Францын алдарт академист А.Кабанель тухайн үедээ маш их магтагдаж байсан ч өнөөдөр түүнийг муулах нь их. Урлагийн түүхийн антипод (эсрэг) дүрүүдийн нэг яахын аргагүй мөн. Үнэхээр түүний бүтээлүүд ур гүйцэтгэл сайтай боловч бүтээлч чанарын хувьд доогуур хэт нялуун, өгүүлэмж илэрхийлэл муутай, хөшмөл хуурамч позуудаар дүүрэн дүрүүдэд нь амь амьсгаа үгүй.
Антипод гэхийн учир нь тэрээр уран бүтээлчид байх ёстой бүтээлч, хайгуулч чанараа орхин XIX зууны үеийн хүмүүсийн уран сайхны доогуур хүсэл таашаалыг өөрийн бүтээлээрээ “өөгшүүлж” байсанд хэмээн хэлж болно. Энгийнээр хэлбэл тэрээр бяцхан нэр алдрын золиос болсон олон зураачдын нэгэн төлөөлөл.
Тэрээр дөнгөж боловсорч байсан хувьсгалч чанартай Импрессионизмыг (ялангуяа Эдуард Манэг) эсэргүүцэж байсан нь ч үүнд нөлөөлсөн биз. Ийнхүү олон шалтгааны улмаас “молхи салоны академизм”-ын төлөөлөл болон түүхэнд үлдэж.
Дээрхийг илэрхийлэх нэгэн бүтээл бол “Венера мэндэлсэн нь”, 1863 он. Далайн давалгааны хөөсөөс мэндэлж зөөлөн түрлэгээр түрэгдэн эрэг дээр гарч ирж буй Венера бурхан цэлдэн “саарал” өнгийн “сийлмэл” биетэй, ус хөөснөөсөө ангид амьгүй хэвтэх агаад цогцос ч биш, баримал ч биш ЮМ харагдана.
Дээгүүр нь нисэх путти нар илтэд үүрэггүй агаад мөн л амьгүй хөшмөл дүрүүд наадах үзүүлбэр үзүүлэх төдий. Өнөөдрийнхөөр нэг хүүхний зургийг тайрч эв хавгүйхэн засаад, далайн зураг дээр наагаад дээрээс нь өөр зурагнаас путти нарыг тасдаад фотошоптчихсон мэт ямар ч органик чанаргүй, молхи бүтээл.
Тус бүтээл нь 1863 оны Салоны үзэсгэлэнгийн гол бүтээл болж ихэд шагшигдаж байсан агаад Наполеон III хаан өөрийн хувийн цуглуулгадаа шууд худалдан авч, тэр ондоо тэрээр францын классицизмын “цайз” болох Ecole des Beaux-Arts-ийн профессор болж, тус бүтээлээрээ Хүндэт Легионы одонг хүртэж байв. Энэ зургийн түүхийг эргэцүүлэхээр “Цагийн араншин гэж бас тохуутай эд юм даа…” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг.
Тухайн үеийнхэн дунд реализмын төлөөлөгч, зохиолч хүндэт Эмиль Золя хүртэл түүний энэ бүтээлийг магтан бичиж байсан бас содон.
Шудрага ёсыг бодон бүх уран бүтээлийг нь харлуулалгүйгээр авч үзвэл хэд хэдэн анхаарал татахуйц сонирхолтой бүтээл буй. Тухайлбал түүнд “Гэмд унасан Ариун сүнс”, (1868 он) гэх бүтээл бий. Миний бодлоор Кабанелийн хамгийн хүчтэй сэтгэл хөдөлгөм бүтээлүүдийн нэг байх. Тус бүтээлд Люциферийн дүр гардаг. Уран сайхан далавчтай, идэр залуу, үзэсгэлэн төгөлдөр Люцифер Архангел Михаилийн армид ялагдан газарт “унасан” байдлаар дүрслэсэн байдаг.
Хальт харвал байдаг л нэгэн академик бүтээл. Гэвч тогтоод үзвэл Люциферийн нулимастай харц. Энэ харцад л Кабанелийн эрэл хайгуулын үр дүн, зураачын мөн чанар нь харагддаг. Энэ л харцаар нь дамжуулж бид Люциферийн бүхэл бүтэн түүхийг олж “уншдаг”. Үүнд л магад хамгийн сэтгэл хөдлөм байдал буй бизээ. Бүтээлийг ойлгоход Люцифер гэж хэн болохыг мөн тэр үеийн уран сайхны амьдралыг ойлгох нь чухал.
- Люфицер бол Ертөнцийн Эзний хамгийн дотно, ойр шадар ариун сүнс байсан бөгөөд бардам сэтгэлд автан Сав ертөнцийг захирахыг санаархан зарим сүнснүүдийг өөртөө татан урвуулж бослого хийсэн байдаг. Тэрээр дээд зэрэглэлийн хэд хэдэн ариун сүнснүүдийг өөрийн талд урвуулсан нь Левиафан, Велзевул гэх мэт байсан аж. Бослогын үр дүн ойлголмжтой… Ертөнцийн эзэн ялж там руу босогч ариун сүнснүүдийг хөөсөн байдаг. Сүүлчийн шүүх болоход эдгээр сүнснүүд нь галд шатана гэж Библид буй.
- XIX зуунд ялангуяа романтизмын төлөөлөгчид Люциферийн дүрийг шинээр нээж, хувьсгалч чанарыг нь тодруулж романтик шинж чанар оруулсан байдаг. Тухайлбал Михаил Лермонтовын “Сахиус” (Демон) хэмээх бүтээлд нүгэлээр дүүрэн ертөнцийн дээгүүр нисэн дүүлэх Люцифер Тэнгэрийн амьдралаа санагалзан гуниглаж ганцаардан байхуйд Кавказын уулсын дунд үзэсгэлэнт Гүрж оронд Тамара гэх бүсгүйг олж харан чин зүрхнээсээ дурладаг түүхийг өгүүлдэг. Оросын симболизмын гайхалтай төлөөлөгч Врубель энэхүү найраглалд зориулан цуврал бүтээл бүтээсэн нь өнөө ч үзэгчдийн зүрхийг догдлуулсаар байдаг.
Энэ бүхнийг өгүүлээд байвал барагдашгүй тул эргээд бүтээлдээ ороход… Люциферийн нулимастай нүдэнд уур хорсол, гомдол харамсал, эргэлзээ, гэмшил, гуниг мэдрэгддэг нь гайхалтай. Ийм олон сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хэдхэн өнгө, зураасаар гаргана гэдэг бол яахын аргагүй бүтээгчийн чадвар, сэтгэлгээний бяд.
Энэхүү бүтээлийг үзэхүл Люциферийг өмөөрмөөр, түүний ухаан, түүний сайхан сэтгэлд итгэмээр санагдана. Хэрэв энэхүү дүрийг Михаил Юрьевич Лермонтов бүхэл бүтэн найраглалдаа уран сайхны олон адилтгал, зүйрлэлийг ашиглан дэлгэн үзүүлсэн бол Александр Кабанель нэг харцанд шингээж чадсан байдаг. НҮД БОЛ СЭТГЭЛИЙН ТОЛЬ гэдэг дээ…
Эцэст нь олон жилийн туршид академизмыг хамгаалан, академизмд шингэсэн бүх уламжлалыг үгүйсгэсэн ИМПРЕССИОНИЗМ-той тэмцэж (урлагийн хөгжлийг үгүйсгэж) байсан А.Кабанель 1881 онд Э.Манэгийн үзэсгэлэнд ирүүлсэн “Арслангийн ангууч М. Пертюизегийн хөрөг” бүтээлийг ганцаар хамгаалж “Ноёд оо, та бидний дунд толгойн хэсгийг нь ч энэхүү бүтээлд дүрслэгдсэний адил дүрслэж чадах хүн, магад дөрөвөөс илүү олдохгүй шүү” хэмээн хэлж байсан түүх бий. Э.Манэг хамгаалан хэлсэн энэ үг нь францын урлагт шинэ урсгал ялсныг хүлээн зөвшөөрсөний дохио байв. Тэрээр ийнхүү өөд дэвшихээсээ 8 жилийн өмнө өөрийн дүрслэсэн Люцифер шиг алхам хийсэн нь сэтгэл хөдөлгөм биш гэж үү?