2024-10-07, Даваа
-8 C
Ulaanbaatar

Д.Жаргалсайхан: Оросууд нутагтаа нефтийн их нөөц олсон учраас Зүүнбаянгийн үйлдвэрийг хаасан

Эдийн засагч Д.Жаргалсайхан бол 1990 онд “Монгол газрын тос" гэж компани байгуулагдахад ажиллаж явсан цөөхөн хүний нэг. Экспортынхоо орлогын хагасаар нь шатахуун худалдаж авдаг байсан гэж ирээд тэр жилүүдийн түүхийг өнөө яривал үлгэр шиг харь хол сонсогдоно. Де Фактогийн ярилцлагаас нэг зүйлийг их тод анзаарсан. Тухайн үед хойд хөршийн бидэнд хандаж явсан хандлага өнөөдөр ч өөрчлөгдөөгүй юм байна гэсэн мэдрэмжид эзлүүлснээ нуух юун. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-ЗХУ ерэн онд бутрахдаа шилжих рублиэр хийдэг байсан бензинийхээ төлбөрийг доллараар хийх шаардлага тавьж байсан гэв үү?

-Тэгсэн. Манай улстай шилжих рублээр хийдэг байсан бензинийхээ төлбөрийг доллараар хийх шаардлага тавьсан. 900 мянган тонн түлш, нефть бүтээгдэхүүн авдаг байсан юм. Тэр хэмжээний бүтээгдэхүүн авахын тулд экспортоор олсон валютынхаа тал хувийг өгдөг байлаа. 1991 оны долдугаар сарын 1 гэхэд нийлүүлэлт хоёр дахин багассан.

Тэгэхэд манай улсад төрийн 40 мянга, хувийн 8000 машин байсан юм. Энэ машинууд бүгд зогссон. Тасалдаж авч байсан жаахан шатахуунаараа эмнэлгийн машин, гал командаа ажиллуулж явсан түүх өнгөрсөнд бий. Бусдад нь хэдхэн литрээр нь өгдөг байсан.

1991 онд шатахууны үнэ дөрөв дахин нэмэгдсэн нь ийм учиртай. Улс орон зогсонги байдалд орж эхлэнгүүт Засгийн газарт бензинийг тодорхой хязгаартайгаар өгөхөөс өөр сонголт үлдээгүй. Хамгийн түрүүнд нэг л дүгнэлт хийсэн. Маш хурдан хугацаанд шатахуунаа өөрсдөө гаргахгүй бол болохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.

-Таны сая хэлсэн үгийн агуулга одоо ч хуучраагүй юм байна. Шатахууны асуудал дээрх хойд хөршийн дарамт өнөөдөр ч яг янзаараа байгаа. Ингэхэд өнгөрсөн зууны дундуур манайх өөрсдөө дизелиэ гаргаж явсан түүх бий. Манайд газрын тосны нөөц байгааг анх хойд хөршийн геологичид тодорхойлж байв уу?

Д.Жаргалсайхан

-Монгол Улс 1950-1969 оны хооронд өөрсдөө дизелээ гаргадаг байсан. Зүүнбаянгийн орд газраас олборлож тэндээ нэрэх үйлдвэр ажиллуулж байлаа. Ер нь манай улсад нефть бий гэдгийг Америкийн геологич Таннер гэдэг хүн бүр анх 1931 онд бичиж байсан юм билээ.

Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, Зөвлөлтийн геологич Ю.С.Желубовский нар 1940 онд Зүүнбаянд газрын тосны нөөцийг тогтоосон. ЗХУ-ын “Монгол нефть” гэдэг трест компани 1950 онд Зүүнбаянг олборлож эхэлсэн. Тогтоосон нөөц нь 2.7 сая тонн. Хамгийн их олборлолт хийсэн жил нь 1955 он. 55 мянган тонныг олборлосон түүх бий. 1947- 1962 онд Монгол Улс өмнөд, зүүн өмнөд, зүүн нутгуудаар нефтийн хайгуул хийж байсан. 1969 онд Зүүнбаянг хаасан юм.

-Зүүнбаянгийн үйлдвэрийг хаах болсон гол шалтгаан нь юу байсан юм бол?

-Эхний шалтгаан гэвэл олборлолт буурсан. Хоёрдугаарт баруун Сибирьт Тумений орд газар гэж нээгдсэн юм. Гуравдугаарт Оросууд нефтийн том нөөцийг өөрийн улсдаа хайж олсон учраас Зүүнбаянгийн ордод сэлбэг хэрэгсэл гэх зүйлс дутагдаж эхэлсэн л дээ. Хангалттай хэмжээнд нийлүүлэхээ больсон гэсэн үг. Энэ мэт олон шалтгааны улмаас шатсан. Ийм харамсалтай зүйл болсон юм.

Уг нь Зүүнбаянгийн орд химийн үйлдвэрийн эхлэл байсан. 97 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 6 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 400 ажиллагсадтай байсан шүү дээ. 1954-1958 онд ТМС байгуулагдаж нефть олборлох чиглэлээр 500 хүн төгсгөж байлаа. Ингээд эргээд шатахууны хэрэглээгээрээ зуун хувь Оросоос хамаарах болсон.

-Шатахууны хэрэглээгээрээ зуун хувь нэг улсаас хараат байсны горыг 1990 онд хатуу мэдэрсэн учраас шууд л “Газрын тос” гэдэг компани байгуулахаас аргагүй болж. Тэр үед бүх зүйл шинэ, их ачаалалтай ажилладаг байв уу. Эхлээд барьж авсан ажлуудаа сонирхуулаач?

-Өдөр шөнөгүй ажиллаж байсан шүү. Геологийн яамны дөрвөн давхарт гурван өрөөтэй. Өрөө маань их хүйтэн. Гэрээсээ бүтээлэг авчраад шөнө хонож ажиллаж байсан өдрүүд цөөнгүй бий. Тэр үед хүмүүсийн ажиллах соёл, даргын шаардлага ч өндөр байж. Д.Содном гуай лут хүн. Өөрөө ч сайн ажиллана. Хүнийг ч ажиллуулна гэж жигтэйхэн. Ерөнхий сайд байсан хүн учраас зангарагтай ажиллана. Гэрээ хэлэлцээрт ороход ханатай, түшигтэй.

1990 онд Зүүнбаян Цагаан элсний орд газрыг түшиглэж нэрэх үйлдвэр байгуулъя гэсэн шийдэлд хүрсэн юм. Ийм зорилгоор “Монгол газрын тос” гэдэг компанийг тухайн жилийнхээ дундуур байгуулсан юм. Ерөнхий сайд асан Д.Содном гуай даргаар нь ажиллаж эхэлсэн л дээ. Ингээд л ажилдаа идэвхийлж орсон. Би Москвагийн Улсын их сургуулийн нефтийн геологийн ангид хоёр жил сураад дараа нь эдийн засгийн ангид нь ороод төгсөж байлаа.

Нефтийн чиглэлээр сурч байсан учраас энэ компанийн анхны ажилчдын нэг болоход түлхэц болсон л доо. “Монгол газрын тос” компанид өргөдөл өгөөд орсон түүхтэй. Эдийн засагч, орчуулагчаар ажилд орж байлаа. Юуны өмнө Зүүнбаян, Цагаан элсний орд газарт түшиглэж нэрэх үйлдвэр барих чигт анхаарч байсан. Нөгөө талаасаа Монголд нефтийн боломж бий гэдгийг дэлхий даяар сурталчлах эрэлт, шаардлага үүсчихсэн байсан цаг. Тэр чиглэлээр ажиллаж эхэлсэн. Судалгаа их хийдэг байлаа. Д.Содном даргатай Хьюстон, Нью-Иорк, Лондон орсон. Хоёр хүний хамт Оклахома руу “Филлипс петролиум” гэдэг компанид гурван сар ажиллаж байлаа.

-Тухайн үед барууны компаниуд манайд газрын тосны чиглэлээр хайгуул хийх, хамтрах, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байсан. хамгийн анх аль улсын ямар компани сонирхож байсан бол?

-Ерэн оны эхээр Хүнд үйлдвэрийн яам гэж ажиллаж байсан юм. Яамнаас “Бритиш петролиум” компанийг урьж байлаа. Тэр компанийн геологич залуус Монголын хөдөө нутгаар явж, Оросын үлдээсэн тоо баримттай холбож тодорхой судалгаанууд хийсэн юм билээ. 1990 оны гуравдугаар сард Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталсан байдаг юм.

Тухайн жилийнхээ наймдугаар сарын 29-нд “Бритиш петролиум” компаниас албан ёсны захидал ирүүлсэн. Ерөнхий утгыг нь сонирхуулвал “Монгол Улсад өөрийгөө хангах хэмжээний нефть байна. Гэхдээ бид ороод сонирхох хэмжээний том нөөц алга” гэсэн л дээ. Тэгээд хэчнээн хэмжээний нефть байгаа талаарх өөрсдийнхөө хийсэн тооцоог өгсөн. “Бритиш петролиум” орно гэвэл бүх талбайн эрхийг нь авна, өөр хүн оруулахгүйгээр зөвхөн өөрсдөө л орно гэсэн тохироо санал болгосон. Тэр саналыг нь Д.Содном дарга зөвшөөрөөгүй. “Монголд ашиггүй” гээд.

Тухайн үед бид бүтээгдэхүүн хуваах гэрээ энэ тэрийг сайн мэддэггүй байлаа. Үүний дараа өөрсдөө хурдавчлуулъя гэсэн шийдвэрт хүрсэн л дээ. Оросуудаас асуухгүй баруун руу гарах эрх нээгдчихсэн, хойд хөршийн хувьд юун биднийг байтугай болчихсон явсан цаг л даа. Тэгээд Техасын EAIT гэдэг компанийг техникийн зөвлөхөөрөө ажиллуулж эхэлсэн.

Д.Жаргалсайхан

Америкийн хэллэг дээр нь, Америкийнх нь тоо баримт стандартаар нь танилцуулж байж барууны компаниудад хүрнэ, ойлгогдоно. Энэ утгаараа техникийн зөвлөхийн үүрэг өндөр байсан. Тэр үед англи хэлтэй хүн гуравхан. Надаас гадна Баатар, Хүрэлбаатар хоёр орчуулга хийнэ. 1990 оны арваннэгдүгээр сарын эцсээр Хьюстэн, Нью-Иорк явж “Монгол Улсын газрын тосны чадавх” сэдэвтэй илтгэл тавьж байлаа.

-Компаниудтай уулзаж илтгэлээ тавьж байв уу?

-Тэгсэн. Нийтдээ 44 компанитай уулзсан. 1991 оны эхээр буюу хоёрдугаар сард нь Лондонд танилцуулга хийсэн юм. Тэр жил Газрын тосны хуулийг баталсан. Тэгээд тавдугаар сард арван блок дээр олон улсын тендер зарласан. Тендерээ арванхоёрдугаар сард нь дүгнэсэн.

Хоёр дахь раунд буюу бусад блокыг 1992 оны дөрөвдүгээр сард олон улсад зарлана гэж байлаа. Тэр үед нефтийн геологид маш чухалд тооцогдох чичирхийллийн судалгааг хийсэн. Энэ судалгааг дэлхийд алдартай Western geographic компани хийсэн юм. Судалгааны хариу гарсны дараа хоёр дахь раундаа зарлах бодлоготой байсан л даа.

1991 оны есдүгээр сард Филлипс петролиум компанийн хайгуул хариуцсан төлөөлөл ирж байлаа. Манай улсыг илүү ойлгох зорилготой ирсэн хэрэг. Тухайн үед Д.Содном дарга хүнээ сургах хүсэлт тавьж, 1992 оны нэгдүгээр сард Оаклахама руу Нямдаваа, Жанчив бид гурав геохими, геофизик, нефтийн эдийн засаг гэсэн чиглэлээр сурахаар явсан түүхтэй. Тэнд очоод нефтийн компани, нефтийн нэрэх үйлдвэр яаж ажилладгийг судлаж байлаа.

-Анхны боловсон хүчнээ их бодлоготой бэлдэж байж шүү?

-1992 онд ийм нарийн чиглэлд хүнээ сургана гэдэг ухаалаг бодлого л доо, яалт ч үгүй. Ер нь тухайн үед манай “Монгол газрын тос” компанийн олон ажилтан Америк, Англи руу сургалтад явдаг байсан шүү.

-Техасын компанитай хамтарч хийсэн “Монголын газрын тосны боломж” сэдэвтэй тайлан дахь онцлох дүгнэлтүүдээс сонирхуулаач?

-Тэр тайланд Монголд наад зах нь таван тэрбум баррель нефтийн боломж байгаа тухай дурдсан байсан. Хурдан хугацаанд түлшнийхээ хямралаас гарах ганц боломж нь Цагаан элс, Зүүнбаянаа үргэлжлүүлэх гэсэн дүгнэлт гаргаж байлаа.

Тухайн үед Америкийн “Скрийнфилл” гэж компани “Бид энэ төсөл рүү оръё” гэсэн санал тавьж байсан түүхтэй. Энэ мэт ажил өрнөж байх үед буюу 1993 оны эхээр Д.Содном гуайг сольсон. Яг тэр үед бүтээгдэхүүн хуваах гэрээ, түүнийг дагасан журам гэх мэтийг батлуулчихсан байсан.

Шалгаруулалтын эцэст “Соко интернэшнл” компани тунаж үлдээд Тамсагт өрөм тавьсан. Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай дээлээр тосоор мялаасан гэх мэт яриа чинь тэр цагийн явдал. “Соко интернэшнл”- ийн хувьд хөрөнгө оруулалтаа хангалттай хэмжээнд хийж чадахгүй байсан юм.

Ийм шалтгаанаар “Дачин Тамсаг” компанид хувьцаагаа зарсан. Лондонгийн Хөрөнгийн бирж дээр гарсан компанийг Хятадууд худалдаж авсан. Манай Засгийн газарт худалдаж авах мөнгө байгаагүй л дээ, тэр үед. Өвөр Монголд нефтээ нийлүүлдэг том орд газрууд байсан юм. Тэдгээр ордын нөөц нь дуусч байсан үе.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img