Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 177 тэрбум төгрөгийн өр тавин байж Хятадаас хагас кокс импортлох “ухаантай” шийдвэр гаргаад удаагүй байна. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд эдгээр хагас кокс түлшээр иргэдийг хоёр сарын хугацаанд туршина гэдгээ ил цагаан мэдэгдсэн.
Олон нийт түүний гэнэтийн алхамд таатай хандсангүй, өөр өөрийн facebook хуудсаараа боломжийн хэрээр эсэргүүцэл илэрхийлж буй халуун өдрүүд намжаагүй байхад Монголын үндэсний томоохон компани МАК-ийнхан гэрэл гэгээтэй мэдээг олон нийтэд түгээв.
Монголын нүүрсний салбарт арвин баялаг туршлагатай тус компани устөрөгчийн туршилтын үйлдвэр байгуулах төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах гэрээг Японы Unico Internatonal болон Mitsui корпорацынхантай зуржээ. Сайн байна.
Төрийн бодлого боловсруулагчид, салбарын яамны хоцрогдсон, дампуу бодлогоос хувийн хэвшлийнхэн нь асуудлыг түрүүлж хараад бодитой алхам хийдэг нь эндээс харагдана.
Хүн төрөлхтөн “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал”-даа аль хэдийнэ хөл тавиад газрын ховроо, метаны салбараа анхаарч хөгжүүлж байгаа. Бүр устөрөгчийн үйлдвэрлэлийн шилжилтийн замдаа итгэл төгс алхаж байхад бид нүүрсээ экспортолдог улсаасаа ялимгүй боловсруулсан бүтээгдэхүүнийг нь өр тавин байж авах тухай “толгойгоо гашилгаж” сууна аа.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд айлчлахдаа хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах технологийг Монголд нэвтрүүлэхэд Японы зүгээс дэмжлэг үзүүлнэ үү хэмээн хүсэлтээ илэрхийлсэн.
Үүнээс ердөө гурван сарын дараа мөн Японд төрийн айлчлал хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх устөрөгчийн үйлдвэр, түүний дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төслийг Монгол Улс бүрэн дэмжинэ ээ гэсэн.
Устөрөгчөөр 100 хувь ажилладаг цахилгаан станцыг дэлхийд анх байгуулж, туршилтын үйл ажиллагаагаа 4 дэх жилдээ амжилттай явуулж байгаа “Каwasaki Heavy Industries”-ээр зочилж Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байсан.
Энэхүү бага оврын устөрөгчийн цахилгаан станцаа атомын цахилгаан станцтай дүйцэх хэмжээнд хүргэн, цахилгаан үйлдвэрлэнэ гэсэн нэлээд том зорилт тавьсан юм билээ. Энэ бол дэлхийн дулаарлын эсрэг нүүрс хүчлийн хийг бууруулахад чиглэсэн алхам мөнөөс мөн.
Тэгвэл “Монголын алт”-ынхан ирээдүйд устөрөгчийн үйлдвэр байгуулж, улсын хэрэгцээг хангахаас гадна бүтээгдэхүүнээ Япон улсад экспортлох зорилготой яваа юм байна. Туршилтын үйлдвэрийн хувьд диметилийн эфир буюу нийлэг хий үйлдвэрлэнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад энэ бүтээгдэхүүн чухал нөлөөтэй байх болно.
Үүнтэй холбогдуулаад устөрөгч гэж юу вэ, ямар эрэлт хэрэгцээтэй эд вэ гэдгийг цөөн өгүүлбэрээр тодотгоё.
Устөрөгч бол хамгийн өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн. Цахилгаан гаргаж авахаас гадна бусад хэлбэрээр ч ашиглах боломжтой түүхий эд. Амьдралд нэвтэрсэн энгийн жишээ хэлэхэд, бордоонд шаардлагатай аммиакийг гаргаж авахад устөрөгч хэрэглэж байна. Цаашлаад химийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр ч ашиглаж болно.
Өнөөдөр дэлхий нийтэд гарган авч буй устөрөгчийн 80 хувийг байгалийн хийнээс гарган авч байгаа. Монгол Улсын хувьд хүрэн нүүрсээ боловсруулаад устөрөгч гарган авах боломжтой. Судалгаа нэлээд хийгдэж ирсэн. Нийлэг хий ч гаргаж авья гэж их судалсан. Нийлэг хий бол устөрөгч болон нүүрсхүчлийн дутуу ислийн холимог. Нийлэг хий гарган шингэн түлш, бүр бензин шатахуун ч гаргаж авья гэдэг дээр Монголын эрдэмтэд ухаанаа чамгүй уралдуулсан байдаг юм.
Энэ талаас харвал устөрөгчийн цахилгаан станц нь технологийн хувьд зөв шийдэл агаад байгаль экологид ч ээлтэй.
Япон улс устөрөгчийн эрчим хүчийг бүх түвшиндээ нэвтрүүлэхээр зорьж байгаа бөгөөд хүрэн нүүрсээр нэн баялаг Монгол тэдний хамгийн сайн түнш байх боломжтой.
Өнөөдөр дэлхий даяар газрын тос, байгалийн хийн альтернатив түлшийг эрэн хайх ажил эрчимтэй хийгдэж байна. Тэр тусмаа эрчим хүчний салбарт уран, тори, бага хаягдал гаргах шинэ аргаар шатаах нүүрс, био түлш ч байж болно.
Устөрөгчийн илчлэг бензинийхээс бараг 4 дахин их. Ерөнхийдөө устөрөгчийг голдуу нефть-химийн аж үйлдвэрийн хэрэгцээнд зориулан усны электролизийн аргаар үйлдвэрлэж байгаа. Ийм бүтээгдэхүүн “жаахан” үнэтэй.
Устөрөгч бол хүлэмжийн хийг бууруулах үндсэн технологи бөгөөд хувьсгал авчрагч (game-changer) гээд Олон улсын эрчим хүчний агентлагаас зарлачихсан. Хүлэмжийн хийг бууруулах шинэ төрлийн арга технологиос гадна эрчим хүчний хөгжлийг шинэ шатанд авчрахад чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Өнөөдөр устөрөгчийн хамгийн том хэрэглэгч нь НАСА агентлаг юм. Сансрын хөлөгт устөрөгчийн түлш хэрэглэдэг гэдэг талаасаа онцгой бүтээгдэхүүн.
Устөрөгчийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 2030 он гэхэд 70 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд нүүрстөрөгч бага ялгаруулах технологиудтай өрсөлдөх чадвараараа “илүүрхэнэ” хэмээн “Устөрөгчийн өрсөлдөх чадвар, зардал” олон улсын тайланд дурджээ. Уг тайланг олон улсын “Устөрөгчийн зөвлөл” (Hydrogen Council) зарладаг юм.
Одоогоор Австрали улс хүрэн нүүрснээс боловсруулж авсан шингэрүүлсэн устөрөгчөө Японд экспортлох төлөвлөгөөтэй 2050 он гэхэд устөрөгч дэлхийн нийт эрчим хүчний 5/1 ба 2.5 их наяд ам.долларын зах зээлийг бий болгох аж.
Тэгэхээр устөрөгч үйлдвэрлэлийн “ногоон технологи” эрс нэмэгдэж, хүн төрөлхтний эрчим хүчний гол хэрэглээ болохоор байгаа биз.
Хүн төрөлхтөн урагшаа алхаж байна. Харин бид урагшаа гурав, хойшоо хоёр алхаж байна. Хятадаас хагас кокс авч утаагаа бууруулна гэж ярьсаар л явна. Төр бодлогоо гаргаж, хувийн хэвшил төслөө амжилттай хэрэгжүүлж байж Монгол хөгжинө. Монголчууд хожно.
Энэ жил 30 жилийн ой нь тохиож буй “Монголын Алт” (МАК) ХХК нь дараагийн 30 жилийн бодлогын гол концепцоо ногоон ирээдүй, ногоон хөгжил рүү чиглүүлж байгаа юм байна. Энэ хүрээнд үйлдвэр, уурхайн хэрэгцээт эрчим хүчээ сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт дэвшүүлэн нарны станцын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж эхлээд буй ажээ.