2024-10-07, Даваа
12.3 C
Ulaanbaatar

АНУ, Өмнөд Солонгос, Японы удирдагчид Кэмп-Дэвидэд уулзсанаар Номхон далайн гурвал үүсч байна

АНУ, Өмнөд Солонгос, Японы гурван талт дээд хэмжээний анхны уулзалт Кэмп-Дэвидэд болж буй тухай “ВВС” агентлаг ийн бичжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл, Японы Ерөнхий сайд Фумио Кишида нарыг өчигдөр Кэмп-Дэвид дэх өргөөндөө хүлээн авч уулзлаа. Энэ нь Хятад болон Хойд Солонгосын зүгээс заналхийлэх аюул нэмэгдэх болсон өнөө үед болж буй анхны гурван талт дээд хэмжээний уулзалт юм.

гадаад мэдээӨмнөд Солонгос, Япон нь АНУ-ын Номхон далайн бүс дэх чухал холбоотнууд боловч тус хоёр орны харилцаа нэн ялангуяа дэлхийн II дайны дараагаар тэгтлээ найрсаг байсангүй. Гэвч тус бүс нутгийн өөр нэг гол тоглогч Хятад цэргийн хүчээ улам бүр зузаатгаж, Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа нь холбоотнуудад улам бүр заналхийлэх болжээ. Иймд дээрх гурвалыг аль болох хурдан нэгдэн нягтрахыг цаг хугацаа шаардаж буйг олон улсын шинжээчид цохон тэмдэглэсээр ирсэн юм.

АНУ-ын олон арван мянган цэрэг байрладаг Япон, Өмнөд Солонгос зарим түүхэн зөрчлөө саяхан зохицуулж чадсан явдал энэхүү гурван талт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах таатай угтвар нөхцлийг бүрдүүлсэн аж. Номхон далайн гурвалын анхны саммит аливаа хямралт байдлын үед гурван улсын засгийн газрын хооронд үйл ажиллагаагаа шуурхай уялдуулан шууд харилцах “халуун шугам”-ыг үүсгэх гэнэ.

Цагаан ордны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан зохицуулагч Курт Кэмпбелл хэлэхдээ, “Вашингтон-Токио-Сөүл гэсэн тэнхлэг ХХI зууны хамгийн чухал тодорхойлогч гурамсан харилцаа болно” гэжээ.

Тэгвэл АНУ-ын Стэнфордын их сургуулийн дэргэдэх Хуверийн инститын эрдэм шинжилгээний ажилтан Майкл Ослины үзэж буйгаар, болзошгүй пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд тагнуулын мэдээллээ цаг алдалгүй солилцож эхлэх нь Япон, Өмнөд Солонгосыг ойртож дотносоход дэмтэй ажээ.

АНУ-ын өмнөх олон засаг захиргаа Япон, Өмнөд Солонгосын батлан хамгаалахын харилцааг бэхжүүлэхийг оролдож байсан ч энэ тал дээр дорвитой ахиц дэвшил гаргаж чадаагүй юм. Харин энэ удаагийн оролдлого амжилтад хүрч Кэмп-Дэвидэд уулзаж буй удирдагчдын дараа дараагийн үед ч үр дүнгээ өгсөөр байх болно гэж нөлөө бүхий олон улсын тоймчид үзэж байна.

Бээжин гурван улсын дээд хэмжээний уулзалтыг эрс буруушааж, “тодорхой улс орнууд янз бүрийн бүлэглэл үүсгэн олон улсын тавцанд сөргөлдөөнийг хурцатгаж, бусад орны стратегийн аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдлийг эсэргүүцсээр байх болно” гэжээ.

БНХАУ-ын АНУ дахь Элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Лю Пеньюй, “Зарим улс орон “бүс нутгийн аюулгүй байдал” гээчийг хангах нэрийдлээр бүлэглэл байгуулж дайсагналцлыг дэврээн бусад улсын стратегийн аюулгүй байдлыг ганхуулах аливаа үйлдлийг БНХАУ эрс эсэргүүцнэ” гэж мэдэгджээ.

Үүний хариуд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Ведант Пател, “Энэхүү дээд хэмжээний уулзалтыг өдөөн хатгасан алхам, эсвэл хурцадмал байдал үүсгэх гэсэн оролдлого гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй” гэсэн юм.

Кэмп-Дэвид дэх уулзалт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар захидал солилцсоноос хэдхэн хоногийн дараа болж байна. Хойд Солонгосын ”KCNA” агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун захидалдаа БНАСАУ, ОХУ-ын харилцаа урт хугацаанд стратегийн түвшинд хөгжих боломжтойг тэмдэглэжээ.

Владимир Путин үүний хариуд Москва, Пёньяны хооронд илүү нягт хамтын ажиллагаа шаардлагатайг онцлоод, “Бид ард түмнүүдийнхээ сайн сайхны төлөө, Солонгосын хойг, цаашлаад Зүүн хойд Ази дахь тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд хоёр талын хамтын ажиллагааг бүх чиглэлд улам эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн аж.

Өмнөд Солонгос, Японы харилцаа ярвигтай байдаг нь Япон Солонгосын хойгийг 1910-1945 онуудад эзлэн түрэмгийлж байсантай холбоотой. Дэлхийн II дайны үед Японы арми 200 гаруй мянган эмэгтэйг сексийн боолчлолд оруулснаас дийлэнх нь солонгос бүсгүйчүүд байсан гэдэг.

Юн Сук Ёлийг 2022 оны тавдугаар сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албыг хашиж эхлэхээс өмнө милитарист Япон Солонгосын хойгийг колоничлон ноёрхох үедээ солонгос хүмүүсийг албадан ажиллуулж байсны нөхөн төлбөр шаардах явдал газар авснаас үүдэн хоёр орны харилцаа үндсэндээ зогсоход хүрээд байсан юм.

гадаад мэдээХарин Юн Сук Ёл, Фумио Кишида нар нөхөн төлбөрийн талаар тохиролцоонд хүрч, дотно харилцаа тогтоож чадсан гэлтэй. Энэ оны тавдугаар сард Японы Хирошимад Их долоогийн дээд хэмжээний уулзалт болоход тус хотод атомын бөмбөг хаях үеэр амь үрэгдсэн солонгосуудад зориулсан дурсгалын цогцолборт тэр хоёр хамтдаа очиж цэцэг өргөсөн юм.

Нью-Йорк дахь Азийн нийгэмлэгийн улс төрийн институтын дэд ерөнхийлөгч Дэниэл Расселл “New York Times” сонинд бичсэн нийтлэлдээ, Сөүл, Токиогийн улс төрийн удирдагчид олон арван жил улирсны дараа тус тусын дотоодын шүүмжлэлээс үл эмээн анх удаа хамтран ажиллахад бэлэн буйг онцлон тэмдэглэжээ.

Тэгвэл Жорж Бушийн засаг захиргаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан Майкл Аллен, “Хятадын зүгээс заналхийлэх болсон аюул Өмнөд Солонгос, Японыг илүү ихээр нэгдэн нягтарч АНУ-тай хамтран ажиллахад хүргэж байна. Кэмп-Дэвид дэх уулзалт гурван орны эв нэгдлийг яруу тодоор харуулж Хятад болон бүс нутгийн бусад оронд том дохио болно” гэжээ.

Японы колоничлолын үеийн бодлогыг жигшин зэвүүцсээр байсан Сөүл, өнгөрсөн үеийн алдаануудаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсан Токиогийн байр суурь Номхон далайн бүс нутагт холбоотнуудын нэгдсэн фронт бий болгох АНУ-ын эрмэлзлийг үр дүнд хүргэлгүй өнөөг хүрсэн билээ.

Харин өдгөө, тус бүс нутгийн аюулгүй байдал эрс муудсан тул дээрх гурван улсад эвлэлдэн нэгдэхээс өөр арга зам үгүй болжээ. Бээжин цэргийн хүчээ эрчимтэй зузаатган хөрш орнуудтайгаа газар нутгийн маргаан үүсгэж, Тайванийг өөртөө хүчээр нэгтгэхээр заналхийлж байгаа билээ. Үүний сацуу Хойд Солонгос цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээ хурдацтайгаар урагшлуулж байна.

Энэ бүхнээс үүдэн Азид дайн дэгдэх эрсдэл эрс нэмэгджээ.

Дэниэл Расселл “New York Times” сонинд бичсэн нийтлэлдээ, “АНУ, Япон, Өмнөд Солонгосын нэгдсэн фронт гэдэг зөвхөн гурван улсын армийн нэгдэл төдий биш. Энэ нь Хятад болон Орос олон улсын чухал хэм хэмжээ, дүрэм журамд халдах болсон өнөөгийн нөхцлөөс урган гарч ирсэн геополитикийн зайлшгүй шаардлага юм.

Эв нэгдлээ хадгалж чадвал ардчилсан тогтолцоо, эдийн засаг, технологиор дэлхийд тэргүүлдэг эдгээр чухал гурван орны хамтын хүч тодорхой хууль дүрэм дээр суурилсан олон улсын дэг журмын өмөг түшиг болох билээ. Үүнээс гадна Номхон далайн гурвал нь дан ганц Хятадын эсрэг эвсэл биш гэдгийг ойлгох нь чухал.

Худалдаа, аж үйлдвэр, инновацийн салбарт тэргүүлдэг эдгээр гурван улсын хамтын ажиллагаа технологи, нийлүүлэлтийн гинжин хэлхээс, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг амин чухал асуудлуудыг хөндөх нь ч дамжиггүй. Гурамсан дээд хэмжээний уулзалтаар эдгээр салбарт өнөөг хүртэл гарсан ахиц дэвшилд дүн шинжилгээ хийж, цаашдын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон баримт бичиг гарах учиртай” гэсэн байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img