2024-12-09, Даваа
-13 C
Ulaanbaatar

Кристофер Нолан: “Оппенхаймер” кино хүмүүсийн оюун санааг гижигдэн элдвийг тунгаан бодоход хүргэнэ гэдэгт найдаж байна

Атомын бөмбөгийн эцэг хэмээн алдаршсан АНУ-ын цөмийн физикч Жулиус Оппенхаймерийн тухай кино нээлтээ хийгээд сар ч болоогүй хэрнээ үзэгчид төдийгүй кино шүүмжлэчдийн анхаарлыг ихэд татан ирэх жилийн “Оскар”-ын шагнал авахуйц даацтай дэлгэцийн бүтээл гэгдэх боллоо. Зуны амралтын улиралд голдуу зугаа цэнгэлийн хөнгөн сэдэвтэй кинонууд гарч орлогоор тэргүүлдэг бол хүнд драмын “Оппенхаймер” хэдийнэ 500 сая ам.доллар цуглуулж бокс-оффист зөвхөн “Барби” киноны ард жагсч буй нь гайхалтай. Тус киноны найруулагч Кристофер Нолантай “The Talks” цахим сэтгүүлийн Патрик Хейдманн ийн ярилцжээ.

-Ноён Нолан, “Оддын хооронд” (“Interstellar”), “Нэр хүнд” (“The Prestige”), “Зарчим” (”Tenet”), одоо “Oппенхаймер” гээд таны олон кинонд шинжлэх ухааны сэдэв тусгагдсан байдаг. Яагаад тэр вэ?

-Шинжлэх ухаан, физик, сансар огторгуй гэх зэргийг би хүүхэд наснаасаа л сонирхож эхэлсэн. Далаад оны сүүлээр намайг бага байхад Жорж Лукасын “Оддын дайн” кино гарснаар шинжлэх ухааны уран зөгнөл гэдэг зүйл хүмүүсийн сэтгэл санааг үнэхээр эзэмдэх болсон юм. Бидний үеийнхэн шинжлэх ухааны уран зөгнөлийг ихээр сонирхох болсон нь Карл Саганы “Сансар” гээд танин мэдэхүйн олон нэвтрүүлэг гарахад нөлөөлсөн байх шүү.

-Кип Торн тантай “Зарчим” кинонд мөн хамтарч ажилласан байх аа?

Кристофер Нолан

-Тийм ээ. Кип бол физик гээд шинжлэх ухааны хуулиудтай уялдуулах шаардлагатай киноны хэсгүүдийг цогцлооход надад маш их дэм болдог миний найдвартай хамтрагч. Би “Оддын хооронд”-ыг бодвол “Зарчим” кинондоо шинжлэх ухааны уран зөгнөлт сэтгэлгээ рүү илүүтэй шилжиж чадсан гэж боддог юм.

Тэгвэл одоо “Оппенхаймер”-т манай ертөнцийн бүтцийн эд эс бүхнийг цоо шинээр, огт өөр өнцгөөс эргэн харахад хүргэсэн 1920-иод оны эрдэмтэд хэрхэн ажиллаж байсныг үзүүлэхийг зорьлоо. Тэд өөрсдөөс нь өөр хэнбугай ч ойлгохооргүй дэвшилтэт аргаар ертөнцийг дүрслэн харж, бараг л ид шидийн гэмээр, шинжлэх ухаанд хувьсгал гаргасан ер бусын зүйлийг гүйцэтгэж чадсан шүү дээ.

Квантын физик сонгодог физиктэй одоо ч гэсэн бүрэн зохицолдоогүй гэж бодохоор Жулиус Оппенхаймер тэргүүтэй эрдэмтэд тэгж цаг үеэсээ түрүүлж чадсан нь маш том түүхэн оньсого гэж би үзсэн юм.

-Иймээс ч та энэхүү түүхэн оньсогыг киноны ердийн бус шийдлээр үзэгчдэд хүргэхээр хүсчээ дээ?

-Тийм байх шүү. Энэ киноны нэгээхэн хэсгийг хүүрнэл талаас нь авч үзвэл Эйнштейний нээлтүүд дээр тулгуурлан квантын онолыг дүрслэхийг оролдох Оппенхаймер хүмүүсийн эргэн тойронд байдаг л нэг бүүдгэр материйг гөлрөн бодлогширдог. Тэгээд энгийн тэрхүү матери дахь цахилгаан долгионоос гэнэт эрчим хүчийг олж харах нь ид шидийн ер бусын зүйл мэт санагдана.

Үзэгчдэд яг юу болсныг нарийн ойлгуулах албагүй, тэд тухайн мөчид шидтэн, илбэчин шиг нээсэн зүйлдээ бахдан баярлах эрдэмтний сэтгэл хөдлөлийг мэдэрч дагахад л болох нь тэр. Ер нь миний кинонд шинжлэх ухааны сэдэв орсноор драмчлах боломжийг нэмэгдүүлдэг гэж хэлж болох биз ээ.

-Тэгвэл тэрхүү драмчлах боломж таны мэддэг, бас дуртай шугаман бус болон өөр бусад хүүрнэлийн өвөрмөц арга техниктэй хэрхэн хоршдог бол?

-Би өгүүлэх гэсэн түүхэндээ тохирсон арга техникийг л сонгодог. Тэр нь шугаман, шугаман бус, ер нь ямар ч байж болно. “Оппенхаймер”-ын тухайд гэвэл эрдэмтний бүхий л амьдралын туршлагыг, тэр хүний оршихуйн тоо томшгүй олон талыг нэг цэгт төвлөрүүлэн агшаах маягаар үзэгчдэд хүргэхийг эрмэлзсэн гэх үү дээ.

Кристофер НоланИнгэхийн тулд намтрын киноны уламжлалт бүтцийг дагалгүйгээр призмчилж олон өнцгөөс харуулахыг хичээсэн юм. Ингэснээр үзэгч Оппенхаймерын амьдралын өөр өөр цаг үеийн агшнуудыг хооронд нь харьцуулж, тэр хүн хэн болох, цаг хугацааны эргэлтээр хэрхэн өөрчлөгдсөнийг илүүтэй ойлгоно гэж үзсэн.

-Тэгэхээр киноны бүтэц нь зохиолыг хүүрнэн өгүүлэхүйн салшгүй нэг хэсэг байх нь ээ?

-Тэгж ойлгож болно. Би ирээдүйн киноныхоо бүтэц ямар байхыг тогтоолгүйгээр зохиолыг нь бичиж эхэлдэггүй. Миний бодлоор түүх хүүрнэн өгүүлэхүйн бүхий л хэлбэрээс киноных магадгүй хамгийн хуучинсаг арга барил төдийгүй бүтэцтэй нь байж болох юм.

Роман юм уу жүжгийн бүтцийг кино зохиолынх шиг тэгтэл нь өөлдөггүй. Энэ нь телевизийн олон ангит киноны форматын он удаан жилийн нөлөөнөөс үүдэлтэй байж болох юм. Телевизийн киноны маргаашийн анги өмнөх өдрийн үйл явдал хаана дууссан, яг тэндээс үргэлжилдэг шулуун шугаман бүтэцтэй шүү дээ.

-Энгийн логикоор бодоход үйл явдлыг дэс дараатайгаар хүүрнэн өгүүлдэг энгийн киног бодвол “Оппенхаймер” шиг шугаман бус ярвигтай бүтэцтэй киноны зураг авалт хэд дахин удаан үргэлжлэх учиртай баймаар. Гэтэл та киногоо ердөө 57 хоногийн дотор авч дууссан байх юм?

-Бид Лос Аламосын лабораторийг ноорог зураг дээр үндэслэн барих гээд олон нүсэр ажлыг зураг авалтын өмнө хуваарийн дагуу хийж дуусгасан юм. Ер нь зураг авалтын бэлтгэл ажилд маш нухацтай хандсан. Тэгээд ч киночид бид төсвөөс, гаргасан хөрөнгө нөөцийн хуваарилалтаас үргэлж хамаардаг улс.

Үүнтэйгээ ч бүр эвлэрчихсэн. “Оппенхаймер”-т бид байгаа нөөц бололцоондоо тулгуурлан бүгдийг урьдчилж маш нарийн гүйцэтгээд хуваарьт баригдан киноны зургийг хурдан шуурхай авахаас өөр аргагүйд хүрсэн. Тэгсэн нь ч оносон доо. Урьд нь найруулж байсан кинонуудаасаа хэд дахин хурдтай ажиллахад хаанаас ч юм маш эерэг эрч хүч оргилон гарч ирж кино зургийн багийг тэр чигт нь цэнэглэдэг юм шиг санагдсан шүү.

Кристофер НоланБүгд дор бүрийн үүрэгт ажлаа цагт нь дээд зэргээр гүйцэтгэж, жүжигчид гэхэд л дүрийнхээ судалгааг маш сайн хийж зураг авалтад өөрсдийгөө хэдийнэ бэлдчихсэн, “Мотор” гэж хэлэнгүүт л дүрдээ шууд ороод киноны үйл явдал нүдний өмнө төсөөлсний дагуу гайхалтай сайхан өрнөж байлаа. Цагт баригдан ажиллахын давуу тал гэвэл зургийн багийн гишүүн бүрт сахилга бат, хариуцлагаас гадна нэмэлт эрч хүч суулгадаг юм билээ.

-Ийм киноны зураг авалтын сорилтыг жүжигчин бүр даван туулж чадахгүй болов уу. Тийм ч учраас та жүжигчдийн сонголтод маш няхуур хандсан байж таарна?

-Би киноныхоо зохиолыг бичихдээ туйлын сахилга баттай байж тухайн дүрд ямар жүжигчин тохирох талаар урьдчилан ер боддоггүй. Угаасаа би зохиолыг ямар нэг жүжигчинд тохируулж бичиж болохгүй гэж үздэг л дээ. Тэр тусмаа Оппехаймер шиг дэлхийн түүхэнд сайнаар ч, муугаар ч нөлөөлсөн нээлт хийсэн бодит хүний тухай кино зохиол бичихэд юуны түрүүнд түүний жинхэнэ дүр төрх, зан авир, амьдралын замнал дээр тулгуурлах нь зүйн хэрэг.

Харин зохиолоо бичиж дуусгаад би алдарт физикчийн дүрд хэнийг тоглуулахаа бараг л шууд ойлгосон. Хорин жил хамтран ажиллахдаа гэмгүй сайхан найзалж, жүжигчнийх нь хувьд ч сайн мэддэг болсон Киллиан Мерфи Оппенхаймерын дүрд буугаад ирсэн юм. Түүнийг сонгосондоо би огт харамсаагүй. Тэрээр алдарт эрдэмтнийг харуулах гэсэн миний санааг бүрэн гаргаж чадсан юм.

-Яг ямар санааг тань бүрэн гаргаж чадсан юм бол?

-Би “Оппенхаймер”-ын зохиолыг бичихдээ кинонд гарах үйл явдлуудыг үзэгч хөндлөнгөөс ажиглах бус, алдарт физикчийн нүдээр харахыг урьтал болгосон юм. Иймээс ч кино Оппенхаймер гэж эрдэмтэн бус, хүнийхээ хувьд хэн байсныг илүү харуулсан болов уу. Кино нэрт эрдэмтний тухай ямар нэг дүгнэлт хийлгүйгээр төгсдөг. Үзэгчдэд өөрийнхөөрөө дүгнэх боломж үлдээсэн гэх үү дээ.

-Тэгэхээр энэ киноноороо та ямар ч дүгнэлт хийлгүй үзэгчдэд юу ч хэлээгүй, ямар ч санаа өгөөгүй хэрэг үү?

-Оппенхаймерын түүх дэндүү хүнд, шууд хариулт өгчих боломжгүй сэдвийг хөндсөнөөрөө миний сонирхлыг татсан гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Тэгээд ч аливаа нэг зүйлийн тухай бэлэн дүгнэлтийг уран сайхны бус баримтат кино өгдөг шүү дээ. Харин “Оппенхаймер” кино хүмүүсийн оюун санааг гижигдэн элдвийг тунгаан бодоход хүргэнэ гэдэгт найдаж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img