БНХАУ-ын жуулчид Монголд үйлчилгээний төлбөрөө шууд шилжүүлдэг болов
Манай улсад жуулчилж буй БНХАУ-ын иргэд өөрийн улсын “Alipay” дансаар мөнгө шилжүүлэн авч солих, мөн бусад үйлчилгээний төлбөрөө шууд шилжүүлдэг болжээ.
Энэ талын үйлчилгээг “Монголын финтек групп” өнгөрсөн амралтын өдрүүдэд манай улсад болсон хөрөнгө оруулалтын “Хөрөнгөтөн-2023” форумын үеэр танилцууллаа. Тус групп БНХАУ-ын төлбөрийн томоохон платформ Wechatpay-ийн Монгол дахь албан ёсны түнш байгууллага болоод байна. Ингэснээр Монголын бизнес, худалдаа эрхлэгчид Хятад улсаас ирсэн жуулчдаас Wechatpay-ээр төлбөр шууд хүлээн авч байгаа юм.
БНХАУ-ын жуулчид Монголд санхүүгийн үйлчилгээгээ шууд авч байна.
Форумоор санхүүгийн байгууллагууд Монголын мөнгөний захын платформ үйл ажиллагааг танилцуулсан нь хөрөнгө оруулагчид болон оролцсон хүмүүст онцгой байлаа. Санхүүгийн компаниуд финтек бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулж эхэлснээс хойш иргэд гар утсаараа санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хялбар авах боломжийг бүрдүүлж, өдгөө үйл ажиллагаа өргөжиж буйг форумын үеэр онцоллоо.
Жишээ нь, “Сэндли ББСБ” ХК Sendly гар утасны аппликэйшн, “Хай пэймэнт Солюшнс” ХХК Hipay супер аппликэйшн, мөн үнэт цаасны Stocklab, мөнгөний захын “Мони маркет фанд” платформ, америк стандартын “Мегаболл” лотерей зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулав. Ихэнх ББСБ залуучуудад зориулсан төлбөрийн шийдлүүдээ танилцуулав.
Уг форумоор мөн дотоодын банк, санхүүгийн байгууллагууд Төв Азийн зах зээлд нэвтрэх боломжуудыг талаар ярилцаж, туршлагаа хуваалцлаа.