2024-12-11, Лхагва
-17 C
Ulaanbaatar

АНУ-ын сүүлийн 100 жилийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн Хавайн түймэр

Хавайн Мауи аралд энэ сарын 8-ны шөнө гэнэт эхэлсэн ой хээрийн түймэрт амь үрэгдэгсдийн тоо 93-т хүрч АНУ-ын сүүлийн 100 жилийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн түймэр болоод байна. Мянга гаруй хүн өнөөг хүртэл сураггүй алга болсонд тооцогдож буй тул амь үрэгдэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх төлөвтэй.

АНУ-д бүрэлдэхүүнд орохоос өмнө Хавайн хаант улсын нийслэл байсан үзэсгэлэнт Лахайна хот тэр чигтээ үнсэн товрог болжээ. Жил бүр хоёр сая гаруй жуулчин хүлээн авдаг 13 мянган оршин суугчтай тус хотын хоёр мянга гаруй байшин барилга устаж, 5.5 тэрбум ам.долларын хохирол учраад байна.

Сүүлийн өдрүүдэд Мауи дахь ой хээрийн түймрийн нөхцөл байдал намжиж, гал унтраагчид хэд хэдэн түймрийг цурманд оруулаад байгаа аж. Түймэр дэгдсэн эхний өдрүүдэд тус арлын олон мянган оршин суугч, жуулчдыг түргэн шуурхай нүүлгэн шилжүүлж, түр оршин суух хэд хэдэн газар байгуулжээ.

Хавайн ой хээрийн түймэрТропикийн чийглэг дулаан уур амьсгалтай, бороо хур элбэгтэй Хавайн арлуудад асар их хор уршигтай ой хээрийн түймэр ийн дэгдсэн нь байгалийн гэнэтийн онцгой үзэгдэл болсон гэлтэй. Европ, Азийн олон орон, АНУ-ын цөөнгүй мужийн нэгэн адил дэлхийн дулаарлаас үүдэн Хавайд онцгой халуун, ган гачигтай зун болж буй нь түймрийн гол шалтгаан болжээ.

Мауи арлаас холгүй Номхон далайд аюулын дөрөвдүгээр зэрэглэлтэй, цагт 230 километрийн хурдтай “Дора” хар салхи дэгдсэн нь дайран дээр давс нэмж цөөн хэдэн газар дөнгөж ноцож эхэлсэн түймрийг асар хурдан тэлэхэд хүргэсэн байна. Ийм гэнэтийн зүйл тохионо гэж зүүдлээ ч үгүй, ямар ч бэлтгэлгүй байсан хүмүүс олон арваараа гэртээ, зочид буудалдаа, автомашиндаа гээд хаа байсан газартаа галд бүслэгдэн маш эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн нь аймшигтай.

Хавайн ой хээрийн түймэрАНУ-ын Ган гачигийн мониторингийн албанаас мэдээлснийг үзвэл энэ зуны эхнээс Мауи арлын газар нутгийн гуравны нэгд ган гачиг нүүрлэжээ. Тэгвэл хөнөөлт түймэр чухам тэр газар нутгийн дийлэнхийг хамарсан байна.

АНУ-ын Ус цаг уурын үндэсний үнэлгээний газраас 2018 онд гаргасан тайланд Хавайн болон Номхон далайн бусад аралд ган гачгийн нөхцөл байдал эрс муудан цаашид түгээмэл үзэгдэл болж хувирах төлөвтэй гэж дүгнэж байжээ. Тус тайланд Хавайд хур тунадасгүй дараалсан хуурай өдрүүд нэмэгдэж буй нь мод ургамал хатах төдийгүй ундны усны хомсдолд ч хүргэж болзошгүйг тэмдэглэсэн аж.

Хавайн арлуудад сүүлийн жилүүдэд түүнчлэн салхины хэв маяг, горим өөрчлөгдөх болжээ. Юуны түрүүнд салхины хүч урьд өмнөхөөсөө нэмэгдэх болсон байна. Энэ нь цаашид ч ой хээрийн түймрийг хурдан тэлэхэд нөлөөлнө гэдэг тодорхой.

Иймээс АНУ-ын Хавай мужийн засаг захиргаа цаг уурын эдгээр өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн аюултай үзэгдлүүдэд, нэн түрүүнд ой хээрийн түймэрт бэлтгэлтэй байж, үүнд шаардлагатай цогц арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлж эхлэхээр зэхэж байна.

Хавайн ой хээрийн түймэрЭнд тэмдэглэхэд, Мауигийн түймэрт хүргэсэн өөр нэг хачирхалтай гэмээр шалтгаан олны анхаарлыг ихэд татжээ. Юу гэвэл, Хавайн арлуудын нийт нутаг дэвсгэрийн бараг дөрөвний нэгд уугуул бус, түймэрт өртөмтгий өвс, сөөг зэрэг ургамлыг нутагшуулсан аж.

АНУ-ын Орегон мужийн Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хүрээлэнгийн захирал Эрика Флейшман хэлэхдээ, “Хавайн арлуудад галд автамтгай өвслөг ургамлыг тарих явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх төлөв байдал ажиглагджээ. Тийм ургамал түймэрт шатсаны дараа улам сайн ургадаг онцлогтойгоос гадна ургах талбайгаа хурдан тэлдгийг анхаарвал зохино. Уугуул ургамлыг түрж шахах болсон шатамтгай өвслөг ургамлыг цаашид нутагшуулж тарихыг хорьж, үүнд хяналт тавих ёстойг үүссэн нөхцөл байдал шаардаж байна” гэжээ.

НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллага энэ оны тавдугаар сард гаргасан илтгэлдээ ойрын таван жилд дэлхийн агаар мандал улам ихээр халж төсөөлшгүй их гай гамшигт хүргэж болзошгүй тухай анхааруулсан билээ.

Тус илтгэлд, 2023-2027 онуудад дэлхийн агаар мандлын дундаж температур аж үйлдвэржилтийн эринийхээс 1.5 градусаар нэмэгдэхээс үүдэн дэлхийн ус, агаарын хөргөлт, эргэлтийн тогтолцооны хэвийн ажиллагаа алдагдаж ган ганчиг, гэнэтийн хүйтрэлт, хар салхи, ой хээрийн түймэр, үер усны аюул ойр ойрхон тохиох болно гэсэн юм.

Тэгвэл энэ зун Маугийн аймшигт түймэр гээд Хойд Америк, Европ, Азид байгалийн гамшгууд шилээ шилээ даран хүн төрөлхтнийг цочроох боллоо. Манай улсыг ч энэ төлөв байдал тойрсонгүй, энд тэндгүй үер буухад хүргэв.

Дэлхийн цаг уурын байгууллагын дарга Петтери Таалас дээрх илтгэлийг танилцуулахдаа, “Дэлхийн дулаарлын гол шалтгаан нь хүн төрөлхтөн өөрөө. Одоогоор хүн төрөлхтөн үйл ажиллагааныхаа хор хөнөөлтэй үр дагаврыг арилгаж хүчрэхгүй байна. Үүнээс болж даяар дулаарлыг хязгаарлаж чадалгүй харин ч эсрэг зүгт явж буйг тэмдэглэх нь зүйтэй. Иймд эрүүл мэнд, байгаль орчин, хоол хүнс ба усны хүртээмж зэрэгт ноцтой доголдол гарч болзошгүй тул бид бүхэн үүнд бэлэн байх хэрэгтэй” гэснийг ч энд дурдъя.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img