2024-07-27, Бямба
15.9 C
Ulaanbaatar

WASHINGTON POST: Монгол Улс Хятад Оросын сүүдрээс гарахыг эрмэлзэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй АНУ-д айлчлах үеэр нь уулзаж ярилцсан олон улсын тоймч Ишаан Тароорын нийтлэл “Washington Post” пост сонинд гарсныг толилуулж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зургадугаар сарын сүүлийн долоо хоногт Бээжинг зорьж БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Ардын их хурлын ордонд уулзсан ба өмнөд хөрштэйгөө эдийн засаг, худалдааны харилцааг гүнзгийрүүлэх олон гэрээ хэлэлцээр байгуулжээ.

Тэгвэл үүнтэй бараг давхцан Монголын зохих албаны хүмүүс Улаанбаатар хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе Фернандестай уулзаж, дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд голлох үүрэг гүйцэтгэх ба тус улсад ихээр олдсон онц чухал ашигт малтмал, газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

айлчлалХятад, Орос гэх аварга том хоёр хөршөөсөө хамаарал ихтэй ч ардчилсан замаар сонгогддог төр засаг нь эдийн засгаа солонгоруулахын төлөө тууштай ажиллан Япон, Өмнөд Солонгос, өрнөдийн орнуудтай харилцаагаа өргөжүүлж буй 3.4 сая хүн амтай далайд гарцгүй улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ маш нарийн улс төрийн толголтыг ийнхүү амжилттай хийжээ.

Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Вашингтонд хүрэлцэн ирж Цагаан ордонд Дэд Ерөнхийлөгч Камала Харристай хэлэлцээ хийн улмаар Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Аустин нартай нэг бүрчлэн уулзсан юм. Харвардад боловсрол эзэмшсэн шинэчлэгч үзэл бодолтой тэрээр зэс зэрэг ашигт малтмалын салбарт хамтран ажиллах талаар ярилцаж, АНУ-тай иргэний агаарын тээврийн “Нээлттэй тэнгэр”-ийн тухай гэрээ байгуулсан билээ.

Л.Оюун-Эрдэнэ Вашингтон дахь Монголын ЭСЯ-нд надтай уулзан ярилцлага өгөхдөө, “Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо хөгжүүлж байна. Ингэхдээ гадаад харилцаагаа тэнцвэртэй байлгах нь нэн чухал” хэмээгээд Монголын хувьд АНУ маш чухал гуравдагч хөршийн нэг гэдгийг онцолсон юм.

айлчлалЭнд тэмдэглэхэд, Монголын удирдагч улс орныхоо ээдрээтэй нөхцөл байдлыг бодитоор дүгнэн харж чаддаг нэгэн аж. Монгол Улс Орос, Хятадаас импортлодог эрчим хүч, түлш шатахуун, бусад олон бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай. Иймд тэрээр Монголын эдийн засгийг Хятадаар дамжин өнгөрөх зам, боомтуудтай илүү сайн холбож өгөх дэд бүтцийн тухай шинэ хэлэлцээрийг Бээжинтэй байгуулахыг эрмэлзэж байна.

ЗХУ-ыг задран унасны дараа Москвагийн нөлөөний бүсэд удаан оршсон Монгол Улс ардчилсан тогтолцоог бүрэлдүүлж эхэлсэн ч өнөөг хүртэл хойд хөршөөсөө олон сэжмээр уягдсан хэвээр. Иймээс ч өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар ОХУ-ыг Украин руу түрэмгийлэн довтолсныг буруушаасан тогтоолын төслийг батлах санал хураалтад тус улс түдгэлзсэн санал өгчээ.

Л.Оюун-Эрдэнэ дундад зууны алдарт байлдан дагуулагч Чингис хааны хөргийн дор цааш ярихдаа, улс орныхоо парламентын ардчилал, АНУ-тай ижил улс төрийн үнэт зүйлсийг сайшаасан юм. Хэдий тийм ч олон хууль тогтоогч Хятадтай шууд сөргөлдөхийг уриалж буй АНУ-ын Конгрессыг үзэл суртлын дайсагналаас сэрэмжлүүлж байв.

Тэрээр дэвшилтэт технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжих болсон энэ цаг үед дэлхий дээрх аливаа зөрчил мөргөлдөөн аюул ихтэй гээд, “Хэрэв шинэ хүйтэн дайн эхэлбэл тэр нь бид бүхний туулж өнгөрүүлснээс тэс өөр, илүү хүнд хэцүү байх болно” гэсэн юм. Монголын Ерөнхий сайд түүнчлэн Хятадын хөгжлийн зам, үнэт зүйлс АНУ-ынхаас эрс ялгаатай ч дэлхийн эл хоёр том гүрэнд цаг уурын өөрчлөлт гээд хүч хавсран хамтран шийдэх тулгамдсан даяар асуудлууд цөөнгүйг сануулж байв.

Хэдийгээр эх орон нэгтнүүдийнх нь дунд Бээжингийн эсрэг байр суурь их ч Хятад, Оросын аль нь ч тус улсад аюул занал учруулахгүй гэдгийг Монголын Ерөнхий сайд мөн онцолсон. Тэрээр, “Монголчууд бид шууд хиллэдэг хоёр хөрштэй бөгөөд тэднээс улс төрийн тогтолцоо, зарим үнэт зүйлээрээ ялгаатай. Гэхдээ манай хөршүүд Монголын ард түмний сонголтыг хүндэтгэдэг” гэсэн юм.

айлчлалТийм боловч Монгол Улс Хятад, Оросын сүүдрээс гарч, хүрээгээ тэлэхийг эрмэлзэж байгаа нь илт. Ингэхдээ нэлээд бэрхшээлийг даван туулах шаардлагатай тулгарчээ. Улаанбаатар дахь АНУ-ын Элчид сайд тус улсын улс төрийн нөхцөл байдлыг нэгдүгээр сард дүгнэхдээ, “хувирамтгай, ил тод бус, урьдчилан таамаглахын аргагүй” гээд “Монгол Улс авлигачдад ашигтай хууль дүрмийн цоорхойтой нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж, импортлогч, экспортлочдод хүндрэл учруулдаг” гэсэн нь бий.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар улс төрийн амаргүй энэхүү нөхцөл байдлыг даван туулахын тулд багагүй хүчин чармайлт гаргаж байгаа аж. Юуны түрүүнд авлигатай эрс шийдмэг, хатуу чанд аргаар тэмцэж эхэлжээ. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн шинэчлэл хийж тус улсын хууль тогтоох байгууллагыг өргөжүүлсний дээр сонгуулийг Герман, Шинэ Зеланд зэрэг улсынхтай төстэй пропорциональ төлөөллийн холимог тогтолцооны дагуу явуулахаар өөрчилсөн байна. Л.Оюун-Эрдэнийн үзэж буйгаар, эдгээр арга хэмжээ нь нэн ялангуяа ашиг ихтэй уул уурхайн салбар дахь засаглал, ил тод байдлыг сайжруулах ажээ.

Зэс, уран, газрын ховор элементийн арвин их нөөцтэй тус улсад сүүлийн үед хөгжин дэвжих боломж ихээр нээгдэх болсныг мөн дурдууштай. “Financial Times” сонинд, “Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан тооцоогоор газрын ховор элемент, литий, кобальт зэрэг онц чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ ойрын арван жилд даруй 600 хувиар өсөх төлөвтэй байна.

Тэгвэл зэсийн эрэлт 2035 он гэхэд зэсийн хоёр дахин нэмэгдэж, хэрэглээ нь жилд 50 орчим сая тоннд хүрэх аж. Үүнээс гадна хэрэв дэлхий нийт 2050 он гэхэд хорт утаа ялгаруулах хэмжээгээ тэглэх зорилтоосоо ухрахгүй бол ойрын таван жилд уранаар ажилладаг цөмийн эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалт гурав дахин нэмэгдэж, 125 тэрбум ам.долларт хүрэхээр байна” гэж бичсэн нь нэгийг хэлнэ.

Л.Оюун-Эрдэнэ ирэх арван жилийн эцэс гэхэд улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг гурав дахин өснө гэж харж байна. Түүний өөдрөг хэтийн төлөвлөгөө биелэх боломжтойн хамгийн тод жишээ гэвэл, үндэстэн дамнасан “Rio Tinto” компанийн удирддаг, Монголын засгийн газар хувьцааных нь 34 хувийг эзэмшдэг, өргөн уудам говийн элсэн дунд оршдог Оюутолгойн уурхай юм. Тус уурхай зэс, алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог бөгөөд “Rio Tinto” болон Монголын Засгийн газар хоорондын олон жилийн маргаан эцэслэснээр, энэ оны гуравдугаар сард гүнийн олборлолт явуулж эхэлжээ.

Оюутолгойн уурхайн үйлдвэрлэлийн энэхүү огцом өсөлт зөвхөн эхлэл бөгөөд цаашид залилангийн гэмт хэргийг таслан зогсоох, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн хүчин чармайлт гаргаж, дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай нь мэдээж.

Үүний сацуу М.Оюун-Эрдэнэ улс орон нь нөөц баялаг дээрээ түшиглэн илүү өндөр зэрэглэлийн салбаруудыг хөгжүүлэх боломжтой гэдэгт итгэдэг ажээ. Тэрээр “Tesla”-гийн гүйцэтгэх захирал Элон Маскт Монгол Улс цахилгаан автомашин үйлдвэрлэл, сансрын технологийн дэвшилд хувь нэмрээ оруулан хамтран ажиллах бүрэн боломжтойг мөн сонордуулсан юм.

М.Оюун-Эрдэнэ ярилцлагынхаа төгсгөлд, “Монгол Улс зөвхөн уул уурхайн орон байх учиргүй. Бидэнд бусад салбарт ч асар их боломж нээлттэй. Надад хэлэх дуртай нэг үг байдаг юм. Тэрнийгээ хэлъе. “Монгол Улс газар зүйн хувьд түгжигдмэл байж болно. Харин оюун ухааны хувьд бол хэзээ ч үгүй” гэж билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img