2024-07-23, Мягмар
19 C
Ulaanbaatar

Энжигийн “Улаан” цомог буюу Монголын уламжлалт хөгжим дахь чамин бөгөөд хүчирхэг эргэлт

Германы Мюнхен хотноо байрладаг “Squama Recordings” дуу бичлэгийн лейбел студи Монголын дуучин Энжи Э.Энхжаргалын “Улаан” цомгийг гаргаад удаагүй ажээ. Энэ талаар Английн “The Guardian” сонинд Аммар Калиагийн бичсэн шүүмжийг толилуулж байна.

Монголын хөгжмийн урлаг сэтгэл татам сонирхолтой дууны төрлүүдийг бий болгосоор ирсэн баялаг түүхтэй. Тэдгээрээс хамгийн алдартай нь хоолойн гүнээс нэгэн зэрэг хэд хэдэн авиа гаргадаг хөөмий. Хахир хатуу, доогуур өнгөтэй, эрэгтэй хүний хоолойд илүүтэй тохирсон хөөмий нь дууны үгийг хүргэх аялгуу гэхээсээ илүүтэй хөгжмийн зэмсгийн хүнгэнэх эгшиглэлт гэлтэй билээ.

Тэгвэл Улаанбаатарт төрсөн дуучин бүсгүй Энжи Э.Энхжаргал нь эх орныхоо дуу хөгжмийг өөр талаас нь, жазз импровизацыг уртын дууны өнгө аястай хослуулсан уян зөөлөн, эв дүйтэй өвөрмөц арга барилаар хүргэж байна. Уртын дуу гэдэг нь нэг үгийг хэдэн минутаар ч сунган мелисматик шугам үүсгэж илэрхийлдэг вибрато хэв маягийн тун содон дууны төрөл юм.

Уртын дуучдын удамтай Э.Энхжаргал 2017 оны “Монгол дуу” хэмээх гарааны дебют цомогтоо Монголын уламжлалт ардын дуунуудыг жазз найруулгад оруулсан бол 2021 онд өөрийн зохиосон есөн дуугаар “Урсгал” цомог гаргасан билээ. Харин “Улаан” цомогт Э.Энхжаргал агаарлаг эгшиглэх акустик хөгжмийг гунихрангуй хоолойтойгоо хослуулсан арван шинэ скат дууллын зохиомжоо багтаасан нь Монголын жазз хөгжмийн хамгийн өвөрмөц бүтээл болсон байна.

ЭнжиЭхний “Зүүд” дуунд бөмбөр, басс хөгжмийн эгшигт Э.Энхжаргалын уянгалаг атлаа дориун тууштай хоолой кресцендо хүрсний дараа удаах латин хэмнэл бүхий “Тайвшрал” дуунд аядуухан болох ажээ. Түүний хоолойн намбалаг, агаарлаг өнгө “Дуулна аа”-д гитарын татлах хөгжимдтөлттэй, улмаар цомгийн нэр өгсөн “Улаан” дуунд модон үлээвэр хөгжмийн дулаахан эгшигтэй гайхамшигтай нийцэн аялгууны хувьд орчин үеийн жазз хөгжмийн зохиолчид болох Гретхен Парлато, Бекка Стивенс нарын бүтээлүүдийг санагдуулна.

ЭнжиГэхдээ Э.Энхжаргал ихэвчлэн өөрийн стиль, арга барилаар дагалдах цөөн хэдэн хөгжмийн зэмсгийн эгшгинд дуулдаг билээ. Монгол ардын “Тэмээн дээрээс наран ойрхон” дууг өөрийнхөөрөө найруулж дуулахдаа тэрээр кларнет болон бассын эгшигтэй уртын дууны бүтэн хоолойн хүчтэй вибратог уялдуулжээ. Үүнтэй мөн адил цөөн хөгжмийн зэмсгийн давтамжтай аялгуунд өдгөө амьдарч буй Бавари нутгийн дүр төрхийг намхан толгодын дээгүүр намуухан урсах үүлс шиг фальцет хоолойгоор гайхалтай сайхан илэрхийлжээ.

Түүний дэгжин эдгээр дуунд асар их эрч хүч, өөртөө итгэх итгэл оршино. Сонсогчид дуунуудынх нь оргил хэсгийг илүү цэнгэнэсэн, динамик байхыг хүсэмжилж болох ч үүний оронд бид Э.Энхжаргалын тайван хэмнэлтэй намуухан хоолойноос олон зууны уламжлалтай хөгжимд жаззын нээлттэй байдал нийцэж шингэсэн Монгол дууны цоо шинэ өргөн уудам орчинг нээж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img