2024-07-23, Мягмар
26 C
Ulaanbaatar

“Discover Mongolia”-гаас Mongolian mining week хүрэх замд

Анхны “Дисковер Монголиа” чуулган

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойтой ирэх жил золгоно.

30 жил гэдэг нэгэн байгууллагын хувьд урт түүхийн өрнөл. Нөгөө талдаа Монголын шинэ цагийн эрдэс баялгийн салбарт үлэмж хөгжлийг авчирсан гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын компаниудын өсөлт хөгжил, хариуцлагатай уул уурхайн үүх түүх энэ “айл”-тай нягт холбогдоно.

Монгол улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат гуайн хэлснээр “Ардчилсан нийгмийн төрийн бус ууган байгууллага” бол МУУҮА.

Ассоциацийн анхны хурал 1994 оны тавдугаар сарын 15-нд Политехникийн дээд сургуулийн хичээлийн танхимд өрнөж, Ерөнхийлөгчөөр Ч.Дүүжийг, дэд Ерөнхийлөгчөөр Ч.Тэгшсайхан нарыг сонгожээ.

Орчин цагийн эрдэс баялгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэсэн төр болон төрийн бус байгууллагуудын анхны зоримог алхмууд ийнхүү хийгдэж эхлэв.

1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталлаа. 1994 оны Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарав.

Дэлхийн банкны дэмжлэгээр Гадаадын хөрөнгө оруулагчдын форумыг Засгийн газар 1997 онд Улаанбаатар хотод зохион байгуулав. Энэ үеэр эрдэс баялгийн салбарын хуулиа шинэчлэх болсноо зарлав. УИХ ч төдөлгүй баталлаа.

1998 оноос “Бороо гоулд”, “Цайрт минерал” компаниуд анхны Тогтвортой байдлын гэрээ байгуулж, үйл ажиллагаа нь нэг хэсэг саараад байсан МУУҮА 2001 оноос идэвхитэй ажиллаж эхлэв.

“Эрдэс баялгийн мэдээ” сонин (энэ сонин хожим онлайн хэлбэрээр олон жил гарсан) гаргаж, “Гар аргаар ашигт малтмал олборлох асуудал” зөвлөгөөн, “Монголын уул уурхай 2002” олон улсын үзэсгэлэн, улмаар 2004 онд “Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын анхны чуулганыг “Чингис” зочид буудалд амжилттай зохион байгуулав. “Уул уурхайн бизнесийн лавлах” хэмээх анхны товхимлыг салбарынхандаа хүргэлээ.

1999 онд МУУҮА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ш.Отгонбилэг ассоциацийн үйл ажиллагааг идэвхжүүлж, түүний үйл хэргийг Ашигт малтмал, газрын тосны дарга Д.Жаргалсайхан (2001-2005 онд МУУҮА-ийн Ерөнхийлөгчөөр ажилласан) үргэлжлүүлсэн юм.

Х.Бадамсүрэн, До. Ганболд (УИХ-ын дэд дарга, Монросцветмет нэгдлийн захирал байсан), Д.Дамба, Н.Алгаа (Гүйцэтгэх захирлаар олон жил ажилласан), Т.Гантөмөр нар Ерөнхийлөгчөөр, гүйцэтгэх захирлаар Д.Энхболд ажиллаж ирсэн.

Өдгөө Ассоциацийн ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгчөөр Г.Батцэнгэл (Монгол Улсын Гавьяат уурхайчин), Гүйцэтгэх захирлаар Г.Эрдэнэтуяа нар ажиллаж байна. Ассоциацийн хөгжлийн хуудас бүхэнд тэд өөр өөрийн үлдээсэн, үлдээж яваа тод мөртэй.

Хамгийн олон жил буюу амьдралынхаа 17 жилийг энэ байгууллагатай холбосон хүн бол Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, өнгөт металлургийн инженер Намгарын Алгаа.

МУУҮА-ийн хувьд эрдэс баялгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхийн тулд олон талт үйл ажиллагааг идэвх чармайлттай явуулж байлаа.

Канадын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын PDAC чуулганаас анх санаа сэдэл авч, жил бүр зохион байгуулахаар тогтсон “Discover Mongolia” алс холын Монголд хөл тавих гадаадын хөрөнгө оруулагчдын бизнес харилцааны шинэ гүүр болж чадсан юм.

“Гадаадын хөрөнгө оруулагчдад эх орноо таниулахын тулд жанжин малгай, үндэсний дээл гутлаа чемодандаа хийж аваад л явдаг байлаа” хэмээн Д.Жаргалсайхантай хамт Канадыг зорьсон, өдгөө Монголын Уул Уурхайн Мэргэжлийн Холбоодын Зөвлөлийн тэргүүн Д.Цогбаатар дурссан нь бий. Тэр үед Д. Цогбаатар Геологи, эрдэс баялгийн сайдаар ажиллаж байв.

Хөрөнгө оруулалт татахын тулд Монголын эрдэс баялгийн салбарын төлөөллүүд алс тэртээх Канад орныг өдгөө ч зорьж төслүүдээ уйгагүй танилцуулсаар явна.

Төрөөс ямар нэгэн санхүүжилт авалгүйгээр, зөвхөн ивээн тэтгэгчид, оролцогчдын төлбөрөөр санхүүжүүлж зохион байгуулсан анхны чуулган бол “Дисковер Монголиа”. Дараа, дараагийн чуулганууд ч ийм зарчим, хэлбэрээр өрнөж ирэв.

МУУҮА нь уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн “Mine Tech” (2008 оноос), “Нэн түрүүнд ХАБ” бага хурлыг (2012 оноос) “Ассоциацийн өдөр” уулзалтыг сар тутамд зохион байгуулж иржээ.

Энэ бүгд дээр дурдсанчлан гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг Монгол Улс руу татахад онцгой нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

Түүгээр зогсохгүй “Mongolia Mining”, “Coal Mongolia” зэрэг олон улсын томоохон хурал, үзэсгэлэнгүүд ар араасаа мэндлэх замыг нээж өгсөн гэж хэлж болно.

Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, хариуцлагатай, тогтвортой уул уурхайн хөгжлийн төлөө мөр зэрэгцэн алхаж ирсэн эдгээр хурал чуулган зорилго, үнэт зарчмаа “Уул уурхайн 7 хоног”-т нэгтгэж буй юм.

Хоёр дахь удаагийн Mongolian Mining Week-2023 чуулган

Эрдэс баялгийн салбарын хамгийн том чуулган “Mongolian Mining Weeк 2022” (Монголын уул уурхайн 7 хоног) чуулган Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойгоор (09.19-23) амжилттай болж өнгөрсөн.

Энэхүү нэгдсэн арга хэмжээг УУҮХЯ, Оюу Толгой ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд эрдэс баялгийн салбарынхан бүтэн долоо хоног “Шангри Ла”-д нэгдэн цуглаж, нээлттэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн билээ. Тус чуулганы Хөрөнгө оруулалтын чуулганыг “Эрдэс баялгийн тойм” сонин “Майнекс Монголиа” компанитай хамтран амжилттай зохион байгуулсныг эргэн дурдая.

Ковидын дараах эдийн засгийнг сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбараа идэвхжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих, Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэхэд анхны “Mining Weeк” чухал үүрэгтэй байлаа.

Тэгвэл энэ жил “Mongolian Mining Weeк 2023” чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци 10 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд Shangri-La Ballroom танхимд төрийн бодлого болон геологи, нүүрс, зэсийн салбар, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн баримт бичиг, ШИНЭ СЭРГЭЛТ-ийн бодлогын хүрээнд хийгдэж буй эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлүүд, хариуцлагатай уул уурхайн суурь зарчмууд, хөрөнгө оруулалтын орчин зэрэг өргөн хүрээтэй сэдвээр чуулна.

Ялангуяа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийн хэрэгжилт гээд эрх зүйн хүрээн хийгдэж буй олон шинэчлэл, хариуцлагатай уул уурхайн суурь зарчмууд, гараанаасаа хөдөлсөн төмөр замын бүтээн байгуулалтууд зэрэг олон талт сэдвийг “Mongolian Mining Weeк”-ээр хэлэлцэх юм.

эрдэс баялаг

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img