Бүгд Найрамдах Хойд Македони улсын Струга хотноо энэ сарын 24-нд “Struga Poetry Evenings” 62 дахь удаагийн Олон улсын яруу найргийн их наадам эхэлнэ. Энэ удаагийн наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Д.Гансаруул эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.
Наадмыг зохион байгуулагчид “Дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн том яруу найргийн наадмын нэг болох яруу найрагчдын энэхүү алдартай цугларалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Дайнтай хэцүү цаг үед хүн төрөлхтөн бид эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх учиртай. Тиймээс наадмыг зохион байгуулахад онцгой хүчин чармайлт гаргаж байна” гэжээ.
“Struga Poetry Evenings” дэлхийн яруу найргийн их наадамд Монголын яруу найрагчид жил бүр амжилттай оролцдог бөгөөд Г.Мэнд-Ооёо, А.Эрдэнэ-Очир, Дан.Нямаа, Ц.Буянзаяа, Д.Галсансүх, Г.Аюурзана нарын нэрт яруу найрагчид уг наадамд хүрэлцэн ирж оролцож байсныг зохион байгуулагчид онцолжээ.
Яруу найрагч Д.Гансаруул “Зүрхний нандин эмзэг уяа чамдаа” туурвилзүйн бүтээл (2007 он), “Саранд гандсан хөшиг” яруу найргийн түүвэр (2009 он. Монголын Зохиолчдын эвлэлийн Анхны номын уралдаанд шалгарсан ном), “Сарны тосгон” яруу найргийн түүвэр (2014 он), “Цоохор майлзын түүх” триллер, акмейст, детектив шүлгийн түүвэр (2017 он) тус тус хэвлүүлсэн. 2019 оноос эхэлж “Da.Gansaruul” хуудсаараа үргэлжилсэн үгийн бүтээлүүдээ уншигчдад цувралаар хүргэж байна.
Яруу найрагч Д.Гансаруул Монголын Зохиолчдын эвлэлийн шинэлэг, шилдэг бүтээлд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 2019 онд хүртсэний сацуу Монголын Урлагийн зөвлөлийн “2020-2021 оны Онцлох уран бүтээлч”-ээр шалгарч байжээ.
Эдүгээ Монголын өдөр тутмын “Өдрийн сонин”-ы www.dnn.mn вебсайтын Орлогч захирлаар ажиллаж байна. Д.Гансаруул хүний эрх, эх хэлээ хамгаалах тухай голлон бичдэг бөгөөд түүнд Японд төвтэй Азийн эрх чөлөө, ардчиллын төлөөх эв нэгдлийн зөвлөлөөс 2020 оны “Азийн хүний эрхийн шагнал”-ыг олгосон байна.
Д.Гансаруулын шүлгээс толилуулж байна.
МӨЧИР
Цасанд бөхийсөн мөчир урь ороход Тамираа тасартал тэмцэн өндийнө
Түүн шиг бөгтөр мөчирс
Өлгийг нь задалсан хүүхэд шиг
Тэнд ч, энд ч тэнийж суниана
Өвлийн хахир урт цаг тэдэнд
Үлгэр шиг өнө удаан байжээ.
Талын шувууд хэл дуулган шулганаж
Цонхны гадаа, хэцэн дээр зэрэгцэнэ
Тэгш гоо хусан ойн зүгээс
Хангинуур цуурайтаж, хөрөө ч бас чимээлнэ
Нэг нь өндийх гэж бүтэн өвлийг тэвчихэд
Нөгөө нь сүхний далайлтаар амь тасарна.
2023.08.13
УРТ ӨВЛИЙН БОГИНО ӨДРҮҮД
I
Усны шувууд зэллэн нүүдэллээд
Уйссан тэнгэрийн хаяа руу ууслаа ч
Шугуй, нуур, тал эзгүйрдэггүй.
Суурингийн хэдэн болжмор, хэрээ
Өвөлжин чимээлж
Өвөөлж хүртэл үзэгдэж
Шаазгай шагшраад
Юутай олуулаа билээ.
II
Довжооны цасаа дэрсээр шүүрдэж
Хангинуур сүх, хөрөөний чимээ
Түлээний газраас сонсогдож
Цас чахарч, чарга гулсаж
Жавар тачигнаж
Мөс хага ташиж
Урт өвлийн богино өдрүүд
Уйтгартай ч дуутай өнгөрдөг.
III
Дээврийн цас хуйлран шуугин буухдаа
Яндангийн очисыг илбэдэн унтраана
Тэргэл саран
Шуурганы сиймхий үүлсийг нэвтлэн
Бүгээн туяа татуулна.
Хоёр хөгшний минь байшин
Холоос харахад цонхоор нь
Чийдэнгийн улбар гэрэл
Хуучин хөшгийг нэвтлэн
Сэтгэл төөнөнө
IV
Нэвсийсэн цасанд даруулсан
Хөндий тал
Хунгараар дүүрэн
Уулсын энгэр
Цав цагаан цасан дээвэртэй
Хуучин дүнзэн байшингууд
Үлгэрийн мэт ер бусын сууринд
Ердийн нэгэн өвөл иржээ.
2022.09.06-10.01
ЭЗРА ПАУНД |1885-1972
04:55 цагт хаалга нүдлээ
Нүдээ нухалсаар
Үүдээ нээв.
…Лаа барь эсхүл чийдэнгээ асаа
Лавтайяа чи бичсэн л байгаа
Гаргаад ир дэвтрээ
Ганцыг уншаад өг алив.
Галзуугаараа чи дуудуулсан гэл үү
Бүгд чичлэн шоолсон гэл үү
Бас шүүцгээж
Дүүжил гэсэн гэл үү
Мөр, шад, бадгийг чинь хуулсан гэл үү
Хулгайлсан гэл үү
Гарцаагүй чи бичих л ёстой
Арчаагүй тэд дуурайх л болно.
Тэгэх тусам тэрсэл
Эрслэн мэт дураараа архир!
Циркийн манежиндаа агсар!
Торондоо дураараа алгад!
Дахиад чамд цамц өмсгөөд
Ханцуйгаар нь хүлэг!
Ахиад чи шүлгээрээ шүүлгэ
Шонд инээмсэглэн өлгөгд!
Цаг үргэлж сондгойр
Солиотой гэж хэлүүл.
Өөрсдөөс нь ондоо байсны төлөө
Хамтдаа хундага тулгаагүйн төлөө
Хармаагаа нэгжиж
Нэхсэнийг нь өгөөгүйн төлөө
Нийлж бүгдээрээ гоочловч
Тэрлэж бичсээр бай.
Яаж гүйцэх юм тэд
Яагаад гэвэл чи
Тэднийхээр галзуу учир
Худал гэвэл
Сэтгэцийн эмнэлгийн хананд
Нэрээ чи хадаасаар сийлсэн
Дэрийг нь чи
Нулимсаараа норгосон
Дээвэр дээрээс нь чи
Гулсаж тоглосон.
Ийм байснаа чи сана
Тийм байснаа би ч мартдаггүй.
Намайг цаадуул чинь асуух л байх
Наадуулдаа хэл нэрийг минь
Эзра Паунд гэж!
Зүүдний хаалгыг чинь
Зөөлөн тогшоогүйд уучил
Хөршүүд чинь угаасаа
Сонсоогүй.
Галзуу гэж дуудуулаагүй
Галзуугийн эмнэлэг рүү чирүүлээгүй
Гадуур байгаа хүн бүхэн
Өөрсдөө жинхэнэ галзуучууд!
2022.11.28 (05:23)
(Ezra Weston Loomis Pound) Уг зураг нь 1920 оных.