Салман Рушдиг одоо хэр амьд гэдгийг мэдээд ихэд гайхаж дургүй нь хүрсэн гэж байв. Тэрээр мөн “Шулмын шүлгүүд” зохиолоос аятолла Хомейнигийн 1989 онд эш татсан хэсгийг л уншсан гэжээ.

Салман Рушди Хади Матар буруугаа хүлээхгүй байгаа талаар өөрийн бодлоо хэлэхдээ, “Хоёр мянга гаруй хүн юу болсныг харсан байхад буруугүй гэж мэлзэх нь тэнэглэл гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь. Хэрэв би түүний өмгөөлөгч байсан бол буруугаа хүлээхийг зөвлөх байлаа. Тэгсэн тохиолдолд шүүх хурал бололгүй шууд ялын дүгнэлт гаргана шүү дээ. Шүүх хурал дээр түүнийг дахин нэг хармаар байвч, нөгөөтэйгүүр надад тэгэх хэрэг юун? Миний хувьд одоо хамгийн чухал зүйл бол үргэлжлэн амьдрах явдал” гэжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img